Tuesday, September 4, 2012

Өвөр монголчууд цөөвөр монголчууд биш ээ


Эшлэл: Чонотой нийлсэн ноход чононоос илүү хор хөнөөлтөй гэдэг. Тэд хот айл болон хүний сул талыг андахгүй. Монголчууд тэднийг хээрийн боохой гэдэг. Аман яриандаа ЦӨӨВӨР гэж дуудах нь ч бий. Гэтэл өнөөгийн монгол оронд хүн цөөврүүд үүрэлсээр, монголчуудын ахуй амьдрал, газар шороо, ирээдүйг ил далдуур ховх сорон цөлмөсөөр байна. Тэд бол Өвөр монголчууд. Би тэднийг Цөөвөр монгол гэж нэрлэнэ. 
Муу юм л их дэлгэрдэг болчихсон нийгэмд маань “Цөөвөр Монгол” гэх нийтлэл цахим сүлжээгээр их л түгж байна. Харийнхантай нийлсэн үл бүтэх этгээдүүд Монголооор дүүрэн байгаа нь үнэн. Гэхдээ Ар Монголын маань үл бүтэхчүүд тийм олон байгаа нь гашуун үнэн билээ. Энэ нийтлэлийн зохиогч тун ч том эндүүрсэн ажээ. Монгол дахь өмнөд монголчууд дэндүү цөөхөн юм.
Эшлэл: Монгол орныг минь дотроос нь химлэж, сувдаглан идэж буй махчид бол тэд. Газар нутаг, хөрсөн доорх баялгийг минь тэд л үнэгүйдүүлж, монголчуудын ахуй амьдралыг хувалз шиг сорж байна. Тэд бидний сул талыг гойд мэдэхийн зэрэгцээ “Элэг нэгт монгол ахан дүүс“ хэмээн өвчигнөдөгийг минь овжин ашигладаг. 
Монгол улсын олон нийт маань хэдэн зуун жилийн турш Манж Дайчин, ЗХУ, БНХАУ-ын дарлал, тархи угаалтаас болж, “элэг нэгт ахан дүүс” гэж хамгийн “өвчигнөдөггүй” нь болчихсон билээ. Харин ч хятад цустнуудын “өвөр монголоос цэвэр хужаа дээр” гэх сурталд төөрөлдөж ирсэн. Тэгэхлээр ямар “өвчигнөл”-ийг маань тэд ашигласан болж таарах вэ.
Эшлэл: Манайхан яадаг билээ дээ. Ашигт малтмалтай хэсэгхэн газрын лиценз халаасалчихвал хагартлаа баяжина гэсэн ойлголттой төдийгүй бүр ийм дон шүглэчихсэн улс. Тагтаанаас өчүүхэн тархитай мангуу түшмэд нь дээрээс ийм хандлагыг тахал шиг тархаагаад байхаар арга ч үгүй биз. Тархиа угаалгасан монголчууд ашигт малтмалын хүслэн болж хамаг байдгаа авилгын дон шүглэсэн түшмэддээ тавьж туугаад, дээр нь баахан өр зээл тавьж хэсэг газрын лицензтэй болж аваад хав дарчихна. Яагаад хав дарчихав гэхээр өнөөх эрдэнэсээ ухаад авчих улаан мөнгөгүй учраас. Тэгээд муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр өрөн дээрээ өр тавьж жил бүр бөөн татаас төлнө. Ингэж үйлээ барж үсээ зулгааж байгааг нь хятадууд огт мэдэхгүй. Харин бидний Элэг нэгт ахан дүүс болох өвөрлөгч нөхөд бол тун сайн мэднэ. Тэгээд л монголчуудын зовж зүдэрсэнийг ашиглан “Сайн найзаа” гэсээр түүнтэй дотносож аваад дараа нь мөнгөө арвижуулах хүслэнд автсан хятад нөхрийн эрэлд мордох нь тэр. 
Ашигт малтмалын неоколоничлолын бодлого бол, БНХАУ-ын татаасаар төрд огшин гарсан хурлийзууд өмнө зүгийн ахан дүүстэйгээ хамтран боловсруулж хэрэгжүүлж ирсэн, Монгол улс үндэстнийг хөнөөх геноцидийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хүн бүр “лиценз халааславал хагартлаа баяжина” гэж гүйлдээд, “мангуу түшмэд” дэмжээд байдаг явдал гэвэл тун чиг гэнэхэн төсөөлөл аж. Хятадуудын утсан хүүхэлдэй болсон манай зарим иргэд л тэр лицензүүдийг харь эзэддээ хөөцөлдөн авч өгдөг, халхавч нь болж суудаг болно. Түүнээс биш, монголчууд “лиценз авч хав дараад”, “эрдэнэсийг ухаад авчих улаан мөнгөгүй учир” өмнөд ахан дүүсдээ залилуулаад яваа юм огт байхгүй. Эхнээсээ энэ ашигт малтмалын неоколоничлолын бодлого бол зөвхөн хятадуудад зориулагдсан, тэдэнд Монгол улсыг балансаар нь, газраар нь шилжүүлсэн гэмт хэрэг юм шүү дээ.
Өвөр монголчууд манайд их төлөв орчуулагч л хийдэг. Тэд энд БНХАУ болон “мангуу түшмэдүүдийн” маань давхар давхар дарлал дор л байдаг. Хүн дарлачихаад дарлууллаа гэх нь манайд их л моодонд орж байна даа.
Эшлэл: Өдгөө хятадаар дүүрэн ийм цөөврүүд дэл сул олз ашиг мөрөөдөн холхилдож байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав. Чонон сүрэг болох хятадуудыг хатгаж өдсөөр нааш нь чангааж буй улс бол Цөөврүүд. Түүнээс биш шанхай бээжингээр холхиж буй сармис ханхлуулсан хужаа нөхдийн тархинд мөнгө л гэсэн үг орохоос монгол гэсэн үг мөддөө орохгүйдэг. Элдэв ашиг хонжооны үлгэр донгоссоор чирж авчирсан хятадынхаа хэлсэн үнэнээс хэд дахин бага үнэ сайн найздаа хэлж дундаас нь нөгөө үйлээ үзэж үсээ зулгааж буй монголоос хэд дахин илүү ашиг зулгааж цулайтлаа баяжина. Аргагүй шахаанд орсон монгол нь буруу харж уйлсаар лицензээ тавиад туучихна. Олсон хэдээрээ өр ширнээсээ мултарч чадвал зол. Ингэж монголын газар нутаг цөөврүүдийн чирж ирсэн чонон сүргийн халаасанд орж байна. 
“Хужаа нөхдийн тархинд мөнгө л гэсэн үг орохоос, монгол гэсэн үг мөддөө орохгүй дэг” гэсэн энэ үгийг монгол хүн бичлээ гэж үү гэж гайхаж байна. Эрт дивангалбаас өмнийн эзэрхийчүүд хойд зүг рүү түрэмгий санаархлаа тасралтгүй талбисаар ирсэн бөгөөд, Монголын түүх үүнтэй холбоотой зөрчил тэмцлээр арвин.
Бээжинтнүүд ч Монголыг эзлэн ноёрхох сонирхолтой, хурлийз 5-р цувааныхан нь ч тэднийг залж авчрах дуртай. Түүнээс бус, өвөр монголчууд л тэднийг авчирсан гэвэл үлгэрийн далай биз ээ. Зөвхөн хятадуудыг л авчрах ажлаар мэргэшсэн сайдмаа ч байна, төрийн бүхэл бүтэн газрууд ч байна, төр тэр аяараа үүн дээр анхааран ажиллаж байна, далд харь эзэд нь ч анхааран ажиллуулж байна.
Эшлэл: Зүгээр сууж байгаад баяжсан цөөвөр амташсан хэрээ арван гурав нахихийн үлгэрээр ахин монгол улсын минь газар шороо, ашигт малтмалыг цөлмөх авд мордоно. Монголоор дүүрэн ийм цөөврүүд холхилдон байгаа. Монгол нь хятадаар Нихогоос хэтрэхгүй, хятад нь монголоор Сайн уу ч үгүй учраас цөөвөрийг хоёр талаас нь цатгаад л сална. Цөөврүүд аргаа барсан монголчуудыг ингэж тоноод зогсохгүй түүхий эд болон бүх баялгийг хуу цөлмөж, дээр нь нэмээд үнэгүйдүүлж барж байна шүү. Түүнээс юу л боллоо гэж хэл мэдэхгүй хятадууд өөрөө гүйгээд ирэв гэж. Тэднийг хатгаж ятгасаар хөтлөн ирж буй нь цөөврүүд. Бас монголчуудын аргаа барсаныг далимдуулан баялгийг минь хуу үнэгүйдүүлэн тонож буй нөхөд тэд. 
Тэгж “арван гурав нахиж Монгол улсын газар шороо, ашигт малтмалыг цөлмөх” боломж өвөр монголчуудад үгүй юм. Монгол улсад өвөр монгол хүн хөл тавих бараг хориотой, хятадууд бол яасан ч бүрэн болох заллагатай л байгаа. Тоо нь үндэсний аюулгүй байдлын хязгаараас давчихаар, төр маань хязгааргүйгээр нь жуулчны визээр оруулах гарц бодож олчихоод, хятадуудыг оруулж ирэхийг зогсоов гэж хууран мэхэлж байна. “Бүхнийг Хятадын төлөө” гэх төрийн машин ажиллаж байна.
Өвөр монголчууд арайхийн орж ирэхэд манай зүгээр харж үзэх юу ч байдаггүй, өлбөрч үхэхгүйн эрхэнд хятад компанид орчуулагчаар ажиллах болдог. Манай төрийн өвөр монголчуудын эсрэг апартеид бодлогод өртөж, зүйл бүрээр зовж ирсэн. Ямар сайндаа Монголд амьдрахаар ирсэн 1000 орчим өвөр монгол  хүний 900 нь нутаг буцаагдсан юм уу, өөр улс руу дүрвэсэн байх вэ (судлаач Цолмон).
Эшлэл: Цөөврүүд монгол хүнийг, монголын газар шороог, хөрсөн доорх баялгийг нь хэзээ ч хайрлаж харамлахгүй. “Хамаг хямд” үнээр ховх сорж хятадын өвөрт хийх ганцхан зорилготой. Хамгийн гол нь дундаас нь ховх сорж сул баяжих. Баяжин тэнхрэх тусам тэд бүр ч илүү харгис сувдаг болон зоригжиж, юу ч хийхээс буцахгүй болж байна. Монголыг доройтуулан сөхрүүлж буй цөөврүүдээс салж авахгүй л бол бидний монголчууд сайнаа үзэхгүй дээ. Ууландаа ан гөрөөгөө хөөгөөд амь зууж буй чонон сүргийг цөөврүүд хот айлын сүрэг лүү дагуулж ирдэг. 
Өмнөд монголчууд Монгол улсыг маань хүн ардтай нь хайрлах байтугай, хамгаалж аварч байсан юм. 1911 оны тусгаар тогтнолын тэмцэлд тэд оюуны ч, цэргийн ч нэг гол хүч болж, Монгол улсын төлөө амь хайргүй тулалдаж, Богд хааны 100 баатар цолтны ихэнх нь болж байсан түүхтэй. Харь гүрнүүдийн хорлолоос болж, Монголд тэд хохирч хэлмэгдэж байсан нь их ч, огтхон ч элэг буруулаагүй, одоо ч Монгол улсын төлөө гэх аугаа итгэл сэтгэлтэй байдаг юм. Монголчуудыг өвөр монголчуудаас салгана гэдэг, өмөг түшгээс нь салгаж, доройтуулан сөхрүүлнэ гэсэн үг.
Эшлэл: Өнөөдөр бид тэднийг өмгөөлөн, өмнөөс нь эх орноо хятадын бууны аманд тавьж өгөхөөс наахнуур юм болж жагсаж цуглан өвчигнөцгөөж байна. Зарим солиорсон нөхдүүд бүр өвөр монголоосоо хэтрээд Хазааруудтай ах дүүсч, тэднийг эх орондоо авчирч идээшүүлэх маягийн юм донгосч эхэллээ. Тэдгээр хэнээтнүүд цөөврүүдэд монгол орныг минь цөлмүүлэх гэж зүтгэж байхынхаа оронд өөрсдөө тэр хайртай өвөр монгол, хазаар луугаа тонилцгоо гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч нь хүртэл гадаадынханд хайр зарлан давхар иргэншилтэй болох маягийн зүйл чалчиж эхэллээ. Гэтэл цөөврүүд биднийг ар хударгаар минь хоосортол цөлмөсөөр байна. 
Монголд өнөөдөр өмнөд монголчуудыг ч, хазаруудыг ч өмгөөлж “өвчигнөх” явдал нэн хангалтгүй байгаа юм. Тийм атал үндэстний эсрэг хүч юун их сүр бадруулж, сандарч бачимдана вэ? Хэрэв өргөсөн тэлбэл Хятадын цэргийг оруулж ирж дарахаас ч буцахгүй юм байна. Монголын эсрэг хүч монголчууд нэгдэхээс асар их айдаг нь шинэ зүйл биш билээ. Элэг нэгтнээ гэх эрүүл сэтгэлгээтэй монголчууд тэрхүү хүчний шаардлагаар эх орноосоо хөөгдөх учиртай юм биш ээ. Элбэгдорж ерөнхийлөгч маань ч юу ярих хэлэхээ тэднээр заалгаж заавардуулах ёстой биш байлгүй.
Эшлэл: Цөөврүүд зөвхөн уул уурхай тойрч хөлхөлддөггүй. Манай охидыг хужаа нарын өмхий өвөрт хийж бузарлаад байгаа гол эзэд нь бас л тэд. Амар ажил, арвин мөнгө амлан хошгируулж аваачаад хятадын өвөрт чихнэ. Эсэргүүцвэл бичиг баримтыг нь хурааж нээнтэглэнэ. Түүнээс биш монгол хэлгүй хятадуудын толгойд монгол охидыг бээжинд авчирч навс бузарлъя гэсэн санаа хэзээ ч төрөхгүй. Харин цөөврүүдийн бэлэн авчирчихсан охидыг бол талхиж өгнө биздээ. Ер нь хаанахын хэн гэгч охин болох нь тэдэнд падгүй ш дээ. Бэлэн хэвтэж байвал л боллоо.
Танил маань ийм зүйл үгүүлсэн юм: Нэгэн өмнөд монгол залуу Монголд амьдрах хүслээр жигрүүрлэн ирээд, ажил төрөл  ч олддоггүй, хятадын барилгын компанид орчуулагчаар оржээ. Орой болсон чинь баахан хүүхнүүд цуглан ирж, орно гэж дайрчээ. Тэдэнд орчуулагч залуу дэг журам ч ярьж, монгол бүсгүйн эрхэм журмыг ч ярьж. Тэгэхэд хүүхнүүд “Чи муу хужаа захйл. Чам шиг юмтай тоож ярихгүй. Жинхэнэ хужаа нартай нь ярина” гэж барьж зодох дөхөн дайрч ороод биеэ үнэлсэн байгаа юм.
Янхдалт, эмэгтэйчүүдийн ёс суртахууны ноцтой уналт зэрэг үзэгдлүүд нь АМӨЗО-ны гадаад дотоод удирдлагын неоколоничлогч бодлогын л үр дүн юм. Хэв шинжит симптом юм. Өмнөд монголчууд санаачлаад, зохион байгуулчихсан хэрэг бус. Хүний наймааны хэргүүдийн тухай сонирх. Манай иргэд, хятадуудын л нэр хөвж гарч ирэх бий вий.
Эшлэл: Өдгөө монголчууд урагш одож арилжаа хийн амь зууж буй. Тэнд ахиад л өнөөх цөөврүүд монголчуудыг шулж мөлжих аян дайнаа хийгээд завгүй. Би бээжинд нэгэн дэлгүүрт ортол хараажаар Цөөвөр бололтой боодог шиг нөхөр хятад худалдагчаас мөнгө аваад явахыг харж билээ. Эхэндээ мэл гайхав. Бээжинд манай угсаа нэг монголчууд хужаа нараас татаас авч дарамталж байна маягийн юм сэтгэж омогших нь холгүй байв. Гэтэл нэгэн найз минь цөөврүүд манайханд газарчилж, хэлмэрчилж буй нэрээр хуу мөлждөг болохыг хэлсэн юм. Тэд худалдагчийн хэлсэнээс илүү үнэ манайхнаар төлүүлээд хожим нь ирж зөрүү мөнгөө авдаг ажээ. Энэ мэтээр бутархай зоосноос өгсүүлээд охид бүсгүйчүүд, газар нутгаа хүртэл муусайн цөөврүүдээр зуучлуулан алдаж дуусах нь. Ер нь тэд монголын гэх бүхнийг цөлмөж хороож байна. Монголоор дагначихсан энэ цөөврийн сүргийг яавал дээр вэ.
Миний бие 2008 онд компьютер авчирч зарна хэмээн Эрээн, Бээжин хотуудаар зорчсон билээ. Тийм залилдаг, хулхиддаг бус, тусч, элгэмсүү өмнөд монголчууд л надтай танилцаж, хамтран ажиллаж байсан. Хэрхэн залилуулж, хулхидуулж болдгийг ойлгохгүй юм. Юуг ямар үнээр авах, яаж авахаа мэдээд очсон, тэгээд л гүйцээ. Монголд 40 мянган төгрөгийн үнэтэй байдаг хос тахин амадин таван мянга орчим төгрөгийн үнэтэй болохыг мэдээд харин гайхсан, дунд нь өмнөд монгол хүн “ажиллаад” хэдэн ч төгрөг унагасан байлаа гээд гомдохооргүй байсаан. Яагаад “хуу мөлжүүлдэг” байж таарах вэ?
90-ээд онд Жирэм аймгийн гаралтай хятад, эрлийз, монгол нийлсэн, гэмт бүлэг Монгол улсын наймаачдыг хохироодог байсныг өмнөд монгол найз маань хэлэв. Гэхдээ тэд бол нийт өмнөд монголчууд биш шүү дээ.
Эрээн дэх, наймааны монгол хэлтэй хятадуудыг хараад “өмнөд монгол” гэж эндүүрэх (би ч эндүүрч байв), тэгээд хятад хүнд залилуулчихаад эндүү мэдээлэл түгээх явдал их. Манайхан ч дан ариухан цагаан тагтаа, гэнэн цайлган даяанчид биш билээ. Өөрсдийн бурууг “өвөр монгол”-чуудад тохчих нь ч цөөнгүй.
Эшлэл: Чихэндээ ч итгэмгүй шившигтэй, бас зэвүүрхэлтэй хэргүүд өчнөөн төчнөөнөөрөө чих дэлдэх юм. Монголчуудад хар тамхи залигуулан хил гаргаад дүлүүлсээр гаргаж авдаг нөхдүүд байх ажээ. Гэтэл нэгэн монгол залуугийн нөгөөхөөс дүлээд дүлээд гарахгүй болохоор нь гэдсийг нь хүү татаж орхисон ажээ. Хэргийн эзэд нь өнөөх л бидний хайртай цөөврүүд. Манай нэг бүсгүй урд эмчлүүлсэний дараа ирээд эмнэлэгт үзүүлтэл өрөөсөн бөөр нь алга болчихсон байж. Мэдээ алдсан үед нь туучихсан байгаа юм. Зохион байгуулсан эзэд нь бас л цөөврүүд. Энэ мэт хэл хальтрам заваан хэргүүдийг бүртгэвэл бүтэн боть болно. Тэдний балаг дуусашгүй нь. Муусайн цөөврүүд булай бүхнийг тарьж монголыг бузарлаж байхаар ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад тонилцгоовол таарна. 
Хятадуудыг өмгөөлж хамгаалах гэж улайрсандаа, хятадууд үйлдсэн гэж мэдээлэгдэн тодорхой болсон хэргийг ч өвөр монголчууд үйлдлээ гэж гүжирдсэн байх юм. Тэд ар монголчуудын эсрэг “хэл хальтрам заваан хэргүүдийн бүтэн боть бүртгэл” болохоор хэрэг огт хийгээгүй, харин ч тийм айхавтар хэрэг ганц ч байхгүй гэхэд болно.
Хар тамхины хар бизнесийг ар монголчууд, хятадууд хамтраад үйлдээд байгааг интернэтээр харахад л түвэггүй мэдэж болно. Харин өвөр монголчуудыг залилах, дээрэлхэх, рекетлэх хэргүүдийг манайхан бишгүй хийдэг, хятадуудтай ч хүч хавсарч бүүрэлхдэг болохыг дурдъя.
Хамаг бизнесээ манайханд булаалгаад, виз нь ч дуусаад, хөөрхийлөлтэй байдалд орсон өвөр монгол хүнтэй өөрийн биеэр тохиолдож байсан билээ л. Ар монгол ахан дүүс минь гээд найр хийгээд угтсан хүмүүсийг ч залилаад зугтсан тухай дуулж л байсан билээ. Өөрийн толгой дээрх эврийг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх хялгасыг өөчлөв гэгчээр байж болохгүй юм.
Эшлэл: Элэг нэгт монголчуудаа гэх бидний сэтгэлгээг ашиглан цус сорогчдын асар том арми өндийн босч ирж байгааг бид харж байна. Монголын гэх бүхнийг охидоос нь эхлэн газар шороотой нь урагш зөөвөрлөж буй Өвөр буюу Зөөвөр монгол болох тэд бол Цөөврүүд. Тэдэнд ах дүүсч өвчигнөсөөр хамаг бүхнээ алдаад дуусгах уу? Гэтэл тэд бидний өвөрт орж ирээд хаяаг минь хадарч хавиргыг минь өрлөж дуусах нь. Нойрноосоо сэрж хэн нь хэн бэ гэдгийг бодитойгоор харцгаа. Сэрэмжилцгээ. Цаана чинь ах дүүгийн занч нөмөрсөн цөөврүүд гэтсээр. Хотонд минь орж хоослохоор гэтнэ.
Өвөр монголчууд цөм буруу гэмгүй, Буддын хувилгаад гэх гэсэнгүй. Ар өвөр монголчууд аль аль нь сайнтай муутай. Гэхдээ ажаад байхнээ, өмнөд монгол ахан дүүст маань биднийг сайнаар харахыг эрмэлзсэн хандлага илүүтэй байдаг. Муу зүйл байсан ч, өмөөрөнгүй, өршөөнгүй ярьдаг. Харин бидний дунд тэднийг муугаар харахыг эрмэлзсэн хандлага давуутай байна уу даа. Сайн зүйлийг нь ч өөнтөглөнгүй, үл ойшоонгуй хардаг шиг. Ийм байдалд юу буруутай вэ? “Цөөвөр Монгол” нийтлэл мэт үйл үйлдлүүд буруутай.
Түүнээс биш, өмнөд монголчууд өөдгүй муу хүмүүс биш ээ. Жинхэнэ өмнөд монгол хүнийг хуурамчаас ялгаж сурах ч хэрэгтэй байна. Эрээний оршин суугчдын 92 хувь, Хөх хотын 90 хувь нь хятад юм билээ шүү. ӨМӨЗО-ы ч хүн амын 80 гаруй хувь нь хятад болой. Гэтэл бүгдийг нь өвөр монгол гэж “ойлгоод” байдаг том төөрөгдөл байна. Монголоо таних нүдтэй байя аа, монголоо мэдэх ухаантай байя.
Өмнөд монголчуудын сайн талыг нь үзэж байя. Садан төрөл гэдгээ ухамсарлаж байя. Тэгвэл олон зүйл зөв зүг рүү өөрчлөгдөнө.
Тэд эх нутгийнхаа төлөө, эх Өмнөд Монгол орныхоо төлөө эр эм, хүүхэд хөгшидгүй дэлхийн хамгийн харгис, аюултай дэглэм болох БНХАУ-ын төр засгийн эсрэг мянга мянгаараа эрслэн босч, амь хайргүй тэмцсээр ирлээ. Энэ сайхан эх оронч сэтгэл, эр зоригоос нь суралцъя. Хамтдаа л сайн сайхнаа хуваалцаж, муу муухайгаа засч явъя.
Хэн нэгний хүслээр монголчууд Югослав болох учиргүй. Хэлтгий ухаантан шиг, хятадуудыг чоно болгоод өөрсдөө нохой болоод дагах ёсгүй.
Ч.Мөнхбаяр
 ММХII.VII.XXII

No comments: