Sunday, May 11, 2008

Ч.Мөнхбаяр: Болохгүй бол Монголд НҮБ-ын засаглал тогтооно

"Болсон явдал", 2008 он, №05.

Хөршүүдтэйгээ газар нутаг солилцвол ашигтай

Монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, тэдэнд иргэншлээ чөлөөтэй олгох, монгол туургатны геноцидийн тухай зэрэг гурван ч хуулийн төсөл, монгол туургатнуудын төрийн даяар монголч (панмонголист) номнол, ашигт малтмалыг дангааршлын (автарки) зарчмаар ашиглах уриалга, төрийн хас сүлд далбаа, улс, үндэстэн, парламентын шинэ нэршил, монгол латин үсэг, “Нэгдсэн Монгол” сайн дурын хөдөлгөөн гээд сонирхолтой санал санаачлагуудыг “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал төсөл” нэрийн дор 2007 оны 10-р сард дэвшүүлэн тавьж байсан Ч.Мөнхбаяртай ярилцав.

— Та саналуудаа дэвшүүлснээс хойш 5 сар өнгөрчээ. Ямар нэг байдлаар хэрэгжсэн зүйл байна уу?
— Янз бүрийн мэдээллийн хэрэгсэл, арга хэлбэрээр олон хүнд хүргэж байна. Түүнээс биш, хэрэгжсэн юм алга. Зарим нэг хүн харин өлгөж аваад, би анх санаачиллаа гээд тунхаглаад байх тохиолдол мэр сэр байна. Анх хэн санаачилсан нь бол чухал биш шүү дээ, гол нь хэрэгжих л хэрэгтэй. Хэн санаачилсан нь тэртэй тэргүй тодорхой.
2006 онд би уугуулшууллын тухай хуулийн төслөө төрийн зүтгэлтнүүд, байгууллагууд, хэвлэл мэдээлэлд өргөн барихад ерөнхийлөгчийн зөвлөх, ажилтан нар надтай хэдэн удаа уулзаад, ач холбогдол өгөөд, хуульзүйн яамнаас судалж үзнэ гэсэн хариу илгээгээд, телевиз сонинууд ярилцлага аваад нааштай хандаж байсан. Гэтэл 2007 онд би илүү өргөн хүрээтэй багц санал төсөл дэвшүүлж, хавьгүй олон өндөр албан тушаалтан, зүтгэлтэн, байгууллага, хэвлэл мэдээлэлд хандсан атал ямар ч анхаарал тавьсан юмгүй байсаар өдий хүрлээ. Эхэндээ танилцаагүй байна, үзээгүй байна гэдэг байсан, дараа нь оны дараа, цагаан сарын дараа, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн баярын дараа, сонгуулийн дараа гэдэг болчихоод л сар сарыг элээлээ шүү дээ. Улс үндэстнийхээ асуудалд ингэж л хандаж байна. Улс үндэстэн тэдний хувьд зэрэг дарааллаар 1000-рт орох жижиг, өчүүхэн асуудал л болчихож дээ. 6, 7 онуудыг харьцуулаад үзэхэд, дөнгөж жилийн дараа л нөхцөл байдал бүр ноцтой муудчихсан байгаа юм.
Ноднингийн 10-р сард нэг эмгэн хамаг өрөөгөө оюутнуудад түрээслүүлчихлээ, гэтэл тэд наргиж дарвиад, элэг бариад амар заяа үзүүлэхээн болилоо гэсэн аман гомдолтой, миний өмнө хойно ороод л Төрийн Ордны эргэн тойрон яваад байсан. Гэтэл түүнийг дор нь УИХ-ын гишүүн хүлээн авч уулзаад л, хороо хоринд нь хандсан: “асуудлыг нь шуурхай шийдэж өг” гэсэн бичиг цохоод өгчихсөн байгаа юм. УИХ-ын гишүүн хороо хорины цар хүрээтэй ажил хийгээд л сууж байдаг байхгүй юу. Харин надтай бол яавч харьцаж өгөхгүй байх жишээтэй. Би ямар хороо хорины асуудал ярьсан биш, яг өөрийнх нь хариуцах, хууль санаачлах асуудлыг ярьсан болохоор тэр. Уг нь, УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалын ажил хийвэл, эрх мэдлээ буруугаар ашигласан гэхчилэн хэрэгт ороод шоронд суух учиртай. Энэ сонгуульд бүгд л гүйцэтгэх засаглалын ажил хийнэ гэсэн амлалттай орцгоож, сонгогчид нь ч тийм юм хүсч, бүгд хуулиа улан дороо гишгэцгээж байна.
Ер нь бол, сонгууль гэдэг нь бодлогын дэргэд юу ч биш. Бодлого л чухал байхгүй юу. Сонгуулийн дараа ч ширээ сандлын асуудлаар өчнөөн удаан бужигнана. Тэрийг л хамгийн чухал гээд ойлгоцгоочихсон. Улс үндэстний бодлого орхигдоод л явж байна шүү дээ.
Гэхдээ би ухарч няцахгүй. Харин ч шинэ багц санал төсөл боловсруулчихаад сууж байна.
— Шинэ гэнэ ээ? Тэр нь ямар ямар санал байна вэ?
— Хүн амыг “хүчээр” өсгөх хуулийн төсөл боловсруулсан. Улс үндэстний хамгийн гол баялаг бол хүн-баялаг. Тэр ч үүднээс, хүн-баялгаа өсгөе гээд би уугуулшууллын тухай, элэгшүүллийн тухай хуулийн төслүүдээ зохиосон. Гэхдээ гаднаас оруулж ирэх механик өсөлтөөс гадна, ердийн өсөлтөд анхаарахгүй бол байнгын бууралттай явж ирлээ. Одоо манай ердийн өсөлтийн түвшин Азидаа сүүлээсээ 4-р байранд орсон сурагтай. Манайх шиг цөөн хүн амтай, уудам газар нутагтай, байгалийн их нөөц баялагтай улс орон тийм байж яавч болшгүй. Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд ердийн өсөлт маань оччихлоо ш дээ. Хятад улс ердийн өсөлтөө бууруулах гэж асар их хүчин чармайлт тавьж байж хүрсэн үр дүнд манайх тийм юмгүйгээр зүгээр л дорхиноо уруудаад оччихож байгаа байх юм.
Тиймээс хүн амын ердийн өсөлтийг хүчээр шахуу нэмэгдүүлэх хуулийн төсөл зохиогоод, чамбайруулан сайжруулах ажил хийж байна.
— Яаж хүн амыг “хүчээр өсгөх” хэрэг вэ?
— Төсөл бэлэн болтол нарийн ширийнийг нь яримааргүй байна. Маргааш нэг зальхай этгээд өлгөж аваад л, би анх санаачилсан гээд гүйчихнэ. Хэн анх санаачилсан нь чухал биш гэж дээр хэлсэн. Үнэн юм үнэнээрээ л байх хойно. Хамгийн гол нь, тэр зальхай этгээдүүд чухал санааг маань мөнгө төгрөг хулгууж завших аян шалтаг болгоод, нэр хүндийг нь унагаад, явцгүй болгочихдог, алаад хаячихдаг байхгүй юу.
Жишээ нь, монгол латин үсгийн санааг төсөлтэй нь хамт анх би 1991 онд дэвшүүлсэн. 30-аад оны латин үсэг бол шууд Зөвлөлтөөс тулгасан зүйл байсан.
Тэгээд би санаагаа сурталчилж, төслөө улам сайжруулсаар өдий хүрлээ. Гэтэл үр шимийг нь бусад хүмүүс буруугаар ашиглаж, 1997 оноос хойш өдий хүртэл үргүй үрлэг зарлагын үүд хаалга болгочихоод л, тэр цоорхойгоор улсын өмч хөрөнгө эцэс төгсгөлгүй урсаж савирч ирлээ шүү дээ. Тэдний ажлын үр дүн нь гэхээр миний төслийг л муу болгоод жаахан өөрчилчихсөн цагаан толгой байж байдаг. Муу болгож л өөрчлөхгүй бол 100 хувь миний юм болчих гээд байхаар нь тэгж өөрчилсөн хэрэг л дээ. Хамтын зохиогчийн нэр дунд миний нэрийг оруулна л гэдэг байсан, тэгж байгаа ч юм алга.
Тийм зальхай этгээдүүдээс их болгоомжилж байна. Миний 1993 онд анх дэвшүүлсэн нэг саналыг сонгуулийнхаа гол пиар болгоод явж байгаа хүн ч бий. Гэхдээ би хэрэгжих нь л чухал юм, сурталчилж л байг гээд одоохондоо дуугүй байгаа. Буруу тийшээ хазайгаад эхэлбэл харин дуугарна.
Би бас геноцидийн тухай хуулийн төсөлдөө большевист, маоист геноцид дээр, 1990 оноос хойшхи засгийн газруудын өөрийн ард түмний эсрэг явуулсан геноцидийг нэмж оруулдаг юм уу гэж бодож байгаа. Олон улсын геноцидийн тухай баримт бичгүүдэд үйл ажиллагаа нь тохироод байгаа юм. Геноцид үйл ажиллагаагаа цаашид зогсоохгүй, ард түмэн ч дорвитой тэмцэж болиулахгүй бол НҮБ-ын цэргийг оруулж, НҮБ-ын засаглалыг тогтоож байж болиулах, олон улсын шүүхэд өгөх хүртэл арга хэмжээ авахаар зэхэж бэлтгэж сууна. Улс үндэстнээ л аварч байвал яасан ч яах вэ дээ.
— Гадныхангүйгээр асуудлаа шийдчихэж болохгүй гэж үү?
— Харин болохгүй болчих гээд байна. Итгэл найдвар алга. Харин дэлхий гэж байна, хилийн чанадад шударга ёс гэж байна.
Тэгж яривал би Монгол улсад Америкийн цэргийн бааз байгуулж болох боломжийг судалж байгаа. Манай оронд зөвхөн хоёр орныхоос өөр хүчин зүйлүүд байх нь оршин тогтнохуйд маань тустай. Хоёр хөршид ч бас эерэг талууд гарна. Америктай хамтын ажиллагаа, итгэлцэл нь харилцан бэхжих г.м.
АНУ-ын зүгээс, терроризмтэй хамтран тэмцэх гэсэн нэрийн дор, аль нэг улстай нь дамжин өнгөрөх гэрээ байгуулж, хариуд нь тэр улсад хөнгөлөлт, таатай нөхцлүүд олгож болох байхгүй юу. Эдийн засгийг их сонирхдог Хятадад санал болгож болно ш дээ. Эцсийн үр дүнд нь, энэ асуудалд оролцсон улс бүрд хожоо гарна.
Ер нь хоёрхон улсаар зааглагдана гэдэг учир дутагдалтай болох нь ойлгомжтой. Энэ мухардмал байдлаас гарах арга замыг би эрэлхийлж, 2 санал дэвшүүлж байгаа.
1-рт, Монгол орны баруун хязгаарт дөрвөн улсын хамтарсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах. Тэнд угаасаа Монгол, Хятад, Орос гурван улсын хилийн уулзвар цэг байдаг. Манай хилээс 30 гаруй км-ийн цаана Казахстаны хил буй. Улс болгон нутгийнхаа гүн рүү 50 км хүртэл орсон, тэнцүү хэмжээний зурвас газруудыг гаргаж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулбал хэн хэнд нь маш их ач холбогдолтой. Аль алиных нь, эдийн засгийн хувьд хоцрогдмол, алслагдсан, хөгжил дэвшил ноцтойгоор дутагдсан хэсэг тэнд уулзалдсан. Дөрвөн улсын худалдаа, бизнесийнхэнд олон талын хөнгөлөлт олгосон хамтын чөлөөт бүсийг тэнд байгуулбал хөгжил тэнд очиж, жигдэрч ирэх нь тодорхой. Уг бүсээр дамжуулан Монгол улс Казахстан болон Баруун Ази руу цонх гаргах юм.
2-рт, нутгийн солилцооны зарчмыг хуульчлах. Манайд гуравдагч улс орнуудтай харилцах, монгол туургатныг нэгтгэхэд нутгийн солилцоо хэрэг болоод байна. Жишээ нь, хоёр хөршөөсөө Казахстан руу болон, далай руу гарах зурвас нутгийг өөрийн нутгаар сольж авах асуудал байж болно. Тэгснээр, тэр хоёр улс шууд хиллэж байсан давуу тал нь алдагдах учраас, алдагдахгүйгээр зохион байгуулж, улс түмнүүдийн эв найрамдлын бүс нутаг, онцгой статустай чөлөөт бүс маягтай болгож болно шүү дээ. Ямар ч л гэсэн, Монголын эрэгт аль ч орны хөлөг онгоц ирж зогсдог болох нь асар их ач холбогдолтой юм.
