Thursday, May 26, 2011

Өвөр монголчуудаа дэмжицгээе, өвөр монголчууд шиг тэмцэцгээе!

1
Дэлхий даяар Өвөр Монголын талаар шуугиж байна. "Хятадад, Түвд, Уйгурын явдлаас хойш тохиолдоогүй хэмжээний үндэсний эсэргүүцэл өрнөлөө!", "Өвөр Монголд сүүлийн 30 жилд үзэгдээгүй тэмцэл хөдөлгөөн гарлаа!" гээд л.
Өмнөд нутгийн ахан дүүс маань зүсэн зүйлийн зовлон бэрхшээлийг үзсээр ирсэн юм. Үндэстний, улс төрийн, үгийн гээд бүх төрлийн эрх чөлөө тэнд байхгүй. Улс орон нь хужаагаар дүүрч, тэдний бүрэн мэдэлд орж, монгол хүн эх нутагтаа 2-р сортын хүн болж, хавчигдан хяхагдсан. Эрүүл соргог бэлчээр нутгийг нь урилгагүй "зочид" булааж, уул уурхай, хорт үйлдвэр, газар тариалангаар эзлэн түрэмгийлж, малаа хариулах нутаггүй болгосон. Амьдрах аргагүйдэн хотод орж ирсэн монголчуудад ажил, боломж олддоггүй. Эрслэн эсэргүүцвээс, харгислал тамлал угтана. Монгол үндэстнийг систэмтэйгээр мөхөөх, устгах ажиллагаа тэнд явагдаж буй. Дээрх бүх нөхцөл байдлууд тусгаар тогтносон Монгол улсад маань цөм бүрэлдсэн байгаа нь давхар давхар эмгэнэл юм даа. Ар, Өвөр Монгол адилхан болжээ.
Нэг ялгаа буй нь, өвөр монголчууд дэлхийн хамгийн олон хүн амтай, хүчирхэг Хятад улсын төрийн бодлогын эсрэг амь хайргүй тэмцэж тэрсэлсээр ирэв. Ерөөс тэнд тэмцэнэ гэдэг нь үхнэ л гэсэн үг болсон хэмээвээс хилсдэхгүй. Хэн тэмцнэв, тэр амь амьдралгүй л болдог бөлгөө.
Харин ар монголчууд бид олиггүй хэдэн олигархуудын өөдөөс эгцэлж харж чадахгүй, гадаадын нэоколоничлогчдын өмнө цэх зогсож зүрхлэхгүй, эх оронч, баатар хөвүүдээ харин галзуу солиотойг нь гайхан ганцаардуулж, өнөө үмх мах байвал, маргааш юу болохыг тоохгүй, сүх далайтал үхэр амарын үлгэрээр явах болсон нь юутай гаслантай...
Өвөр Монголд, хятадуудын зүй бус олборлолтоос газар нутгаа өмгөөлж хамгаалах малчдын хөдөлгөөн маш хүнд хэцүү нөхцөлд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах болжээ. 5.11-нд нэг удирдагч нь болох Мэргэнийг зам хааж зогсоход нь зориуд хүнд даацын машинаар дайрч, 150 м газар чирч алсан байна. Үнэхээр зэрлэг, хэрцгийгээр хөнөөсөн юм билээ. Толгойд нь уут угласан юм уу, нүүрийг нь бүдэгрүүлсэн зургууд их түгсэн байсан. Харин нэг зургийг үзтэл, нүүрний оронд хэлбэр дүрсгүй бөөн улаан юм л байх нь цочирдуулав.
Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд энэ аллага болохтой зэрэгцээд, Авга хошуунд бас зам хаасан монгол залууг дайран алжээ. Монголчууд зам хаах акци зохион байгуулсан бол, хятадууд дайрч алах ажиллагаа зохион байгуулсан аж. Тэд, "та нарыг дайрч ална, ингэлээ гээд манай компани 40 мянган юаний торгууль л төлнө" гэж байсан хийгээд, дайрсан хойноо "Нэг монгол 40 мянган юань шүү!" хэмээн тавлан хашхираад зугатаж, араас нь цагдаа дуртай дургүй нэхэх гэхэд замыг нь хятад жолооч нар хаан саатуулж байжээ. "Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийн буруугаас шалтгаалсан авто осол" гээд хууль хяналтын байгууллага хэрэгссэнгүй.
5.23-нд хошууны төвд хэдэн зуун малчдын жагсаал болж, цагдаа цэрэгтэй ч мөргөлдөв, баривчилгаа явагдав (Газар нутгийн хөдөлгөөний 100 гаруй малчдыг цөмийг нь баривчилжээ). 5.25-нд Шилийн хотод 2000 гаруй оюутан суралцагсдын сүрт жагсаал болж, аймгийн удирдлагын ордонг бүслэн хаав. Залуус бүр Өвөр Монголын эрх чөлөөний асуудлыг дэвшүүлж, "Даяар Монгол", "Дархан Монгол", "Манай Монгол", "Эрх чөлөөт Монгол", "Бид эрх чөлөөг хүсч байна!", "Монгол минь эрх чөлөөтэй болж, мандан бадартугай!" гэх зэрэг уриа лоозон барьж явжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн Өвөр Монгол даяарыг хамарч, 5.30-нд Хөх хотод сүрт жагсаал зохион байгуулъя гэх уриалга янз бүрийн хэлбэрээр тархаж буй аж. Сургуулиудад цэрэг цагдаа дүүрч, хичээлээс өөр зүйл хийлгэхгүй, хэлэлцүүлэхгүй байлгах гэж цагдан харгалзаж, заримыг түр хаажээ. Гэвч бүгдийг тэд хааж чадахгүй юм. Тиймээс өмнөдийн ахан дүүсийн маань тэмцэл өргөжин дэвжих болноо!


 Монгол улсад тэмцэгч Т.Сүхболд алагдав

Бид боссонгүй

Өвөр Монголд тэмцэгч Мэргэн алагдав

Тэд бослоо!

2
Ноднин жил Монгол улсад яг ийм хэрэг гарсан. Аариг сумын нутгийн 90%-ийг эзэгнэн, баялгийг цөлмөж, байгалийг нь сүйтгэж, удирдлагыг нь атгаж, уугуул ардыг дарласан Эн Жү Мэн компаний бусармаг явдлыг шударга ардууд эсэргүүцэн жагсч билээ. Компаний захирал Жан Пин Дун тэдний шаардлагад хариу өгөлгүй явах гэхэд, жагсагчид замыг нь хаасан. Гэтэл компанийхан тэднийг дайрч алах гэж улангасч, Т.Сүхболд гэх эх оронч эрийг элдэн хөөж, хоёр удаа дайраад, модоор балбан амийг нь тасалсан.
Үүний дараа юу болов? Ар монголчууд бид жагссан уу? Амь хайргүй тэмцсэн үү? Ард түмнээрээ түрхэрсэн үү?
Үгүй ээ! Яагаа ч үгүй. Бид монголчуудын амь нас, хувь заяаг тоодоггүй хэн болчихов оо? Хужаа болчихов уу? Арай ч үгүй байлтай.
Хууль хяналтынхан яг л хужаа нар шиг "замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийн буруугаас үүдсэн авто осол" гээд Жан овогтыг хамгаас хайрт үр хүүхэд шигээ өмгөөлөн хамгаалсаар өдий хүрсэн, харин алуурчдын эсрэг дургүйцлээ илэрхийлсэн хэсэг залуусыг аймаг дамнуулан хөөж, шуурхай гэгч барьж хорьсон, жагсагчдыг элдэв хэрэгт холбогдуулах гэж бишгүй оролдсон, засаг дарга нь нэр төр гутаав гэж тэднийг шүүхэд өгсөн. Монголчуудаа харгислаад, хятадуудыг хайрлаад байдаг хаанахын төр манайд байна вэ? Хятадынх уу? Тийм биш л байгаасай.
Шударга тэмцэгчдийг би үгүйсгэхгүй. Тэд хэн бэ? Ц.Мөнхбаяр, түүний нөхөд. Үндэсний үзэлтэй залуус... Ингэсгээд жагсаалт дуусч байх шиг байна. Эд бол төв монголчууд бидний цөөнхийн цөөнх өө. Өвөр монголчууд шиг ард нийтээрээ, сургууль байгууллагаараа, үхлийг сөрөн, босч тэмцдэг билүү, бид.
Жан Пин Дунд 2 жилийн ял өгсөн дүр эсгэлээ. Тэр биднийг шоолон инээж буй нь лав. Энэ үхэр монголчууд, өт хорхойнууд яав л гэж гээд. Монголд хэзээ л хятадын гэмт хэрэгтнүүд ял эдэлж байлаа даа. Тэр тусмаа мөнгөтэй, эрх мэдэлтэй нь. Хятадуудад дээд тал нь нутаг буцаах л "ял" оноодог, Хятадад хэрэгт холбогдсон иргэдээ буцаах талаар харин огт санаа зовдоггүй төр маань удахгүй түүнийг улсад нь хүлээлгэж өгнө, алуурчин ч эрх чөлөөтэйгээ золгоно, ингээд л гүйцээ. Тэнд ч "авто ослын" мэргэжилтнүүд байгаа шүү дээ.
Энэ бүх эрүүл бус байдалд эцэс төгсгөл гэж байх ёстой, эх орон нэгтнүүд минь ээ! Хүн бүр тэмцэгч болох, ард түмнээрээ тэмцэгч болох цаг ирээд байна.
Бид яг одоо юу хийх ёстой вэ гэвэл:
1-рт, Өвөр Монголын тэмцэгчдийг боломжтой бүхнээрээ дэмжих,
2-рт, Өвөр Монголын баатарлаг тэмцэгчид адилаар эх орон, эрх чөлөөнийхөө төлөө эрслэн босох хэрэгтэй байна.
Улс үндэстнээ гэсэн сэтгэлтэй хэдэн хүн Сүхбаатарын талбайд, та бидний "ач гавъяагаар", хар гэрт орсноос өөрцгүй, дээлтэйгээ дэрийж, гуталтайгаа гулдайн, зовж зүдэрч байна. Ийм байх ёсгүй ээ! Өнөөдөр, одоо л зүй бус байдлаа таслан зогсооцгооё.
Хэрэв бид өвөр монголчуудаа дэмжин, өвөр монголчууд шигээ, харилцан уялдаатай, дэмжлэгтэйгээр тэмцэх аваас юутай сайхан. Ар өвөр монголчууд нэг зорилготой, нэг тэмцэлтэй, нэг хүчтэй, НЭГ болноо! Төв, өмнөд монголчууд бид тэмцлээ холбох, нэгтгэх хэрэгтэй байна.
Баатар хөвүүн Т.Сүхболдыг хөнөөсөн хэрэг шударгаар шийдвэрлэгдэхийн төлөө, харийн нэоколоничлогчдоос Монгол улсаа чөлөөлөхийн төлөө, гэноцидчин дарангуйлагчдыг түлхэн унагахын төлөө босоцгооё гэж уриалж байна! Монголчууд минь, мориндоо мордоцгооё! 1911 оны бүх монголчуудын хувьсгал шиг хамтын хувьсгалаа хийцгээе!
Ч.Мөнхбаяр
MMXI.V.XXVI

2 comments:

Ноён Даашка said...

Муу Хужаа хэдэн үеэрээ дарлуулах гэсэн юм бэ?

BID said...

Ganz uvur ar Mongolchuud ch bish niit Mongol tuurgatni asuudal uchraas buriad oird Mongoliin hen ch bolow enehuu temzeld negdeh heregtei!