Friday, April 20, 2012

Олуулшлын тухай цуврал үгүүллүүд

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн уриалгыг дагаад, хилийн чанадын монголчууд түрүүчээсээ орж ирж эхэллээ

Мөн хятадууд харъяаллаасаа гарах гэж ЭСЯ-ныхаа гадна очерлож байна

1. Алшаа нутгийн малчин Ц.Элбэгдоржийн уриалгыг дагаад, мал хуйгаа зараад иржээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Олуулаа болцгоох” уриалгыг (ОБУ) монголчууд талархан хүлээж авсан билээ. Монгол улсад гадаад дахь монголчууд, ялангуяа уугуул монголчууд чөлөөтэй ажиллаж амьдрах боломжтой, эрхтэй болж, нэгдэж нягтран хүчирхэгжинэ гэдэг нь үндэстний маань хүсэл мөрөөдөл байж ирсэн буюу.
ОБУ-ыг дэмжин, Монгол улсын иргэн болох хүслээ илэрхийлсэн хүмүүс түрүүчээсээ орж ирж эхэлж байна. Алшаа нутгаас нэгэн малчин хүн ОБУ-ыг сонсоод итгэл найдвар өвөрлөн ирсэн аж. Өөр нутгаас 10 гаруй айл нааш зорих бололтой байна. Олуулаа болцгоох асуудал үнэхээр цар хүрээгээ тэлж, амьдралд ойртож, бодтой болж, идэвхжиж, хурцдаж байна. Цаг алдалгүй тодорхой шийдвэр, гарцыг олохгүй бол болохгүй болжээ.

Дээрх санаачилга нь Монголын төрд монгол үндэстэн гэх ойлголт буй болохын үүд хаалгыг нээж өгч байна гэж ойлгож байна. Ер нь Монголын ард түмний, монгол үндэстний, монголчуудын улсыг байгуулаагүй юм билээ л дээ. Тийм учраас л, монгол гэсэн ойлголтгүй учраас л монгол үндэстний хувьд гагцхүү харгис бодлого явуулагч л болоод байгаа билээ.
Өмнөд монголчууд тэр харгис бодлогод нэлээд өртөж ирсэн. 1990 оноос хойш 1000 гаруй өмнөд монгол хүн Монгол улсад амьдрахыг хүсэн орж ирсэн агаад, 900 гаруйг нь буцааж тушаасан, III улс руу дүрвүүлсэн байдаг. Өвөр монголчууд хамгийн адгийн, муу муухай хүмүүс, жинхэнэ хятад дээр гэх суртал ухуулга байнга хийгдэж, холбогдох бусад үйл ажиллагаа ч явагдаж байсан. БНХАУ-ын хууль бус цагаачдыг буцаалаа гээд л өмнөд монголчуудыг голдуу гаргаад байдаг асан (Монголын иргэнтэй гэрлэсэн, Монголын иргэн болсон нь л үндсэндээ үлдсэн). Мөн өмнөд монголчуудыг харгислах төвшин нэмэгдсэн. Жишээ нь, НҮБ-ын хамгаалалд байсан Батзангиаг, Хятадын цагдаа нарыг урьж ирүүлэн байж, нийлж баривчлан гаргасан (авлигачид худалдсан ч гэж болно). Монголын тэмцэгч Т.Сүхболдыг хятад захирал Жан дайрч алсан атал, мэдсээр байж шууд л, өвөр монгол Соёлт алсан гэж зарлаж байх жишээтэй.
Энэ мэт хүнд бэрх байдлаас болж, өмнөд монголчууд ОБУ-ыг бусдаас илүүтэйгээр талархан хүлээн авсан байж болох юм. Ер нь Ц.Элбэгдоржийг 2009 оны сонгуульд ч өмнөд монголчууд нэлээд дэмжсэн байр суурьтай байсан нь ямар нэг зөн совин гэлтэй. ОБУ-ыг идэвх санаачилгатайгаар хүлээж авч, Монгол улсад ирэх гол хүмүүс ч өмнөд монголчууд юм.
Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд өргөн цар хүрээтэй бэлтгэл ажил шаардагдана. Жишээ нь, 50 орчим хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэнэм. Нийт монголчуудын хувь заяаг хөндсөн асуудал болохоор, нийт монголчуудын хичээл зүтгэлээр их үйлс хэрэгжих ёстой нь ойлгомжтой. Эсбөгөөс далд хуйвалдаан, хууль бус үйлдлийн шинжийг олов хэмээгдэн, хардагдаж сэрдэгдэж болно.
Миний хувьд, төрийн өндөрлөгүүдэд өргөн барихаар бэлтгэж буй, Монгол үндэстний нөхцөл байдлыг сайжруулах “Хөх дэвтэр” багц санаачилгадаа: гадаад дахь уугуул монголчуудыг (ГУМ) ирүүлэх асуудлаар “Уугуулшууллын зарим асуудлууд” гэсэн тусгай үгүүллийг бичиж оруулахаар зэхэж байсан бөгөөд, ОБУ гарсантай холбоотойгоор, түүнийгээ олонд хүргэх нэгэн учрал тохиол бүрдэв. Олуулшлын санаачилга нь Уугуулшууллын тухай хуулийн төслийн маань, тусгай тусламжгүйгээр уугуулшуулах зүйлтэй үзэл санааны хувьд нийцэж байгаа билээ.

2. “С.Зоригийн хэргийг хүлээх өвөр монгол хүн ол!” хэмээн харгислуулж байжээ

Бусад улсад өөрийн голлох үндэстний хилийн чанад дахь ахан дүүсийг онцгойлон анхаарч, ирэх хүсэлтнүүдэд нь бүх нөхцөл бололцоог хангаж өгсөн байдаг. Бүгдээр нөхцөл байдалдаа зохицсон тусгай рэпатриацийн (уугуулшуулал) бодлоготой. Их хүн амтай БНХАУ хүртэл амжилт ололт гаргасан хүнийг даллах, хязгаарлагдмал уугуулшууллын бодлоготой. Гэтэл Монгол улсад уугуулшууллын бодлогын үнэр ч байдаггүй нь хачирхалтай юм. Энэ нь бас л Монголын төрд монгол үндэстэн гэсэн ойлголт байсангүйгээр тайлбарлагдана. Одоо л төрийн төвшинд монгол хүн гэж юу болохыг тодорхойлох ажил яригдаж эхлэх нь шиг байна, урьд өмнө огт яригдаж байгаагүй юм! Манай төрийн хувьд шинэ тив нээх шиг дуулиантай явдал болох гэж байна.
Уугуулшуулал гэдэг бол юуны өмнө аюул эрсдэлд орсон үндэс нэгтнүүдээ аврах хүмүүнлигийн бодлого юм. Эсрэгээр нь, эх нутагтаа болоод бүтээд байгаа хүнийг төөрөгдүүлж ажил амьдралыг нь үймүүлж бусниулах, байгалийн баялагт шунасан харийн этгээдүүдэд малчдын бэлчээр нутгийг чөлөөлж өгөх, хууль бус цагаачлалын хаалт халхавч болгох ажил мэт буруугаар “ойлгох”, хэрэгжүүлэх, үндэстэндээ харин гай түйтгэр учруулах явдал байж болохгүй билээ. Зарим хүмүүсийн яриа байдал элдэв таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа.
“Өвөр монголоос хятад дээр” гэх бодлого, ухуулга 20 гаруй жил явагдсан нь гадаадын иргэдэд оршин суух эрх олгох ажилд тусгалаа олжээ. Гадаадын иргэн, их төлөв хятад хүмүүс Монголд яаж ч дураараа дургиж болдог, өмнөд монгол хүн Монгол улсад оршин суух ямар ч эрх эдэлж болдоггүй байдал ноёлж байна.
Тэд амьдрахад хүнд боллоо, үндэстнийхээ улсад амьдаръя, хавчигдаж гадуурхагдлаа, эрх зөрчигдлөө, улс төрийн хувьд таарч тохирохгүй боллоо гээд Монгол улсад оршин суух боломжгүй. Хуулинд бол, Монголд таван жил суусан, Монголын талаар ойлголттой болсон хэн ч Монгол улсын иргэн болж болно гэж байгаа юм. Арай бүр дэндүү, чөлөөтэй гэмээр. Гэтэл энэ “чөлөөт байдал” өөр яс үндэстэй харийнхны хувьд л хэрэгжиж, өвөр монголчуудын хувьд хамгийн чөлөөгүй байдал болж хувирдаг. Яавал Монгол улсын иргэн болох талаар хуулинд тодорхой заагдаагүй учир, яасан ч Монголын иргэн болж болохгүй мэтээр тэдний хувьд тайлбарладаг.
Уг нь бусад улс бол өөрийн гол үндэстний хүнийг наашаа л хандвал нааш ир гээд л уухайн тас татаж авдаг, шалтаг шалтгаан тоочуулах гэдэггүй. Тийм атал, өмнөд монгол хүн Монгол улсад ажиллах хүч, цагаач, улс төрийн орогногч, дүрвэгч болж болохгүй, хятад хүн (Монголын олон үндэстний нэг гэгдэн хүлээж авагдах болсон шүү) бол хаан ч, бурхан ч болж болно. Тэд л квотын тоог гүйцээж орхидог!
Яахын аргагүй л, монгол, хятад хэл сайтай, БНХАУ-ын байдлыг мэддэг хүн Монгол дахь Хятадын компаниудад хэрэгтэй болох юм даа. Голдуу тэдгээрийн орчуулагч ажилтан болох замаар л өмнөд монголчууд орж ирж байгаа, үндсэндээ тэдгээрт л ажилласаар байдаг (Монгол улсад өмнөд монголчуудын ажил амьжиргааны хувьд аврал нь монголчууд биш, хятадууд мэт нөхцөл байдал үүсчихээд байна!)
Монгол улсын иргэнтэй гэрлэсэн, Монголд төрсөн бол өмнөд монгол хүн ногоон карт (оршин суух үнэмлэх, визээ сунгуулсаар тасралтгүй таван жил суух шатыг дамжиж байж авна) авч, жилийн визээс удаан хугацаагаар оршин сууж болох аж. Мөн НҮБ-ын ивгээл дор сууж болно. Гэхдээ оршин суух эрх олох нь маш хэцүү (иргэн болохтой бараг адил бэрх), алдах нь нэн хялбар.
Монгол улсын иргэн - гэр бүлийн хүнээсээ салсан бол; ямар нэг “болохгүй бүтэхгүй” үг дуугарсан, жагсаал цуглаанд оролцсон бол (хууль бус улс төрийн үйл ажиллагаа явуулав гэгдэн); авлига өгөөгүй; БНХАУ-ын паспортын хугацаа дуусвал… гээд л хөөгдөх олон шалтаг гарч ирнэ. Бизнэсийн маргаан гарахад давж заалдаад ялсан хүнийг, том улс төрчид луйвардуулаад эсэргүүцсэн хүнийг, хилс хэрэг хүлээхгүй гэсэн хүнийг (С.Зоригийн алуурчныг илрүүлнэ гэх их хэлмэгдүүлэлтийн үеэр “С.Зоригийн хэргийг хүлээх өвөр монгол хүн ол!” гэж байсан ч гэдэг), эрх баригчдын таашаадаггүй сонинд ажилд (бичиж нийтлүүлдэг бус) орсон хүнийг ч “хууль бус улс төрийн үйл ажиллагаа явуулсан” гээд хөөж гаргаж байсан билээ. Оршин суух статустай өмнөд монгол хүний эрхийг хамгаалах асуудал ч урган гарч байгаа юм. Саяхан үндэслэлгүйгээр өмнөд монгол хүмүүсийн оршин суух эрхийг бууруулсан, бичиг баримтыг хурааж авсан явдлууд гарлаа. Өмнөд монголчуудын байгууллага байгуулах гэсэн хүнд, “Дундад улсын залуусын байгууллага гэж байгуул, монгол гэх үг хэрэглэж болохгүй” гэсэн ч гэх шиг…
Үл гүйцэлдэх олон шаардлагыг өмнөд монголчуудад тавьдаг агаад, тэд нь бүрэн биелэх ямар ч боломжгүйн эрхэнд оргодол босуул мэт болох нь буй. Үүнийг далимдуулан, ялтан солилцох гэрээний дагуу БНХАУ-д тушааж, шоронд хатаалгах магадлал (тэнд ямар ч байсан улс төрийн хэрэгтэн болно) өндөр байна.
Монгол улсад оршин суухаар ирж буй монголчууддаа гадаадын өөр үндэстнийхнээс ялгавартай, хөнгөлөлттэй хандах нь нэн чухал ач холбогдолтой байна шүү!

