Tuesday, September 14, 2010

Авлигын цагаан толгой

Авлига гэж юу юм бэ?
Сүүлийн үед Тэмүүжин Тоорил хаанд авлига өгсөн гэх болчимгүй үг, өөрийгөө Тэмүүжинтэй адилтгаад ч байгаа юм шиг олхиогүй хандлага моодонд орох төлөвтэй.
Тогтсон уламжлалын дагуу эцэг Есүхэй баатрын анд, хан хүнд бэлэг барин золгосон, эхнэр хүүхдээ мэргидүүдээс чөлөөлөхөд туслахыг ивээлт ахаасаа хүсч гуйсан хүн ёсны явдлыг хамаа намаагүй хольж хутгаж, өнөөгийн бусармаг хэргүүдтэй дүйцүүлэн үзэж, мань мэтийн оршихуйн үндсийг тавьсан их хаанаа элэглэн гоочлоод байж болохгүй нь лавтай.
 Дайтах хөлс гэж бус, эцгийн анд, өндөр язгуурт хүнийг хүндэлсэндээ Тэмүүжин бэлэг өргөсөн, Тоорил хан ч дахнаас болж дайн дэгдээх нэгэн бус бөгөөд, андын зоригт хөвүүнийг хүндэлсэндээ л туслах болсон билээ. Түүнээс биш, дах өгөөгүй бол туслахгүй байсан юм биш.
Гэхдээ Чингис хаан авлигач байсан уу? Байсаан! Байх байхдаа авлигын томоохон төлөөлөгч, авлигын санг үндэслэгч байжээ.

Харин ямар авлига вэ гэдэгт гол учир оршино. Их хаан маань өдгөө ч амь бөхтэй байгаа марксист-ленинист суртал ухуулгын эсрэгцэл болсон нэгэн байсан агаад, өнчин ядуу, дайн дажинд нэрвэгдэгсдэд буюу эмзэг бүлгийнхэнд төрөөс туслах Авлигын санг байгуулгаж, ноёд баячуудаас тусгайлан татварлаж хөрөнгийг нь бүрдүүлдэг, байнгын үйл ажиллагаатай болгон төлөвшүүлсэн юмсанжээ. Авлига гэдэг нь хүмүүнлэгийн үйлсийг нэрлэх үг байж. Ийнхүү нийгмийн халамжийн зарчмыг анхлан буй болгосоон.
Их хаан гэдэг их хаан л байдаг. Өнөөгийн “дээдэстэй” зүйрлэвэл алдас болно, таминь!
Вавилонд МТӨ 24-р зуунд Урукагина гэдэг хаан авлигын талаар зарлиг гаргасан нь нийгмийн энэ сөрөг үзэгдлийн тухай хамгийн эртний баримт гэгджээ. Вавилон бол авлигын түүхэн эх орон болой гэх тийм ч түүхч бус хэллэг ч гарч. Ташрамд, дээрх өгүүлбэрээс эхлэн миний бие авлига гэдэг үгийг өнөөгийн хэвшмэл, шилжсэн утгаар нь хэрэглэхээс өөр аргагүй болж байгаа юм шүү.
Вавилон гэдэг үг ч шилжсэн утгатай. Газар газар, орон орны далан хэлт гэм нүгэлтнүүд хуран цуглаж хэмээсэн санааг “Вавилон болж!” гэж хураангуйлан хэлдэг. Тэнгэрт тулсан цамхаг барьж, тэнгэр бурхантай эн зэрэгцэнэ гэх их санаа агуулсан хүмүүст Бурхан хилэгнээд, хоорондоо ойлголцохгүй олон хэлтэй болгочихсон юм гэх шашны домгоос энэ нь үүдэлтэй.
Өнөөдөр Монгол маань Вавилон болчихоод байгаа. Даян дэлхийн өнцөг булан бүрээс манайд элдэв луйварчид, залилж мэхлэгчид, хууль завхруулагчид, үл бүтэх этгээдүүд хуран цуглаж, өөрсдийгөө тэнгэрээс их гэж эндүүрэн дураар дургиж, тэнгэрт тулсан гэм нүглийн “цамхаг” босгохыг завдан, “цайз хэрэм” дотор нь арван хорын муу үйлээ чөлөөтэй гүйцэлдүүлэх гэх болсон нь үнээн.
Авлигын олон улсын нэр нь коррупци. Ром гүрний үед эвдэн сүйтгэх буюу коррумпере гэх үгнээс үүссэн, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох явдлыг хэлэх нэр томъёо. Нийгмийг эвдэн сүйтгэдэг гэх утгаар гарч ирж дээ.
Хээл хахууль, хулгай, төрийн үйлчилгээг хувийн зорилгод хэрэглэх, эх орны эрх ашгийг харийнханд үйлчлэн хохироох гэхчилэн үндсэн хэлбэрүүдтэй орчин үеийн авлига нийгмийг гол эвдэн сүйтгэгчдийн нэг мөөн. Ялангуяа Монгол оронд, нийгэмгүйжлийн түвшинд хүргэм авлигын сүйтгэл бугшиж архагшаад, нэн хүнд шатандаа ороод байна.
Хаанаас ийм олон авлигачин, муу муухай улсууд гараад ирэв ээ гэж гайхагсад олон. Монголчууд гэдэг ч ерөөсөө л олиггүй, арчаагүй амьтас юм уу даа гэж гутарч, цөхрөгсөд ч цөөнгүй.
Үнэндээ бол монголчууд авлигач байгаагүй юм шүү дээ. Авлигач байх шаардлага байгаагүй юм. Нүүдэлчид ихээхэн бие даасан үйлдвэрлэгчид, харьцангуй чөлөөт иргэд байсаан. Ямар байгальд авлига өгнө гэх биш дээ.
Харин авлигад идэгдэж гүйцсэн төртэй Манж гүрний эрхшээлд орсон нь нөхцөл байдлыг өөрчилсөн. Манж гүрэн доройтон мөхсөний нэг гол шалтгаан нь ч авлига гэгддэг юм билээ.
Зөвлөлтийн туршилтуудын үед, ард түмний сэхээтэн, санваартан, язгууртан, эх оронч үзэлтэн гээд хамгийн шилдэг төлөөлөгчдийг түүж хядсан, хэлмэгдүүлсэн геноцид явагдаж, энэ нь оюун санаа, ёс суртахууны уналтад оруулсан. “Ах нар”-ын сайн мууг ялгалгүй дуулгавартай шүтэгч л бүхнээс илүү үнэлэгддэг, өөрийн гэсэн толгойтой, бодол сэтгэлгээтэй нь хавчигдаж хяхагддаг байсан тэр нийгэмд бэртэгчин төлөв, гэмт чанар ихэд дэлгэрсэн. “Арын хаалга” нэртэй авлигын тогтолцоо нийгмийн эд эс бүхэнд нэвт шувт орчихсон, шингэчихсэн байсныг тэр үеийн хэн ч бэлээхэн гэрчилнэ.
Тийм ээ, авлига гаарах нийгэм-түүхийн ултай суурьтай шалтгаанууд байж. Гэхдээ нийгмийн гишүүн бүр сайн муу аливаа үзэгдлийг бүрдүүлэгч гэдгээ огт мартаж болохгүй. Биднээс дэндүү их юм шалтгаална.
Луйвар гэдэг бол хуурч мэхэлж, залилан завших үйлдэл. Манай нийгмийн хамгийн их газар авсан нэгэн суурь өвчин. Том жижиггүй, хэн нь ч хэнийгээ л их бага хэмжээгээр луйвардчих гээд байдгийг бүгд л анзаардаг, хохирчихгүйн тулд байнгын сэрэмжтэй, чихээ соотойлгоод, биеэ хураагаад, гэтээд, мөр мөрөн дээрээ гишгэцгээгээд явдаг.
Өөрчлөн байгуулалтын үед зөвлөлт нөхөд монгол андуудыгаа өчүүхэн төдий ичих эмээх зүйлгүйгээр хаяж одсон. Зөвлөлтийн бүх юм давуу байж байж л, Зөвлөлт гүрэн бишрүүлнэ, манлайлна гэх номнолын дагуу бусад социалист орнуудад олон зүйлийг хааж боодог, дарж дортгодог байлаа. Ялангуяа буурай Монголд тэр хандлага нь онцгой хүчтэй байсаан. Бусад социалист орнууд дунд манайх шиг хадаас зүүхэн ч үйлдвэрлэчихэж чаддаггүй нь байгаагүй л юм. Тэр тусмаан монголчууд зөвлөлтийнхнийг бишрэн шүтэж, төдийчинээн цаадуул нь элэг барьж, төчнөөн хэмжээгээр арын хаалгууд мухардсан нийгэмд гарцыг орлон нээгдэж байлаа л.
Тэгж л арга ядсан байдлаар амьдарч, оршдог болоод бэлтгэгдчихсэн, төлөвшчихсөн монголчууд нөгөө “буруу хүмүүжүүлсэн” зөвлөлт багш нар нь орхиод явчихлаар яах вэ? Яг л хуучнаараа аргацаахаас өөр яах ч аргагүй л болсон. Арын хаалга гэдэг бол бие биеэ луйвардаж завших нэг хэлбэр байлаа. Угтаа бол луйвар л юм. Хийгээд гаршчихсан луйврын үйлдлээ л илүү чөлөөтэй, далайцтай хийцгээдэг боллоо. Хэн үүнд чадамгай, дадамгай болсон нь сэргэлэн цовоо, овсгоо самбаатай, оюун билигтэй ч гэх юм уу, гарамгай бизнесмен, онцгой улс төрч гэгдсэн тохиолдол хэтэрхий л болсон.
Яагаад үүнийг олон түмэн төдийлөн жигшсэнгүй, зэвүүцсэнгүй, харин ч гааруулчихсан, газар авахуулчихсан юм бэ? Яагаад гэвэл муу зүйлийг, бүр харийн дарлалыг хүртэл хүлцээд тэвчээд хэвшчихсэн, чимээгүй байгаад сурчихсан, тийм л байх ёстой гэж боддог болчихсон олон нийт л социализмаас тэр чигээрээ гараад ирсэн шүү дээ. Үнэндээ социализмын зарчмуудад огтхон ч итгэдэггүй, би л болж байвал барав гэх үзэлтэй хүн олон ч байв, тэд ардчиллын зарчмуудыг ч хүндэтгэсэнгүй дээ. Бие биеэ луйвардаж завших хялбар бөгөөд, явуургүй жим рүү олноор халтиран орцгоосоор л ирлээ. Үүнийг зөвтгөх арга огт байхгүй.
Улс орныхоо хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг мулзалж мулталж, хулгайлж зэлгийлж хамаад л, урагш нь вагон вагоноор нь хог хаягдал гэж гаргаад, нөгөө социалист бүтээн байгуулалт гээчийг ор мөргүй болгож байсан. Тэр луйвар байсан уу? Байсаан. Цэнхэр, ягаан тасалбаруудыг хэнд ч хэрэггүй хэрчим цаас гэж итгүүлэн хурааж аваад, хамаг объектийг хэдхэн хүн хувааж хүртчихээд, ашиглаж ч чадалгүй, их сайндаа л эвдэж нурааж, барилгын материалыг нь ч юм уу, газрыг нь л зарж байсан явдал бол бизнес мөн үү? Биш ээ. Ердөө л луйвар. Луйвардаж олсон юмаа хайрлана гэж байдаггүй л байхгүй юу. Урд хөршөөс хамгийн хямд, гологдол, хятадууд нь тоож харахгүй болсон өмд гутал, төмс манжин тэргүүтэнг цуглуулж авчраад дамладаг нь луйвар уу? Луйвраар барах уу. Бараг өөрөө өөрийгөө маллаад явчихдаг малын махыг, барууны паартай байшин, паалантай жорлон хэрэглэн бөөцийлүүлдэг малын махтай адил үнэтэй болтол хөөргөдөж байгаа нь юу вэ? Луйвар л байхгүй юу. Бид ингэж л амьдарч байна. Луйвар хаа сайгүй, алхам тутамд, Утаанбаатарын агаарын бохирдол шиг л их байна. Луйвардах, луйвардуулахаас зайлах аргагүй шахам болчихож.
Луйварчин сэтгэлгээний нэгэн илрэл нь авлига мөн. Өөр олон гэмт хэргийн, мөн гэмт дэглэм оршиж буйн шинж тэмдэг нь авлига.
Иргэний дайн ч авлигаас үүдэж байсаан. Нийгэм нь дэндүү ялзраад ирэхээр хамгийн их жигшиж зэвүүцсэн, хохирсон, дорд орсон хэсэг нь юу ч хийхээс буцахгүй болж, эрслэн босдог. Гэтэл авлигын тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болчихсон, авлигач ангийнхан, давхаргынхан эрх мэдэл, эд хөрөнгөндөө эрдээд, улайран эсэргүүцдэг.
Хуулийн дагуу бол хүн амын тэн хагас нь хүнд, дунд зэргийн гэмт хэрэгтэн, тэн хагас нь хөнгөн гэмт хэрэгтэн гэж тооцогдохоор болчихсон нийгэм түүхэнд тохиолдож л байсан. Хөнгөн, хялбар аргаар, гэхдээ бусдаас хавьгүй илүү түвшинд амьдраад байх боломжийг олгочихдог шидэт саваа мэт санагдах авилгын араас хэтэрхий олон хүн хошуурч, уруй үүсгэдэг эрэмдэг нөхцөл байдлуудаас тийм нийгэм төрдөг.
Уруй уруудах тусам улам л ихэснэ. Уруй зөвхөн уруудна, богино настай уруйг зөвхөн мөхөл л хүлээж байдаг.
Гутамшгийг бид мэдрэх хэрэгтэй. Монгол хүн 100 жилийн өмнө, шаардлага гарвал эх орныхоо төлөө амиа өгөхөөс ч буцалгүйгээр, ямар ч эргэлзээгүйгээр, өөрийн зардлаар цэрэгт мордоход хэзээд бэлхэн байдаг байж. Харин бид тийм монгол хүнийг балагтай марксист-ленинист суртал ухуулгын гүжир гүтгэлгийн дөнгөн дороос элэглэн шоолохоос өөр “дэвшилгүй” байж болохгүй биз дээ? 100 жил хөгжөөд хөгжөөд, эх оронд нь харийнхан авлигын хүчээр эзэгнэж байхад, тэдэнд яаж үйлчлэхэв, зарцлагдахав гэсэн арга шүү юм сүвэгчлээд байх болсондоо ичихийн дээдээр ичиж, гутахын дээдээр гутах ёстой.
Арабын баян улсууд шиг жаргалтай цэнгэлтэй байх алтан хувь тавилангаа хялайгаад, алт эрдэнэс бол хар мөртэй, зөвхөн гай лай л болно, ядууруулна гэж хийрхээд, орчлонгийн хамгийн заяагүй гуйлгачны зураг төөргийг булаалдаад явдгаасаа ичих цаг болсон юм биш үү.
Монголын гэрэлт ирээдүй, аз хийморь болох ашигт малтмал авлигын замаар харийн үл бүтэхчүүдийн саварт орсон явдал бол улс орны маань мянга мянган жилийн түүхийн хамгийн эмгэнэлт хуудсуудын нэг мөөн. Улс орон харийнханд эзэгнэгдэн мөхөөд, ард иргэд нь дарлагдан мөлжигдсөөр сөнөж дуусах золгүй хэтийн төлөв рүү биднийг юу аваачих гээд байна вэ? Авлига!
Бид ийм тийм хүчин зүйлээс шалтгаалаад ингээд тэгээд сонин хачин болчихжээ гээд л сууж байж яавч таарахгүй. Тэр сонин хачин байдал бол гутамшиг гэдгийг ойлгоцгооё! Ойлгосон л бол гутамшгийг арилгахын төлөө, өөрчлөгдөхийн төлөө, өөрчлөхийн төлөө тэмцэцгээе. Хүлцэж суух тусмаа л бид муу муухайг бүтээлцсээр байх болно.
Авлига бол төр нь түмнээ ивгээдэг буянтай сайхан үйлс байж. Өнөөгийн бид төр нь түмнээ мөлждөг нүгэлт замнал болгон хувиргачихаад байна.
Ер нь авлига гэдэг сайхан үгнээс муухай үзэгдлийг салгамаар. “Албан тушаалаа урвуулах” гэж урьд нь хэлдэг байсан. Урвуулах гэдэг үгийн үндэс нь, мөн чанар нь – Урвах. Урвуулж ч, урваж ч байдаг жигшүүрт явдал шүү дээ. Эх орноо харийнханд хайр найргүй худалдаж байдаг төрийн түшээд урвагч мөн биз? Тийм болохоор, урвахтай холбоотой, урвалга ч гэдэг юм уу, урвуулга ч гэдэг юм уу шинэ үг, нэр томъёо үүсгэвээс зохилтой.
Авлигатай яаж тэмцэх вэ? Авлига өгч авсныг хатуу шийтгэдэг сингапур арга гэж байна. Авлига авахааргүй болтол төрийн ажилтнаа бэлтгэдэг, шалгаруулдаг, цалинжуулдаг швед арга гэж бий. Тагнаж мөшгиж, өдөөн хатгаж, жүжиг найруулж байж илчлээд өршөөлгүйгээр гэсгээн цээрлүүлдэг орос арга буй болоод, үр дүнтэй хэрэгжиж байна. Аль алийг нь л аваад хэрэглэе л дээ! Авлигатай тэмцэх газар тусгай үндэсний хөтөлбөрийн дагуу өчнөөн ажиллаад ямар ч нэмэр болсонгүйн учир нь юунд байна вэ?
Нийгмийн буруу гажууд тогтолцооноос үүдсэн олон өвчлөлийн шинж тэмдэг нь авлига юм. Зөв бус аж төрөлтэй хүн өвчинд баригдаж, тэдгээр нь халуурах, ханиах, доройтох зэрэг шинж тэмдэг өгдөг шиг л. Шинж тэмдэг аюултай. Халуурах, ханиах, доройтохын аль аль нь л хүндрэлд хүргэнэ. Гэхдээ зөвхөн халуурахтай тэмцээд байвал юу болох вэ?
Уг шалтгаантай нь тэмцэцгээе ээ! Нийгэм эрүүл бус байгаагаас л авлига үүдэлтэй. Шалтгаан нь энэ. Үнэн гэдэг энгийн, ойлгомжтой байдаг хойно.
Эрүүл нийгэм ямар байх ёстой вэ? Үндэстний эрх ашиг, улсын хөгжил дэвшил, ардчиллын үнэ цэнэт зүйлс, хууль ёсыг дээдэлдэг төр засагтай, ард иргэдтэй байх ёстой. Тийм болтол нь тэмцэцгээе. Нийгэм эрүүлжсэн цагт авлига орших аргагүйдэж, устаж үгүй болно оо! Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн дундаасаа төрүүлж, өөрсдөө гаргаж ирсэн болдоггүй дарга нартайгаа төдийгүй, өөрсөдтэйгээ ч, өөрсдийн сэтгэлгээний гажуудалтай ч бид тэмцэх хэрэгтэй!

Ч.Мөнхбаяр
2008.04.05
"Eagle" телевизээс зарласан уралдаанд амжилттай оролцсон өгүүлэл

P.S. Авлига гэх үгийн уг язгуур нь авлага юм. Манай дарга нар чухам тэр авлага гэсэн утгаар нь энэхүү үгийг ойлгодог бөгөөд "Авлигыг үл тэвчье" гэсэн плакатыг хот даяар нааж байсан удаатай. Авахыг үл тэвчье хэмээн тэд яг л мөн чанараа хэлж дээ.

No comments: