"Stop Hazara Killings!"
10-р сар. Хазар монголчуудыг алж хядахын эсрэг ТББ-уудын хэвлэлийн хурлыг Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэгийн тусламжтайгаар зохион байгуулав. Өөр ард түмний дэмжлэгийг бараг хүлээн авч байгаагүй хазарчуудын хувьд энэ нь ач холбогдолтой үйл явдал боллоо. Талархал ерөөлөө ихээр дэвшүүлж байв. Ташрамд, тэд өөрсдийгөө хазар монголчууд гэж нэрлэх нь нэн түгээмэл.
Хурлын дараа ар өвөр монгол, хазар нөхдийн хэлэлцүүлэг болж, "Монгол-Хазар" нийгэмлэгийг байгуулалцгаав.
"Өмнөд монголчуудын төлөө хамтдаа"
11-р сар. Өмнөд Монголд хүний эрх хөсөрдөж буйг дэлхий нийтээр эсэргүүцэх өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Үйл явдлаар арвин сар
12-р сар. 12-р сарын 10-нд "Өмнөд монголчуудын төлөө хамтдаа!" цуглааныг нөхдийн хамт зохион байгуулав. Дэлхийн бусад оронд ч цуглаан, жагсаал болов.
"Аз жаргалын шувуухай" гэдэг хошин шогийн II түүврээ Н.Батжаргал, Я.Мөнхжаргал найзуудынхаа тусламжтайгаар гаргав. Түрүүчийн "Нисдэг баавгай" түүвэр маань амжилттайгаар борлож байгаа төдийгүй, 2012 онд Боловсролын яам санал тавьж 326 ширхгийг худалдаж авсан билээ.
"Алаг хорвоо" нэгдсэн редакцийнхаа оны шагналыг найз, яруу найрагч Т.Баянсангийн хамт хүртлээ.
Өмнөд монгол нөхдийн хамт Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн олуулаа болцгоох уриалгыг дэмжих, "Олуулаа" бүлхэмийг байгуулав.
Одон хүртэв
12 оны 1-р сар. "Олуулаа" бүлхэмийн нөхдийн хамт Ерөнхийлөгчид талархал, хүсэлт өргөн барьж, санал боловсруулах ажилд орж, тэмцэгч залуу Х.Анавадыг дүрвэгч болгох асуудалд туслалцав.
Ардчилал, улс үндэстний үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн гэгдэн, МоАХ-ны "Тусгаар тогтнолын одон"-гоор шагнуулав.
Хазаруудын тухай
2-р сар. Хазаруудын тухай NTV-гийн нэвтрүүлэгт оролцов.
Тэмцэв, уригдав
3-р сар. Нөхдийн хамт "Free Khuuchinkhuu" жагсаал, цөмийн хуйвалдааны эсрэг жагсаал цуглаанд оролцов.
Shine Mongol Ganbaatar, Solongo Chuluunbaatar зэрэг FB нөхдийн үүсгэл санаачилга, дэмжлэгтэйгээр "Өмнөд монголчуудад зүй бус хандахаа больцгооё!" ХБХ зохион байгуулалцав. Өмнөд монголчуудын талархлыг ихээр хүлээв.
Хазар үндэсний удирдагч, Афганистаны дэд ерөнхийлөгч асан, Вахдат II намын дарга Мохаммад Мохакик туслахаараа дамжуулан хандаж, харилцаа тогтоов. Тэрбээр 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Кабулд зочлохыг урьсан боловч, терроризмын идэвхжил үүнийг тасалдуулав.
Чернобылийг бүү март!
4-р сар. "Чернобылийг бүү март!" жагсаал цуглаанд "Anti Nuclear" FB-ийн нөхдийн хамт оролцов. Нэг цагийн дараа эхэлсэн, БО ТББ-уудын жагсаал дээр очиж нэгдэцгээв. Монгол улс үндэстнийг дэлхийн цөмийн хогийн сав болгох нь бүтэхгүй!
Нийт монголчуудаа өмгөөлцгөөе
5-р сар. "Өмнөд монголчуудаа өмгөөлцгөөе!" ХБХ, цуглааныг нөхдийн хамт зохион байгуулав. БНХАУ-ын Сюй Цай Хоу дарга ирлээ гээд цуглааныг маань зүй бусаар тараахыг оролдон, 7 идэвхтнийг түр саатуулсан ч, нөхөд маань бүр цуглаанаа нэг цагаар илүү үргэлжлүүлж, улмаар цагдаагийн хэлтэс дээр ирж янз бүрээр эсэргүүцлээ илэрхийлж, 5 цагийн турш буюу биднийг явуултал байцгаав.
Иргэний хөдөлгөөдийн шударга ёсны төлөө арга хэмжээнүүдэд оролцов.
No comments:
Post a Comment