Tuesday, September 14, 2010

Хурдан морины хүүхдүүдээ баатар, одод болгон хүндэлье!


Саяхан, Мөнх Тэнгэр судлаач анд З.Эрдэнэбат маань алс Гэрманаас утасдаж, их л чухал асуудлыг дэвшүүлэн хэлж, би ч шууд дэмжин, хоёул хэлэлцсэний эцэст, миний бие энэ үгүүллийг тэрлэх болсон билээ...
Хурдан хөлгийн уралдаан бол Монголын гэсэн өвөрмөц онцлогтой нэгэн гайхамшиг юм. Хилийн чанадад, олон зуун жилийн сонгон шалгаруулалтын дүнд үүсгэсэн, зөвхөн уралдах зориулалттай морьдыг цөөн тоогоор өсгөдөг. Монголд бол адуун сүргийн дундаасаа аль шандастайг шилэн, хурдыг сорино. Энэ нь бараг монгол морь бүр уралдаанч гэсэн үг юм. Түүнээс гадна уралдах нөхцөл нь байгалийнх.
Монгол наадмынх шиг олон морьд уралдан, талыг доргиож, тэнгэрийг баясгадаг нь өөр газар үгүй. Аугаа их түүхийн минь чимээ энэ уралдаанд нүргэлдэг.

