Saturday, March 29, 2008

Хятад төрхийг хазар цусаар засах хэрэгтэй


"Хүмүүсийн зиндаа", 2008 оны 3-р сар, №1.


Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр 7 санал санаачилгаа төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж, бас “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн үүсгэн байгуулснаа зарлажээ. Манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.

— Таны “Уугуулшууллын тухай”, “Элэгшүүллийн тухай” гэсэн хуулийн төслүүдийг Монгол улсад монгол туургатныг нүүлгэж авчрах төсөл юм байна гэж ойлголоо. Бодит амьдрал дээр хэрэгжих магадлал нь хэр байна вэ?
— Хуулиа хэлэлцээд баталчих л юм бол хэрэгжинэ шүү дээ. Өвөр монголчууд цөл рүү шахагдаад, гишгэх газаргүй шахуу болж хэцүүхэн л байгаа. Тэд лав дуртай ирнэ. Энэ хууль хэрэгжвэл, Хятад улс тал бүрээр туслах байх шүү. Бүх ойрдуудыг нутагтаа цуглуулна гэсэн Илюмжиновт их л тусалж байгаа сурагтай. Автомашины үйлдвэр байгуулж, нүүж очигсдыг ажиллуул гэж зээл хүртэл өгсөн байлээ шүү дээ.
Манайх бол ашигт малтмалын салбартаа, тэгээд бас барилга гээд л ажиллах хүч шаардлагатай янз бүрийн салбарууддаа өвөр монголчуудыг ажиллуулах хэрэгтэй. Ашигт малтмалаа зөв зүйтэй эзэмшиж олсон орлогоосоо энэ бодлогыг хэрэгжүүлэхэд зарцуулбал зохино.

— Монгол туургатан бус, харийн элдэв этгээдүүд орж ирээд эзлээд авчихвал яана?

— Хэрвээ хууль бус цагаачтай тэмцэхгүй л бол энэ төсөлтэй төсөлгүй тэд орж ирнэ, суурьшина, иргэний үнэмлэхтэй ч болцгооно. Би энэ хуулиндаа хууль бус цагаачлалыг эсэргүүцсэн олон заалтыг оруулсан.
Казахстан улс Хятадаас хасгуудаа авч байгаа, харин хууль бус цагаачдыг оруулахгүй байгаа. Халимаг ч гэсэн хужаа нарыг оруулахгүй байгаа. Тэднээс дутах юу байх вэ. Монголчууд бид элгэн саднаа оруулъя, хууль зөрчигч цагаачдыг гаргая, тэгээд л болоо шүү дээ.

— Орос улс буриад, халимаг, тува нарыг монгол биш гэж үздэг. Тэгэхээр тэднийг оруулж ирэх нь бүтэхгүй нь ээ?

— Төсөлдөө монгол хэлээр бол монгол туургатан, монгол угсаатан гэж томъёолох, орос хэлээр бол монгольские народы гэж томъёолох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхлээр буриад, халимаг багтаад явчихна. Тувагийн үгийн сангийн 70% нь монгол байдаг. Бас монгольские народы гэдэгт багтаах бололцоотой. Соёл, ухамсар нь ч түрэг рүү гэхээсээ илүү наашаагаа байдаг. Төрийн нарийн бодлого явуулах хэрэгтэй.

— Хазарууд бидэнтэй хаа хамаагүй биш үү?

— Тэд чинь персүүдийг үзэхээр бид перс гээд, монголчуудыг үзэхээр бид монгол гээд байдаг, хоёрдмол хүмүүс гэнэ билээ. Гэхдээ Иран тэднийг нэг их тоодоггүй. Монголчууд бидэнд шанс гарч ирж байгаа байхгүй юу.
Өвөр монголчуудаар дамжаад хятад төрх орж ирнэ. Зохих хэмжээгээр орж ирэх нь гарцаагүй. Хазар цусаар хятад төрхийг засаж, хятад төрхөөс холдох ач холбогдол байгаа байхгүй юу.
Улс төрийн шаардлагаар иймэрхүү алхам хийх нь байдаг. Хазарууд монгол гэдэг нь батлагдахгүй байж болно. Гэхдээ монгол гээд татах шаардлага байгаа юм. Израиль улс еврей биш гэдгийг нь мэдсээр байж, еврей гэж гүрийгээд, Этиопоос жүүд шашинт фалаш гээч хар арьст ястныг татаж авч байсан. Өлсгөлөнд нэрвэгдсэн Этиопоос өндөр хөгжилтэй оронд очсон тэд еврейчүүдээс ч илүүгээр Израильд үнэнч иргэд болсон гэнэ билээ.
Манайхан социализмын үед Афганистанд тусалдаг байсан. Тэгэхэд хазарууд бидний элгэн садан монголчууд чинь сүрхий өндөр хөгжилтэй улс байдаг юм байна шүү гээд ойлгоодохсон байгаа юм. Талибанууд хазаруудыг монгол царай, яс үндсээр нь гадуурхаад, алж хядаад, их зовоосон. Энэ хэцүү бэрх үед нь туслаагүй гэж монголчуудад их гомддог юм гэсэн. Тэд чинь өөрсдийгөө бас перс гэдэг ч гэлээ, персүүд нь монгол царайтай гээд тоодоггүй байхгүй юу. Персүүд чинь Чингисийн байлдан дагуулал, монголчууд ингэсэн тэгсэн гээд л гоморхоод байдаг улс. Эгзгийг нь тааруулаад хазаруудыг татах л хэрэгтэй.

— “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний зорилго, удирдлагыг танилцуулна уу?

— “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний зорилго бол панмонголизм, эрүүл нийгэм хоёр гээд л ойлгочих. Харин удирдлага, зохион байгуулалт байхгүй. Нийтлэг үндэслэлдээ л захирагдаад явах, албан бус, сайн дурын хөдөлгөөн. Ийм хөдөлгөөн ард олныг улс үндэстнийхээ төлөө тэмцэх идэвх санаачлагатай, бие даасан чанартай болгох болов уу гэж санаад байгаа юм.

— Энэ чинь анархи байдалд хүргэх юм биш үү?

— Манайхан анархи гэдгийг буруугаар ойлгоод байгаа болохоос, тийм муу зүйл биш шүү дээ. Анархи бол тэмцлийн уран бүтээлч чанар гэх юм уу даа. Энэ нь олныг шударга тэмцэлд урин дуудах сайн талтай.
Юу ч гэсэн ажна, харна. Шаардлага гарвал зохион байгуулалтад орно. Ийм юм байж болно гэдгийг нийтлэг үндэслэлүүдэд оруулж өгсөн.

— Өөр ямар санал санаачлагыг өргөн барьж байгаа вэ?

— Геноцидийн хуулийн төсөл гэж байгаа. Монгол чинь еврей, армянтай зэрэгцээд хамгийн их аймаглан устгуулж байсан ард түмэн шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрч, түүхэн сургамжийг өөрснөө ч авч, дэлхийд ч өгч, далимаар нь үүнийг тойруулаад монгол туургатнаа нягтруулаад авах хэрэгтэй.
Засгийн газрын монгол туургач номнолын концепцийг санаачилсан. Монгол улс, монгол туургатан хоёр салшгүй хамт байх учиртай тул ийм номнол байх хэрэгтэй.
Ашигт малтмалаа өөрсдөө бие дааж ашиглах тухай хууль, төрийн хас сүлд, латин үсгийн төсөл гээд л бас дэвшүүлсэн дээ. Тэр бүхнийг бүрэн эхээр нь moenhbayar.blogspot.com-д үзэж болно шүү.

— Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.


Ярилцсан Г.Шинэсгүль

No comments: