Tuesday, April 28, 2009

Ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлээд, тугийг аваад явах ёстой


(МНН-ын VIII их хурал дээр хэлсэн үг)


Сайн байцгаана уу?
Намайг Ч.Мөнхбаяр гэдэг, сэтгүүлч.
Юуны өмнө хэлэхэд, Ногоон нам маань ер нь юу вэ? Байгаль хамгаалдаг байгууллага юм уу? Нэр дэвшүүлдэг байгууллага юм уу? Ийм үйл ажиллагаатай бол нийгэмд хэр амжилт олох вэ? Би бол, эрүүл байгаль мэт эрүүл нийгмийн төлөө тэмцдэг байгууллага байх ёстой гэж ойлгоод байгаа шүү дээ. Хүн ч гэсэн байгалийн л нэг хэсэг. Тэгэхлээр хүний байгаль руу, хүн рүүгээ түлхүү анхаарвал яасан юм бэ?
Ногоон нам Ардчилсан хувьсгалыг хийлцсэн, Ардчилсан хувьсгалын үйл хэргийг эхлүүлэлцсэн намын нэг. Тэгэхлээр энэ сайхан замнал, уламжлал, угшил, мөн чанарынхаа дагуу Ардчилсан хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлээд, тугийг аваад явах ёстой гэж бодож байна.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэг дуусаагүй шүү дээ. Тэр битгий хэл, эхнээсээ л маш их саад бэрхшээлтэй учирч ирсэн, өнгөрсөн 7.2-нд бүр сөнөх, үгүй болох шинж тэмдгүүд буй болоход, урьд нь нам бус байсан би “Ардчилсан хувььсгалын үйл хэрэгт гар бие оролцъё” гээд тэр өдөр Ногоон намд элсэж байсан.
Гэтэл үнэндээ Ногоон нам маань маш идэвхгүй үйл ажиллагаатай юм билээ. Ногоон нам байна гэж нийгэмд мэдэгдэх, мэдрэгдэх юм алга байна шүү дээ. Гишүүн бидэнд ч төдийлөн мэдрэгддэггүй нь үнэн биз дээ? Ногоон нам маань ард түмэндээ, нийгэмд ер нь ямар ач тустай зүйл хийх байна вэ. Хэлэхэд хэцүү л байна.
Ямар байх ёстой вэ, бид? Нам гэдэг бол улс түмнийхээ төлөө амь хайргүй тэмцдэг эх орончдын л байгууллага байх ёстой. Өнөөдөр эх оронч хүний зүрх тайван цохилох ёсгүй, эх оронч хүн амгалан явах учиргүй тийм л цаг ирээд байна.
Улс түмэн сөнөж мөхөхийн ирмэг дээр байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэргийг яг одоо л хийх цаг нь болоод байна. Онц нөхцөл байдал бүрдчихээд байна.
-Нийгэм-эдийн засгийн Их нуралтыг аваад үз. Түр зуурын хямрал юм шиг л яриад байна. Арван найман жил улс түмний эсрэг чиглэгдсэн бодлогын үр дүнд нийгэм-эдийн засгийн бүх салбар нурж байна шүү дээ?
-Ашигт малтмалыг харийнханд зүгээр л бэлэглэж байна. Их нуралтаас аврах ганц гарцыг нь үгүй болгож байна.
-Улс түмний эсрэг дэглэм бүр баттай тогтчихлоо, улам л бэхжиж байна. Үүний төлөө Ардчилсан хувьсгалыг хийгээгүй биз дээ. Энэ дэглэмийг одоо яах вэ?
-Геноцидийн асуудал байж байна. Улс түмнийг аймаглан устгах, хүйс тэмтрэх геноцид явагдаж ирлээ шүү дээ. Одоо энэ улс оронд монгол хүн амьдрах ямар ч аргагүй болгож, бүх салбар чиглэлд устгал явуулсан. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.
-Неоколоничлол Монголд бүр бодитой тогтолцоо болчихлоо. Харийн үл бүтэх этгээдүүд л энэ улсын маань жинхэнэ эзэд болоод, Монголчуудын дундаас тэдний гар хөл болсон цөөн хэдэн хүн л өөрсөддөө хожоо гаргаад, бусад нь ерөөсөө ямар ч ирээдүйгүй, хэтийн төлөвгүй болчихоод л явж байна.
-Хувьсгалт нөхцөл байдал, хувьсгалын тохироо бий болчихсон. 7.1-нд яалаа. Онц байдал тогтоогоод л хамаг асуудлыг шийдчихсэн үү. Үгүй шүү дээ. Ахин нэг “7.1” давтагдах юм уу, эсвэл эрүүл нийгмийг цогцлоохыг эрмэлздэг бид зөв зүг рүү нь залуурдаад, зохион байгуулаад, хуулийн хүрээнд явагдах зөв тэмцэл рүү чиглүүлж өгөх юм уу?
Дээрх онц нөхцөл байдал бид яаж хандах вэ, ямар үйл ажиллагаа явуулах вэ? Үүнийг бид ярилцах ёстой. Онц нөхцөл байдалд зориулж, ээлжит бус онц их хурлыг хуралдуулж, үйл ажиллагаа, намаа шинэчлэх хэрэгтэй байна.
Хэвлэлтэй болъё. Хамгийн шударга хэвлэлийг бий болгоцгооё л доо. Үүнийг хэрэгжүүлбэл намын маань дорвитой нэг ажил болчихно.
Идэвхтэй зарчим баримтлая. Монголын нэг гол нам болъё, лидер нам болъё, авангард нам болъё. Орон зай, боломж, нөхцөл нь бүрдчихээд байна. Бусад улс төрийн хүчнүүд ардчилсан хувьсгалын үйл хэргээс шантарсан, бүр урвасан байдалтай байж байна. Шударга ёсны төлөө тэмцдэг ямар улс төрийн хүчин байна вэ? Байхгүй шүү дээ.
Манай нам бол нэлээд нэр цэвэр нам. Үүнийгээ ашиглаад, цэвэр үйл хэргийн төлөө гараад ирцгээе л дээ. Улс түмний төлөө тэмцлийн талбар бол зүгээр хоосон, чөлөөтэй цэлийгээд байж байна. Урагшаа хэд алхахад л бид дүүргэчихэж болж байна.
Гэхдээ би бол хууль зөрч гээгүй шүү. Тэмцэл маань ч эрүүл, хууль ёсны л байх учиртай. Хууль ёсны улс төрийн үйл ажиллагаа бол байж болно шүү дээ. Ардчилсан хувьсгалын үйл хэрэг гэдэг чинь зөв зүйтэй л үйл хэрэг болохоос, хууль зөрчинө гэсэн үг биш шүү дээ.
Ингээд, эцэст нь хэлэхэд, “Онц нөхцөл байдалтай холбогдуулан, онц их хурлыг хийж, нийгмийн хурц асуудлуудад хандах байр суурь, бодлогоо тодорхойлж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэмцэж, нийгэмд санаачилгыг гартаа авч, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт лидер нь болж гарч ирэх хэрэгтэй, бусдыг дагах биш, бусдыг дагуулах №1 нам болох хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлж, сонордуулж, уриалж байна!

No comments: