Sunday, May 29, 2011

Улаанбаатарт, Өвөр Монголын тэмцэгчдийг дэмжих жагсаал боллоо

2011.5.29-нд нийслэл хотноо, Өвөр Монголын тэмцэгчдийг дэмжсэн ард олны жагсаал боллоо. Ар Өвөр Монголчуудын хамтран хийсэн энэ жагсаалыг зохион байгуулахад "Хөх Монгол" бүлгэм, Монголын эрх чөлөө, холбооны нам, Өвөр Монголын ардын нам голлох үүрэг гүйцэтгэв. Жагсаалд үндэсний үзлийн байгууллагууд, иргэний хөдөлгөөний төлөөллүүдээс гадна, хувь хүмүүс нийлсэн 100 гаруй хүн эв санаагаа нэгтгэн оролцов.
МУИС-БНХАУ-ын ЭСЯ-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлээр явагдсан жагсаалын гол арга хэмжээ нь ЭСЯ-ны дэргэдэх цуглаан байв.
 Өвөр Монголчуудын тэмцлийг дэмжих жагсаал Монгол улсад төдийлөн болдоггүй байлаа. 2011.1.8-нд болсон жагсаалд 20 орчим хүн оролцсон бол, энэ удаад 5 дахин олон хүн оролцсон нь монголчуудын үндэсний ухамсар, монгол туургатны мэдрэмж өргөжин тэлж буйг харууллаа. Жагсагчдаас гаргасан мэдэгдлийг танилцуулъя:


Улаанбаатар хотноо, Өвөр Монголын тэмцэгчдийг 
дэмжин жагсагчдаас гаргасан
МЭДЭГДЭЛ

Өнөөдөр Өвөр Монголд эсэргүүцлийн өргөн хөдөлгөөн өрнөж байна. Харь олборлогчид ус нутгийг нь сүйтгэн мөхөөж буйг эсэргүүцэн тэмцсэн хөдөлгөөний удирдагч Мэргэний амь насыг, туйлын зэрлэг балмадаар хөнөөсөн явдал өвөр монголчуудыг түрхрэн босоход хүргэсээн. 5.23, 25-нд тэд сүрт жагсаал хийж, янз бүрийн арга хэлбэрээр эсэргүүцсээр байгаа бөгөөд 5.30-нд Хөх хотод, 6.2-нд Улаанхад хотод сүрт жагсаалыг өрнүүлж, амин чухал шаардлагуудыг тавьж, тэдгээр шаардлагыг биелүүлтэл эсэргүүцлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлэх санаа зориг төгс байна.
Монгол улсад суугаа уугуул ард олон болон, өвөр монгол, бүх монголчуудын төлөөлөл болсон бид өнөөдөр 5.29-нд БНХАУ-ын ЭСЯ-ны гадна эсэргүүцлийн цуглаан хийхдээ:
1-рт, Өвөр Монголын тэмцэгчдийн Хятадын төрд тавьсан:
-Малчин Мэргэнийг төрийн зүгээс хүндэтгэж, баатрын ёсоор оршуулах;
-Жигшүүрт аллагын гэм буруутнуудыг тогтоож, хуулийн дагуу хатуу шийтгэх;
-Малчдын бэлчээр нутгийг сүйтгэж, булааж байгааг таслан зогсоож, хохирлыг барагдуулах;
-Үндэстний болон хүний эрхийг баталгаажуулан хангах зэрэг шаардлагуудыг дэмжиж буйгаа мэдэгдэж байна;
2-рт, Хятадын төр тэмцэгчдийн шударга шаардлагуудыг хүлээж авалгүй, хүчээр дарж номхотгох бодлого баримталж, олноор баривчилж хорьж, үнэн хэрэгтээ онц байдал тогтоон цагдаж харгислаж байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна;
3-рт, тэмцэгчдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг тал бүрээр дэмжихийг дэлхийн бүх монголчуудад, шударга хүн төрөлхтөнд уриалж буйгаа мэдэгдэж байна!
Уухай! Уухай! Уухай!

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид
2011.5.29



Жагсагчид Өвөр Монголын Мэргэн, Ар Монголын Т.Сүхболдын алагдсан байдал; Өмнөговь, Шилийн гол аймгуудад нэоколоничлогчид ашигт малтмалыг цөлмөн зөөж буй байдлуудыг харуулсан фотог зэрэгцүүлэн байрлуулсан плакатыг барьжээ.


 Монголын эрх чөлөө, холбооны намын дарга Г.Рүбин 
шаардах бичгийг уншиж байна.
 Жагсагчид чөлөөтэй санал бодлоо илэрхийлэв.
 Жагсагчдын Мэдэгдлийг сонсгов.




Жагсаал хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татлаа.

2 comments:

erdeneochir said...
This comment has been removed by the author.
Ноён Даашка said...

дэмжээд л байнааа хөө