Saturday, May 15, 2010

Төрд хэрэгтэй зайран



шог үгүүллэг

Үс гэзэг сэгсийтэл ургаж, зүг бүр тийш арзайн хатжээ. Малгай минь урагдаж салбаран нүүр лүү унжчихсан. Хувцас хунар ч навсайж, цуурч цоороод, туузан бухал л гэсэн үг. Цүнх минь хэнгэрэг цанархуу болж хэмхэрсэн агаад, мэдээж дотор нь юу ч үгүй. Дотор ч гэж байхгүй юм чинь. 
“Ууж ч болдоггүй, уухгүй байж ч болдоггүй, хаашаа эд в дээ, энэ сархад”  хэмээсэн, наддаа л ихэд гүн ухааны бодролыг минь тасалдуулан, хэсэг улс манийг бариад авлаа. Согтуу хүнийг гэхээс биш, шартсан хүнийг эрүүлжүүлэхэд хийнэ гэж баймааргүй.
-Түргэн Дамбий гуай та Төрийн Ордондоон заларч хайрла.
-Ийм хувцас хунартай оруулж болох юм уу?
-Жийнс, мини-юбкийг л хорьсон. Энэ хүнд аль нь ч алга.
-Аль нь ч байсан нь будаа болоод, мэдэгдэхээ байчихсан юм биш үү.
-Хөхчүү бөөгөөс уламжлагдаж ирсэн онгодтой өмсгөл шүү. Хамаагүй бурж байж, ниргүүлэв чи гэлцэн, дарга сайд байлтай, сүр сүндэр, ганган дэгжин нь гэж жигтэйхэн, зүс таних боловч, адил гялтгар цагаан царай нь гялбаагаад ялгахуйяа бэрх тэд намайг бараг л толгой дээрээ өргөн зорчсоор, УИХ-ынхаа чуулганы танхимд орууллаа.

МОНГОЛД УЛС ТӨР ГЭЖ АЛГА!


Луу жилийн шинийн нэгэнд Ардчилсан Холбоо эвслийнхэн «Сонгогчидтой байгуулсан гэрээний урьдчилсан биелэлтэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа» гээч эрүүл бус нэрийн дор шинэлэлтээ эхэлж, өөрсдөө түүндээ гарын үсэг зурцгаан, сонгогчдоо доромжлон тохуурхав.
Угаасаа тэр гэрээ гээч нь олигтой юм байсангүй. Үйлдвэрээс утаа гарна, малаас төл гарна, наймаачид бараа зөөнө, хүмүүс түүнийг нь худалдаж авна, сургуульд хүүхэд сурна, Монголоос цөмийн дайн гарахгүй, хотынхон орон сууцанд амьдарна, малчид мал маллана гэхчилэн мэдээжийн зүйлс «гэрээ»-нд дүүрэн байлаа. Тэр мэдээжийн зүйлсийг л «биелэлт» гэж нэрлэчихээр бүх юм болоод явчих гэж үү?
«Гэрээ»-г сонгогчид дүгнэж гарын үсэг зурах учиртай байлаа. Ирэх сонгуулиар шүү. Харин өнөөдөр эвслийнхэн «биелэлт»-д хичнээн удаа гарын үсэг зуравч нэмэргүй юм.

Тавантолгойг Оюутолгойн аргаар, оператор компани гэх хуурамч нэртэй гадны дээрэмчдээр цөлмүүлэхнээ



Хамаг баялгаа харийнханд өгчихөөд, үлдсэн жаахныг нь эзэмшдэг төрийн “Эрдэнэс” компаниа оросуудад бэлэглэх нь

Ерөнхийлөгч дахин ашигт малтмалын лицэнз олгох явдлыг түр зогсоогоод байгааг зарим хүн ингээд бид аврагдав, бүх юм сайн сайхан болох нь, баялагтаа эзэн суув гэж ойлгон, тайвширч байна. Хууль бус хуулийн дагуу олгогдсон лицэнзүүдийг хүчингүй болгож, шинэ, эрүүл хуулийн дагуу, монголчууддаа баялгаа ашиглах бүрэн боломжийг нь өгөх аваас, сая зарим хэмжээгээр тайвширч болох юм. Тийм алхмуудыг ерөнхийлөгч маань хийгээсэй гэж хүсч байна.
1956 ААН-д 4706 лицэнзээр Монголын бүх ашигт малтмал харийнханд олгогдчихоод байгаа /Монгол гэгдсэн ААН, иргэдийн ард ч харийнхан л нуугдаж байдаг шүү дээ/. “Тэфис майнинг” 79, “Пибади поло рисорсиз” 54, “Гоби коүл энд энэржи” 40, “Бату майнинг Монголиа” 34, “Сэнтэрра гоулд Монголиа” 34, “Монросцветмет” 31, “Их Монгол майнинг” 30 лицэнзтэйгээрээ манлайлж явдаг аж.

АНАТХ тэргүүтэй хөдөлгөөдийн тэмцэл дуусаагүй, дөнгөж эхэлж буй


АНАТХ тэргүүтэй хөдөлгөөд тэмцлээ далайцтай үг яриагаар эхэлсэн билээ. Хувьсгал, УИХ тар гээд л . Учир битүүлэг санхүүжилт, хүчирхэг ар тал,  танигдаагүй тэмцэгчид, хөдөөг голлон түшиглэсэн бүтэц, ҮШН-ын идэвхтэй оролцоо, ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих магадлал гээд л янз бүрийн асуудлаар шүүмжлэгдэж, хар PR-нд өртөж, эргэлзээ төрүүлж байв.
Тэд цусан тангараг өргөснөөр олон хүнд итгэл өгсөн юм. Би ч дэмжиж, 4.5-ны жагсаалд эчнээгээр оролцож буйгаа илэрхийлсэн /бэртэлтэй байв/ ил захидлаа нийтлүүлж, ард түмнээ уриалсан. Оюутолгойн гэрээг шүүхэд өгч, үүнийгээ амлалт нэхэх тэмцлийн нэг хэсэг гэж үзсэн. Удирдагчдад нь бичгээр болон утсаар хандаж, дэмжиж, хамтран тэмцэхийг эрмэлзэж буйгаа мэдэгдсээн.

Монголын хөл бөмбөгчид ДАШТ-д оролцдог компьютерийн тоглоом гарав


Хэдийбээр нам засаг компьютерийн тоглоом, ТВ-ийн чаат, гялгар уут гол гол дайснууд, асуудлууд л Монгол улсын хөгжилд саад болж байна хэмээн мунхруулдаг ч, тийм бус гэдэг нь эрүүл ухаант хэнд ч ойлгомжтой. Социализмын үед хүүхэд залуус толгой дараалан шахуу чулуугаар байлдагч, амьтан хядагч, гудамжны хулигаан, архичин тамхичин, хулгайч дээрэмчин, садар самуунч болох дөхөж асан нь 90-ээд оны их сүйтгэлийн, 2000-аад оны сүйрэл мөхлийн жилүүдэд яагаад даамжирсангүй вэ? Үнэндээ компьютерийн тоглоомын ач. Тийм болохоор л дарга нар хялайдаг.

Бор шувууны хот


УИДэлгүүрийн хойдохи байрнуудын дэргэдүүр явж байтал бор шувуудын учиргүй бачимдсан жиргээн сонстож билээ. Тэр зүг рүү харвал өвсөн дунд нэгэн жижигхэн амьтан дэрвэн сандчиж, золбин нохой түүнийг барихыг оролдож байв. Яаравчлан очоод учиргүй айсан дэгдээхэйг гар дээрээ өргөн модон дээр суусан бор шувууд өөд дөхүүлбэл тэд харин нисээд явчихав. Ингээд л амьтны жаахан үрийн хувь заяа миний алган дээр үлдэн хоцрох нь тэр.
Дэгдээхэйг гэртээ авчирсан боловч тэр юу ч идэхийгхүсээгүй нь шөнөжин сэтгэл түгшээлээ. Харин маргааш өдөр нь тэрбээр зуу орчим ялаа шумуулыг ховдоглон залгиснаар гэр бүлийн маань нэгэн гишүүн болсон юм. Өдрөөс өдөрт өсөн бойжиж байгаа хөөрхөн бялзуухай ямар их аз жаргалыг авчирч байсан гэх вэ.

МАХН, АН-ыг хориглох хөдөлгөөн хүчээ авч байна


АНАТХ нарын хөдөлгөөдийн өлсгөлөнг хүчээр таслан зогсоосон ч, ард түмний тэмцлийн гал дөл унтарч бөхсөнгүй.
МАХН, АН-ын үйл ажиллагааг хориглох хөдөлгөөн өдрөөс өдөрт өргөжиж, хүн ардын дэмжлэгийг хүлээж байна. Тэдгээр дэмжигчдийн эгнээнд би ч элссэн.
Хоёр намыг хориглох хөдөлгөөнийхөн 2008.4.17-нд, улс төрийн намын тухай хуулийн 23.2-р зүйлийн заалтыг үндэслэн, МАХН, АН-ын үйл ажиллагааг хориглох тухай өргөдлийг Улсын дээд шүүхэд өргөн барьсан ч, ямар ч хариу өгөөгүй аж.
Гэвч тэд зорилгоосоо ухарсангүй. Хоёр намыг хориглох үзэл санааг өргөн олонд сурталчилж, янз бүрийн арга хэлбэрээр тэмцсээр ирэв. Жишээ нь: “Монголчуудад  сонордуулах мэдээ” гэх сониныг гаргаж, үнэгүй тарааж түгээдэг. Тэдний /бидний/ “Монголчууддаа хүргэх нээлттэй захидлыг” толилуулъя:

Монголд галзуурч буй харийн олборлогчдыг “дробинкдох” хэрэгтэй



1. Манай баячууд 700  доллараар 
нусны алчуур аваад, ганц хэрэглээд хаядаг

Гадаадын тийм компани манай ийм ордыг ингээд авчихлаа гээд л сонин хэвлэлүүд баяртайгаар мэдээлэх юм. Энэ нь надад, харийн арми Монголын газар нутгийг түрэмгийлэн эзэлж, амжилттай дав-шиж буйг баясалтай  мэдээлж буй мэт л санагддаг. Хэн булаан эзлэгчдийг баясгалантай угтдаг вэ? Ойлгомжтой. Тэднийг яах ёстой вэ? Бас л ойлгомжтой бус уу? Дайн байлдаантай кино шийн дээр дандаа л гардаг шүү дээ.
Нэрт нийтлэлч: “АН ардчиллыг янхан болгож, МАХН түүнийг шааж байна” гэжээ. Тэгвэл нам засаг, ашигт малтмал, харийн хулгай нарын хувьд мөн  тиймэрхүүг хэлж болохоор.

Колоничлогчдын эсрэг тэмцэлд амиа алдсан Т.Сүхболдод Монгол Улсын баатар цол олгоё!



Монголчууд колоничлогчид, дарга нарын эсрэг зэвсэгт тэмцэл, террор хийе гэж бухимдаж байна

Монгол орон жинхэнэ колони болсныг Дорноговийн Айраг сумын эмгэнэл харууллаа. Тус сумын нутгийн 93,3 хувийг харийн олборлогчдод олгожээ. Сумын иргэд аж төрөх газаргүй, багтаж шингэх нөхцөлгүй болж, аргагүй хөдөлгөөн байгуулан хужаа нарын эсрэг тэмцдэг, зөрчилддөг болсон юмсанж.
Монголчууд, хужаа нарынхны хооронд зодоон болоход, Т.Сүхболд гэдэг залуу зэрлэгээр алагджээ. Түүнийг хужаа нарын машинд дайруулан унахад, хужаа нар бүлэглэн зодоод, ахин машинаар дайруулж алсан гэнэ. Т.Сүхболд гэдэг энэ залуу Монголын ард түмний жинхэнэ баатар мөн. Энэ залууд Монгол Улсын баатар цол олгох ёстой!

Газар хөдлөлтөөс айх уу, итгэл найдварын зул асаах уу?



Эмээхгүй байх 10 үндэслэл

Газар хөдлөлтийн асуудал хэн бүхний сэтгэлийг түгшээж байна. Төр засаг маань: 2004 оноос хойш эрдэмтэд “УБ-т 2010-2012 онд 10 баллын газар хөдлөлт болно” гэж анхааруулж ирсэн гэж ард түмнээн айлгасан хэрнээн, тайвшруулах юу ч хийсэнгүй. Би харин тайвшруулах гэж оролдъё.
Газар хөдөлж магад хэмээн хэрэндээ юм хүм эмхэлж цэгцлэн бөөвийж суух болсон ижийгээ харахлаар  нулимс унагах дөхнө, элдвийн  л юм бодогдоно. Тэр элдэв бодлоосоо хуваалцсу.
1.Хэрэв бүгд  худлаа бол яахав? 2004 оноос  хойш яагаад дарга нар тэр талаар дуугараагүй болж  таарах вэ? Тэдний үнэн гэсэн нь худлаа, худлаа гэсэн нь үнэн болох нь олонтаа.

Saturday, April 24, 2010

Хэрвээ…

Хүн гүрний түүх, соёл

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн эртний улсуудын нэг нь Хүн юм. Мөнгөн улсын мөхөл сүйрэлтэй холбоогүйгээр, харин хөгжлийнх нь явцад аажим төлөвшиж буй болсон улс гэдэг. Мөнгөн, Хүн гэдэг нь нэгэн улсын хоёр нэр ч хэмээж буй.
Сүүлийн үед, хятадын эрдэмтэд улсынхаа эх суурийг 8000 жилийн өмнө тавигдсан гэхийн сацуу, тэр үед л хойдын нүүдэлчин аймгуудтай байлдаж тэмцэлдэж явсан гэж байна. Мөн, Энэтхэгийн эрдэмтэд манай дээдэс 6-7 мянган жилийн өмнө өвөг монголчуудтай харилцаж байсан гэх болов. Төр улсын бүтэцгүй аваас, олон хүн амтай хятадын улстай тэмцэлдэх, алс холын Энэтхэг гүрэнтэй харилцах бололцоогүй юм. Харин ч, төр улс байсан гэж таамаглагдах дурсгал, сэжүүрүүд олдсоор.
8000 жилийн өмнө гэдэг нь дэлхийн хамгийн анхны улсууд гэсэн үг болно. Дунд-шинэ чулууны үе болой. Алтай хэл задраагүй асан /5000 жилийн өмнө задарсан гэж судлаачид үздэг/. Дэлхийн соёл иргэншлийн өлгий Монгол, Хятад, Энэтхэгт байсан болж таарах агаад, Монголын анхдагчлал нь илүү итгэл үнэмшил төрүүлнэ.

“Газар хөдлөлгүй УБ” хөтөлбөрийг онц яаралтай хэрэгжүүлэх ёстой атал, засгийн газар утаа арилчихаад байхад “Утаагүй УБ” хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ



Манай ЗГ Оюутолгойг хэнд өгснөө мэдэхээ болиод, 
ор мөргүй алдчихаад байгаа ажээ
Ерөнхий сайд ЗГ цаашид яаж ажиллахыг ярилаа. Тэрбээр “Би ЗГ толгойлоод 155 хонолоо. Энэ хугацаанд зуд, гахайн ханиадтай тэмцэв” гэв. Зудыг нуун дарагдуулж, учирч болох бүх хохирол учирсан хойно л жаал жуул туслахчаа аядсан нь өвөр монгол Журамтын тусламжаас хэд дахин бага байв, тэгээд ч Журамтыг гоочлон хөөсөн тул тэр туслахаа ч больсон. Гахайн ханиадны хувьд мөн учирч болох бүх хохирол учраад өчнөөн хүн нас барж, эрүүл мэндээ алдсан. Аваад байсан тусгай арга хэмжээ байхгүй. Вакцинжуулалт хаа байна? Нөгөө нян нь дэгдэлтийн сезон нь дууссан тул үхээд дууссан, гэхдээ өндөг нь буй тул оны эцсээр дахина. 
Бизнесийн орчныг шинэтгэсэн л гэнэ. Бизнес хийх ямар ч нөхцөл байхгүй болсныг хэлээд байнуу? Ард түмэн нэн ядуурсан тул зах зээл огт байхгүй болсон шүү дээ. Хаа сайгүй л бараа, үйлчилгээг түм дахин хямдруулавч борлогдохоо байсныг хэн бүхэн л мэдэж байгаа.

Бүх ард түмэндээ хандсан 42 зүйлт уриалга



Оюутолгойн ХОГ-ийг шүүхэд өгч, цуцлуулцгаая!
Монголын ард түмнийг цэнгэлийн манлайд хүргэж, улс орныг хөгжил цэцэглэлийн дээдэд залах учиртай их эрдэс баялгийн орд болох Оюутолгойгоо бид хэрхэвч гадаад дотоодын нэоколоничлогч-гэноцидчидийн саварт алдах ёсгүй билээ. Оюутолгойн ХОГ гэгч, тусгаар тогтнолыг алдагдуулах, улс үндэстнийг мөхөөх ялт хэргийн баримт бичгийг цуцлуулж, хүчингүй болгож, түүхийн хог дээр таягдан хаях ариун гэгээн үйлс өнөөгийн монголчууд биднийг хүлээж байна.
ХОГ-ний хүчин төгөлдөр болох болохгүй нь эх орончдын шударга тэмцэлд өчүүхэн төдий саад тотгор болж үл чадна. Аливаа хулгай дээрэм, урвалт шарвалт яаж ч хүчин төгөлдөр боллоо гээд, гэмт хэрэг л бол гэмт хэрэг. Хүчин төгөлдөр гэж зарлагдсан аваас гэмт хэргийг хэрэгсэхгүй гэсэн хууль байдаггүй.
Учир иймд, Оюутолгойн ХОГ-г шүүхэд өгч, цуцлуулж, гэмт буруутнуудыг цээрлүүлж, эх орноо чөлөөлөхийг ард түмэндээ уриалж байна. Шүүхэд өгөх өргөдлийн төслийг толилуулъя.

Хамтдаа ялцгаая!



4-р сарын 5-ны жагсаалд оролцогч,  үйл хэрэг нэгтнүүддээ хандсан ил захидал 

Өнөөдөр ардчилсан хувьсгалын их жагсаал болж байна. 20 жил монголчууд хүсэн хүлээсэн гэж болох жинхэнэ хувьсгал айсуй. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг элдэв бэртэгчин, урвагч, шунахай этгээдүүд булаан авснаар ард түмэн минь 20 жил зовж зүдэрлээ. 
Янз бүрийн улс төрийн зүтгэлтэн, хүчинд итгэж, тэдгээрийг сонгосноор сайн сайханд хүрнэ гэж олон түмэн санадаг байсаан. Гэвч сонголтыг нь дураар гуйвуулж, засгийн эрхийг хуваан завшдаг болсон. Үүнийг эсэргүүцсэн 2008.7.1-ний бослогыг хоёр нам хамсаатнуудтайгаа санал нэгдэн, цус асгаруулан, нухчин дарсан билээ. 
Тэгвэл одоо ард түмэн өөрсдөө хувь заяагаа гартаа авах гэж хуран чууллаа. Миний бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, биечлэн оролцож чадсангүй. Гэхдээ, харгис дэглэмийг  сулруулах, ганхуулах, мөхөөх бүх үйл явцыг би дэмжиж, сэтгэл оюунаараа оролцох болно. Энэхүү ил захидлыг минь ард түмэнтэйгээ хамт жагсаж байна гэж тооцоорой. 

Газар хөдлөлтийг таслан зогсоох талаар хамтран ажиллая гэж оросууд санал болгоход төр маань зөвшөөрөлгүй өдий хүрчээ


1. Ц.Элбэгдорж: “Ойрын нэг сарын дотор ч 
газар хөдөлж болзошгүй”
Дэлхий даяар доргин донслох мэт. Токио, Тайвань, Афганистан… магадгүй бид газар хөдлөлтөд илүү мэдрэмхий ханддаг болсон байж мэдэх. Чили 8.8 баллаар доргиж, 1.5 сая хүн хохирлоо. Эпицэнтр буюу төв нь Консэпсьон хотоос 115 км зайд, далайн дор 55 км гүнд байж гэнэ. Гэтэл 340 км алсад орших нийслэл Сантьяго 30 сэкүнд салгалан чичирч, Латин Амэрикт улбаалсан 45 газар хөдлөлт болж, 2 сая хүн орон гэргүй болов. Маш хүчтэй энэ газар хөдлөлтөөс болж, дэлхий тэр аяараа донсолж, эргэлт нь удаашрав. 3.26-нд Филиппинд 6,1 магнитудын газар хөдлөлт болж их хохирол учирлаа. Он гарсаар Монголын Дундговь, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг газар 6 удаа газар хөдлөв. 
Монгол бол газар хөдлөлтийн идэвхжилтэй орон. Үе үе хүчтэй газар хөдөлдөг. Хөдөө, хүн малгүй газар болоод байсан болохоор тоодоггүй, тэгээд ч хэзээнээс төр нь нууж хааж явж. Олон хавар нэгэндээ гэгчээр Улаанбаатарын ээлж  ирж. 

Сод хүмүүн О.Дашбалбар гитар наадах тун чиг дуртай байжээ


Монголын Үндэсний түүхийн мүзэйд “Зохиолчид-оюуны язгууртнууд” хэмээх сонин сайхан үзэсгэлэн нээгдэв. Монголын ПЭН-төв, Соёлын өвийн “Боловсрол” төв, Бичиг соёлын төвөөс зохион байгуулжээ. 
Манай зохиолчдын амьдрал, уран бүтээлийн замналын олон талыг харуулсан жинтэй үзэсгэлэн болжээ. Хэн нэг нь уянгат гитараар эгшиглүүлэн тоглох нь сонсдох шиг. Шилэн хоргоны цаана сод найрагч, тод зүтгэлтэн О.Дашбалбар агсны хөх гитар үзэгдэнэ. Тэнгэр шиг хөх энэ гитараар тэнгэрлиг аялгууг наадмаар аа.

Хэрвээ…



Миний бие, 1998 онд түүхийн сэтгэмжийн “Хэрвээ…” хэмээх ном бичих санааг олсон ч, завдал болсонгүй өдий хүрсэн билээ. Юутай ч гэсэн, ямар нэг байдлаар л эхлүүлье гэж бодоод цуврал товч тэмдэглэл бичихээр шийдэв. Хэрвээ, Монголын түүхэнд  тохиолдсон, сөрөг үр дагавартай томоохон үйл явдлууд байгаагүй буюу, сүйрэл учруулахуйц хэмжээний бус асан бол, манай улс гүрэн ямар байх байв гэсэн сэтгэмж номын утга агуулга нь юм. Хүүхэд залууст түүхээ сонирхох хүслийг төрүүлэх, сургамжийг нь ойлгоход туслах, эх оронч, үндэсний үзэлтэй нөхөрлүүлэх зорилгыг хэрэгжүүлнэ гэж бодож байлаа. Түүхийн баримт, таамаглал сэтгэмжийн суурь болсон. Хожим дэлгэрүүлж бичихийг горилном.

Монголын эрт үе, 
Мөнгөн улсын түүх, соёл
Монголын тал хамгийн эртнийд тоологдох тул хүн үүссэн голомт байх боломжтой. Энэ тухайд 19-р зууны эцсээс Амэрик, Оросын эрдэмтэд таамаг дэвшүүлсэн. Өдгөө, Африк бол хүний өлгий гэх нь давамгайлж буй ч, их настай яс /6-9 сая жил/ олдсоноор чингэж буй талтай. 1931 он хүртэл 600-700 мянган жилийн өмнөх яс илэрсэн Зүүн Өмнөд Азийг голомт гэж асан. Одоогоор Монголд сая гаруй жилийн өмнө хүн амьдарч байсны баталгаа олдоод байна. Мөн приматуудын /хүн, сармагчин, лэмүр/ хамгийн эртний өвөг заламбдалэстэсийн үлдэгдэл олдсон болой.

Мөнгөн дэвсгэртээ бүрэн шинэчлэцгээе!


Мөнгөн тэмдэгтийн дүрслэл улс орны эдийн засгийн нүүр царай, бэлгэ тэмдэг болж байх албагүй. Харин сонин тохиолоор Монголын мөнгөн тэмдэгтийн үзэгдэх байрлал эдийн засгийнхаа төдийгүй, нийгмийнхээ дүр төрхийг илэрхийлж байх мэт байдаг.
Манай төгрөгүүдийн зохиомжид ямар ч утга учир, логик байхгүй. 10 номиналийн төгрөг гүйлгээнд байдаг боловч, тэдгээр нь хоёрхон хүний хөрөгтэй. Нэгт, тавтын дэвсгэрт хөрөг ч үгүй, өнгө зүс ч үгүй, тэдний хэрэгцээ ч үгүй, нийтийн тээврийн үйлчилгээг л улам хүндрүүлэх үүрэг гүйцэтгэж байна, 20, 50, 100-т дээр зөвхөн ямар ч хариуцлагагүй дүрсэлсэн Д.Сүхбаатарын хөрөг. Эсрэг талд нь элэглэн дооглох мэт хачин пейзаж. 1, 5, 10 мянгат дээр өчнөөн алдаа мадагтай Чингис хааны хөрөг. Хурц тод өнгө, чамирхлыг л гол болгосноос бус, утга агуулга нь муу. Хэрэв та бидний хэнийг нь ч гэсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн төсөл гаргаад ир гэвэл ийм нүд хуурсан юм сэдэж зүрхлэхгүй байсан биз. 

Өвөр Монголыг чөлөөлөх үндэсний фронтыг байгуулсан минь


Хүүхэд л болсон хойно доо. Цэрэг дайны холбогдолтой зүйлийг их л сонирхдогсон. Монголд Чингис хаан гэдэг дэлхийг эзэлсэн их хаан, аугаа жанжин байсан тухай сургуульд орохоосоо өмнө л лав үлгэр домог-цуурхлын хэмжээнд сонсож амжсан байв. 1 дүгээр ангид байхдаа, 4 дүгээр ангийн эгчийнхээ сурах бичгүүдийг амтархан уншиж, Монголын түүх, баатарлаг  дээдсийнхээ талаар ойлголттой болж, бахдан биширсэн билээ л. Гэхдээ социализмын үед үндэсний бахархлаа дэвжээх боломж тийм ч их олдохгүй.
Марк, мөнгө цуглуулдаг, мүзэй үзэх дуртай, номын хорхойтон зэрэг минь зарим боломжуудыг гаргаж өгнө. Хүүхэд байхдаа би Монголын, социализмаас өмнөх бараг бүх зүйлийг шүтэн бишрэгч болсон байв. Дүрслэх урлаг, соёлын дурсгал,  түүх өөрийн эрхгүй л асар их нууцлаг, жаргал мэдрүүлсэн илч дулааныг хайрлан эзэмддэг байсан нь үндэсний үзэл бүрэлдэн асан, ассан хэрэг байж дээ.

Зууны дасгалжуулагч С.Магсар гуайг улсын баатар болгоё!


МҮОХ-ны “Зууны манлай дасгалжуулагч” өргөмжлөлт С.Магсар 1943 онд Улаанбаатар хотноо төржээ. 1961-1965 онд Ленинградын БТДС-д дасгалжуулагчийн мэргэжил эзэмшив. Кубад чөлөөт бөхийг хөгжүүлсэн алдарт мэргэжилтэн Ю.Замятин Ленинградад сурч ахуйд нь түүнд багшилж, дасгалжуулагчийн эрдмээ харамгүй өвлүүлжээ. Төгсөөд л улсын чөлөөт бөхийн шигшээгийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж, өндөр амжилт гаргажээ. 1973  онд гавъяат дасгалжуулагч болсон. 1978 онд МАХН-ын ТХ-ны УТТ-ны “Биеийн тамир, спортын байгууллагын зарим удирдах ажилтны намч бус үйл ажиллагааны тухай” 187-р тогтоол гарч, олон зүтгэлтнийг хэлмэгдүүлэхэд С.Магсар багш өртөж, 1990 он гартал хэлмэгдэж яваад цагааджээ. 1991-1994 онд МҮОХ-ны е.н.б.д, 1994-1997 онд БТСҮТ-д ерөнхий дасгалжуулагч, 1997-2001 онд МҮБХ-ны үндэсний шигшээ багийн зөвлөх, 2001-2006.1.1 хүртэл Үндэсний шигшээ багийн захирлаар ажиллаж байлаа. Өдгөө тэтгэвэрт гараад, чөлөөт бөхийн спортын тухай ном бичиж буй.