Хүүхэд багачууд маань хөлд орохын сацуу шахам хөлгийн нуруун дээр гарч, хамт өсдөг. Энэ л хүүхэд жинхэнэ эрэмгий монгол хүн болж төлөвших бус уу? Сүүлийн үед багачууд хөлгийг уралдуулан давхидгийг болиулна хэмээгчид буй боллоо. Бид монгол ёс уламжлалаа алдаад байх биш, харин ч сэргээн мандуулж, хөгжүүлж явах нь зүй.
Жишээ нь, Хүннүгийн наадмыг үзсэн гадаадын жуулчин бартаат уралдаан, моринд гарамгайг үзүүлэх сургууль, уургалах, бугуйлдах, эмнэг номхруулах, хөлгөө унаад харвах, тулалдах, барилдах зэрэг тун олон төрлөөр хүч самбаа сорьж байсныг үзсэн гэдэг. Одоотэдгээрийгсэргээж яагаад болохгүй байх билээ.
Буянт ажнайг хүүхэд хурдлуулдагтаа наадам маань онцгой бодцог. Уралдаанч багачууд манай наадмын өнгө төрхийн салшгүй хэсэг. Холыг барсан эрдэнэт хөлгүүд, хойчийг зөгнөсөн унаач хүүхдүүдийг тоосон дундаас торойн тодроход наадамчин олны самсаа шархирдаг.
Түрүү магнай, хийморьтой уяачдыг бүгд шагшин магтаж, хуйлран дагаж байдаг. Сайн хөлөг ч,уяач ч өндөр бай шагналаар мялаалгаж, үнэ ханш нь өсч, олны танил болон манддаг. Харин унаач хүүхэд хэмээгч бяцхан баатрууд, одод хаачив? Тэдний шагнал цол, зураг хөрөг, алдаршин шүтэгдэх гэж байна уу, ер нь? Байхгүй шүү дээ. Юутай шударга бус явдал гээч энэ билээ.
Бусад спортод бол өрсөлдөгчөө ялсан, рэкорд тогтоосон, гоол оруулсан тамирчид л гол байдаг. Гадаадад ч уяа сойлгочид буй агаад, тэд тэргүүн эгнээнд манддагийн учир гэвэл, эцсийн эцэст хамгийн эрсдэлтэй тэмцэлдээн, тулаанд унаач буюу жокэй гарч эр зоригоороо бахдуулдаг. Хилийн чанадын жокэй нар бол насанд хүрсэн, ир бяр жагссан эрчүүд. Манай бяцхан дайчид тэднээс илүү гарах уу гэхээс, дутах юун билээ.
Өөр улсуудад, унаач уралдаанч аль аль нь мэргэшчихсэн, спортын хамгаалал, даатгал нь дээд зэрэг, дүрэм журам нарийн. Хажууд нь манай уралдаан дайн л гэсэн үг. Цас бороо, манарсан тоос, салхи шуурга, цацагдаж шидэгдэх шороо хайрга, газрын бартаа, үлий... Хөлөг бүдэрнэ, багтарна, ам нь дийлдэхгүй, хадуурна, хүүхэд шидэгдэнэ, дарагдана, хонго нь улаан нэлий болно. Нүдэнд нь ус хурж, чих нь шунгинан дүлийрч, мориноосоо хойш сугарчих гэсэн, салхинд хийсчих дөхсөн, аюул ослоос сэргийлэх тарни үглэхчээ аядсан хөөрхийс явна. Хоорондоо бас байлдаж, морь хажуугаараа оруулахгүй гэж шахалцана, хүлгийн цавь руу жийнэ, хамар амыг нь ороолгоно, бие биеэ ч балбана. Энэ тухай багадаа унаач байсан хүмүүс өөрсдөө нүдэнд харагдтал ярьж дурсдаг (Харин хүүхдүүдийг бид сонсдог билүү?). Баяр цэнгэлийн маань нэг бодит тал нь ийм.
Жилд Монголд 500 гаруй наадам болж, 170-190 мянган хөлгийг 20 мянган хүүхэд унаж, 40 мянган уяач сойж хурдлуулж байна. Бүх уралдаан, дээр өгүүлсэнэрхүү л өнгө төрхтэй явагдана. Сүүлийн жилүүдэд 11 аймагт 15 хүүхэд эрсдэж 210 хүүхэд хүндэвтэр гэмтэж, олон хүүхэд хөлдсөн, бэртэл авсан байна. Хүүхдийн тоглоом биш, хүүхдийн дайн юм.
Гэтэл энэ бяцхан дайчдыг үл ойшоож, сайн юм болбол хамаг гавъяа морь, уяач хоёрт оногдож, муу юм болбол бурууг хүүхдүүд л үүрч, баян ходоод болбол сая олны анхааралд өртдөг нь ямар гээч ёс вэ. Ийм шударга бус байдлыг үзэж туулсан багачууд хүчтэний өмнө хүчгүй нь л буруутай байдаг юм байна даа гэсэн ойлголт авна, хожмын төлөвшилд нь ч янз бүрээр нөлөөлнө. Эрэлхэг үрсээ ялгаварлан гадуурхсан, бүр шууд л дээрэлхсэн энэ чиг хандлагыг даруй өөрчлөх хэрэгтэй.
Үүнээс хойш, айргийн тавд орж ирсэн унаач хүүхдүүдийг наадмын төвшинтэй нь уялдуулан, гол одод, баатруудынх нь тоонд оруулж, бай шагналыг хангалттай өгч, алдаршуулан нийтэлж нэвтрүүлж, хүмүүнлиг нийгэм, хүний эрхийн ёсоор хүндэтгэн дээдэлж явцгаая! Уламжлалаа эрхэмлэх тухай дээр үгүүлсэнтэй минь энэ нь харшлахгүй юм. Монголчууд ямагт уламжлалаа шинэчлэлээр тэтгэж ирсэн, харин уламжлалыг устгаж, уусган харьжуулах гэвэл буруу.
Бяцхан баатруудын асуудлыг шийдвэрлэх нь хэцүү биш. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд хэдхэн мэдээжийн зүйл тусгахад болно. Жишээ нь, янз бүрийн төвшний наадамд унаач хүүхдүүдэд цол олгох тухай (8.7-8.9-р зүйл).
Эцэст нь, сэтгүүлч нөхөддөө хандаж бяцхан баатруудыг алдаршуулан мандуулж явахыг уриалж байна.
Ч.Мөнхбаяр MMX.VIII.XV
http://moenhbayar.blogspot.com

No comments: