Sunday, February 14, 2016

УИХ-д Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр шийдлээ!


Эрдэнийн улсыг цогцлооё!

Монгол улсын нийгэм-эдийн засаг, тусгаар тогтнолын байдал нэн уруудан доройтлоо. Лам ноёд нь хуйвалдаж, хэн хэдэн лан мөнгө шан болгож авахаа гадаадын элчин төлөөлөгчтэй наймаалцан тохирч байж, харьд дагаж орох гэрээ байгуулж, төрийн тэргүүнд нь сөгдөн мөргөж; ард олон нь зовлон зүдгүүрийн туйлд хүрч, сөнөж мөхөж байгаа үндэстэн гэж судалгаанд тодорхойлогдон байхад тэднийг авах идэхийн шуналын нүдээр л харан дарлаж, тансаглан туйлж тавьсан өрөө хүчээр төлүүлж, энэ насанд хэдийчинээ тарчилбаас хойд насандаа төдийчинээ жаргана хэмээн мунхруулан төөрөгдүүлж байсан цаг үетэй адил боллоо.
Тэр үед Монголд хэт шашинжин хоцрогдсон феодалын бурангуй нийгэм байсан бол өдгөө хагас колоний шинжтэй, хагас маоист-ленинист маягийн үзэл сурталтай, клепто-феодалын дарангуй нийгэм оршин тогтнож байна. Клептос буюу хулгайч нарын хэн хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь “ноён” болж, угсаа залгамжлан ард түмнээ боолчлон шулж мөлжиж, хамаг үндэсний баялгийг харьд урваж шарван бэлэглэж, хариуд нь шавхруугаар шагнуулан шарваганаж байдаг нь эрүүгийн аппарат болсон өнөөгийн нам засгийн үнэн төрх.


Зуун жилийн өмнө ард түмэн маань дугуйлан байгуулан тэмцэж, түмэнтээ заргалдан бичиг юугаан өргөвч, есөн эрүү тулгуулж, төрөл бүрээр харгислуулан дарагддаг байсан. Харин XX зууны 10-аад, 20-иод онд үндэсний ардчиллын үзэл санааг дэвшүүлж, улс төрийн аргаар нам хүчийг байгуулан тэмцэж, урвасан хулгай нараар зөвийг үйлдүүлэх гэж чармайн мухардахын оронд, бултаар нь төрөөс таягдан зайлуулж, өөрсдөө ардын засаг байгуулъя хэмээн зориглосон болой.
Яг л үүн лүгээ адил ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх, оюун бодлоо шатаан бадраан зовниж явдаг эх оронч хөвүүд охид төрийг эзэгнэсэн хулгайчдаас гуйх биш, гуядаж тэднийг тонилгоод, өөрсдөө ард түмнээ төлөөлөн, үндэстнийхээ эзэн мэдэх эрхийг мандуулан ажиллах нь сайн дурын хэрэг биш, зайлшгүй үүрэг хариуцлага болжээ.