Мөн хүн ам, байгалийн нөөц баялаг багатай нутгаа, монгол туургат хүн ам ихтэй нутгаар сольж болох талтай. Шилийн гол аймгийг хэсэг говь нутгаар сольдог ч юм уу. Өмнөд хөршид хүн амын илүүдэлтэй, газрын хомсдолтой байдаг.
— Анх сонсоход их л эрсдэлтэй, осолтой санагдаж байна.
— Тийм ээ. Гэхдээ оюуны нүүдлүүд хийгээд ирэхлээр ашигтай, аюулгүй нь мэдэгдэнэ.
Боловсролын талаар 2 санал дэвшүүлж байгаа.
1-рт, боловсролын салбарт монголчуудын түүх, соёлын мэдэгдэхүүн олгодог зарчмыг буй болгож, хэрэгжүүлье. Өнөөдөр, монголчуудын түүхийг зааж байснаа, Манжаас хойш зөвхөн Ар Монголын, Төв Монголын түүх болоод явчихдаг гажууд тогтолцоо байна. Нийт монголчуудын түүх, соёлыг мэдэх нь бидний оршихуй, ирээдүйд өндөр ач холбогдолтой. Тиймээс Манжаас хойшхи хилийн чанадын элэг нэгтнийхээ түүх соёлыг заадаг тусгай хичээл сургалтын хөтөлбөрт заавал оруулж өгөх шаардлагатай. “Монгол туургатны түүх, соёл” гэдэг предмет байх юм.
Манжаас өмнөх түүхдээ ч, орхигдоод байдаг монголчуудын асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй.
2-рт, энэ орос хэлний сургалтыг больж, англи хэлний сургалт болгох хэрэгтэй. Хэдий болтол даян дэлхийгээс гадуур улс орон явах вэ, бид. 1990 онд л тэр сургалтыг халчихсан бол өдийд улс орны нөхцөл байдал хичнээн сайжрах байв. Орос, Хятад хоёр англи хэлний суурь сургалттай, монгол хэлийг хөршийн маань хэл гээд сургуульдаа заагаад байгаа юм байхгүй. Тийм болохоор тэдэнтэй англиар харилцах боломжтой, тэгш байдлын зарчимд ч нийцнэ. Орос хүнтэй оросоор л ярилцах ёстой гэдэг бол ердөө л “чукча” сэтгэлгээ. “Чукча” сургалтаар “чукча” нарыг үйлдвэрлээд байдаг өнөөгийн явдлыг үндсээр нь халж, барууны стандартад нийцсэн, монгол сургууль төгссөн хүн хаана ч шууд, чөлөөтэйгээр үргэлжлүүлэн сурч болох тийм тогтолцоог үүсгэх хэрэгтэй.
— Таны саналууд болгоомжлох сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь, монгол туургатныг нүүлгэж ирүүлэх, тэнд нь иргэншүүлэх төслүүд тань олон хужаа иргэдийг нааш нь үерлүүлж болзошгүй...
— Улс үндэстнээ хөгжүүлье гэвэл саад бэрхшээлтэй нүүр тулах л болно. Хүн биеэ огтлуулж зүсүүлэх нь эвгүй юм гээд мэс засалд орохгүй, айгаад яваад байвал үхнэ биз дээ. Зайлшгүй тулгарах нэг бэрхшээл бол хууль бус цагаачлал. Гэхдээ хууль бус цагаачлал гэдэг нь монгол туургатнаа л нэгтгэхгүй бол учиртай байдаг, нэгтгээд ирэхлээр давагдашгүй хүчин зүйл болчихдог тийм зүйл биш. Хууль бус цагаачлалын эсрэг тэмцэх олон арга хэрэгсэл бий.
Би хууль бус цагаачлалтай хийх тэмцлийг чангатгах, үр нөлөөтэй болгох чиглэлтэй хуулийн өөрчлөлт, тогтоол зэргийн төсөл боловсруулсан. Ер нь бол, иргэд зөв зүйтэй юм сэдээд, төр нь хүлээж аваад хэрэгжүүлээд байдаг зарчим манайд огт алга. 2006 оноос хойш би янз бүрийн төсөл саналаа төрд хандаж бишгүй л дэвшүүллээ, толилууллаа. Уг нь тэгээд л миний тухайн иргэний үүрэг гүйцэж байгаа байхгүй юу, хэрэгжүүлдэг механизмд нь ёсоор нь хүргээд өгчихөж байгаа юм чинь. Гэтэл хариу ч алга. Харин, би л ганцаараа хэрэгжүүлэх ёстой юм шиг буруу хандлага түгээмэл байх юм. Тэр нь нэлээд саад учруулж байна.
Уг санаачлагууддаа би хууль бус цагаачдыг оруулж ирэхгүй байх, гаргах талаар саналуудаа тусгасан. Жишээ нь, монгол хэлний мэдлэгийн шалгуур тавих. Ингэх эрх тухайн улсад бүрэн байж байдаг. Өмнөд хөршид монгол хэлт хүн ам их, тэдний ажил эрхлэлтийн байдал муу байна. Тийм болохоор хууль бус цагаачийг хязгаарлаад, харин үндэсний чанартай хөдөлмөрийн репатриаци явуулчих боломж бүрэн байгаа л байхгүй юу.
Сүүлийн үед ашигт малтмалын талаар их яригдах боллоо. Үүнтэй холбогдуулаад би гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг байцгаа, төрдөө бол тэдэнд “Энержи ресурс”-д хандсан шигээ ханд гэж уриалсан уриалгаа бэлэн болгочихоод байгаа. Энд ярьсан саналуудаа бас нэг багц болгоод дэвшүүлэх гэж байна шүү дээ.
Монгол улс ашигт малтмалдаа дангааршлын буюу автаркийн зарчмаар хандах нь маш чухал. Үүнийг би өнгөрсөн оны 7-р сарын уриалгадаа тодорхой хэлсэн. Гадаадын компаниуд гэдэг нь шидтэн биш. Хөрөнгө босгодог, боловсон хүчин бүрдүүлдэг түгээмэл аргууд дээр л тэд түшиглэдэг. Тэр аргуудыг нь юмны эзэн, сумны занги бүхэл бүтэн улс орон маань ашиглаад, өөрөө баяжаад хөгжөөд явах бүрэн боломж бий байхгүй юу. Энгийнээр хэлэхэд, тэр компаниуд манай лицензийг “барьцаанд тавиад” зээл авчихдаг. Тэгээд л, мөнгөтэй бол юу ч бүтнэ ш дээ. Юм гэдэг ийм энгийн. Хэн ойлгохын аргагүй юм ярьж, цэцэрхээд байна, тэр худлаа ярьж байдаг.
Саналуудаа дэвшүүлэх гэхээр, зохион байгуулалтын чанартай аар саар бэрхшээл гараад байгаа. Жишээ нь, түрүүчийн багц саналууддаа тодорхой хариу аваагүй байж, дараагийнхийг нь дэвшүүлж болох уу, сонгуулийн хийрхэл өнгөрөхийг хүлээх үү, гадаад ертөнцөд хандсан саналаа багцад оруулах уу, үгүй юу гэхчилэн. Тийм саналууд бий л дээ. “Voice of America”-д монгол хэлний халх, цахар аялгуугаар нэвтрүүлэг явуулах редакци, бодлоготой болооч ээ гэсэн санал дэвшүүлэх гэж байгаа. Сайн орчуулагч хэрэг болоод, жаахан саатаад байна.
Гэхдээ би саналуудаа удахгүй гаргаж ирнэ ээ. Миний саналууд бол зүгээр нэг амнаасаа унагачихдаг тэрүүхэн тэндээ пээдгэр үг биш, бараг л дор нь гарын үсэг зураад л хэрэгжүүлчихэж болох бэлэн хуулийн төсөл энэ тэр байдгаараа онцлогтой. Уг нь тэгэх л хэрэгтэй. Даанч тийм онцлогтой байдаг болохоороо зарим хүнд хүнддээд, айлгаад, эсвэл хор шар, уур ундууг нь хүргээд байдаг шиг байгаа юм...
Эцэст нь хэлэхэд, миний түрүүчийн багц саналыг http://moenhbayar.blogspot.com сайт дээрээс үзэж танилцаж болно. Харьцъя гэвэл и-мэйл: latinuseg@yahoo.com. Хандив мандив өргөсөн ч болно шүү. Багц саналаа хувилж тараахад ч хөөрхөн мөнгө төгрөг үрэгдчих юм, өөр тэгээд бишгүй л мөнгө цаас хэрэг болдог. Хандивын дансаа блог-сайтдаа тавьчихсан.
— Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан П.Гантулга