3. Монголын иргэн болох нь 3-10 мянган долларын ханштай гэнэ…

Монгол улсын иргэн болох нь оршин суух эрх олохоос мэдээж хэрэг, үлэмж хэцүү. Маш олон төрлийн болзлыг багтаасан үл гүйцэлдэх багц шаардлагыг биелүүлж, баримт бичгээр баталгаажуулсан байх шаардлагатай:
-Монгол улсын орон нутаг, цагдаа, шүүх, эмнэлэг, нийгмийн даатгал, татвар, банк, зээл барагдуулах, үл хөдлөх хөрөнгө, гадаад харилцааны зэрэг байгууллагын, мөн ажилладаг байгууллагын өө сэвгүй гэсэн тодорхойлолтууд,
-БНХАУ-ын гадаад харилцааны байгууллагын тодорхойлолт, БНХАУ-ын харъяаллаас гарсныг нотлох баримт (ногоон карт авахад БНХАУ-ын олон тооны баримт, тодорхойлолт шаардагддаг).
Яагаад энэ бүхэн нь үл гүйцэлдэх байна вэ гэвэл:
БНХАУ хятад иргэдээ гаргах, хятад бус иргэдээ гаргахгүй байх сонирхолтой байх жишээтэй. Тэгээд ч Монгол улсад үндэсний эрх, ардчиллын төлөө тэмцэгчид л юун түрүүн ирэх магадлалтай байдаг. Тэдэнд юу боллоо гэж БНХАУ боломж олгох вэ. Тэгэхлээр, “Монголд амьдарч болно гэж БНХАУ зөвшөөрсөн нөхцөлд л өмнөд монголчуудын хүлээж авна” (Тэгээд ч, өөр улсын иргэн болбол БНХАУ-ын харъяаллаас автоматаар шууд хасагддаг тул “зөвшөөрөл авч байж хасуулна” гэх ямар ч шаардлагагүй аж. Манай хуулинд ч ийм шаардлага байхгүйг заасан л байдаг, хэрэгждэггүй л болохоос) гэх боолын сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. “Казахуудыгаа авна” гэснээ ахиулаад, “уугуул үндэстнүүдийнхнээ авна” гэж даамжруулж байгаа Казахстан шиг сэтгэх хэрэгтэй. Харь улсын ая таалалд нийцүүлнэ гэж хандвал, 5-р цуваа л орж ирнэ.
Монгол улсын цалингийн доод хэмжээнээс арав дахин өндөр цалинтай ажлын 5-10 жилийн хугацаанд хийснээ, үүнтэй холбогдох татвар, шимтгэлийг төлснөө нотлох баримт тодорхойлолт авчир гэх шаардлага бас л үл гүйцэлдэх юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд, амьжиргааны эх үүсвэрийг хаанаас хэрхэн тодорхойлох нь огт ойлгомжгүй байдаг аж. Ер нь тодорхойлолтууд маш нарийн, дэндүү олон зүйлийг хамрах ёстой байдаг нь нэн түвэгтэй. “Иргэний үүргээ хэрхэн биелүүлж” ирснийг ч харгалзана гэсэн байв!?
Иймэрхүү байдлаас болж өмнөд монгол хүн өөрийн буруугүйгээр хууль дүрэм зөрчигч мэт болдог. Тэднийг өршөөл, цагаатгалд хамруулах нь зүй ёсны хэрэг!
20-30 төрлийн дээрх бичиг баримтуудыг төдий чинээ байгууллагуудаар гаргуулахад маш их чирэгдэл, хугацаа орно. Гэтэл өмнөд монгол хүний нөөц бололцоо, цаг хязгаартай. Нэг бичиг баримт нэг байгууллага дээр, хурал нь болоогүй, болсон хурал дээр хэлэлцэгдэж амжаагүй, хариуцах хүн нь ийм тийм ажилтай, ийшээ тийшээ явсан гээд л хэдэн жил саатаж болно. Дараа дараагийн байгууллагынх нь хүлээгдэнэ. Тэгж байтал тавигдах шаардлага, элдэв байгууллагын үйл ажиллагаа өөрчлөгдөнө, заагдсан хугацаа дуусна. Иргэн болох гэж арван хэдэн жил бичиг баримт хөөцөлдөөд бүтээж чадахгүй байх явдал ч гарна.
Энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн, хоорондоо ч зөрчилтэй, 1995 оны Харъяатын тухай хууль, 1994 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журам, дүрэм зэргийг өөрчлөх шаардлагатай байна. Болж өгвөл нэг цэгийн үйлчилгээгээр, цөөн хэдхэн бичиг баримт бүрдүүлж, түргэн шуурхайгаар, хүнд сурталгүйгээр үйлчлүүлдэг бол сайн байна. Тийм нөхцөл бүрдүүлж байж л ОБУ-ыг хэрэгжүүлнэ. Ялангуяа цаг хугацааны тал дээр гойд анхаарах хэрэгтэй байна!
Тавигдах болзлуудыг нь биелүүлчихсэн байлаа ч, иргэн болгодоггүй, давагдашгүй хүчин зүйл бас буй.
Монгол хүн хөрөнгө мөнгөтэй ирсэн ч, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон ч нэмэргүй. Гаргасан хүсэлтэд татгалзах нь тухайн ажилтны л үзэмжийн хэрэг тул, шалтаг нь түм бум. Тэгвэл дээрх хоёр шалтгаан өөр үндэстнийг бол үг дуугүй иргэнчлэх үндэслэл болдог. Хоёр сая долларын хөрөнгө оруулалт хийсэн хүнийг (монгол бус хүнийг шүү дээ) саадгүй иргэн болгох болзлоо харж үзэх хэрэгтэй. Баян харийнхан манай баялагт шунан, иргэн маань болоод, өнгө мөнгөний нийгэмд маань ямар ч өндөрлөгт хүрээд, яаж ч авирлаж болохыг анхаарагтун.
Зарим хүн, энэ өвөр монголчууд тэр хужаа нар шиг өгдөг юмыг нь өгөөд Монголын иргэн болчиход яадаг юм гэдэг. 3-10 мянган доллараар өгч авдаг гэж бичигдэж байсан санагдана.
Мөнгөтэй бол хэн ч манай иргэн болж болдог, мөнгөгүй л бол хэн ч болж болдоггүй тогтолцоог дэмжиж дэвжээж болно гэж үү дээ. Монгол хүн бол өгөөд ч нэмэргүй байх биз!? Тэгээд ч авлига хахуулийн аргаар асуудлыг шийдвэрлэх биш хүндрүүлнэ. Харин ч авлига хахуулийн ертөнцийг устган сөнөөх ёстой!
Хятад, казах хүмүүс Монгол улсын иргэн болох нь нэн хялбар байдаг гэнэм. Ялангуяа хятад хүний хувьд бол хүсэх үү, үгүй юу л гэсэн асуудал байдаг гэх.
Харъяаллаасаа гарах гэсэн хятадууд УБ дахь ЭСЯ-ныхаа гадна олноороо очерлож байна гэх зүйл дуулдаж байна. Тэд харъяаллаасаа түвэггүй гарч, Монголын иргэн болоход шаардагдах нэгэн гол болзлыг хангах байх. Харин өмнөд монголчууд?
Ч.Мөнхбаяр
ММХII.II.X
http://moenhbayar.blogspot.com

Хазаруудыг авчирч олуулаа болохоор, ерөнхийлөгч Афганистанд айлчлах уу?

НҮБ-ын Дүрвэгчийн газрын салбар хаагдсан нь 
өмнөд монголчуудыг Хятадад тушаахын дохио юу?

1. Хятад, монгол хүн Монголын иргэн болох харьцаа 20:1 байна

Монгол Улсын иргэнээс гарсан, иргэн болсон тохиолдол 60:1-ийн харьцаатай байна гэж ерөнхийлөгч хэлсэн. 1990 оноос хойш манай иргэнчлэлээс 100 гаруй мянган хүн гарчээ. Тэгэхлээр 1500 гаруй хүн иргэн маань болсон янзтай. Монголд тухайн оноос хойш байнга сууж ирсэн 100 орчим өмнөд монгол хүний 20-30 нь иргэн болж чадаагүй л байгаа. Үүнийг үзэхэд, хятад болон, монгол хүнийг иргэн болгох харьцаа 20:1 байдаг ажээ. Уг нь эсрэгээр л баймаарсан. Иргэнчлэлээс гарсан хүний тоогоор 100 гаруй мянган хүнийг, нөхөж иргэнээ болгоё оо л гэмээрсэн. Хэрэв байдал одоогийн энэ хэвээр үргэлжилбэл Монгол улсын хүн амын нийт харьцаа ч дээрхийн адил 20:1 болох нь амархаан.
Шинжаанаас ирсэн хоёр ойрад айлыг, “өвөр монгол аавтай” гэж өөрийгөө хэлдэг П.Очирбат ерөнхийлөгчөөр хөөцөлдүүлээд ч бүтээгүй, харин ОХУ хүлээж авсан байдаг. Харин Монголоос гаргасан хужаа нар хоёр дахин олон болоод эргэж ирсэн, тэднийг бүр ч их нэмэгдүүлж, Монгол олон үндэстний улс байсан үеийг (Манжийн шинэ засгийн бодлогын дараах) сэргээх хэрэгтэй гэсэн ухуулгын матэриал багагүй хэмжээгээр нийтлэгдэж, дээрхээс өөр нөхцөл байдлыг илчлэн харуулж байна.
Ямар хүмүүсийг яаж ирүүлэх вэ? Үүнд 1994 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг, монгол туургатныг оруулж ирүүлэхгүй байхад ашиглагдаж ирсэн хууль хариу өгч чадахгүй.
Монгол үндэстэн, туургатан голлох үндэстэн, монголчууд гэсэн ойлголттой улс болж, гадаад дахь уугуул (ГУМ) монголчууд манайд оршин суугч, ажиллах хүч, дүрвэгч, цагаач, иргэн, улс төрийн орогногч болохыг өөр үндэстнүүдээс ялгавартай, хөнгөлөлттэй болгон хууль дүрмүүдээ шинэчилж тогтоох хэрэгтэй.
Өнөөгийн хуулиар бол, манайд гадаадын байнга оршин суугч нар нийлээд хүн амын нэг хувь (27 мянга), нэг улсын иргэд нь бол 0.33 хувиас илүүгүй байх ёстой (есөн мянга). Гэтэл энэ бүх орон тоог хятадууд л эзэгнэчихээд байх аж.
Монгол туургатныг дээрх тоонуудаар хязгаарлахгүй, өөр үндэстнүүдээс тусад нь авч үзэх хэрэгтэй. Өөр үндэстэнд зориулсан орон тоог бол нэн багасгах хэрэгтэй юм. “Монгол үндэстнээс асуудал нь тусдаа” гээд 27 мянган хужаа оруулж ирэх гэж ухалзах явдал байж болохгүй.
Хууль дүрмүүдэд маань гадаад иргэдийн эрх зүйн байдал, статусыг зөрчилтэй зөрүүтэйгээр, ойлгомжгүйгээр томъёолсон байдаг юм билээ. Монгол улсын хууль гэж муу сурлагатан хүүхдийн будаа идсэн бичгийн ажил шиг юм байхаа хэзээ болих юм бол.
Монгол улсад 1990 оноос өмнө, ХХ зууны 10, 20, 40-өөд онд орж ирсэн өмнөд монголчуудын хойчис хэдэн мянган хүн байдаг. Яс гарлаа аргагүй нуугсад (цахар, харчин, хорчин зэрэг) ч олон.
Өдгөө Монголд өмнөд монгол 300 орчим оюутан сурч, хэдэн зуун хүн ажиллаж байна. Тэдэн дунд Монгол улсын иргэн болохыг хүсэгчид цөөнгүй. Өмнөд монголчуудыг олуулшуулах асуудал үлгэр домог шиг хол биш шүү.

2. БНМАУ-аас түм түмээрээ дүрвэсэн халх голдуу 
монголчуудаа татаж болохгүй гэж үү?

Олуулаа болох бодлогын хамгийн анхны алхам, хэрэгжүүлэхэд дөхөмтэй бодот арга хэмжээ бол - Монгол улсад олон жил сууж байгаа өмнөд монголчууд, үр хүүхдийг нь иргэн болгох явдал юм. Үүнийг хэрэгжүүлбэл Олуулаа болох бодлогын сайхан бэлгэдэл болно. Хэрэгжүүлчих л хэрэгтэй байгаа юм! Болохгүй гэх ямар ч зүйл харагдахгүй байгаа.
Тэд ариун цагаан хөдөлмөрөөрөө хөгжил дэвшилд маань хувь нэмрээ оруулж, монгол туургатны эв нэгдлийг гагналцаж, татвараа төлж, Монгол-Хятадын эрүүл харилцааны гүүрийг тавилцаж ирсэн билээ.
Монгол улсад хэдэн мянган өмнөд монгол болон өмнөд монгол гаралтай хүмүүс байгаа бол, Монгол улсаас 30-аад онд очигсдын хойчис бүр ч олон мянган хүн БНХАУ-д байдаг. Монгол дахь садан төрлүүдтэйгээ нэгдэн нийлэхийг хүсэгчид цөөнгүй билээ. Энэ бол олуулшуулах бодлогод хамруулах онцгой нэг шалтгаан юм.
Сонгодог рэпатриаци буюу Монгол улсад хамрагдаж буй нутаг дэвсгэрээс гарч явсан хүмүүсийг буцааж ирүүлэхийг бол ямар ч эргэлзээгүйгээр хэрэгжүүлж эхэлмээр байгаа юм. Учир нь энэ асуудал хүн ардад илүү ойлгомжтой байх тул, дэмжлэг илүү авна.
Большевик терророос зугтаж 30-40 мянган, халх голдуу хүн Өвөр Монголд дүрвэж очсоноос, нэлээд нь буцаж ирсэн ч, нэлээд нь ирж чадаагүй юм. Шилийн голын чуулганы Баруун Сөнид хошуунд Дилов хутагтын хошуу гэж байгуулагдаж ч байсан. Гансуд Сунаний монголчууд гэгдэн бөөмнөрч суугаа нь буй.
Өмнөд Монголоос ирсэн нэгэн халх хүн монголд амьдрахыг хүсч буй бөгөөд, олон зовлон тоочиж хэлж байсан. Надтай л адил халх, үг аялгуу ямар ч ялгаваргүй боловч, хилийн наана цаана төрснөөс болж, бидний хувь заяа өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь эрхгүй өрөвдөх сэтгэлийг төрүүлж билээ. Дүрвэж очсон хүмүүс өөрсдөө гэхээсээ, хойчис нь л үлдсэн байгаа хэдий ч, тэдний хувьд бараг харъяатыг сэргээнэ гэж, харъяатыг сэргээхтэй адил төвшинд асуудлыг нь шийдвэрлэхэд болохоор санагдана.
БНХАУ-аас гадаадад очиж суралцаж байгаа арав гаруй мянган өмнөд монгол залуус бий (Ихэнх нь Японд). Тэдэн дунд Монголд ажиллаж амьдрахыг хүсэгч олон. Монгол, япон, англи зэрэг хэлийг гол болгосон тэдэнд хятад хэлтнүүдтэй өрсөлдөж ажил олох, хятад хэлээр ажиллахад амаргүй байдаг аа. Мөн ардчиллын улс орнуудад байсны улмаас ардчилсан нийгэмд амьдрахыг эрмэлзэнэ. Хамгийн гол нь тэд монгол зүрх сэтгэлтэй учраас, нэг үндэстэн нь 95 хувь, бусад нь нийлээд таван хувь байдаг олон үндэстний ертөнцөд цөөнх байхаас илүү, монгол ертөнцөд олонх байж амьдрахыг дээдэлдэг билээ. ОБУ-д болон, хожмын холбогдох төрийн өндөр төвшний яриа хэлэлцүүлгүүдэд уриалгыг дэмжин ирэх монголчуудын мэдлэг боловсролыг Монгол улсын хөгжил дэвшилд ач тустай гэж онцлон үзэхийг удаа дараалан чухалчилж дурдсан байдаг. Гадаадад сурч буй өмнөд монголчууд түүнд нийцэх бөгөөд, оюуны их баялгийг тээгчид юм. Тэдэнд янз бүрийн хөнгөлөлттэй нөхцөл олгож, Монголын иргэн болох, Монголд ажиллаж амьдрах нөхцлийг нь аятай таатайгаар бүрдүүлэх нь зүйтэй.
Манай хуулинд “Монгол улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдсан гадаадын иргэнд оршин суух эрх олгож, улс төрийн орогногч болгоно” гээд заачихсан байдаг (ГИЭЗБ хууль, 6-р зүйл). Үүнийгээ сахин мөрддөг болох нь зүй ёсны хэрэг юм. Үндэсний эрх, хүний эрх, ардчиллын төлөө үзлээсээ болж хавчигдсан өмнөд монголчуудаа найртайгаар хүлээн авч, ахан дүүгийн гараа сунгаж байя. Тийм өмнөд монгол хүн зарим бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй (БНХАУ-аас гаргаж өгөх ёстой тодорхойлолтууд зэрэг) агаад, үзэл санааны хувьд хавчигдсанаа л баталж чадах нь л бидний хувьд гол юм. Мөн улс төрийн орогногч бус өмнөд монгол хүн ч, зарим бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй болсон хүндэтгэх шалтгаанаа баталж чадвал, бодот нөхцөл байдлыг нь ойлгон ууч сэтгэлээр ханддаг байх хэрэгтэй байна.
2011 оны 5-р сарын, өмнөд монголчуудыг дэмжих жагсаалын дараа зургаан өмнөд монгол гэр бүл Монгол улсаас гарч явахад харамсалтай л санагдаж байлаа. Монгол үндэстнийхээ төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, тэмцэгч ийм хүмүүс нийгэмд маань ямар их дутагдаж хомсдож байгаа билээ. “Өдрийн сонин”-ы 2011.3.22-ны дугаарт нийтлэлч Ж.Гангаа Монгол дахь улс төрийн орогногч өмнөд монголчуудыг, Хятад дахь хар тамхины наймаачин, хүн худалдагч, биеэ үнэлэгч нараар буюу, бурхдыг чөтгөрөөр солих гэж байна гэж түгшүүрийн харанга дэлдсэн байна билээ. Ийм байж болох уу? Эндээ орогнуулахад бэрхшээлтэй байгаа бол, гуравдагч оронд дүрвэж цагаачлахад нь туслах, чингэхэд нь ядаж саад болохгүй байх учиртай байна.
Даян дэлхийд дүрвэгч авдаггүй улс гэвэл дандаа л хэвийн бус улс орнууд байдаг юм билээ. Хойд Солонгос байна. Хэдхэн мянган хүн амтай, цөөн тооны арлаас бүтсэн, цунами зэрэг эрсдэлтэй улсууд байна. Олон жил өлсгөлөн, дайнд нэрвэгдсэн нэн үгээгүй, буурай улсууд байна. Энэ хэд болон Монголоос бусад нь Дүрвэгчийн конвэнцид нэгдсэн байдаг ажээ.
НҮБ-ын гишүүн л бол нэгдсэн үндэстнүүдийн өмнө хүлээх үүргээ биелүүлэх ёстой. Аль болох олон үүргийг биелүүлэх тусмаа эрүүл улсад тооцогдоно. Монгол улс тэнгис далай, Антарктид, сансрын холбогдолтой хамаг үүргүүдийг ч биелүүлж байдаг хэрнээ, хамгийн энэрэнгүй, хамгийн чухлын тоонд ордог - дүрвэгчдийн холбогдолтой үүргийг биелүүлдэггүй нь хачирхалтай.
Зарим хүн, тэр конвэнцид нэгдвэл үй олон хужаа орж ирж, сүйрэл мөхөл авч ирнэ гэдэг. Манай төр тийм зорилгоор бус, “өмнөд монголчуудыг оруулахгүй” гэж, Хятадад ая тал засах зорилгоор л нэгдээгүй байгаа бөгөөд, үүнийг өмнөд хөрш талархдаг гэж хэвлэлд бичсэн байсан. Энэ нь үнэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн, конвэнцид нэгдээгүй байдал нь, өмнөд монголчууд Монгол улсад оршин суухад нэлээд саад тотгор болдог нь үнэнтэй.
Цаашдаа Монгол улс Дүрвэгчийн конвэнцид нэгдэх хэрэгтэй юм. Тухайн улс “Бид ийм тийм, өдий төдий дүрвэгчийг, тэгсэн ингэсэн нөхцөлтэйгээр авна” гэж болзлоо тавих бүрэн эрхтэй байдаг. Тиймээс манай тал “үй олон хужаа авна” гэхгүй л бол “ав” гэж шахахгүй. Харин хилийн чанадад элэг нэгтэн маань олноор суудаг бидний зүгээс “монгол үндэс туургат дүрвэгч авъяа” гэж хэлж бүрэн болох юм. Энэ нь бас л олуулшлын бодлогод тустай.
Ямар нэг конвэнци, пактад нэгдээгүй байлаа ч дүрвэгч авч болох ёсон буй. Хэрэв НҮБ-ын конвэнцид нэгдэхгүй аваас, өөрийн тусгай хууль тогтоомжийг гарган, түүнийхээ дагуу дүрвэгч авч болох бүлгээ. Мөн өөр улсын дүрвэгч болоход нь дэм үзүүлэх чиглэлээр өмнөд монголчуудыг түр оршин суулгаж гадагш явтал нь янз бүрээр тусалдаг ч байх хэрэгтэй.
Таагүй сонсогдож болох ч, 1990 оноос хойш Монгол улсаас зүй бусаар шахан түрэгдсэн, хөөгдсөн 900 өмнөд монгол хүний асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байна. Тэд хууль бусаар хохирогчдын эгнээг маань тэлэгсэд юм. Тэгэхлээр мэдээж хэрэг, хохирлыг нь барагдуулахыг чармайх нь хүнлиг, шударга ёсонд нийцэх алхам билээ. Хөөгдсөн өмнөд монголчуудыг Монголд оршин суулган цагаатгаж, Монголын иргэн болгох замаар ч олуулших хэрэгтэй юм.

3. Өвөр монголчуудаас, 10 дахин өндөр орлого шаардахаа больё!

Монгол улсад оршин суух эрхийн хувьд: монгол үндэстэн туургатанд өөр үндэстэн туургатнуудаас ялгавартай хандахдаа хэрхэн монгол язгуур гарвалийг нь тодорхойлох вэ, ямар шалгуур баримталж, ямар бичиг баримтууд шаардах вэ. Энэ талаар дэлхийн тогтсон жишиг байдаг бөгөөд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг харгалзсан онцлогуудыг л нэмж тусгах шаардлагатай. Өргөдөл, хувийн болон ар гэрийнхний биеийн байцаалт, эрүүл мэнд болон гэмт хэргийн ноцтой асуудалгүйг баталсан тодорхойлолт зэрэг, яахын аргагүй зайлшгүй шаардагддаг бичиг баримтууд бий. Монгол үндэстний хүн болохынх нь хувьд бичиг баримт бүрдүүлэх талаар, үүнийг бичигч бээр Уугуулшууллын тухай хуулийн төсөлдөө тодорхой үгүүлж байсан.
Өмнөд монголчуудад, гадаадын хөрөнгө оруулагчдад тохирох өндөр болзлуудыг тавих хэрэггүй бөгөөд, “элэг нэгтэн маань юм шүү” гэж хандан бүрдүүлсэн болзлыг бол тэд дагахад бэлэн. Шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхээс мэдээж татгалзахгүй, харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин өндөр цалинтай ажиллах баталгаа, иргэний үүргээ (Монгол улсын иргэн болоогүй аль улсын иргэний үүргийг биелүүлэн сайшаалгах вэ) Монголд биелүүлж ирснийг нотлох тодорхойлолт зэрэг шаардлагагүй баримт бичиг тэдэнд багагүй саад болдог оо. Мөн шаардлагатай зарим бичиг баримтыг бүрдүүлж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бол нааштайгаар харж үзэх хэм хэмжээтэй ч болох хэрэгтэйг ахин дурдъя.
Ямар ч улс орны голлох үндэстнийхэн хилийн чанад дахь элэг нэгтнүүдээ чадах чинээгээрээ дэмжиж тэтгэдэг билээ. Харин манайд бол элэг нэгтнүүд маань ирээд үнсэнд хаясан шалз мэт болддог. Олон түмэн ядуу буурай байгаа тул, бодолд нь хоногийн хоол л эргэлдээстэй, бас өмнөд монголчуудаас цэвэр цусны хятад дээр гэсэн үзэл суртлаар тархиа 20 жилд угаалгасан.
Олуулаа болох уриалгыг дэмжээд ирсэн монгол туургат хүн хаачихаа ч, хэнд хандахаа ч мэддэггүй. ГИХАЭА төрийн төмөр нүүрийг харуулаад л хүйтнээр дүнсийж байдаг. Өнөөдөр тэр газарт “би монгол үндэстэй туургатай” гэж хэлэх нь хад мөргөхөөс өөрцгүй юм.
Төрийн төмөр нүүрийг дайснуудад, хууль ноцтой зөрчигчдөд гаргах учиртай. Элэг нэгтнүүддээ бол төрсөн ах дүүгийн нүүрийг харуулах ёстой. Тэгдэг тусгай газрыг ч байгуулах ёстой. Гадаадын монгол туургатан (үндэстэн) ИХАЭА ч гэдэг юм уу, Олуулшлын (уугуулшууллын) агэнтлиг ч гэдэг юм уу, нөгөөхөөсөө огт өөр, эсрэг тэсрэг зарчимтай байгууллагыг үүсгэх шаардлагатай болоод байна.
Монгол үндэс туургатанд зориулсан тусгай, уян хатан квот шаардагдана. Өдгөө Монголын иргэн болох гэсэн хүн визээр ирээд, асуудал нь шийдэгдээгүй байхад виз нь дуусчихдаг бэрхшээл байна. Олон жил асуудал шийдэгдэхийг хүлээсэн хүний паспортын хугацаа ч дуусчихдаг, тэр бүрий Хятадад очоод хөөцөлдөөд байх боломжгүй. Тэгвэл монгол туургатан хүнд олуулшлын (уугуулшууллын) байгууллагын ч юм уу, олуулшигчийн түр үнэмлэхийг шийд гартал олгож байх хэрэгтэй байна шүү.
Байгууллага үүстэл, ГИХАЭА-т монгол туургатанд өөрөөр ханддаг, зохих тусламж үзүүлдэг албан ёсны хэлтэс, нэгж буй болгох хэрэгтэй. Эсбөгөөс, өндөр дээд төвшинд ирэхийг уриалаад, доод төвшинд нь одохыг өдөөгөөд байдаг эрс тэс, ямар ч авцалдаагүй, утга учиргүй байдал үргэлжилсээр байх болно.

4. Монгол хэлт түмнүүд, тува, монгол-хазар нарыг л анхааръя!

Бүх монголчуудаа татаж нэгтгэх бодлого Тогоонтөмөр хааны үед хэрэгжиж байжээ. Шинэ түүхийн үед бол ХХ зууны эхний хагаст ГУМ-уудыг, дүрвэсэн ар монголчуудыг , мөн түүнээс өмнө ах дүү ард түмэн казахуудыг олноор ирүүлж суурьшуулж байсан юм. 1990 оноос хойш хятадуудыг бөөнөөр татаж ирэв. Казахстанаас мянга мянган казах хүн эргэн ирсэн байдаг.
Монгол туургатандаа туслан хүчирхэгжих, туургатны нэгдэл нягтралын төлөө ГУМ-уудыг ирж суурьшихыг өөгшүүлэн дэмжиж байжээ. Казахуудын хувьд бол, дайн дажнаас дайжин дүрвэсэн тэднийг өрөвдөж, хүнлэг энэрэнгүй сэтгэлээр хандан оруулсан байдаг, тэр үед хүн ам цөөн, газрын нөөц ч их байлаа. Хятадуудыг бол, нэоколоничлолыг аялдан дагалдаж оруулж ирсэн гэхэд болно.
Өдгөө бид юуг баримтлан олуулших вэ? Гагцхүү монгол туургатны нэгдэл нягтралыг! Нэоколоничлолыг бол цаашид яавч дэмжээд байж болохгүй нь мэдээж. Энэрэнгүйн үүднээс өөр үндэстнийхнийг ирүүлэх ч боломжгүй болжээ. Зөвхөн монголчуудыгаа гэсэн ганц л чигийг Олуулшлын бодлогод баримтлах ёстой. Монгол бол дэлхийн, нэг үндэстэн хамгийн их зонхилсон улсуудын нэг тул Монголын нөхцөл байдалд энэ л зарчим нийцнэ, Монголын хүн ам гагцхүү үүнийг л дэмжинэ.
Олуулшлын ажлыг эрчимжүүлэх, ил тод болгох хэрэгтэй байна. Бүгдээр хэлэлцвэл буруугүй гэдэг. Хаалттай, нууц байдлаар хэдхэн хүн, бүлэглэл, байгууллагын хүрээнд бус, нээлттэй, ил тод байдлаар байнгын үндэсний хэлэлцүүлэг дунд өрнөх ёстой ажил юм. Одоогийн эрчимгүй юм уу, далд өрнөж байгаа мэт явц нь сөрөг нөлөөтэй байна. Олон нийтийн хяналт тавих боломж байхгүй байгаа тул, янз бүрийн шатны албан тушаалтнууд яаж ч гуйвуулж, нурааж магадгүй юм.
Хятадууд харъяатаасаа гарахаар элчиндээ олноор дараалж байна гэсэн мэдээллийг дээр сонсгосон. ОБУ-аа хамгаалах хэрэгтэй байна шүү, та минь ээ!
Дэмжиж байгаа хүмүүс ч ГУМ-ууд маш их аюул эрсдэл авчирна, сор болсон хүмүүсийг нь сонгож шилэхгүй бол осолтой, “хэр ашигтай вэ” гэдэг талаас нь л харахгүй бол хохиролтой, эхлээд сайн судалгаа явуулж монгол хүн гэж чухам хэн бэ гэдгийг тодорхойлж байж хэрэгжүүлэхгүй бол хөнөөлтэй, сөнөөлтэй гэхчилэн ярьж хэлж, бараг ОБУ-ынхаа эсрэг сурталчилгаа хийгээд байх юм.
Монгол хэлт гэж шинжлэх ухаанаар тодорхойлсон (өдгөө төрөлх хэлээ эзэмшсэн төвшин нь буурсан байлаа ч) түмнүүд, монгол - түрэг хэлт тува болон, хазаруудын хамгийн монголжуу хэсгийг буюу өндөр эрсдэлийн бүлгийнхнийг, монгол хазаруудыг л Олуулшилд хамруулах хэрэгтэй нь ойлгомжтой байгаа. Мөн Олуулшлын бодлогод, монгол туургатнаас ашиг олохыг бус, монгол туургатнаа хайрлан хамгаалахыг 1-рт тавих хэрэгтэй байна.
ОБУ бол Монголын үндэсний үзэлтнүүд, эх орончид, тэргүүний дэвшилт үзэлтэй, ухамсартай ард олны маань язгуурын хүсэл зориг - төрийн өндөр дээд төвшнөөс цуурайтан түгсэн хэрэг билээ.
Үүнийг бичигч бээр Уугуулшуулал, Элэгшүүллийн хуулийн төсөл зэргийг 2005 оноос дэвшүүлж, Монголд ирж суурьших, Монголын иргэн болох, давхар иргэнчлэгдэх боломжийг дэлхийн монгол туургатанд нээлттэй, чөлөөтэй болгох зэрэг асуудлыг хөндөж, төрд өргөн барьж, нийгэмд сурталчилж ирсээн. Би анх санаачилсан, би зааж өгсөн гэхчилэн хэлж ярьж яваа хүмүүсийн эгнээнд нэгдэх гэсэндээ үүнийг дурдсангүй. ОБУ-тай санал нийлэх, дэмжих бүрэн үндэслэл байсан юм аа гэдгээ илэрхийлэх гэсэн юм.
Олуулшлыг дэмжигч бид хүсэлт, санал, зөвлөмж, төсөл зэрэг дээр ажиллаж байна. Олуушлыг дэмжигчдийн бүлэг байгуулан, урам зоригтойгоор, хичээн чармайж байна.
Энд өмнөд монголчуудын талаар голлон үгүүлэв. Цаашид Орос, Афганистаны монгол туургатны талаар үгүүлэх болно. Гэхдээ янз бүрийн бүс нутгийн монгол туургатанд хандах мэханизм адил байх ёстой. Зарим нэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалсан, зарим нэг жижиг ялгаа л байж болно. Жишээ нь, гадагшаа хууль бус цагаачлал ихтэй, багатай улсынханд арай л өөр өөрөөр хандах ёстой ёо доо. Тэр нь өөр үндэстний хууль бус цагаач орж ирж, монгол туургатны эрх ашгийг шамшигдуулах вий гэж сэрэмжилсэн хэрэг болохоос, монгол туургатнаа ялгаварласан хэрэг бус юм. Тиймээс, бүх монгол туургатны асуудлыг хөндсөн ч чанартай үгүүлэл болох юм.
…Ерөнхийлөгч маань Кыргызстан, Афганистан улсуудад айлчлах нь. Түүний уулзах хүмүүсийн тоонд сарт халимаг, Кыргызстаны төрийн тэргүүн, хувьсгалч асан Р.Отунбаева, хазар монгол, Афганистаны дэд ерөнхийлөгч, урьдын зэвсэгт тэмцэгч Халили нар байх болно. Ярих асуудлынх нь тоонд сарт халимаг, хазар монголчуудыг Олуулшлын бодлогод хамруулах явдал орох л болов уу. Эрхэм ерөнхийлөгч өөртэй нь холбоотой ажилладаг Дэлхийн монголчуудын холбоо, Цахим өртөө, Тасам төсөл зэрэг ТББ-уудаар хазаруудын асуудлыг судлуулж, тал бүрийн бэлтгэл хийлгээд, одоо шийдвэрлэх үр дүнд хүргэхээр явж буй гэж учир мэдэх хүмүүс өчиж байна. Хазаруудыг Монголд ирүүлэхийг Карзай ерөнхийлөгч, паштунууд дэмжинэ. Дэд ерөнхийлөгч Халили болон хазарууд дэмжинэ. Афганистан дахь янз бүрийн зөрчлийг намжмал байлгахын тулд АНУ, НАТО, ОХУ, Хятад, Шанхайн байгууллага (ШХАБ) дэмжинэ. Хазар дүрвэгчдийн ачааллыг багасгахын тулд бүх улс дэмжинэ. Тохироо бүрдэнэ гэж энэ.
ОБУ-аа гаргангуутаа л, Тамгын газрынхнаа хамгийн түрүүнд, гагцхүү хазарын төлөөлөгчидтэй л уулзуулаад байгаа нь учиртай шүү. Удалгүй хазар сум байгуулагдлаа гэж дуулдаж магад. Хэт төвлөрлөөс болж, газрын боломж зохих хэмжээгээр нэмэгдсэн тул энэ нь боломжгүй зүйл огт биш. Хужаа гэхээр л хувхай даан номхордог, монгол туургатан гэхээр л мод чулуу барих гэдэг хачирхалтай зарим хүмүүс маань хужаагийн хатгалгаар тэдний эсрэг босчихгүй л бол бүх юм болж бүтэх болчихсон байна. Хазар хүнээс цэвэр цусны хужаа дээр гээд л солиороод унахгүй бол саадгүй хэрэгжих замдаа орж. Тиймэрхүү урвагчдаас болж ч ОБУ-ын ажил нууц маягтай өрнөөд байгаа байж болох юм.
Олуулшлын галт тэрэг ийнхүү хөдөлж байна, хүрэх зорилгодоо ч хүрэх гэж байна. Харин бид цаг үеэс хоцрогдож болохгүй шүү. Галт тэргийг бүтээлцэх, жолоодолцох хэрэгтэй байна. Эс бөгөөс галт тэрэг саатаж ч болно, зогсож ч болно, дайснуудын тавьсан минанд өртөн сүйрч ч болно.
Ч.Мөнхбаяр
ММХII.III.XXIV
http://moenhbayar.blogspot.com

P.S. Энэ үгүүлэл хэвлэлд шилжиж байхад ноцтой явдал тохиолдлоо. НҮБ-ын Дүрвэгчийн Комиссариатын Монгол дахь офис хаагдлаа. Ингэснээр, өмнөд монгол эх орончид “НҮБ-ын дүрвэгч болно, хамгаалалд нь орно” гэж Монгол улсад ирдэг явдал  зогслоо. “НҮБ-ын дүрвэгч болно” гэж, хамгаалал дор нь Монголд сууж байсан өмнөд монголчууд БНХАУ-д тушаагдаж магадгүй боллоо. Тэднийг “Бээжин дэх Комиссариатын салбараар асуудлаа шийдүүл, эс бөгөөс хууль бус цагаачид гэж үзэхээс өөр аргагүй” гэж буй ажээ. Ялтан солилцох асуудалтай ч холбоотой байж магадгүй. Монгол дахь тэдгээр өмнөд монголчуудыг БНХАУ “социалист эх орноосоо урвагч, салан тусгаарлагч, хэт даврагч, том гэмт хэрэгтнүүд” гэж үздэг.
“Санхүүгийн асуудлаас болсон” гэж НҮБ-ын монгол ажилтан үгүүлэв. Тийм байлаа ч гэсэн, яагаад Монголын офисийг хаах сонголт хийв. Монголд ажиллах нөхцөл байдал муудсантай л холбоотой биз ээ. Ардчилал, хүний эрх үгүй болж, дарангуйлал, нэоколоничлолоор халагдаж байна. Төр өмнөд монголчуудын эсрэг БНХАУ-тай хамтран тэмцэх болсон, тэрхүү офисийн ажилтан нь Батзангааг хятадуудад заралцсан, “ар монголчуудыг бэлгийн гаж донтон гэхчилэн нэр хаягийн дор хууль бусаар цагаачлуулдаг” гэж шүүмжлэгддэг, гадагш гаргасан хүмүүс нь өөр улсад очоод эргэлзээ төрүүлдэг гээд л “но” багагүй бий.
Олуулшлын бодлогод сөргөөр нөлөөлөх энэ мэт үйл явдлууд тохиолдсоор л байнам. Сонор сэрэмжтэй байгтун.

Монгол улс албан ёсоор “Харь гарагийнхны бүртгэлийн батламжтай” болж, ногоон харь гарагийнханд ногоон карт олгодог болжээ

УИХ 7 сая балба хүнийг урьж суурьшуулахаар зэхжээ

1. 2,4 сая өвөр монгол хүн дүрвэгсдийн лагэрт сууж байна гэв үү?

Саяхан найз маань: монгол ахан дүүсээ гэсэн сэтгэлээсээ л болж, БНМАУ, БНХАУ-д “тагнуул туршуул, үндэсэрхэг үзэлтэн” гэгдэн 34 жил хоригдон тамлагдсан Соёлжав хэмээх, гавъяа зүтгэл ихтэй өмнөд монгол хүний тухай нулимсаан дуслуулан байж ярьлаа. Хөлөнбуйрын дагуур монгол тэр хүн юу тохиолдсон байлаа ч, эрхэм дээд үзлээ орхилгүй, Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэжээ. Тэр хүний тухай япон хэлээр гарсан сонирхолтой сайхан ном монгол хэлээр орчуулагдан, УБ-т нийтлэгдсэн нь сайшаалтай. Дээрх жишээнээс олон зүйлийг харж болно.
3-р сарын дундуур НҮБ-ын Дүрвэгчийн комиссариатын УБ дахь офис хаагдлаа. Хойд Солонгосоос дүрвэгч оруулж ирэх төслийг дарга нар маань БНСУ-ын дарга нартай нийлэн боловсруулж, НҮБ-аар дэмжүүлэн, улмаар 2000 онд уг офисыг нээлгэсэн гэдэг (Анх Д.Мөрөн нарын, хамгийн сүүлд Г.Рубин нарын нэрт өмнөд монгол тэмцэгчид тус офисоор дамжин барууны улсууд руу дүрвэжээ). Энэ төсөл дууссан юм уу, бүтэлгүйтсэн юм уу, эсвэл БНХАУ: “танайд байгаа тэр офисыг манай нийгмийн дайсан өмнөд монголчууд ашиглаж социалист хууль ёсноос зайлсхийж байна” ч гэсэн юм уу, ямар ч байсан хаагдлаа.
Өмнөд монголчуудыг даралцах гэж хаалгасан байж болно оо. Тэднийг шууд яс үндсээс нь болж дайснаа гэж үздэг манай төрийн бодлого ч аймаар шүү дээ!
Гэхдээ, Олуулаа болох уриалгын үрээр тэр муухай харь бодлого замхран арилах л байлгүй. 2000 оноос өмнө Монгол улс хуулийнхаа дагуу өмнөд монгол улс төрийн орогногч авдаг байсан агаад, “улс төрийн  идэвхтэй үйл ажиллагаа явуулж болохгүй” л гэдэг байжээ. Өмнөд монголчуудтай тусгайлан уулзаж, тэр талаар хэлэлцэж тохиролцож ч байсан байна.
Улстөрийн идэвхтэй үйл ажиллагааны төлөө л Монголыг зорьсон өмнөд монголчуудад энэ мэт нь хүнд цохилт болдог оо. Дэлхийн аль ч гуравдагч улсад өмнөд монголчууд улстөрийн тэмцлээ чөлөөтэй өрнүүлдэг. Монголд л болдоггүй. Үүнийг болиулмаар байгаа юм. Өмнөд монгол, бусад гадаадын иргэн монголчууд ч улстөрийн тэмцэл хийж болдог, өөр үндэстэн гадаадын иргэн бол болдоггүй болгоё л доо. Тэд маань ирээд аргагүй л улс төрийн үйл ажиллагаанд оролцчихдог, тэгээд бурууддаг байдлыг эцэс болгоё. Тодорхой хэмжээнд тэмцэж л байг! Монгол үндэстэнд хэрэгтэй шүү дээ.
Офис хаагдсаны мөрөөр: буцааж нээлгэх, НҮБ-ын дүрвэгчийн конвэнцид нэгдэх, улстөрийн орогногчийг хуулийнхаа дагуу авах, 3-дагч улсад дүрвэхэд нь туслах арга хэмжээ авах хэрэгтэй. Тусгаар тогтносон улсынхан бус уу, бид.
Урьд, Бээжин, Пён-янтай зөрчилдөөд, Хойд Солонгосын дүрвэгч авч, НҮБ-ын ивгээл дор дүрвэгсэдийн хотхон байгуулах төсөл боловсруулж, хэрэгжүүлж чадсан юм, одоо тэр нөхөд өмнөд монголчуудын тухайд тийм төсөл боловсруулж хэрэгжүүлж чадах ёстой. Монгол гэхлээр л гар хөл нь тасраад уначихдаггүй юм бол.
Найрагч дүү Занданхүү маань БНХАУ дахь халхуудын тухай сурвалжлан бичсэн байна. Алшаа аймгийн Эзэний голд манай говийн аймгууд болон Өвөрхангайгаас дүрвэн очсон халхуудын хойчис байна. Цастын халхууд гээд байж байна. Хэцүү хүнд нөхцөлд байгаа тэд Монгол улс хамгийн түрүүнд биднийг татаж авах байх гэж горьдон харж сууна.
Хүний эрхийн Хэллман-Хэммэттийн шагналт, өмнөд монгол зохиолч, сэтгүүлч Б.Түмэн-Өлзий 2003 онд сонирхолтой санал дэвшүүлж, Монголын төрд хандаж, одоохондоо боломжгүй гэх хариу авч байсан ажээ. “Монгол улсад хэт төвлөрөл буй болж, хөдөө нутаг эзэнгүйрч байна, өмнөд монгол малчдыг татан оруулж ирэх хэрэгтэй, Шилийн гол, Зуу Удад бэлчээргүй болсон малчин олон буй” гэсэн ажээ.
Өмнөд монголчуудын хүний эрхийн мэдээллийн өртөө (SMHRIC): “Цөлжилт зогсооно гэж 44 хошуу, суманд мал маллахыг хориглосон, үй олон /2,4 сая гэв үү дээ?/ малчин тариачин өмнөд монголчуудыг хотод буюу дүрвэгчдийн лагэрт албадан суулгахаар шийдвэрлэсэн” гэж мэдээлж байв.
“Хайрт монгол нутгаа хаяад ир” гэж уриалахгүй, гэхдээ үхэж мөхөхгүй л гэвэл наашлахаас өөр аргагүй болсон өмнөд монголчууд олон байнам.

2. Өвөр монголчууд богоон богооноор үерлэн орж ирж буй гэнэ

Сүүлийн үед , “чи өвөр монголчуудыг хэт дөвийлгөж магтаж байна, тэд чинь тийм биш” гээд элдвийг хэлж ярих явдал их боллоо. Мөн хүчний байгууллага, Монгол улс үндэстний төлөөх үйл ажиллагааг маань “БНХАУ-ын иргэдэд тусалж, үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа” гэж харж, намайг судалж, унагах гэж буйг мэдэж авлаа ( Лав л1993 оноос эхлэн бараг 20 жил судаллаа, үр дүн гарав уу даа?)
Миний бие нэг тийш туйлширч, “өвөр монголчууд бол бурхад юм, тахин шүтэцгээ” гэж огт хэлэхгүй, аливаад шударга зарчмыг баримтална. Тэд бол бидэнтэй л адилхан монголчууд, тийм болохоор сайн муу аль алиныг нь л агуулна. Муу нөхцөл байдал гэмт хэрэг үүсэж төлжих нөхцөл болдгийг ч хэлэх үү. Ямар ч өмнөд монгол хүн байлаа гээд хууль зөрчөөд байвал, хууль сахиулахаас л өөр аргагүй.
Өмнөд монголын зарим гэмт этгээдэд Монгол улсад суухыг хүсэх янз бүрийн шалтгаан гарч ирж болно. Харин үүнийг дэвэргэж, яс үндсээр гадуурхах явдал болгох нь бүр ч илүү том гэмт хэрэг юм гэдгийг анхаарах хэрэгтэй.
Гэмт хэргээс сэргийлэх гэж л холбогдох хуулийн заалтууд байдаг. Тэр заалтуудыг зүй ёсоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон нийтийн хяналт, хожмын өмнөд монголчуудын нутгийн зөвлөлийн хяналт ч хэрэгтэй. Хэн нэгний гэмт хэрэгтэн мөн эсэх талаар ямар ч баримжаагүй нөхцөл байдал оршиж байдаг бус. Өмнөд Монголын нэр хүндтэй зүтгэлтнүүд, байгууллагууд, хүмүүсийн зүгээс гайгүй гэгдсэн нь гайгүй л байдаг. Яс үндэс, эрүүгийн нөхцөл байдлыг тодорхойлоход өмнөд монголчуудын үндэсний шинж чанартай байгууллагуудтай хамтран ажиллах нь нэн чухал юм шүү ( Зохиолч Б.Түмэн-Өлзий  “өмнөд монгол малчид нэгдмэл зохион байгуулалттайгаар Монгол улсад ирэх болбол, дундаа хятад хууль бус цагаач оруулахгүй байх болно” хэмээн дурдсан байдаг). Ингэж хамтаараа муу зүйлээс сэргийлэх ёстойгоос бус, зарим нэг хүнд хэт их үүрэг хариуцлага овоолсноор юм уу, бүгдийг хавтгайруулж хардаж сэрдсэнээр асуудал шийдэгдэхгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уриалгатайгаа холбогдуулан хийсэн ажил хэргийн уулзалтандаа: 1-рт, Монголын хөгжил дэвшилд дэлхийн монголчуудын оролцоог ойртуулъя, 2-рт, Монгол дахь нөхцөл байдлыг сайжруулъя, 3-рт, энэ уриалга зөвхөн гадаад дахь манай иргэдэд бус, дэлхийн монголчуудад хамаатай учир, 50 гаруй хуулинд өөрчлөлт оруулъя, 4-рт, тусгай ажлын хэсэг, байгууллага үүсгэе, санхүүжүүлэлт шаардлагатай гэсэн билээ.
Төр түмний сэтгэлгээ ихээхэн хэмжээгээр өөрчлөгдөхгүй бол болохгүй. Монгол үндэстний шинж чанартай цоо шинэ улсад ажиллаж амьдрахад бэлтгэж, зохих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, жалгархаж доворхон талцах арчаагүй үзлийг таслан зогсоох, үндэсний үзлийг эрхэм болгон ОБУ-ыг дэмжих цаг иржээ.
Дэмжигчдийг ч төр түмэн маань хамгаалах хэрэгтэй байна. Урвагч, тагнуул, хужаа гэхчилэн доромжлуулж гүтгүүлэхээс өгсүүлээд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэхчилэн шалтгаар мөрдөгдөж мөшгигдөх болоод байна шүү. Урвагчдаа эх оронч, эх орончдоо урвагч гэдэг урвуу явдлыг хязгаарлан зогсоохгүй бол, эрхэм ерөнхийлөгчийг ч энэ явдал дайрахгүй гэх газаргүй.
Олуулаа болох бодлогоо дэлхий дахинд ч ухааруулж, дэлхийн дэмжлэгийг авах хэрэгтэй юм. Түвдүүдийн үндэсний асуудлыг дэлхий нийтээр ойлгон дэмждэг шиг, монголчуудын үндэсний асуудлыг тийм төвшинд авч үздэг болбол нэн сайн.
Нэгэн хүн надад: “Одоо урдаас ерөөсөө хятадууд орж ирэхээ больчихсон байна. Дандаа өвөр монголчууд орж ирж байна, богоон богооноороо орж ирж байна. Үй олноороо үерлэн орж ирж байна. Захуудаар дүүрэн байна” гэсэн юм. Хууль сахиулах байгууллагын хүн тул мэдээлэл сайтай л баймаар, худал хэлээгүй л байлтай. Үнэн бол сайхан байна. Өвөр монгол хүн, олуулаа болох бодлого хол байгаа биш ээ, хажууд ирчихээд байна.

3. БНХАУ-тай харилцан адил байна гээд хятадуудыг 
Монголд визгүй зорчуулах цаг ойртсоор...

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийг /ГИЭЗБТХ/ ахин нэг эргүүлж үзэв. Уг нь: “30 хүртэл хоногоор Монгол улсад байхыг зорчигч, 90 хүртэл бол түр хугацаагаар, 5 жил хүртэл бол удаан хугацаагаар оршин суугч , 5 жилээс илүү бол цагаач гэнэ” гэх гэсэн шиг байгаа юм. Гэтэл үүнийг томъёолох гэж үйлээ үзсэн, тэрийг нь уншсан хүн ойлгох гэж аргаа барах л юм билээ. Гадны хуулийг л орчуулсан болоод шидчихдэг атлаа, яахаараа ингэж мунгинаж, төөрөлдсөн байдгийг бүү мэд. Дунд нь, “байнга оршин суугч” гэх статусыг утга авцалдаа багатайгаар хавчуулжээ. Монгол улсын иргэнтэй гэрлэсэн бол “байнга” болж байгаа юм уу, хаашаа юм.
Мэдээлэл матэриал их ашиглаж ажилладаг сэтгүүлч хүн учрыг нь олохгүй байхад, гадаадын иргэн харъяат яаж энэ хуулийг мэдэж мэдрэн дагах вэ?
ГИХАЭАлбаны бичиг баримтад, хуулинд байхгүй “түр ирэгчийн жилд Монголд байх хоногийн нийлбэр 180-аас илүү бол…” гэх зэрэг зүйлс гараад ирж байгаа юм. Алийг нь үнэн зөв гэж биелүүлж мөрдөх вэ?
Хальт харвал ГИЭЗБТХ боломжийн хууль шиг санагдаж болно. Монгол улсад хөдөлмөр эрхлэх, суралцах гэсэн хэн бүхэн ирж болох мэт /3.15.3/. Монгол улсад ялт хэрэг үйлдэж, ял тооцох хугацаа нь дуусаагүй биш л бол /3.19.2/, хэрэг төвөгт холбогдсон эсэхийг нь ч харгалзахгүй янзтай.
Гэвч амьдрал дээр бол бүх зүйл эсрэг. Виз авахад л амьдрах, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа нэхэгдэж, маш их шаардлага тавигдана. Бөөрөнхий, ойлгомжгүй, яаж ч гуйвуулж болох зүйл их. Урилгын асуудал их ээдрээтэй. Боловсронгуй, зөв зүйтэй болгох хэрэгтэй.
Монгол улсад ирснээс хойшхи 21 хоногт, оршин суух зөвшөөрлөө /ОСЗ/ хөөцөлдөж амжуулах ёстой. Үнэндээ энэ хугацаанд юу ч амжихгүй. Өвөр монгол хүнийг бол онцгой их чирэгдүүлж хүлээлгэнэ, гэтэл “5-7 хоногийн дотор” гэж богино хугацаа тогтоосон зүйл зөндөө. Тэгээд л бүтээсэн зүйлгүй харамсалтайгаар буцаж, эрсдэлтэй байдалд ордог.
Хуулиудаа зөрчсөн, нааштай заалтуудыг нь харгалзан үздэггүй хэрнээ илүү их юм дураар шаардсан журам, жагсаалтууд хөндөлсөнө. “Эрүүл мэндийн хувьд нийгэмд аюулгүй” гэсэн ганц тодорхойлолтыг, сэтгэл-мэдрэл, ДОХ, БЗХӨ, гоц халдварын 4 тодорхойлолт болгоод л задалчихаж байх жишээний.
Хуулинд бол ОСЗ 4 статустай байхаар тусгагдсан, энэ нь зохих биеийн байцаалтуудаар ялгагддаг байв. Гэтэл хамгийн доод шат нь байсан “ногоон карт” гэдгээр илүү дээд шатны үнэмлэхүүдийг сольж хавтгайруулан, үндсэндээ статус бууруулж байгаа юм. Монголд олон жил чармайн хөөцөлдөж байж олж авсан цагаачийн бичиг баримтаа барилгачин хужаа нарынх шиг үнэмлэхээр солиулан, дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь ямар байх вэ.
“Харь гарагийнхны бүртгэлийн батламж /Certificate of Alien Registration” гэх хачин нэртэй, харь гарагийнхны ногоон өнгө зүстэй картныхаа олголтыг (албан ёсны монгол нэр нь “ОСЗ” л дөө, Resident License гэх англи нэршлийг нь харин "сайжруулжээ") нягталж харах хэрэгтэй л байна.
ГИЭЗБТХ-д улс төрийн орогногчийг найртайгаар угтаж, төрийн ивээлд авна /1.6.1/ гэсэн буй. Тэгвэл, улстөрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй үргэлжлүүлэхэд нь боломж олгох гэж орогнуулдаг нэгэн гол зарчим орхигдож ирэв. Тийм боломжоор хангахгүй л юм бол, “улстөрийн орогногчтой байна” гэж ардчилсан, бие даасан улсын дүрийг хий хоосон эсгээд яах вэ. “Хятад улс бидэнд зөвшөөрөхгүй байна” гээд л, эрх баригчид маань үнэнээ хүлээгээд сууж байх нь шулуухан юм.
Хэрвээ тийм байдалд орчихоогүй юм бол, өмнөд монголчуудад улс төрийн эрх чөлөө олго. БНХАУ-д өмнөд монголчуудын эрх ноцтойгоор зөрчигдөөд л байдаг. Гэтэл энд дуугарч болохгүй байна гэдэг ямар их зовлон гаслан бэ? Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор энэ асуудал дахин яригдлаа.
Гадаадын иргэн Монгол улсын хуулиудаар, олон улсын гэрээгээр тодорхойлогдсон эрхийг эдэлж болно /2.8.4/, гэхдээ Монголын эрх ашигт харш байдлаар эдэлж болохгүй гэсэн байна. Улстөрийн эрх чөлөөг эдэлж болох хууль зүйн үндэслэл байж байгаа биз. Монгол туургатны төлөөх тэмцэл Монгол улсын эрх ашигт харшлахгүй ч юм . Тийм атал, хүчний байгууллагууд “өвөр монголчууд бол ерөөсөө болохгүй бүтэхгүй хүмүүс” гэж хялайж, яс гарвалиар нь ялгаварлан гадуурхаж, мөшгиж харгислаж байдаг нь гайхалтай ч, үүнийгээ таслан зогсоогууштай ч.
ГИЭЗБТХ-д улстөрийн үйл ажиллагаа явуулах, байгууллага байгуулах, элсэж орох, бусад хэлбэрээр улстөрийн үйл ажиллагаа явуулахыг /2.10.4/ хориглосон байдаг. Энэ бол их гайтай заалт бөгөөд, ардчиллын замаар засамжлан залруулах нь зүйтэй. Өмнөд монголчууд БНХАУ гэдэг үндэсний цөөнхийн шоронгоос гараад, Монгол улс гэдэг монгол туургатны шоронд орох мэт байж болохгүй.
Бичиг баримтын зөрчил, ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулах зэрэг бүрхэг, янз бүрээр ойлгож хэрэгжүүлж болох олон шалтгаанаар албадан гаргах хатуу нөхцөл эл хуульд буй /4.30/. Элэг нэгтнүүддээ бол ийм хатуу хандаж болохгүй л дээ. Албадан гаргагдсан хүн эргэж ирэх боломжгүйг /3.19.3/ ч хэлэх үү. Мөн "тааламжгүй хүн" гэгдэгч хүн буцаж ирж болдоггүй /3.19.3/ бөгөөд, юуны өмнө өмнөд монгол тэмцэгчид л “тааламжгүй” болчих гээд байгаа шүү.
Монгол хүн гэх ойлголтгүй энэ хуулинд, цаад улстай харилцан адил байна гэсэн хуурай , хөндий үг дахин дахин тохиолдох юм. Монголын хууль ёс хилийн чанадад ахан дүүс маань харгислуулж байвал адилхан харгисладаг, гадаадад ямар нэг харь үндэстэн ноёлж дарлаж байвал эндээ мөн ноёлох дарлах нөхцлийг нь хангаж өгдөг байж болохгүй юм. “Харилцан адил байна” гэдэгт улс үндэстнийхээ эрх ашгийн үүднээс л хандаж, зарим тохиолдолд харилцан адил бус байх хэрэгтэй. Жишээ нь, БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулж харилцан адил байх төлөвлөгөө яригдаж байна. Хамаагүй харилцан адил байвал юу болж болохоор байна, бодоод үзэгтүн. БНХАУ зэрэг улсад ямар байдгаас хамаарахгүйгээр, монголчууддаа ээлтэй хууль зүй бүхий болох учиртай байна шүү!

4. Өвөр монгол хүн Монголд 30 жил сууж, 6 удаа бичиг баримт бүрдүүлж өгч, ерөнхийлөгчөөр хөөцөлдүүлж байж, иргэн болжээ

Харъяатын тухай хууль /ХТХ/ бол мөн л улс үндэстэн гэх ойлголтгүй , харийн колоничлогчдод нэн тохиромжтой, космополитик баримт бичиг юм. Монгол хүний тухай, монгол үндэстний тухай нэг ч үг байхгүй уг хууль ёсоор бол Монголд 5 жил суусан , мөнгөтэй /амьжиргааны зохих чадвар , эх үүсвэртэй гэж томъёологджээ/ хэн ч манай иргэн болж болно. Монголд 5 жил ард түмний маань баялгийг шулж мөлжиж, цөлмөж дээрэмдсэн нэоколоничлогч л квотыг дүүргэж болох байдал харагдаж байна.
Тагнуул, цагдаа, ИБМ-ийн төв болон орон нутгийн байгууллагуудын давхар давхар тодорхойлолт, орон нутгийн засаг дарга, мөн гадаад харилцааны байгууллагын тодорхойлолт гээд Монгол талаас 8 тодорхойлолтыг иргэн болоход бүрдүүлнэ /5.19.3/ гэж хуульчилсан байдаг. Янз бүрийн байгууллага дураараа нэмж тодорхойлолт шаардана. ХХДХ-нээс 10 дахин их сарын орлоготой, нийгмийн даатгал шимтгэлийг төлж ирсэн гээд хууль бус шалгууруудыг энд тэнд нэмчихдэг.
Эцэстээ хорь, гуч, магадгүй 100 бичиг баримтыг заагдсан шахуу хугацаанд нь бүрдүүлж чадаагүй , бүхнийг тэгээс эхлэх явдал ч гарна. Монгол улсад бараг 30 жил сууж, 6 удаа бичиг баримтаа бүрдүүлж өгч байж, сая иргэн болсон хүн байдаг. Ийм байхад гадаадын монгол бус хүмүүс яаж өдөртөө манай иргэн болоод байдаг нь санаанд багтамгүй .
Дээрх бүх үл гүйцэлдэх нөхцөл, шаардлага нь өмнөд монголчуудад, монгол туургатанд л зориулагдсан болой. Яс үндэс нь тодорхой л бол голлох үндэстнийхээ хүнийг хаана ч байсан, иргэнээ болгон паспортаа өгчихдөг жишиг тогтож байхад манайд ийм ч байх гэж!
Тэгээд аймаг, нийслэлийн ЗД зөвшөөрч, ГИХАЭГ ярилцлага, дүгнэлт хийж, ерөнхий сайд шүүн тунгаасны дараа, ерөнхийлөгч судлан, иргэн болгох зарлиг гаргана. Ээ бурхан минь! Монголд ийм бэрх бүтдэг өөр нэг ч зүйл үгүй буй заа. Монголын ерөнхийлөгчөөр тэр зарлигийг гаргуулахаас Монголын ерөнхийлөгч болох нь амар байж мэднэ.
Уг нь ХТХ-ийг монголчуудад тустайгаар хэрэглэж болох заалт бий. Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэлний талаар ойлголттой байх /2.9.2/ гэж байгаа юм. Өмнөд монголчууд л энэ талаар бусдаас илүү байх шүү дээ. Гэвч хилийн чанадын хүнийг сэпаратист, экстрэмист, тэррорист гэж, өнөөгийн бээжин нүдээр харан угтдаг хэвээр байна.
Харъяалалгүй этгээд ийм тийм гээд л эл хуулинд байдаг. Өмнөд монголчууд харъяалалгүй байх нь олонтаа. Харъяалалтай л болгох хэрэгтэй дээ!
Цаг улирах тусам элдэв зүйлс тохиолдож байна. Монгол туургатнаар мэргэжсэн гэх Д.Цахилгаан дарга монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байсан хүмүүсийг дуудах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн гэнэм. Гэтэл олон оронд шар арьстнууд “монгол” гэгдэн хавчигддаг, өөрсдийгөө “монгол” гэж алдаатайгаар нэрлэдэг байна. Тийм балба хүмүүстэй /Балбын хүн амын 1/3/ УИХ-ын ТГ-ынхан уулзаж, Балбын монголчуудтай холбоо тогтоов гэж элийрчээ. Цогт-Оршихбат гэдэг нийтлэлч: “Монгол үндэстний зуун зууны мөрөөдөл хүсэл зорилгыг биелүүлэх биш, булшлах ажил эхэлжээ!” гэж түгшүүрийн харанга дэлдэн, ОБУ-ыг гуйвуулан гутаагчдыг шүүмжилжээ.
Саяхан /4.2/ Жирим аймгийн Найман хошууны Түлээт гацаанд хэдэн зуун монгол хүний тайван жагсаал руу 30 машинтай, шүдээ хүртэл зэвсэглэсэн цагдаа дайрч 22 хүнийг баривчилж, 5 хүнийг хүнд гэмтээжээ. Энэ бол Өмнөд Монголын хаа сайгүй гарч байгаа; бэлчээр, газраа алдаж, амьдрах аргагүй болсон малчин, тариачин монголчуудын жил жилээр үргэлжилж байгаа тэмцлийн зөвхөн нэг хэсэг юм. Xing Long Gao гэх компани тэдний газрыг хууль бусаар булаан ашиглахыг оролдож, монголчууд бульдозэр, тэхникийнх нь хөдөлгөөнийг хаан тэмцэж ирснээс ийм үр дүнд хүрчээ. Бид ийм л амьдралтай болчихгүйн тулд дэлхийн монголчууддаа элгэмсүү хандан, хүчээ зузаатгах хэрэгтэй юм.
НҮБ-ын Дүрвэгчийн комиссариатын УБ дахь офис нээгдээгүй ч, офисгүй үйл ажиллагаа эхэлсэн тухай дууллаа. Хүний эрх, үндэсний үзлийн идэвхтэн бид офис хаагдсан талаар үйл ажиллагаа явуулахаар зэхэж, ил хэлэлцэж байсныг мэдсэнээс үүдэн ингэсэн байж болзошгүй юм. НҮБ-ын биш, манай дарга нарын үзэмжээр л хаагдаж нээгдээд байж бүрэн болох асуудал билээ.
Бодож санах юм ч их байна даа...
Ч.Мөнхбаяр 
MMXII.IV.III

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өө, Олуулаа болох бодлогыг хамтдаа хэрэгжүүлцгээе!

Ингээд, цуврал үгүүллийнхээ гол санаануудыг базан хэлье.

1. Олуулшлын бодлогын эхний алхмууд

1. Голлох үндэстнийх нь хүмүүс улсын хилүүдээр зааглагдсан улс бүрд, иргэд нь олноор хилийн чанадад оршдог улс бүрд, хүний эрхийг эрхэмлэдэг улс бүрд байх учиртай Олуулшлын бодлогыг цаг алдалгүй боловсруулж, хуульчилж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж эхлэх;
2. Дэлхийн хамгийн дан үндэстэн зонхилсон улсуудын нэг, мөн голлох үндэстнийх нь хамгийн их хувь хилийн чанадад байдаг улсуудын нэг болох хүн ам цөөтэй, газар нутаг, байгалийн баялаг ихтэй Монгол улсын Олуулшлын бодлогод болон, холбогдох хууль-эрхзүйн баримт бичгүүдэд монгол үндэстэн гэсэн ойлголтыг бий болгох, монгол үндэстнийг тодорхойлох, монгол үндэстний улсыг тунхаглах, монгол үндэстний хүмүүсийг л (мөн Монгол улсын иргэдийг) ирүүлэх ганц эрхэм чигийг баримтлах, өнөөгийн үндэстний баримжаагүй космополитик байдлыг арилгах;
3. Монгол үндэстэнд: монгол хэлт гэж шинжлэх ухаанаар зөвшөөрөгдсөн ястан үндэстнүүд (зарим нь үндэстэн гэх статустай болсон байдлыг харгалзав); түрэг-монгол хэлт, монгол соёлт тува; хазар үндэстний монголжуу бөгөөд монгол үндэстний мэдрэмжтэй хэсэг буюу монгол хазаруудыг (үүнийг тодорхойлох тусгай шалгуурууд тогтооно) багтаан үзэх;
4. Ирүүлэх хүмүүсийг сонгохдоо ашгийн бус, хүмүүнлигийн зарчмыг гол болгон, аюул эрсдэлд орогсдыг аврах энэрэнгүй нигүүлсэнгүй үйлсийг дээдлэх;
5. Бодлогыг боловсруулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх, судлах байгууллагыг үүсгэх, тэр болтол ГИХАЭАгентлагт тусгай Олуулшлын бодлогыг хэрэгжүүлэх нэгж байгуулах;

2. Олуулшлыг дэмжих, дэмжүүлэх

6. Монгол улсын иргэдийг монгол үндэстний шинж чанартай шинэ улсад ажиллаж амьдрахад бэлтгэн: Олуулшлын үйл ажиллагааг ил тод болгох, сурталчлах, эрчимжүүлэх, буруу ойлголтыг залруулах, жалгархаж доворхон талцах үзлийг таслан зогсоох, үндэсний үзэл, монгол туургач үзлийг эрхэмлүүлэх;
7. Нийт монголчуудын хувь заяаг хөндөх бодлого учир бүхий ажилд нь аль болох нийт монголчуудын хичээл зүтгэлийг хамруулах; явцуу бүлэглэлийн хаалттай, нууц, хуйвалдааны шинжтэй болгохгүйн тулд байнгын үндэсний хэлэлцүүлэг дунд өрнүүлэх;
8. Дэмжигчидтэй үр бүтээлтэйгээр харилцан туслалцаж хамтран ажиллах, дэмжигчдийн хүсэл, санал, зөвлөмж, төслийг харгалзан үзэж, бодлогод тусгаж байх;
9. Дэлхий дахинд сурталчлан таниулж, хэрэгжүүлэлтэд нь монгол үндэстэн буй улсууд, дэмжигч улсууд, олон улсын байгууллага, гадаадын зүтгэлтнүүдээс тусламж авах;

3. Холбогдох хуулийн шинэтгэл

10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай (ГИЭЗБТХ), харъяатын тухай (ХТХ) болон, холбогдох бусад хуулиудад монгол үндэстэнд ээлтэй байх чиг баримжааг тусгах, зохих өөрчлөлт хийх талаар түлхүүр хууль, заалт боловсруулан батлуулах;
11. Холбогдох хууль дүрмүүдийн хоорондын болон дотоод зөрчлүүд, тодорхойгүй, гуйвуулж болох байдлуудыг арилгаж, боловсронгуй, зөв зүйтэй болгох, хуулийг давсан, зөрчсөн дүрэм журмууд, шаардлага шалгуурууд гаргаж хүндрүүлдгийг таслан зогсоох;
12. Монгол үндэстэнд тустайгаар хэрэглэж болох хууль дүрмийн заалтуудыг үл ойшоодгийг болиулах;
13. Гадаад улстай харилцан адил байх зарчмыг монгол үндэстний эрх ашигт харшлах нөхцөлд үл хэрэглэх;

4. Оршин суух, иргэн болох хүсэлтийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх

14. Монгол үндэстэн хүн Монгол улсад оршин суугч, ажиллах хүч, дүрвэгч, цагаач, иргэн, улс төрийн орогногч (УТО) болохыг өөр үндэстнүүдээс ялгавартай, хөнгөлөлттэйгээр; тусгай, уян хатан квоттой болгон тогтоох;
15. Урилга, визийн асуудлыг төвөг багатай, олон шаардлага тавигддаггүй, зөв, чөлөөтэй болгох;
16. Монгол үндэстэн хүнийг Олуулшлын бодлогод хамруулахын тулд тодорхойлохдоо дэлхийн жишгийг баримтлах, монгол үндэстний байгууллагуудтай нягт хамтран ажиллах;
17. Дэндүү олон, нэн нарийн, гадаад дотоодын тодорхойлолтыг шаардаж оршин суух, иргэн болох гэсэн гадаадын уугуул монгол үндэстэн хүнийг онцгой их чирэгдүүлж байдгийг болиулах;
18. Оршин суух, иргэн болоход; өргөдөл, хувийн болон гэр бүлийнхний биеийн байцаалт, яс үндсийг гэрчилсэн, эрүүл мэндийн болон гэмт хэргийн ноцтой асуудалгүйг нотолсон зэрэг зайлшгүй шаардлагатай; гол зүйлүүдийг л тусгасан аль болох цөөн тоотой бичиг баримтуудыг бүрдүүлгэн, хүнд сурталгүйгээр шийдвэрлэх (одоо цагдаа, шүүх, тагнуулын төв болон орон нутгийн байгууллагууд, орон нутгийн засаг дарга, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дор хаяж 10 дахин өндөр хэмжээний орлого дээр үндэслэгдэх нийгмийн даатгал, татвар, банк, зээл барагдуулах, үл хөдлөх хөрөнгийн байгууллагуудын гэхчилэн олон тодорхойлолтыг иргэн болоход шаарддаг бөгөөд, эрүүл мэндийн тодорхойлолт дөрвөн тодорхойлолт болж задрах зэрэг жишээтэй байдаг);
19. Заасан богино хугацааны дотор бичиг баримтуудыг бүрдүүлэх боломжгүйгээс бүрдүүлэх ажлаа ахин шинээр эхлүүлэх ч тохиолдол гардаг тул, бүрдүүлэх хугацааг уртасгаж, хүсэлтийг шийдвэрлэх хугацааг богиносгон, цаг хугацааны хувьд боломжийг нэмэгдүүлэх;
20. Тавьсан хүсэлт шийдэгдээгүй байхад виз, үнэмлэх, паспортын хугацаа дуусаж, оршин суух эрхгүй болох хүндрэл үүсдэг учир, эцсийн шийдвэр гартал хүчинтэй байж, оршин суух эрхийг олгох, монгол үндэстэнд зориулсан Олуулшигчийн үнэмлэхтэй болох;
21. Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй болсон (жишээ нь, улс төрийн орогногч, гамшигт өртөгч гэх зэрэг) бол уучлан үзэж, хүсэлтэд нь нааштай хариу өгөн туслах аргачлалтай болох;
22. Зохих бичиг баримт бүрдүүлэлтийн зүй бус хүндрэлтэй байдлаас болж, санаатай бусаар хууль дүрэм зөрчсөн мэт байдалд хүрсэн гадаадын уугуул монгол (ГУМ) гаралтай хүмүүсийг өршөөл цагаатгалд хамруулах;
23. Тавигдах шаардлагуудыг хангасан ч оршин суугч, иргэн болгохгүй чирэгдүүлдэг зүй бус байдлыг арилгах;
24. Харъяалалгүй монгол хүмүүсийг Монгол улсын харъяалалд цаг алдалгүй хамруулан хамгаалах;
25. Олуулшилд хамрагдаж болох гадаадын уугуул монголчуудад (ГУМ) Монгол үндэстний үнэмлэх олгон, бодлогын хэрэгжилтэд дөхөм үзүүлэх;

5. Ирүүлэх хүмүүсийн талаарх чиг баримжаа

Олуулшлын бодлогод ГУМ-чуудыг (гадаадын уугуул монголчуудыг) хамруулахдаа:
26. Тав, түүнээс олон жил Монгол улсад оршин сууж, Монгол улсын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж, хуулийг сахиж биелүүлэн нийгэмшиж ирсэн хүмүүсийг эхнэр/нөхөр, үр хүүхдийнх нь хамт иргэн, харъяат болгох нь хамгийн хэрэгжүүлэхэд дөхөмтэй, бодлогыг сурталчлахад тустай байгаа тул даруй хэрэгжүүлэх;
27. Хилээр тусгаарлагдсан садан төрлүүд нэгдэхийг дэмжих;
28. БНМАУ-аас дүрвэгсдийг үр хойчистой нь ирүүлэх, харъяатыг сэргээхтэй ижил төвшинд асуудлыг нь авч үзэн шийдвэрлэх;
29. Монгол дүрвэгч авах төсөл боловсруулж, олон улсын хамтын нийгэмлигээр дэмжүүлэн хэрэгжүүлэх, НҮБ-ын Дүрвэгчийн конвенцид нэгдэх, Дүрвэгчийн комиссариатынх нь салбарыг тогтмолжуулах, эрчимжүүлэх, өргөжүүлэх, мөн гуравдагч улсад дүрвэхэд нь туслах;
30. Улс төрийн орогногчийг Монгол улсын зүгээс болон, НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд хүлээн авч, мөн гуравдагч улсын орогногч болоход нь тусалж, улс төрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжоор ханган, улс төрийн орогногч гэсэн статусад нь нийцүүлэх;
31. Гуравдагч улсад суралцаж байгаа олон мянган ГУМ оюутан залуусын дунд Монгол улсад ажиллаж амьдрах хүсэлтэн олон байдгийг харгалзан үзэж, урин татах;
32. Монгол улсын хөгжил дэвшилд их ач тусыг үзүүлж чадах, мэргэжил боловсрол, авъяас чадвар, эрдэм мэдлэг, бизнесийн хувьд өндөр төвшинд хүрсэн, өндөр амжилтад хүрсэн хүмүүсийг судлан ирүүлэх;
33. Бэлчээр нутаггүй болсон малчин монголчуудыг ирүүлж, хэт төвлөрлөөс шалтгаалан нутаг эзэнгүйрэх үзэгдлийг багасгах;
34. Хууль бусаар хүсэлт нь хөсөрдөгдөж, шахагдан гаргагдаж, хохирон хэлмэгдсэн монголчуудыг цагаатгаж, урьж залж, оршин суулгах, хохирлыг нь барагдуулахыг хичээх;
35. Цаашид, өргөтгөсөн репатриаци буюу уугуулшуулал; бүх монголчуудад хаа байгаагаас нь хамаарахгүйгээр Монгол улсын иргэн болох боломж олгох буюу элэгшүүлэл; давхар иргэнчлэл зэргийг хуульчлан хэрэгжүүлэх;

6. Олуулшлын бодлогоор ирсэн хүмүүсийг дэмжих

36. Монгол улсад оршин суух, иргэн болох зорилготой ирсэн, тэрхүү зорилгоо биелүүлсэн ГУМ гаралтай олуулшигчийн хүний эрхийг хамгаалах, тэдэнд туслах төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжих, шинээр байгууллагууд буй болгохыг мөн дэмжих;
37. Оршин суух статусын ялгаврыг бичиг баримтын ялгавраар тодорхой болгон баталгаажуулах; статусуудыг нийлүүлэхгүй, дураар бууруулахгүй байх;
38. Олуулшигчдыг ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
39. Олуулшигчдыг улс төрийн эрх чөлөөгөөр хангах;
40. ГУМ гаралтай оршин суугч, иргэдийн төлөөлөлтэй төрийн өндөр дээд төвшинд уулзаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тохиролцдог уламжлалыг сэргээх;
41. ГУМ гаралтнуудын нутгийн зөвлөл байгуулагдан харилцан туслалцах, Олуулшлын бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг дэмжих;
42. Зохих бичиг баримтуудын хүчинтэй байх хугацаа дууссан, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, авлигын тогтолцоонд хамрагдахаас татгалзсан, Монгол улсын иргэн эхнэр/нөхрөөсөө салсан гэх шалтгуудаас болж, ГУМ гаралтай хүмүүсийг албадан гаргаж хэлмэгдүүлдгийг зогсоож, монгол хүнийг албадан гаргах нөхцлийг зөөлрүүлэх, албадан гаргагдсан бол эргэж ирж болох нөхцлүүдтэй болох;
43. Ялтан шилжүүлэх ажиллагаанд ГУМ гаралтай хүнийг хамруулах магадлалыг эрс багасгах; Олуулшигчийн бодлогыг гэмт хэрэгтнүүд оргон зайлах, хууль бус янз бүрийн үйл ажиллагаа явуулах зэрэгт ашиглахаас сэрэмжлэхэд хүчний байгууллага, олон нийт, ГУМ гаралтнуудын давхар давхар хяналттай болох, энэ талаар ГУМ-чуудын үндэстний байгууллагуудтай хамтран ажиллах; ГУМ гаралтай хүний үйлдсэн гэмт хэргийг дэвэргэн ястнаар хагалан бутаргахад ашиглахаас сэрэмжлэх;

7. Олуулшилд харш явдлуудтай тэмцэх

44. Монгол үндэстэн гэх ойлголтыг гуйвуулан, хөх толботой, монголоид төрхтэй, эсгий туургатай, түүхэн холбоотой, адил дуудагдах үгстэй гэхчилэн олон шалтгаанаар өөр үндэстнүүдийг монгол хэмээн сурталчлах; монгол үндэстэн, хэл соёл, түүх, уламжлал, үнэ цэнэт зүйлс гэж байдаггүй мэт төөрөлдүүлэх явдалтай үр нөлөөтэйгээр тэмцэх;
45. Монголд таван жил суусан, Монголын хэл соёл, хуулийн талаар ойлголттой, эсвэл хоёр сая ам.долларын хөрөнгө оруулсан ямар ч үндэстний хүнийг Монголын иргэн болгоно гэх аюултай, космополитик хууль-эрхзүйн орчинг хүчингүй болгож, монгол үндэстэнд ээлтэй орчин болгон өөрчлөх;
46. Олуулшлын бодлогыг хууль бус цагаачлал, авилга, монгол үндэстний эрх ашигт харшилсан үйл ажиллагааны халхавч болгохоос сэрэмжлэх;
47. Хууль бус цагаачлагчид нь олноор орж ирэх магадлалтай, магадлалгүй улсуудын иргэдэд зохих ялгавартай шалгуураар хандан, хууль бус цагаачид монгол үндэстний эрх ашгийг хохироох, Олуулшлын бодлогыг дампууруулахаас сэргийлэх шаардлагатай байна.
Ч.Мөнхбаяр
ММХII.IV.XI
http://moenhbayar.blogspot.com

1 comment:

Mongoltolbo said...

Таны Twitter хаяг бий юу, Бас Google+ дээр түгээлтээ тавих хэрэгтэй