Saturday, March 29, 2008

Хууль бус цагаачлалын эсрэг ард нийтээрээ тэмцэцгээе


"Болсон явдал", 2007 он, №18.


Бүх монгол туургатныг Монгол улсынхаа иргэн болгоно
Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал төслийг боловсруулж, төрийн өндөрлөг, холбогдох хүмүүс, байгууллагад хүргэсэн сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.

- Та уугуулшууллын тухай, элэгшүүллийн тухай гээд хоёр хуулийн төсөл санаачилсан байна. Энэ хоёр төслийн ижил төстэй болон ялгаатай тал?
- Ижил төстэй нь гэвэл аль аль төсөл нь Монгол туургатнаа Монгол улс руу татаж, ойртуулах санаа. Ялгаатай нь гэвэл уугуулшуулал нь болохоор бүх монгол туургатныг Монгол улсад төрийн дэмжлэгтэйгээр нүүлгэн ирүүлж, уугуул болгож суурьшуулна гэсэн үг. Элэгшүүлэл нь болохоор бүх монгол туургатныг Монгол улсын иргэн болгож, Монгол улс түмэнд элэгтэй болгоно гэсэн үг. Элэгшигч заавал Монгол улсад суурьших албагүй л дээ.

- Тун ер бусын санаанууд сонсогдож байна. Уугуулшуулал гэдгийг хөрш Казахстанаас өгсүүлээд хэрэгжүүлж байгаа болохоор зохих хэмжээгээр ойлгомжтой байна л даа. Харин элэгшүүлэл нь эмх замбараагүй байдлыг үүсгэх биш үү? Бас манай иргэн болохын тулд тухайн улсын иргэний эрхүүдээсээ татгалзана гэж үү?
- Эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд хуулийн олон зохицуулалтыг хуулиндаа оруулсан л даа. Янз бүрийн нөхцөл байдалд байгаа элэгшигчийн эрхийн зааг ялгааг нарийн гаргаж өгөхийг чармайсан.
Элэгшүүллийн хуулиндаа дан болон давхар иргэншлийн асуудлыг тусгасан. Монгол улсын иргэн болсон хүн мөн тухайн улсынхаа иргэнээс гарахгүйгээр эрхээ эдлээд сууж байж болно.

- Давхар иргэншил Монгол улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах биш үү? Хятадууд Монголын давхар иргэншлийг яаж ч ашиглаж мэднэ дээ.
- Харин тийм. Хятадын хууль бус цагаачид манай орны маш хүнд асуудал болоод байгаа. Тиймээс би төслүүддээ хууль бус цагаачдыг оруулж ирэхгүй байх тотгоруудыг суулгаж өгсөн. Янз бүрийн баримт бичиг, тодорхойлолт, монгол хэл соёлын шалгалт гээд л монгол хүнд бол давахад амархан, харь хүнд давахын аргагүй шалгууруудыг оруулсан. Хууль бус цагаачид нь хүндрэл учруулаад байгаа орны иргэдэд тэгж ингэж хандана, давхар иргэншлийн гэрээг тухайн улстай байгуулахаас түдгэлзэнэ гээд л хууль бус цагаачлалын эсрэг зүйлүүдийг хангалттай оруулсан.

- Манай иргэд наймаа энэ тэр гээд янз бүрийн шалтгаанаар Хятадын иргэн болоод эхэлбэл яах вэ?
- Түүнийг хорьсон. 1-рт, гадаадын монгол туургат иргэн манай иргэн болж болно; 2-рт, манай монгол туургат иргэн гадаадын давхар иргэншил авч болохгүй; 3-рт манай монгол биш иргэн гадаадын давхар иргэншлийг авч болно гэсэн ийм гурван үндэслэл байгаа юм.

- Их л эрсдэлтэй төсөл юм аа даа. Хужаа нарын аюул их байхад...
- Журмын нөхөд бид үндэсний үйл хэргийн төлөө тэмцэнэ, тэрэнтэйгээ адилаар хууль бус цагаачлалын эсрэг ч тэмцэнэ, Ер нь ард нийтээрээ хууль бус цагаачлалын эсрэг санаа нэгтэйгээр, гэтэлшгүй бат бөх хана хэрэм болж зогсох хэрэгтэй.
Өнөөдөр нэг сонин хандлага ажиглагдаад байх юм. Хууль бус цагаач өчнөөн түм бумаараа орж ирээд, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргээд, Монгол орныг эзэлж авчихаад байхад дуугаа хураагаад, хүлцээд тэвчээд, дарлуулаад доромжлуулаад өдий хүрсэн хэрнээ Монгол туургатнаа авчиръя гэхээр харин бүдүүн бүдүүн дуугараад, сөрж зогсоод байна уу, үгүй юу.
Ийм байж болохгүй ээ. Монгол туургатнаа авчраад, бүгдээрээ нийлээд хууль бус цагаачлалыг тас цохьё л доо. Магадгүй монгол туургатны асуудлаа зөв зүйтэйгээр хэрэгжүүлэхийн тулд эхлээд шударга сайн төр тогтоох шаардлага гарч мэднэ.

- Та бас геноцидийн тухай хууль санаачилсан байна. Энэ нь ямар ач тустай юм бэ?
- Түүхийн гашуун сургамжийг санаж явах нь дахин давтагдахаас нь сэргийлж, дороо суурьтай, дотроо бодолтой явахад хүргэдэг байхгүй юу. Монгол улс түмэнд ч ач холбогдолтой, даян дэлхийд ч ач холбогдолтой ийм асуудал.
Еврейн геноцид, армяны геноцид гээд л хэн бүхэн мэддэг. Гэтэл монголын геноцидыг мэдэхгүй байна. Геноцидэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхгүй байна. Шударга ёсонд нийцэх үү дээ.
Зайлшгүй ийм хууль байх ёстой.

- Та дэндүү олон асуудал зэрэг дэвшүүлчих шиг болох юм. Тэгэхлээр хүмүүс хүлээж авахад хүндрэлтэй юм биш үү?
- Харин бөөнөөр нь яривал даацтай байх юм биш үү. Дахин дахин нэг юм ярьж гарч ирээд байвал хүмүүс залхах байлгүй дээ.
Би "Засгийн газрын монгол туургач буюу Панмонголист номнолын концепци", "Ашигт малтмалын тухай хуулийг автаркийн зарчмаар шинэчлэн зохиож, батлан тогтооход дуудсан уриалга", "Төрийн хас сүлдний тухай, улс үндэстэн, парламентын нэрийн тухай саналууд", "Латин үсгийн төслүүд" гээд саналуудыг бас дэвшүүлж, дээш нь өргөн барьсан.

- Монгол туургатан гэх мөртлөө латин үсэг гээд байдаг нь ямар учиртай вэ? Монгол бичгээ дэмжих хэрэгтэй ш дээ.
- Би монгол бичгийг ард түмнийхээ үнэт соёлын өв гэж үзэж хүндлэн дээдэлдэг, дэлгэрүүлэхийн төлөө байдаг. Урьд монгол бичгийг дэлгэрүүлэх ажлын алдаа дутагдлыг нь шүүмжилж байсан. Алдаа дутагдал байсан шүү дээ.
Гэхдээ латин үсэг ч зэрэгцэн оршиж болох л байхгүй юу. Ерөөсөө энэ хоёр харшлахгүй. Харин ч бие биедээ тустай. Кирилл бичиг бол сталинист геноцидийн нэг үр дүн болохоор харин байж болохгүй асуудал гэж би боддог.

- Та "Нэгдсэн Монгол" хөдөлгөөн байгууллаа, тэр нь удирдлагагүй, зохион байгуулалтгүй гээд ярьсан. Тэр ямар учиртай вэ?
- Өнөөгийн ТББ-ын тухай хууль төгс төгөлдөр биш байгаа. ТББ-ын үйл ажиллагааг чөдөрлөсөн хууль байдаг. Чөлөөтэй үйл ажиллагаа явуулъя гэвэл удирдлагагүй, зохион байгуулалтгүй байхаас өөр аргагүй байна.

Ярилцсан П.ТУЛГАА

No comments: