Sunday, May 10, 2009

Монгол, Орос, Хятад, Казахстан улсууд хамтарч, Алтайн хязгаарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулна


Миний бие, Монголд чөлөөт эдийн засгийн бүс (ЧЭЗБ) байгуулах нь ач холбогдол ихтэй болох талаар 1999 онд бичиж байснаас хойш, даруй 9 жил өнгөрчээ. Өнөөдөр, манай улсад ЧЭЗБ байгуулах шийдвэр нь хийгдсэн боловч хэрэгжилт нь эхлэл төдий байгаа бөгөөд, “үр ашиггүй, зогсоох шаардлагатай төсөл” ч гэгдэх боллоо.
Монголд ашигт малтмалын асар их нөөц буй нь, олборлол-боловсруулалт-үйлдвэрлэлийн цогцолборуудаас нь олох ашиг дээр суурилан, олон салбарт эдийн засгийн бүтээн байгуулах боломжийг олгоно. Ашигт малтмалын нөөцтэй бол түүнийгээ, хожим ашигт малтмалгүйгээр амьдрах хэтийн төлөвт чиглүүлэн дээд зэргийн үр ашигтайгаар зориулан зарцуулдаг нь жишиг билээ. Жишээ нь: Эмирт.
Бид ч бас тийнхүү ажиллах ёстой. ЧЭЗБ бол олон салбарт эдийн засгийг бүтээн байгуулах үйлсэд багагүй хувь нэмэртэй алхам, уг үйлсийн салшгүй нэгэн хэсэг нь болох юм.
Урьдаас бодож боловсруул-саар, 2008 оны 4-р сард хэвлэлээр олон нийтэд дуулгасан минь, Монгол, Орос, Хятад, Казахстан дөрвөн улсын уулзвар бүсэд олон улсын ЧЭЗБ байгуулах тухай юм.
Монгол улсын хувьд баруун хязгаарыг хөгжүүлэхэд алслагдмал байдал, дэд бүтцийн дутагдал гээд олон бэрхшээл учирдгийг нурших юун.
ОХУ Алтайн хязгаар нутгаа хөгжүүлэхэд зохих анхаарлыг тавьж эхлэв. 1991 онд “Алтай” ЧЭЗБ байгуулах ерөнхийлөгч Б.Ельциний шийдвэр гарсан. Хэрэгжилтийн хувьд янз бүрийн бэрхшээлүүд тохиолдсоор иржээ.
Эрчимтэй хөгжлийн зарчмыг зарлан тунхаглаж, амжилттай хэрэгжүүлж буй БНХАУ-ын хувьд мөн Алтайн бүсээ хөгжүүлэх ихээхэн сонирхол буй.
Казахстан улс дорнод хязгаараа хөгжүүлэх, энэ үйлсдээ хөрш улсуудтайгаа хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа юм. Дөрвөн улсын уулзвар бүсэд казах хүн нэлээд хэмжээгээр оршин суудаг нь уг сонирхлыг нь улам хүчжүүлдэг.
Тийм ч учир, 4 улсын төлөөлөлтэй “Бидний нэгэн гэр – Алтай” гэдэг зохицуулах зөвлөл байгуулагдсан байна.


Өнөөдөр, 4 улсын найрамдал, хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд оруулах ёстой хувь нэмрээ, энэ бүс нутаг оруулж чадахгүй байна. Бие бие рүүгээ гараа сунгаж шийдэмгий алхам хийх цаг иржээ. Тэр нь, 4 улсын уулзвар бүсэд байгуулах олон улсын ЧЭЗБ юм.
“Шинэ Алтай”, “Алтайн дөрөв”, “Найрамдлын Алтай” зэрэг нэртэй байж болох энэхүү ЧЭЗБ нь улс бүр 4 улсыг холбоход хангалттай газар нутгийг олгосны дээр, эдийн засгийн хөнгөлттэй нөхцөл, хуульзүйн онцгой статустайгаар оршин тогтноно. Худалдаа, эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэл, байгалийн баялгийн эзэмшилт, дэд бүтэц, хүний нөөцийн ашиглалт, тээвэр, жуулчлал, шинжлэх ухаан-техникийн зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой бүс болох төлөвтэй юм.
Гааль, түрээс, татвар, валют, виз, хөдөлмөрийн тусгай дэглэмүүд нь хөрөнгө оруулалтад нэн тааламжтай нөхцлүүдийг олгох ёстой. Нээлттэй, олон улсын онцгой хот, технополисийг хамтран байгуулж болох юм.
Алтайн шинэ ЧЭЗБ-д Туманганы ЧЭЗБ үлгэр жишээ болж өгнө. Тэрхүү олон улсын ЧЭЗБ-ийг хөгжүүлэхэд БНХАУ, ОХУ хүчин чармайлт тавин ажиллаж буй. Монгол улс ч хувь нэмрээ оруулж ирсэн юм.

Алтайн дөрвөн улсын ЧЭЗБ-ийг байгуулах санаачилгыг миний бие үүгээр дэвшүүлж буй бөгөөд, МУ-ын ЗГ нааштайгаар хүлээн авч, энэхүү асуудлыг хөршүүддээ ул суурьтайгаар дэвшүүлэн тавина гэдэгт найдаж байна. Алтайн олон улсын ЧЭЗБ Монгол орны хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой болох нь дамжиггүй билээ.

2009.02.02

No comments: