Saturday, November 7, 2009

АУИС-ийн орчимд үзсэн зүүдэнд ормоор аймшигт зүйлс


Амьтдын ярга тамын газар

“Ямар муухай үнэр вэ?” гэж би бодлоо. Хаанаас энэ муужирмаар үнэр гарч байгааг үзье гэж хонгил руу уруудан буулаа. Энд тав зургаан харанхуй өрөөнд туулай, хулгана, харх тэжээдэг ажээ. Эдний ялгадас, шивтэр амьсгалах аргагүй эвгүй хурц үнэр гаргаж байна.
Олон торон хайрцгийг гурав гурваар дээр дээрээс нь давхарлаж, эгнүүлэн өржээ. Нэг хайрцагт 4-8 туулай чихцэлдэн багтарна. Дэвхэрч цовхрох бүрдээ тэд хажуу хавирга, чихээрээ торон ханыг шуугиантай шүргэнэ. Эд хатуу, хатсан өвсөн дэвсгэр дээрээ бүх боломжоороо бие засдаг бөгөөд, ингээд бохирдсон хайрцганд элгээрээ хэвтэж, унтаж байна.
Өндрийг нь хэвтэж байгаа туулайн өндөртэй яг тохируулж хийсэн тамын торнуудад, тэжээгч эмэгтэй түмпэнтэй модны үртэс мэт зүйлээс хийж, туулайнууд тэрийг нь иднэ. Доод хайрцагны туулайнууд түнэр харанхуйд дээд давхрын туулайнууд шуугиантай хөдлөхийг хүлцэнгүй сонсон хэвтэнэ.
Энэ өрөөний туулай 30 орчим. Хажуугийн өрөөнд нь 130 орчим хулгана, харх байлаа. Жижигхэн, цэмцгэрхэн цагаан хулгануудын нэг намайг ирлээ гэж бахадсан ч юм шиг, хойд хоёр хөл дээрээ зогсон хамгаас хар бөмбөлөг гэлтэй өчүүхэн нүдээрээ анхааралтай харна. Нэг хулгана мөн хойд мөч дээрээ цомцойн зогсоод нэг шар үрэл барьчихсан эрдэнийн зүйл идэж байгаа юм шиг ихэд чухалчилан амтархана.
Хэзээ бол хэзээ, юугий нь ч авч мэдэх өршөөлгүй хүмүүсийн гарт орсон хулгануудын өрөвдөлт хотхон. Буланд нэг ядарсан эх хулгана хэвтэх агаад хүүхдийн эрхий шиг жижиг, ягаан гөлчгийнүүд хэвлийд нь хушуугаа наан хэвтэнэ, хөхөж байгаа бололтой.
Хувийн амьдралыг нь хэзээ ч өнгийн харж болом торон доторх хотхон. Би амьтдыг анхааралтай харж байсан боловч нэг нь ч, юу ч хэлсэнгүй. Тэд хүний ямар ч хэлээр ярьж чадахгүй, оюуны чадавхиар сул дорой бил үү? Английн эрдэмтэд чийгийн улаан өт хүртэл өвдөхөө мэдэрдгийг нотолсон.
Хүмүүс бид амьтдад өөрсдийн зоргыг тулган, тэднийг тарчлааж, зэрлэгээр хороодог билээ. Хулгануудад бид өвчин үүсгэвэр тарьж, хатгалгаа тусгадаг. Яаж өвчилж, яаж үхэхийг нь ажиглаад, дараа нь задалж үзнэ. Туулайн толгойг өрөмдөж, электрод шургуулаад тог цохиулж туршина. Нохойд хорт нунтаг үнэртүүлсээр уушигны хавдар тусгана. Эрүүл амьтад дээр хагалах, эрхтнийг нь тайрах, буцааж оёх дадлага хийнэ. Өвчилсөн амьтдыг устгалд оруулна.
Нэг амьтныг аль болох олон дахин хэрэглэхийг хичээнэ. Нэгэнт тархиа өрөмдүүлсэн туулай аль болох удаан амьдарвал ашигтай. Амьд бүхэн амьдрах эрхтэй боловч бид энэ эрхийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид амьтдыг иддэг. Бид амьтдын амьдралд хэтэрхий их саад хийдэг.

Монголын хамгийн аймшигт мүзей

Би “Патанатомийн музей” гэсэн хаягтай нэгэн өрөөнд орвол шилэн савнууд дотор өнгө өнгийн, том жижиг, зөөлхөн бололтой цул юмнууд үзэгдлээ. Эд гоё сайхан зүйл огтхон ч биш ажээ. Эрдэнэт хүний эрэмдэг болчихсон, өвчилсөн эд эрхтэн гэдэг айдас түгшүүр, эвгүйцлийг төрүүлэх чадалтай аж.
Энд ходоодны шархлаа өвчнөөр нас барсан хүний ходоод байна. Нөгөө ертөнцөд одсон хүний ходоод ийм байдаг юм байж дээ гэмээр үнсэн саарал өнгөтэй ходоод оготнод өм хазуулсан мэт шархалжээ. Шархнаас нэгэн нарийхан гуурс цухуйж буй нь идэгдэж тасарсан судас аж. Энэ хүн цус алдаад нас барсан...
Ходоод улаан өнгөтэй байх ёстой боловч формалинд өнгөө алджээ. Энд байгаа элэг ходооднууд зарим нь гуч дөчин жилийн өмнө нас барсан хүнийх аж. Эзнийхээ амийг авсан эрхтнүүдийг формалин дотор 100 жил хадгалахад хэрэгцээгүй болтлоо мууддаг гэнэ.
Янз бүрийн өнгө, хэмжээтэй хад чулуунуудыг хараад, энд юун геологийн холбогдолтой зүйл байгаа билээ гэж бодлоо. Нэг шилийг авахад “хад чулуу” бэлбэлзэн хөдөлж, асар зөөлөн дэвтсэн эд болох нь мэдэгдэв. Энэ бол уушигнууд ажээ. Хатгалгаа тусч эцэслэсэн хүний хар өнгөтэй уушиг хатгалгаатай чигээрээ байна. Хажууд нь рактай уушиг байв. Мөн бүдэг улаан өнгөтэй хос барзгар уушиг дэвтэн томроод цээжинд яавч багтамгүй, тус бүр 10-аад литрийн эзэлхүүнтэй болж. Нэг уушигны дээд хэсэгт бохир цөөрөмд үзэгддэг хөөс шиг юмнууд ургажээ. Энэ хөөснүүд дээр хорт өвсний үндэс шиг нарийн хар судас наалдсан байв. Эзэн нь амьсгалж чадахгүйд хүрч, багтран үрэгджээ.



Өвчний нэвтэрсэн байдлыг тодорхой харуулахын тулд зарим уушгийг янз янзаар зүсчээ. Өвчилж нас барсан хүний түүхий уушгийг хутгаар зүссэн.
Хүний биеийн элдэв тасархай шалз булз түлдэг уусмал дотор хэдэн арван жил! Эзэнтэйгээ хамт амар жимэр нойрсох хувьгүй золгүй эрхтнүүд! Жигтэй их дэвтэж, өнгө зүсээ алдсан тархинуудыг харлаа. Заримыг нь хиам шиг хэрчин, нимгэн зүсэн бэлтгэжээ. Нарийн хар судаснуудад баглаастай энэ тархинууд хамгийн сүүлчийн удаа юун тухай бодсон бол оо. Энэ тархинд хадгалагдан байсан ямар нандин бодлууд формалинд уусан мөхөө бол. Эдгээр тархинуудыг ямаршуу мод, төмрөн дээр тавьж яаж хэрчээ бол доо. Яагаад энэ л тархинууд тийм эрт төрөөд, одоо мэдрэх сэтгэхээ болиод, баярладаггүй, бачимддаггүй болоод малгай ч үгүй, гавал ч үгүй нүцгэнээрээ, байгаа бүхнээ, эмгэг өвчнөө харсан хүн бүхэнд үзүүлээд байж байгаа юм бэ?
Ингээд нөгөө тийш харвал томоохон баллон шилнүүдэд янз янзын үе шатандаа байгаа хүний үр хөврөл, цуравдайг хадгалсан байлаа. Нэгэн цуравдайг уйлан тийчилж байхад нь “идэмхий” уусмалд хийж, тэгээд эл амьтан амь нь тэмцэн тарчилсан мэт, гарах гэж оролдсон мэт эвгүй гэдийж, хөл гар нь үнэмшмээргүй нугарчээ.
Өөр цуравдайн ангайн орилсон дүртэй ам хацар дээрээ байрласан нь зүйргүй зэрэмдэг санагдахад өөрийн эрхгүй цочлоо. Эд их хөөж дэвтсэн бололтой, том агаад өнгө нь зэвхий цагаан.
Нэг хүүхдийн зулайн, эрхий долооврыг нийлүүлсэн шиг хэмжээтэй цоорхойг тойроод улаавтар өнгөтэй, цавуудчихсан мэт гөлчгөр үс ургажээ.
Чигчийн дайтай сүүлтэй юм шиг цуравдай нүдний буланд өртөхөд сэртхийн ажвал бэлэг эрхтэн нь байлаа. Гөлчгий шиг жижигхэн хөврөл жижиг шилэндээ нугдайна. Вьетнамд болсон химийн дайных шиг үр дагаврыг энд үзэж болох аж. Толгойн хажуунаас нь толгой, толгойноос гар, нуруунаас нь хөл, гэдэснээс нь бас нэг хүүхэд ургасан аймшигт дүр төрхнүүдээс    нүд хальтирлаа. Эд, одоогийн монгол түмэн бидний нэг болох гээд, ийм зэрлэг төрхтэй, хүн ч биш, юм ч биш төрөөд энэ шилэнд олон жил хөдөлгөөнгүй... Хүний төрхнөөс ангид, хүнийг жигшээм төрөөд хэнийг ч үл хүлээн хүйтэн шилэнд дэвтэнэ.
Гарч цагаа харвал би энэ музейд 40 минут байжээ. 40 минутын дотор харь гараг дээр очоод ирсэн мэт, харгислал хэрцгийллийг ханатлаа мэдрээд дөжирч амжсан мэт, 40 минутын дотор гурван өдрийг өнгөрүүлсэн мэт нэг л хачин. Хүн өвчлөхөд дотор нь гэж муудсан хүнс шиг болчихдог юм байна.
АУИС-ийн гуанзанд махан хуурга авч сэрээдэхдээ хооллох ямар ч дуршилгүй байгаагаа мэдрэв. Хүний тасархай гэдэс, бяцарсан цуравдай санагдаад байлаа.


Задлан шинжилгээний өрөө рүү шагайхад...

Рэй Брэдбери “Ахмадыг хөлөөс нь бэхлэн унжуулжээ. Нэг хутга хоолойг нь зүсэхэд, нөгөө нь цээжийг нь ярав. Нүд ирмэх зуур гэдэс дотрыг нь гаргаад ширээн дээр тавив. Өвчсөн арьсны захыг ширээнд бэхлэн оньсон гарууд эрхтнүүдийг ялгаж ийш тийш нь өрж тавих нь улаан хүү, улаан бодтой шатраар хурдан наадаж байгаа шатарчинг санагдуулна. Зүрхийг нь 17 хэсэг болголоо. Элэг бөөрийг нь урлагтай нь аргагүй дундуур нь хоёр хэсэгт хуваан өрж байлаа. Гавлыг нь өрөмдөж, тархийг нь гаргаж аваад, судас шөрмөсийг нь сугалж өлгөсөн нь задалсан багажийн утсууд шиг унжина” гэж бичсэн байсныг би саналаа.
Сониуч зандаа хөтлөгдөн, зохих өрөөний цоожны нүхээр шагайвал, жихүүцэм цэлгэр уужим өрөөний цаад мухарт дугуйт ширээн дээр талийгаач хэвтэж буй бололтой, нүцгэн хөл нь харагдана. Багаасаа үрэлт, хөрөөдөлтийн зарим чимээнд зэвүүцдэг болохоор энэ удаа ч тэглээ.
Нарийн хөрөө шийхтнан дуугарахад би бүр эвгүйцсэн ч, өөрийн мэдэлгүй яваад орчихов. Тэнд нэг хүн гартаа хөрөө барьж, бас хоёр хүн байлцан ажиглана. Би хэдэн юм асуух зуураа талийгаачийг хараад авлаа. Биеийнх нь өнгө хөхөлбий бөгөөд ямар ч хувцасгүй хэвтэж байлаа. Гэдсэн дээр нь цуварсан байрлалтай, халаасны ам мэт хоёр ангархайн завсраар улаан, цагаан өнгө харагдана.
Дух, зулай, дагзны орчмынх нь арьсыг өвчөөд урагш хуулан нүүрийг нь бүтээжээ. Арьсны дотор тал бүдэг улаан, толгойн өвчүүлж ил гарсан хэсэг цав цагаан аж.
Одоо энэ хүн ямар ширээн дээр хэвтэж байгаагаа мэдэхгүй. Энэ үл таних хүн амьд байсан бол, магадгүй бидний хэн нэгтэй автобусанд тааралдах байсан. Хэрвээ энэ хүн амьд байсан бол бидний хэн нэгнээс “буух уу” гэж асуух байсан. Гэвч энэ хүн бидний хэн нэгтэй ийм байдлаар тааралдав.
Талийгаачийн толгой хөрөө татах аясаар хөдөлнө. Задлан шинжилгээнд орсон хүний бүх дотор эрхтнийг авч, хоосон биед нь дүүргэгч эд хийгээд оёдог. Гавлыг хөрөөдөн онгойлгож тархийг аваад, буцаан таглаад өвчсөнийг битүүлэн оёно. Дараа нь хувцас өмсүүлээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгнө. Эмнэлэгт нас барсан хүнд эцсийн онош тавихын тулд ингэж шинжилнэ.
Осолдсон, алагдсан хүнийг шүүх эмнэлэг задлан шинжилнэ. Задлан шинжлэх мэргэжилтнүүдийн ажил ямар хүнд болохыг та нар төсөөлж байгаа байх. Задлан шинжлэлийг зогсоо, үүнийг хийдэггүй эмнэлгийг дэлгэрүүлье гэх хүн бий болов уу. Эмч нарт яагаад ч юм эгдүүцдэг зарим хүнийг би лав мэднэ.
Нэг ч хүн нас бардаггүй, өвчилдөггүй бол эмч нар өөр ажил хийх л байсан. Гэвч тэднийг бодит байдал өнөөдөр, одоо бодитоор үйлдэгдэж байгаа үйлдлийг хийлгэж байна. Өөр бодит байдал бий болгоё гэж хүсч байгаа хүн байвал бий болгогтун. Хүмүүс миний үзсэн шиг аймшигт зүйлсийг үздэггүй   болбол сайнсан.
Рэй Брэдберийн зохиолыг дахин нэг харъя. “Ахмадын хөндийлүүлсэн цээж хэвлийд зэс, гууль, мөнгө, хөнгөн цагаан, резин, торгоор хийсэн эрхтнүүд тавьж, шинэ зүрх угсраад, гавал дотор нь жингэнэж, хөх оч хаялсан цагаан алтан тархи тавилаа. Үе мөч рүү нь дамжуулагч утаснууд сүлжилдэв. Нүд ирмэх зуур бүх биеийг нь битүүлж, бөх гэгч нь зүйн оёлоо. Ахмад босч суугаад суниав...”.
Хувирган өөрчлөгч хүн та ийм юм хийх гэж байгаа юм биш биз. Хийвэл хийгтүн.
Ч.Мөнхбаяр
1990 он.

P.S. Би дүү Ш.Одонтөрийн хамт 1990 оны намар Монголын оюутны холбооны "Бамбар" сонинд ажиллаж байхдаа, Монголын анхны хувийн сониныг үүсгэх санаа бодолтой болцгоож, улмаар "Шинэ үе" сониныг гаргасан билээ. Тэр сониндоо зориулж энэхүү зорчсон тэмдэглэлийг бичсэн бөгөөд, тухайн үедээ хөөрхөн шуугиан дэгдээж, АУИС-ийнхан намайг бараг л шүүхэд өгөх дөхсөн юмдаг.

Сатаны хорлолд өртөв үү?


/хууч/
1. Шөнийн тэнгэрт нисч, тэгш талд өнхөрсөн минь
2007 онд сон. Сонины бизнес хэсэг эрхэлсэн минь дампуурч, урам муутайхан, ТВ гөлрөн, суваг солин сууж байв. Уг бизнесийг эрхлэх явцад би нийгмийн янз бүрийн гажиг согогуудыг олж харсаан.
Гэтэл нэг сувгаар “Омен” гэх кино гарч байв. Чөтгөрийн хүү мэндэлж, хүн төрөлхтнийг сөнөөхийг санаархдаг тухай кино шүү дээ. Эгэл үед бол би тэр киног анзаарахгүй байсан биз ээ. Харин тухайн эгшинд, оюун санааны байдалтай минь “Омен” кино нийлэлдэн уялдаж, Монгол оронд чөтгөрийн хүү мэндэлж, хар хүчээр эзэмдээд байгаа мэт бодогдов.
Улмаар, “Монгол Омен” гэдэг роман бичих санаа төрлөө. Өнөөгийн нийгмээ хурцаар шүүмжилсэн романаа ч бичиж дуусгав. Гэтэл нэгэн сонин мэдээлэл тохиолдлоо.
“Дэлхий дээр Сатана буцаж ирсэн тухай “Омен” хэмээн киног бүтээжээ. Жилийн дараа энэ кино дэлгэцээр гарахад тус кино зургийн багийнханд янз бүрийн хачирхалтай тохиолууд учирч эхлэв. Зохиолч Дэвид Зэлцэрийн сууж явсан онгоцыг аянга ниргэсэн бөгөөд, яг тэр шөнө өөр онгоцоор нисч явсан жүжигчин Грэгори Пэк мөн тийм аюулд өртжээ. Киноны найруулагч Дик Доннэр авто машины осолд орж, хүнд бэртсэн. Киноны компьютерийн мэргэжилтэн Жон Ричардсон машинтай явж байгаад осолджээ. Монтажчин нар луу нь, амьтны хүрээлэнгээс арслан оргоод дайрсан гээд бод. Ер нь, уг кино зургийн багийнхантай учирсан гай гамшгийг тоочивч баршгүй. Тэр бүхэн нь “Омен” кинотой холбоотой гэдэгт Жон Ричардсон илүү итгэдэг. Яагаад гэвэл тэр Дани улсын Омен хэмээх жижиг хотод авто осолд өртсөн юмсанжээ. Энэ бүхнийг юу гэж тайлбарлахав? Ердийн санамсаргүй явдал уу? Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө хариулах биз ээ” гэсэн байлаа.
Би ер нь иймэрхүү зүйлд итгэдэггүй. Юу гэж л “Омен”-тэй холбогдсон бүхэнд золгүй явдал учирч байхав дээ, зориудаар муу бүхнийг цуглуулж эвлүүлэн биччихэж л гэж бодов.
Номоо хэвлүүлтэл угийн жижиг шрифтийг нь бүр жижигхэн болгочихсон, өөр зөндөө л алдаа дутагдал гарчихсан, нэлээн тааруухан үзэгдлээ. Хэвлэлийн газрынхантай хэрүүл хийхээр очтол, хүн амьтан ч алга, харин нар гагцхүү намайг жигтэйхэн халуунаар төөнөж байх шиг. Нэлээд зүдэрч явав.
Найз нөхөдтэйгээ уулзаж, ном гарсныг тэмдэглэж, ганц нэг шил юм задлан хөгжилдөв. Нэг мэдсэн, тас харанхуйн дунд учиргүй даарчихсан сэрлээ. Эзгүй хээр хэвтэж байх юм.
Алсад харагдах гэрлийг чиглэн алхлаа. Их л удаан явж байж, замд хүрэв. Гараа өргөхөд нэг ч машин эс зогсоно. Өдөр шатаж үхэх гэж байсан бол, өдгөө осгож үхэх нь ээ, янз нь. Ухаан санаа нэн балар.
Гэрэл сацруулсан жижиг байшин руу алхав. Бас л зөндөө хол аж. Орсон чинь гуанз байх юм. Нэг ч үйлчлүүлэгч үгүй, ажиллагсад нь бөөгнөн ТВ үзэж байснаа, дуу алдаад явчихлаа.
Толинд харвал, би гэдэг хүн хөлөөсөө толгой хүртэл нэл цус нөж, шарх, хөх няц, шороо шавар болчихсон байх юм. Яг л үхээд амилсан шиг харагдаж байлаа. Сайхан сэтгэлт бүсгүйчүүд хэрэндээ л намайг угааж цэвэрлэж, арчилж тойлдлоо.
Цаг 02 өнгөрч байхыг үзээд алмайрав. Уг нь би нөхдөөсөө 20 цагийн үед, төдийлөн согтож халамцсан зүйлгүй, харихаар салж яван, таксинд суусан сан. Түүнээс хойшхийг огт санахгүй байв. Тархи толгой дүйнгэтэн манарч, өвдөхгүй хөндүүрлэхгүй газар ч гэж үгүй. Харин авч явсан бүх зүйл минь бүрэн бүтэн, тоо ёсоороо байлаа.
Өөрийгөө хаана байгааг асуувал, “22-ын товчооны дэргэд” гэлээ. Бүр ч гайхав. Нөхөдтэйгээ хотын төвд уулзаад, I хороолол дахь гэрээ зорьсон сон. 22-ын товчооноос аяны унаанд дайгдан харилаа.
Хэвлийдээ хүнд, тархи, өвдгөндөө дунд, бусад олон газраа хөнгөн гэмтэл авсан байлаа. Нүүр царай ч гэж алаг эрээн, ихэд гажсан, тун аймшигтай харагдана. Яаж ч хэвтсэн, хаа сайгүй хөндүүррлэнэ.
Хэвлийн гэмтлээс болж, мэс засалд орж билээ. Бусад гэмтэл ч уван цуван тэгсхийгээд эдгэж, ном маань бараг зарагдсангүй.
Ингэж би “Омен”-ий цээрлүүллийг хүртэж, үхэхээн дөхсөн билээ. Яагаад 20 цагт хотын төвд найз нөхдөөсөө эрүүл салсан хүн 02 цагт хотын гадна ухаангүй хэвтэж байсан бөгөөд, тэр хооронд болсон бүх зүйлийг санахгүй байгаагаа огт ойлгодоггүй. Хотын төв, I хорооллоос өөр очдог газар ч гэж надад байдаггүй атал шүү.
Заримдаа, би харанхуй шөнөөр, унтаа чигээр нисч явсан шиг, тэгш талд өнхрөөд л байсан шиг санагдаж, дотор зарсхийлгэдэг бөлгөө.


2. 40 насандаа “залуухан” гэгдсэн минь
Би 1-р ангидаа шүлэг бичсэн. 6-р ангидаа хэвлүүлсэн. 8-10-р ангидаа Т.Очирхүү, Д.Хүү нарын удирддаг яруу найргийн “Нахиа” дугуйланд суралцсан. 1998 онд “Чи шүлэг бичдэг л байж таараа. Манай сонинд шүлгээ өгөөрэй” гэсэн найзынхаа үгэнд урамшиж, хэдэн шүлэг бичсэн. Энд дурдсан он цагуудын хооронд огт шүлэг бичээгүй хэрэг л дээ. Бичмээр санагдавч, бичдэггүй л байлаа.
Ноднин нөгөө найз маань бас л шүлэг бич, уран бүтээл сайн хий, нас чинь явлаа гэв. МЗЭ-д элслээ, “Алтан өд”-ийн 2 номинацид бүтээлээ өгөв. “Болор цом”-д ч шүлгээ уралдуулав шүү.
Үндсэндээ, энэ жил л би яруу найраг сонирхож, бичиж эхлэж байна шүү дээ. Угаасаа миний бичлэгийн эволюци шүлэг тэрлүүлэх учиртай байж. Монгол сэхээтэнд байх ёстой ч чанар юм, хэл найруулгаа ч сайжруулъя, ер нь монгол хүн бүр яруу найраг сонирхож, бичиж, эх хэлээ бүрэн сайн эзэмшиж, хөгжүүлэх ёстой, уран зохиолын бага хэлбэр цагийн гачаалт надад тохирно гэх зэрэг итгэл үнэмшлээсээ болоод ичиж зоволгүй бичиж эхэлсэн.
Хавар нь, “Эх орон танаа” шүлгийн наадамд бүтээлээ өглөө. Нэгэн өдөр ядраад, гэртээ унтаж байтал, утас хангинаж, нэг давсан болохыг минь мэдэгдэж, Хүүхэлдэйн театрт яаралтай ирж өрсөлдөхийг урилаа.
Анх удаа л найргийн наадамд шүлгээ уншлаа. Яагаад ч юм, тэгээд л хасагдчихав. Лобби мобби, найраа майраа нь байхгүй болоод ч тэр юм уу.
Харин нөхөд маань “Чамайг залуу яруу найрагч Ч.Мөнхбаяр гэж зарласан. Нэг залуу яруу найрагч л гарч ирэх нь дээ гэж бодтол чамайг үзэгдэхээр гайхсан гэж. Хэзээ чи шүлэг бичдэг болчихоов?” гээд л, их л хөгжилдсөн билээ.
Уран зохиолын хүрээнд намайг мэдэх хүмүүс модернист үргэлжилсэн үгийн хэдэн бүтээл 90-ээд оны эхээр бичсэнээр минь л төсөөлнө. Харин шүлэг бичнэ гэж санах ч үгүй.
Тийм болохоор наадмыг хөтөлсөн найрагч, намайг Төв аймгийн залуухан яруу найрагч Ч.Мөнхбаяртай андуурсан болохыг хожим сонсч мэдэж билээ.
Уг наадамд би найз, бизнэсч Н.Батжаргалын нэрээр бас шүлгүүдээ өгсөн юм. Гэтэл хүлээн авагч бүсгүй “Н.Батжаргал яагаад дахин дахин шүлэг өгөөд байгаа юм бэ?” гэсэнсэн...

3. Адил сэтгэсэн минь
Анд найз Л.Батцэнгэл бид хоёрын ертөнцөст ойр төстэй зүйл бишгүй бололтой байдаг. Тиймээс адилавтар сэтгэх нь ч буй.
...2006 онд сон. Миний бие “Монголын сонгомол туужис”-т нь бүтээлээ өгөхөөр, Г.Аюурзана зохиолчийг болзсон газар болох, Ринченгийн хөшөөний дэргэд хүлээж байв. Аюурын машин оюутны жагсаалаас үүдсэн түгжрэлд саатжээ. Зохиолч Х.Хүчитхархурцбаатар тааралдаж, хоюулаа хөөрөлдөн зогстол, номын сангийн хаалга цэлийтэл нээгдэж, бараг таньдаг бүх найрагч, зохиолч сад тавин гарч ирж, бидний дэмий зогсоог гайхан хөгжилдөв. Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан хурал энд болж буйг бид хоёр мэдээгүй нь тэднийг ихэд баясган байв. Мөн энэ тухай дуулаагүй Аюураа маань ч ирлээ.
Олон найз нартайгаа зэрэг гар барьж, мэндчилэх гэж тэвдэж байтал, Батцэнгэл маань үзэгдэж инээвхийлснээ, ойртож дөхөлгүй, шууд л нэг ном гарган, яаран хэдэн үг таталснаа, сая ирж, мэнд усаа мэдэлцэн, надад бүтээлээ дурсгаж амжив. Тэгээд л бужигнаан дунд уусан алга боллоо.
Дараа нь үзвэл, “Дэлхийн сэтгэлгээт Монголын модернист зохиолч Ч.Мөнхбаяртаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье!” гээд, “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат” хэмээх шинэхэн номоо дурсгажээ.
Тэр үед би яруу найргийг төдийлөн сонирхдоггүй байв. Найз нөхдийгөө хүндэлсэндээ л, дурсгасан номыг нь жаахан уншина. Цэнгэлийнхээ номыг талд нь ортол гүйлгэн хараад байтал яаралтай ажил гарч, түүний дараа ч асуудал үүсч, нэг мэдэхэд найзын маань түүвэр алга болжээ.
2009 он. Я.Мөнхжаргал найз маань нэгэнтээ, “Хонгорзул” сонинд хайрын шүлэг өгөөрэй гэсэн юм. Хараахан тийм бүтээлгүй асан тул, даруй таван шүлэг бичиж өгсөн сөн. Тэдгээр дунд, “Цэдэндоржийн цэцэрлэг”-ийн үеэ (90-ээд он) дурссан “Хаврын сэвшээ” шүлэг минь байв. Тэрийгээ гайгүй нь болчихлоо гэж бодов. “Хонгорзул”, “Утга зохиол, урлаг” сонинуудад ч нийтлэгдэв.
Гэтэл “Өдрийн сонин” дээр Л.Батцэнгэлийн “Гэрэлт хайрын дурсамж” шүлэг хэвлэгдсэн нь миний “Хаврын сэвшээ”-тэй нэлээд төстэй санагдаад болдоггүй. Номуудыг нь эргүүлж тойруулан үзтэл, нөгөө “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат” номын бараг эцсийн хуудсанд дурайж байх нь тэр.
Гараагаа дөнгөж эхэлж байж, шүлэг хуулсан болох нь үү дээ гэсэн жигтэй их эвгүйцэл төрж, найз руугаа утасдлаа. Тэгээд учир явдлыг хэлж, шүлгээ өөрчлөнө хэмээвэл, Л.Батцэнгэл маань харин “Миний шүлгийг гаргаж ирээд хуулаад сууж байна гэж найз нь огт итгэхгүй. Их сонин тохиол байна. Тэр шүлгээ битгий өөрчлөөрэй. Хоюулаа зэрэгцүүлж үзэх юм шүү” гэв.
“Салхинд намилзаж - намираанд сэрчигнэн”, “хавар зүрхэнд айлчилж - хаврын сэвшээ”, “дурсах бүр энхрийхнээр - хамгийг дурсах нь”, “арван жилийн тэртээг - арван нэгэн жилийн дараа”, “хөх яргуй шиг ижилдсэн - шүлэглэсэн уул цэцэг”, “хос цагаахан хун амилан нисэх нь - дан цагаан шувууд нисэхэд”, “байж, байлаа - байж дээ, байсанжээ” гээд л адил төстэй үг хэллэгүүд үзэгдэхэд палхийгээд л явчихаж билээ. Гэтэл найзын минь уужим ухаан дотрыг минь онгойлгосоон. Анхны хувилбарууд нь бүр чиг адилхан байсан. Ингээд, харин ч найз нөхдийн сэтгэлгээний ойр дөтийн бэлгэдэл болчихсон шүлгүүдийг толилуулъя:



ХАВРЫН СЭВШЭЭ
Хаврын сэвшээ хонгор үсний нь намираанд сэрчигнэн
Хатуу дарстай зөөлөн заяагаа хольж уусаан.
Хориод насны минь харанхуй хар, гэгээн гэрэлтэй цэцэрлэгт
Хор шиг гашуун үдшээр гэнэт тайвшрах нь тавилан байсаан.

Мөнхийн залуу мэлтрэн туяарах заяагаан санах нь
Мөнгөн хөлгийн цонх зөвхөн талст хөрөг болох мэт.
Хамгийг дурсах нь цэцэрлэгийн ёроолд суугаад модны оройг харах шиг,
Хацар гоо бүсгүй шүүдэр цэцгэн титим сүлжихийг үзэх мэт.

Архичин эрийн исгэлүүн сэтгэлийг зөөллөсөн
Алтан намрын бүлээн илч шиг уярал сайхан дүрийг нь
Шил дарсанд тусгаж аваад оддог л байж дээ.
Шингэсэн бүрийг нь ахиж үзэхгүй мэт залгилж л байж дээ.

Хожмын шүлэгчийн нүдэнд өртсөн бол яахин эрдэнэ болохгүй аж.
Хойчийн заяагаан орхиод гарахдаа, аваад гардаг байсанжээ.
Хад чулуу шиг хайрыг минь үлтлэн үлтлэн ургасан уян нахиа,
Халиран одсон он жилүүдийг холбон шүлэглэсэн уул цэцэг...

Хэнзхэн итгэлд минь ямагт залуу байх тэр л бүсгүй
Хиргүй сэтгэлийн минь сүмд гуниглан буйг бадаг мэднэ.
Өндөр хөөрсөн цээл сайхан гуа нь тунгалаг эсрэгцэл.
Өлөн сархадач эрийн сэтгэлээр ч эрдэнэт дүрийг бүтээмүй.

Хэзээ ч баяртай гэж хэлээгүй, хэзээ ч уулзахгүй шиг заяа
Хэрвээ бүрээний цуурай, төгөлдөр хуурын аязыг минь сонсвол
Арван нэгэн жилийн дараа мэндчилж буйг ойлгоно.
Арван нэгэн жилийн дараа хариуг би олж, ахин шад бичнэ ээ.

Хамаг юм гоцлол хоолойн амин шиг хайлган болоход,
Хаврын салхин дунд дан цагаан шувууд нисэхэд,
Өргөн их ая мэт гол ус, сэтгэл сүмийн хажуугаар урсахад,
Өнчирсөн бүхэн учралын дууг түрж, харин би заяагаа угтмуй.
Ч.Мөнхбаяр
2009.02.18

ГЭРЭЛТ ХАЙРЫН ДУРСАМЖ
Сурагч цагаан даашинз зүүдний салхинд намилзаж
Сугаавидын орны сэмбэрүү зүрхэн тольтонд дэлгэрнэ
Энхрий чамайг дурсах бүр хавар зүрхэнд айлчилж
Эргэх цагийн шувууд хачин гунигтай гунганана
Дурсах бүр энхрийхнээр хаврыг зүрхэнд шимшрүүлж
Дурсгалын нимгэн дэвтрээс уруулын хээ чинь тодорно
Арван жилийн тэртээг нэхэн бодлогошрох хөвгүүн
Ангийнхаа хаалгаар чамайг орж ирэхийг хүлээнэ
Бэхэн цэнхэр ширээнээ хөх яргуй шиг ижилдсэн
Бидэн хоёрын үерхэл нялх улирлын анхил байж
Хүзүүг нь зөрүүлж зурсан хос цагаахан хун
Хуучин захидлын булангаас амилан нисэх нь амьдрал байж
Тормон хоёр нүдний урьхан харцанд уярч
Торгон долгио гүелзэхэд тогонд цохиулж мэнэрдэг байлаа, би
Тормос зөөлөн мишээл хацарт нь туяарч гэрэлтээд
Том болохоороо, хоёулаа! гэхэд нь тун чиг итгэдэг байлаа би
Сайхан тохойн намраар өдөржин төмс хурааж
Саран тэргэл шөнөөр үнсэхийн эрдэм суралцаж
Хиргэстийн амны дэнж дээр үдэшжин гитар нүдэж
Хиргэсүүр чулууг уяртал дуулж л явсан даа, бид хоёр
Л.Батцэнгэл


Хуучилсан Ч.Мөнхбаяр
http://moenhbayar.blogspot.com

Монгол фашизмын ухаан хэрэгтэй


Хориотой өгүүллийг нийтэлж байна. Хууль зүйн яамнаас 1995 онд “Салхи” сониныг “харгис хэвлэл” хэмээн хориглон хаасан билээ. Дэлхийн II дайн дууссаны 50 жилийн ойд зориулсан, хориотой өгүүллийг нь сонирхуулан нийтэлж байна. Дэмжин талархсандаа бус, уншигчид элдвийг эргэцүүлэн тунгаагаасай гэсэндээ нийтэлсэн юм шүү.

Дэлхийн II дайны дууссаны 50 жилийн ой энэ онд болно. Фашизмыг ялсны 50 жилийн ой. Гэтэл өнөөдөр неофашизм хүчээ авч байна. Италид неофашистууд ялалт байгуулсныг бид мэднэ. Бид ардчилсан бөгөөд, фашизмыг ч, коммунизмыг ч хуулиар хориглоогүй оронд амьдарч байгаа болохоор өнөөдөр фашизмын тухай шинээр, чөлөөтэй авч үзэх боломжтой болжээ.
Фашизм гэж юу вэ? “Капитализмын хурц хямралын нөхцөлд, империалист хөрөнгөтнүүдийн хамгийн харгис түрэмгий хүрээллийн ашиг сонирхлыг илэрхийлэн гарч ирсэн үзэл суртал, улс төрийн урсгал” гэж марксч-ленинчид хариулах нь лавтай биз ээ. Ингэхлээр фашизм нь сөрөг л үнэлгээ авч таарах нь. Тэгвэл фашизмын нэмэх, хасах, сөрөг эерэгийг өнөөдөр шүүн тунгааж үзье л дээ.
Коммунизм анархизм амар заяа үзүүлэхээ больсон, эмх замбараагүйтэл, хямралд нэрвэгдэж гүйцсэн Итали оронд анх фашизм үүсчээ. Фашио гэдэг нь эв нэгдэл гэсэн үг. Басхүү эртний ромын эзэн хаад, дээдсийн барьж ёсолдог байсан, саваагаар ишийг нь багцалсан сүхийг фашино гэж нэрлэдэг байжээ. Францаас Латин Америк хүртэлх романы соёлт олон улсын төрийн сүлдэнд фашинаг дүрсэлсэн байдаг.
Эртний Ромын сүр хүч, эв нэгдлийг сэргээх үндсэрхэг санаа Италид үүсч төрсөн хэрэг. Фашистууд эртний ромынхны адилаар гараа дээгүүр өргөн мэндчилдэг ч байжээ. Италийн фашистуудын удирдагч Дуче Муссолини 1922 онд сонгуульд ялж засгийн эрхийг гартаа авсан.
Энэ үед өөр нэгэн удирдагч Адольф Гитлерийн толгойд XIX-XX зууны шинэ шинэ амин чухал онол сургаалиуд эргэлдэж, национал-социализм буюу наци хэмээх нийгмийн санаа бүрэлдэн төрж байжээ. Гитлер 1925 онд “Майн кампф”-аа туурвиж, миний тэмцэл юунд орших вэ гэдэгтээ концептуаль хөтөлбөр боловсруулж өгч чадсан байна. Фашистууд ямар ч онолгүй, гагцхүү засгийн эрхийг гартаа авах гэсэн гэдэг нь худал юм. Харин эсрэг. Өнөөдөр ч мөн адилаар үнэлэгддэг шинжлэх ухааны хамгийн тэргүүний онолуудаар тэд зэвсэглэн байж, ард түмний сэтгэл зүрхийг татах хөтөлбөрөө буй болгосон байнам.
Засгийн эрхэнд тэд хүчирхийлэл, улбар цамцтнуудын нударгын хүчээр гарсан гэдэг. Гэтэл аргагүй хамгаалалт тэдэнд зайлшгүй шаардагдсан ажээ. Зөвлөлтийнхний санхүүжүүлдэг “Рот фронт” гэдэг коммунист хүчирхийлийн нүсэр байгууллагын халдлага, харийнхны  ноёрхол, цэрэг цагдаагийн түрэмгий нөхцөл, нууц албаныхан болон улс төрийн томчуудын далд явууллага, гадны агентуудын ажиллагаа, мафи лоббийн бүлэглэлүүдийн аюул заналхийлэл, гэмт хэргийн хавтгайрал гээд л фашистуудад аюултай хүчин зүйл хэтэрхий олон байв.
Арийчуудын сайн үйлсийн бэлгэдэл-хас тэмдгийг сонгон аваад байсан фашистууд улс орноо аврах зорилгодоо хүрэхийн тулд өөрийн эрхгүй улбар цамцтаны хамгаалах отрядуудыг байгуулж, тэмцлээ үргэлжлүүлэн тулалдсан юм. Харин ч энэ нь бусад оронд элбэг тохиолддогчилон иргэний дайн болж хувирсангүй, дээд цэг нь зодоон л байсан билээ. Гэвч энэ нь Гитлерийн эв нэгдэлч санаанд сэтгэлд эс нийцсэн тул, тэрбээр хожим улбар цамцтаны отрядыг тараасан.
Гитлер германы ард түмний хүсэл зоригийг эрхэмлэн үзэж, илэрхийлэн хамгаалж байсан тул, тэр үеийн бүх улс төрчдөес хамгийн нэр хүндтэй нь байлаа. Гитлерийг дунд сэхээтнүүд, ажилчид, шоовдорлогдсон цэргийнхэн авран хамгаалагчаа гэж үзэж байв. Бүхний эрх ашгийг хамгаалах хөтөлбөр боловсруулсан тул баячууд ба ядуучуудыг нэгтгэж чадсан юм.
Үндэсний социалист нийгмийн хөтөлбөр нь тэргүүний агаад дэвшилтэт байлаа. Ленинист иргэний дайн, улаан дээрэм, алан хядалт, яргалалт, сталинист үргэлжлэлийг харин тэр бүрэн үгүйсгэж байв. Өндөр соёлтой, хөгжилтэй германы ард түмэн Гитлерийг талархан дэмжсэнээр, түүний удирдсан НСДАП нам дэлхийд хүчирхэгт ордог, II Интернационалын гол тулгуур болж байсан Германы Социал-Демократ Намыг сонгуульд ялсан юм.
Бүх намын дэмжсэнээр батлагдсан “Засгийн газарт онц бүрэн эрхийг олгох хуулийн” дагуу Гитлерийн засгийн газар НСДАП-аас бусад намуудыг хорьж, ҮЭ-үүдийг тарааж, эрх мэдлээ нэмэгдүүлсэн билээ. Сүйрлийн дараахь хямрал бүх ард түмнийг зовоож байсан тэр үед НСДАП эмх замбараагүй байдлыг зохицуулж, хүчтэй шийдэмгий бодлого явуулах болсон нь хэний ч санаанд нийцсэн нь зүйн хэрэг.
Гитлерийн ярьж байсан зүйлс бүх ард түмний урмыг бадрааж, туйлын үнэн, авралын үг мэт сонстож байлаа. Гитлер үндэсний баатар, хайрыг татсан хүн, агуу удирдагч, ер бусын аврагч, гэгээн ширээт, тэнгэрийн элч, суут жанжин шиг л харагдаж байсан нь сонин. Гитлерийг Есүс Христ, Мартин Лютер (соён гэгээрүүлэгч, герман сүмийн эцэг)-тэй зүйрлэж байлаа. Тэр үед Германд очсон хүний сэтгэлд юуны өмнө Сэргэн мандалт гэсэн үг эрхгүй бууж байсан гэдэг.
Улс орны хагарал бутралыг дор нь зогсоосныхоо дараа эдийн засгийн уналтыг эцэс болгож, харин ч өсөлтөд хүргэсэн байна. Ажилгүйдлийг үгүй болгож чаджээ. Эдийн засагтай улсуудад ажилтай байна гэдэг нь, нэр төрөө бодох төдийгөөр бэлгэдлийн чанартай ажиллана гэсэн үг биш, амьжиргаагаа хангана гэсэн үг байдгийг санацгаая. Зүдэрсэн түмнийг амьдралтай золгуулснаар баячуудыгаа улам баяжуулах амлалтдаа ч хүрсэн байна. Армиа сэргээж, харийнхны мэдэлд байсан Рейн нутагтаа цэргээ оруулж, Саараа Францаас авч, Герман улс үндэстнийг устгах зорилготой Версалийн гэрээг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, гадаад бодлогодоо гялалзсан ялалт байгуулж эхэлсэн юм.
30-аад оны төгсгөлөөр Франко, Салазар, Дольфус, Хорти, Антонеску, Александр, Маннергейм гээд олон фашист жанжид тодорсон. Испани, Португали, Австри, Унгар, Румын, Болгар, Финлянд, Хорват, Словак, Словени, Польш, Латви, Литов, Эстони (Японд ч гэж хэлж болно)  зэрэг олон оронд фашизм ялсан төдийгүй, улс төр-эдийн засгийн идэвхтэй амьдралтай бүх оронд фашизм төрийн бодлогын хэмжээнд ч, сөрөг хүчний хэмжээнд ч байж байлаа. Бараг бүх орон фашит болчихоод байсан юм. ЗХУ, Хятад, Манж гээд хөршүүд маань ч тэр.
Засгийн эрхэнд гараад Гитлер еврейчүүдийг харгисласан гэдэг ойлголт бидний санаанд амь бөхтэй оршиж буй... Гэтэл тэр үед Германы нийгмийн бүх салбарт еврейчүүд чухал байр суурийг эзэлж, тэмтрүүлээ тэлэх наймаалж адилаар эл үндэстнийг чухам боомилон байжээ. Еврейчүүд далд нөлөө, хэлхээ холбоогоо ашиглаж, бүхнийг эрхшээх нууц бодлогоо улам хүчтэй хэрэгжүүлж байв.  АНУ, Англи, Герман, Зөвлөлт гээд л олон их гүрэнд тэд ноёрхож, дэлхийгээр тоглож байсаан.



Ийм л нөхцөлд Гитлер тэднийг хазаарлан зогсоох арга хэмжээ авсан юм. Энэ нь тэр үед оросууд цөөнхүүдийг, түркүүд армянчуудыг, колоничлогчид нутгийнхныг аймаглан хөнөөж байсныг бодвол өдөр шөнө шиг ялгаатай байсныг өгүүлэх юун. 10 жилийн турш еврейчүүдийг Германаас гарч явахыг гуйсан. Тэдэнд Палестин, Төв Африк, Мадагаскар, Аргентин, АНУ, ЗХУ-д суурьшихийг санал болгож, нөхцлийг нь бүрдүүлсэж өгч байсан.
Германы хувьд, еврейчүүдийн эзэрхэл дарангуйлал нь тэвчихийн аргагүйд хүргээд байжээ. Еврейчүүд Германы нийгмийг аюулт бактери адил хөнөөж байсан байна. Гитлерийн еврейн бодлогоо эхлэхэд дэлхийн еврейн лобби, мафи, бүтцүүд Германы бүх бараа, эдийн засгийн ажиллагаа, засгийн газрын орших нөхцлийг хориг бүслэлтэд оруулж байснаас үзэхэд л тэдний далд хүч ямар их цар хүрээтэй байсан нь ойлгогдоно.
Дэлхийн II дайны үед ЗХУ-ын 30, Германы 10, Польшийн 9, Югославын 6 сая иргэн амь үрэгдсэн. Мөн 6 сая еврей хүн амь насаа алджээ. Еврейчүүдийг хядсан гэж Гитлерийг мөнхөд хараан зүхэж байгаа билээ. Гэтэл еврейчүүд бусдын л адилаар хорих лагерийн нөхцөлд амь үрэгдсэн. Хорих лагерийн нөхцөл нь фашистуудад ч, холбоотнуудад ч адилхан байсан юм.
Сталин хэдэн арван сая иргэдээ хядаж, мөн украины ард түмнийг устгахыг зорин 10 саяыг нь голодомор гээчээрээ өлсгөж алж, 20 ард түмнийг “урвагч” гээд, устгах ажиллагаа явуулж, бараг устгасан.
Гагцхүү XX зууны бүх геноцидийн хэргээс Гитлерийнхийг онцгойлж авч үздэг нь холбоотнуудын, еврейчүүдийн явууллага билээ. Тэр үед бүх том улс геноцидийн бодлого явуулж, түүнийгээ зүй ёсны хэрэг гэж үзэж байсан.
Хамгийн том геноцидийг Герман биш, бусад улсууд үйлдсэн билээ. Жишээлэхэд, XX зууны хамгийн аймшигт хядлагын нэг бол польшуудыг аймаглан хөнөөх бодлоготой байсан Сталин 14000 гэмгүй польш офицерийг нэг дор нь өчиггүй буудсан явдал юм. Ер нь Монголын хөршүүдэд хамгийн аймшигтай юм болж байв.
Өнөөгийн өндөрлөгөөс харж байхад еврейн асуудлыг ганцааранг нь дөвийлгөөд хэрэггүй санагдана. Энэ нь бусад харгислагчдыг цагаатгасан төдийгүй, тэдэнд тал зассан хэрэг болох юм.
Ариун дайн, Жихад газават, Шамбалын дайн гэх зэргээр, христийн, исламын, буддын, ер нь бүх шашинд хамаг дайныг эцэс болгох сүүлчийн их дайны тухай номлосон байдгийг бид мэднэ. Өмнөө тулгарсан хамаг асуудлыг шийдвэрлэх хүслэн хүн терөлхтөнд юутай их байдгийг энэ санаа нь нотлох билээ.
Персийн аюулаас сэрэмжлэхийн тулд эхлээд Фракитай, дараа нь Дарий хаантай, чингээд бас цааш цаашдаа байлдах шаардлага Македони улсын эрх ашгаас үүдэн гарч ирж буйг Александр ухамсарлан, аргагүй ард түмэндээ дэлхийг эзлэх зорилго тулгарсныг мэдэгдсэн гэдэг. Чингис хаан ч гэсэн бүх дэлхийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэж, амаржуулан жаргаахгүйгээр Монголын асуудлыг салангид шийдвэрлэх боломжгүйг ухаарч, дэлхийг байлдаж дагуулахаар гарч байсан.
Дэлхийг эзлэх гэдэг заримдаа шунаг сэтгэл, нэр төр хөөцөлдөхийн илрэл байсан нь үнэн. Тэгвэл заримдаа аргагүйн логик байсан юм. Ямар ч л гэсэн Гитлерийн үед бүх том гүрнүүд дэлхийг байлдах дагуулахаас буцахгүй байсан. Өнөөдөр ч ялгаагүй.
“Японы эзэн хаан бол дэлхий дээр эрт дээр үеэс эзэн тэнгэрээс уламжилж ирсэн эцэг өвгөдийг минь төлөөлсөн цорын ганц эзэн учраас бид гагцхүү Японы эзэн хаан л энэ дэлхийг бүхэлд нь захирсан эзэн байгаасай гэж хичээнгүйлэн зүтгэнэ” гэсэн 1915 оны самуурай нарын үг өнөөдөр ч хүчинтэй байдгийн л адил юм. Муссолини гэхэд л дуртай цагтаа зодолдоход бэлэн байгаа мэт, ямагт Италийн аугаа их хувь тавилан, агаар тэнгэрийг бүрхсэн Италийн нисэх хүчний тухай ярьдаг байжээ. Энэ л үед Гитлер дэлхийн хэмжээний фюрер болохоор аргагүй шийдвэрлэж байсан байна.
Тэр үед зөн, сэрэл, инстинктийн ач холбогдлыг өндөр авч үздэг иррационалист, экзистенциалист, фрейдист философи урсгалууд үүсч хөгжиж байлаа. Басхүү геополитикийн үзэл санаа хүчтэй байв. Германы газарзүйч Ф.Ратсель “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэсэн бол шведийн эрдэмтэн Р.Челлен “Төрт улс-амьдралын хэлбэр” гэсэн бүтээлээ туурвиж, К.Хаусгофер, Е.Обст, К.Шмидт, Г.Гримм, А.Хеттнер, А.Грабовски нарын философичид үүнийг нотолж  байв.
Германы санаа хүчтэй байв. Германы газарзүйч Ф.Ратсель “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэсэн бол шведийн эрдэмтэн Р.Челлен “Төрт улс-амьдралын хэлбэр” гэсэн бүтээлээ туурвиж, К.Хаусгофер, Е.Обст, К.Шмидт, Г.Гримм, А.Хеттнер, А.Грабовски нарын философичид үүнийг нотолж байв. Германы сэтгэгч О.Шпенглер 1922 онд “Европын эцэс” бүтээлдээ “Хүн бол дуртай зүгт нь хөөгөөд явуулчихаж болох номхон үхэр сүрэг шиг биш, харин үүрэндээ хэнтэй ч эн тэнцүү байхыг үл тэвчин хүлцдэг толгойлогч арслан шиг юм” хэмээн өгүүлж байлаа. Тийм ч учир үндэстний онцгой чанар, нөгөөгөөс давуу шинжийг онцолдог үзэгдэл нь I Наполеоны бодлогыг бишрэгч Н.Шовений нэрээр шовинизм хэмээн тодорч иржээ.
“Хүн төрөлхтний нийгмийн хөгжил нь амьдралын төлөө тэмцэл. Энэ тэмцэлд мөхөх ёстой байсан субъектүуд үлдэж хоцорч байгаагаас гамшиг бүхэн үүднэ” хэмээн социал-дарвинист Л.Гумплович, Г.Ратценгофер, А.Смолл нар номлож байлаа. Ж.Гобиногийн расист концепци: “Арьстнуудын физик, психологийн ялгаа нь нийгмийн соёл, түүхэнд их үүрэг гүйцэтгэнэ” хэмээн сургаж байв.
Хэт өсөлтийг зохицуулдаг зүй ёсны үзэгдлүүд нь дайн, өлсгөлөн, өвчин юм гэсэн А.Мальтусын үзэл санааг неомальтусч Г.Браун, Ж.Боннер, Г.Тейлор, П.Эрлих нар хөгжүүлж, “хүн амын дээд хэмжээ” гэсэн санааг гаргаж ирээд байлаа. Генетик, генийн инженерчлэлийн хөгжлийн дүнд шилдэг хүмүүсийг шалгаруулах, үлдээх, хөгжүүлэх асуудлыг авч үздэг евгеникийн шинжлэх ухаан буй болов. XIX-XX зуунд гарч ирсэн энэ бүх онол сургааль нь хүн төрөлхтний эрүүл ухаан, бүтээлч сэтгэлгээний тэргүүний ололтууд байсан бөгөөд өнөөдөр ч тэр хэвээрээ бөлгөө.
Фашизм үүсч хөгжсөн хөрс гэвэл ийм юм. Фашизм бол зайлшгүй байдал, логикийн тооцоо, ард түмний хүсэл зориг, сургамжтай явц байлаа. Холбоотнууд дэлхийн II дайнд ялснаар фашизм ялагдсан бус. Харин ч фашизм зайлшгүй байсан нь нотлогдсон бөгөөд өдгөө ч бид түүнээс зарим хэмжээгээр суралцах хэрэгтэй байгаа юм.
Дэлхийн II дайны дараа Германыг Британи, Франц, АНУ, ЗХУ дөрөв бүсчилэн хувааж эзэмшсэн. Дорнод Германыг Польшид өгсөн. Дорнод Прүссийг ЗХУ, Польш хоёр хувааж авсан. 6,75 сая герман хүнийг төрсөн нутгаас нь хэрцгийгээр хөөж, холбоотнуудын эзэмшлийн бүсэд хүчээр тараасан. Германы ард түмний бахархал, түүхийн нэгэн баталгаа болох хүчин зүйл-Прүсс орныг эгнэгт устгасан. Сталин ганцаараа гэхэд л Германы үйлдвэрүүдийн 80 хувь, 20 млрд ам.долларыг дайны төлбөрт авахаар шаардлага тавьж байсан. Герман эмэгтэй бүрийн хэвлийд орос үр суулга гээд бүгдийг нь толгой дараалан хүчиндүүлж байсан.
Гэтэл өнөөдөр Герман ахин хүчирхэг болчихоод байна. Нэгдсэн Европод Герман ноёлох нь ойлгомжтой боллоо. Фашизм Төв, Дорнод Европын улсуудад бус, дэлхийн бүх улсуудад дэлгэрлээ. Холбоотон асан Орос, Америк, Англи, Францад хамгийн томоохон фашист хүчнүүд байна.
Монголд ч фашизмын хий үзэгдэл, фашизм амжилттай үүсч хөгжих хөрс байна. Монгол хамгийн эртний хуурай газар тул энд араатан жигүүртний амьдрал буй болсон. Хүний хамгийн эртний өвөг - Zalambdalestes Монголд олдсон. Хас тэмдэг Монголоос гаралтай. Монголын Говьд арийчууд буй болсон. Арийчууд баруун өмнө тийш нүүдэллэсэн нь тодорхой.
Өвөг монгол улс аймгуудын их аян дайн, Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал гээд бахдах юм бидэнд их бий.


Ч.Мөнхбаяр
1995 он.


P.S. Энэ үед миний бие үндэсний эх оронч үзлээ фашист хэмээн алдаатайгаар нэрлэж байсан бөгөөд, бас ч гэж зохих хэмжээний фашист үзэлтэй ч байсан юм.

Иж бүрдэл


“—Монголын цуглуулагчдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг Молом бид хоёр Зөвлөлт улсаас хамтдаа, цуглуулах өвчнийг тээж ирсэн билээ.
1937 онд, манайхыг латин үсгийн мөнгөн дэвсгэрт, марктай болгох шийдвэр гарав. Ленинградад хэвлүүлж, цутгуулсан иж бүрдэл загваруудыг нь авчралцах хувь тохиол мөн л бид хоёрт заяагдсаан...
Нэгэн өдөр Молом маань нүд нь гэрэлтчихсэн амьтан өрөөндөө сууж байлаа:
“Нөгөө латин үсгийн мөнгө, маркийг “эсэргүү ажил” гэж зарлаад, оролцсон улсыг нь баривчилж эхэлжээ.
Зөвхөн авчралцсан бид хоёрыг яав л гэж.
Үлгэр загварыг нь ч устгасан. Гагцхүү найз нь нэг иж бүрдлийг нууж чадлаа. Хорвоод хосгүй эрдэний эзэн нь би боллоо! Даян дэлхийн цуглуулагчид одоо  надад л атаархана!” гээд далд газраасаа, нөгөө эрдэнээ гарган ирж үзүүлэв.
Дараа нь тэр, нууцаа задалсандаа харууссан байх. Гэвч цуглуулагч хүн ховор нандин зүйлээ хэн нэгэнд үзүүлэхгүй байна гэдэг, жинхэнэ газар дээрх там шүү дээ! Тэр тамыг Молом давсангүй.
Би иж бүрдэлд шунаж, өдрийн бодол, шөнийн зүүд болж тарчлав. Эцэст нь би, “Латин үсгийн мөнгөний” эсэргүү хэргийг Молом анх харийн даалгавраар санаачилсан гэж матаад баривчлуулчихлаа.
Тэгээд л нэг шөнө салгалж чичрэн байж, далд газраас нь өнөөхийг аваад эргэтэл, үүдэн тушаа Молом ташаагаа тулаад, инээмсэглэн зогсч үзэгдсэнээ, замхран алга болов!
Тэр үед юу тэгж харагдсаныг бүү мэд. “Моломын сүнс үү” ч гэж бодох юм. Яг л тэр эгшинд цаазлуулсан бололтой байдаг.



Иж бүрдлийг авснаасаа хойш хэд хоног элий балай, ухаан солиотой юм шиг явсан даа. Түүнээс хойш ч, ер нь олигтой өөдөлсөнгүй. Моломын сүнстэй л хамт амьдарлаа шүү дээ.
1990 он хүртэл “эсэргүү” иж бүрдлээ өөрөө ч бараг үзэж харалгүй, айж, нууж явлаа. Түүнээс хойш, түүхийн элдэв баримт дэлгэгдээд, судлагдаад, миний ялт хэрэг илэрчих гээд байх болсон тул бас л хав дарж ирлээ.
Хосгүй эрдэнээ хэнд ч үзүүлж чадахгүй байна гэдэг миний хувьд Моломын сүнстэй учрахаас дутуугүй там байсан даа!” хэмээн өвгөн цуглуулагч Цэрэнпил хоолой чичрүүлэн, нулимс дуслуулан яриад, нууц газраас иж бүрдлийг гарган ирэхэд, түүний шавь, залуу цуглуулагч Өлзий нь догдолсондоо, золтой л багшаасаа өмнө талийсангүй...
Эндээ хоносон тэрбээр ад чөтгөрийн бодолд автаж, огтхон ч унтаж чадсангүй. “Ердөө хажууханд л, хорвоод ганцхан эрдэнэс буй” гэж бодохоос л тэсч байхын аргагүй.
Өлзий бараг шөнөжин эргэцүүлэн бодсоны эцэст өвгөний цуглуулгын өрөөнд орж, иж бүрдлийг хулгуужээ. Цуглуулагч хүний нямбай барилаар үүнийг гүйцэлдүүлж амжсандаа итгэж ч үл чадан эргэтэл, үүдэн тушаа газар, суумгай болсон Цэрэнпил багш нь ташаа тулан зогсч байхыг үзээд, таг хөшлөө. Бүр инээмсэглэж байх нь, яг л Молом! Дараа нь тэр замхран алга болов...
Элий балай Өлзий гэртээ ирсэн хойноо иж бүрдлээ болгоомжтойхон гаргаж ирж үзэв. Хайрцагных нь ёроолд нугалбар цаас байхыг авч харвал: “Өлзий! Чамайг энэ эрдэнэсийн эзэн болох үес өвгөн багш нь хүлцэж чадалгүй нүд аньсан байх биз ээ. Дэлхийн хамгийн үнэт энэ эрдэнэсийг чи үхэн үхтлээ ил гаргаж чадахгүй. Учир нь, миний ч, чиний ч асар их нүгэлт хэрэг илрэх болно. Яагаад би энэ эрдэнэсийн зовлонг ганцаар эдлэх ёстой гэж? Авсан бүхнээ өгдөг, тийм учраас үхдэг” гэж настай хүний хэв муутай бичгээр сарайлгасан байх аж...
Ч.Мөнхбаяр


“Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадамд өгсөн бүтээлийн нэг нь энэхүү “Иж бүрдэл” хэмээх өгүүллэг юм.

http://moenhbayar.blogspot.com

Хорвоод хосгүй тэнэг дарга нар, дэлхийн хамгийн баян ард түмнийг дэлхийн хамгийн гуйлгачин ард түмэн болголоо


Ордыг ердийн газартай адилтган, харьд хямд үнээр түрээслүүлж, баялгийг нь цөлмүүлэх, концэссийн хууль гээч колоничлолын хуулийг батлах гэж байна

1. Амь амьдрал, алаг үрсээ 30-хан зоосоор худалдлаа гэж үү?
Саяхан нэгэн сонины тэргүүн нүүрийг хараад уурлах биш, бүр инээд хүрлээ. “100 сая доллар” гэсэн бичээстэй том картон барьчихсан, байдгаараа баярлачихсан дүрстэй дарга нарыгаа хараад. Айвэноугийн төлөөлөгч хажууд нь бүр нэг Монголын ард түмнийг ивээгч Бурхан, Эзэн Чингис байгаа юм аятай ихэмсэглэн зогсчээ.
Дотроо бол: “Иш чааваас. Ямар үхсэндээ баярласан юм бол. Олон зуун тэрбумын баялагтай нутгаа бидэнд өгчихөөд, нэлээд хэсгийг нь 100-хан сая доллараар манайд худалдчихаад, юу авчихлаа, хүртчихлээ гэж ингэж эргүүттэлээ баясаа вэ? Монголын дарга нар шиг тэнэг улс дэлхийн аль ч галзуугийн больницоос олдохгүй буй заа. Цаазаар авахуулах гэмт хэрэг хийчихээд, хөөрцөглөөд байх. Эдний ард түмэн нь арай ч, эх орноо худалдах , эх орноосоо урвах гэдгийг огтхон ч ойлгохоо, мэдрэхээ байчихсан зомбинууд биш байлтай. Амь амьдрал, алаг үрсийнхээ ирээдүйг 30-хан доллараар буюу, Иудагийн 30 зоосоор худалдчихаад, тэрүүгээрээ нэг түмпэн мах авч идчихээд, гүйлгэж суулгаж, тийрч үхэх, тэгээгүй нь цаашдаа өлбөрч талийх, тийм хамгийн арчаагүй боол, өт хорхойн сэтгэлгээтэй ард түмэн биш л баймаар. Бүх нийтийг хамарсан сэтгэцийн гажиг тусчихна гэж баймааргүй л юм. Дэлхийн талыг эзэлж, дундад зууны турш хүчирхэг явсан Чингисийн монголчуудын үр сад гэхэд яасан ч хүлцэнгүй, ноомой, дорой санагднам бэ? Алт баялагийг нь улайм цайм дээрэмдээд, улс үндэстнээр нь устгаж байхад, 30 зоос горилон алгаа тосоод л сууцгааж байгаа бус уу? Эсэхүл, энэ ард түмэн бүхнийг ойлгож байгаа. Зүрхний хилэн нь торхтой дарь шиг болсон байх. Тэр цагт энэ хэдэн тэнэг монгол дарга эгшин зуур хумхын тоос болно. Бид ч хэцүү байдалд орно. Тэрнээс өмнө л хамаг баялагийг нь хуурайлж хувхайлж амжих хэрэгтэй” гэж бодож байсан биз ээ.

2. 1 удаа 30$ биш, сар бүр 2000-10000$ авах боломжтой
Дарга нар маань ЗГ-т 100 сая доллар орж ирсэнд баярласан. Тэндээс хулгайч зангаараа аанай л, хэдэн ногоон өөрсөддөө унагачихна. Бас “Ард түмнийг хууран мэхэлж, амыг нь нэгмөсөн таглах ганц сайн боломж олдлоо. 30 зоосны авлига авчихсан, бидэнтэйгээ нийлээд л  эх орноо худалдалцчихсан, урвалцчихсан улс чинь, ичсэн нүүрэндээ тэмцэл хөдөлгөөн гаргаж зүрхлэхгүй” гэж бодож баяссан хэрэг.
Оюутолгойн ашгийн 10-15 хувийг эх орноо худалдсан том жижиг дарга нар хүртэнэ /Монгол улсад бол 30 зоос л өглөө, ингээд гүйцээ/, үүнд бол бүр ч их баяссан нь ойлгомжтой.
Дэлхийн хамгийн баян ард түмнийг дарга нар маань тэр 100 сая доллараар, дэлхийн хамгийн гуйлгачин ард түмэн болгож харагдууллаа.
Монголын баялаг бол, харьяат бүрдээ сард 2000-10000 долларын хувь хүртээгээд, улсаа өндөр хөгжилтэй, бүх монголчуудыг нэгтгэсэн гүрэн болгочиход хүрэлцэх хэмжээний далайцтай юм. Гэтэл нэг удаа 50 мянган төгрөг өгөх юм гэнэ. Тэр нь дарга нарын хариуцлагагүйгээс /эсвэл харь эздийнхээ өмнө бол хариуцлагатайгаас/  болж түгсэн,  гахайн ханиаднаас сэргийлэхэд ч хүрэлцэхгүй. Ард түмнээ бүр нэг зүгээр гахай болгохыг тэд зорьж ирсэн, гэтэл одоо хүний ханиад ч тусахаа болилоо. Юу болж байна вэ?



3. Дарга нар өөрсөддөө голланд өвчнийг, ард түмэндээ гахайн томууг бэлэглэсэн
Сангийн сайд С.Баярцогт урьд ийм их мөнгө ЗГ-т орж ирж байгаагүй гэж түүлгэчин царайлав. Зарим жил гагцхүү Япон улс 300 сая долларын тусламж үзүүлж байсан санагдах юм. Сайн санаат улс тусалбал тэр нь мөнгө биш цаас болчихдог, муу санаатай улсад 100-хан сая доллараар олон зуун тэрбум долларын баялгаа худалдчихаар тэр нь цаас биш, мөнгө болчихдог юм байлгүй.
Эх орноо худалдсаны баярыг тэмдэглэж, иргэдэд 50 мянгыг түгээх гэж байна гэж ойлгогдохоор зүйлийг дарга нар хэлж байна. Сонин сонин, солиотой галзуу баяр тэмдэглэдэг болох нь ээ, бид чинь.
Нэгэн дарга: “ЗГ улс төрийн том амлалтыг энэ 50 мянгаар зогсооно!” гэж том “баав”. Харж байгаа биз. 30 зоосноос цаашаагаа юу ч байхгүй болно, дарга нарын “баас” л дээрээс унах болно. ЗГ улс төрийн том амлалт хийхгүй гэнэ. “Монгол улс үндэстний  төлөө анхаарал тавихгүй ээ, цаашид энэ улс үндэстэн байхгүй болох юм чинь” гэсэн санаа шүү дээ. Улс төр бол хамтдаа амьдрах ухаан. Тэд улс үндэстэнтэйгээ хамт амьдрахыг хүсдэггүй. “Бид л амьдрах ёстой” гэсэн харгис бодлого нь 20 жил үргэлжилж байна.
“50 мянга бол ашигт малтмалын хишгийг хүртэж болохын хамгийн том илрэл” гэж нэг сайд чалчив. Ахиад юм харалтгүй шүү л гэсэн үг. “Бид Оюутолгойн гэрээг хийлээ гээд ямар ч шагнал аваагүй” гэж гонгинов. Эх орноосоо урвачихаад шагнуулах нь хэм хэмжээ болчихоод байгаа болохоор тэр.
Тэдний шуналд хязгаар гэж алга. Оюутолгойн ашгаас манай дарга нарын халаасанд бол тэрбум тэрбум доллар орно. Гэтэл бас эх орноо худалдсаны шагнал гэж нэхэж байдаг.
Монголд голланд өвчин гэж гараад болохоон байсан гэнэ шүү. Тэр нь нийгмийн халамж хэтэрч, ард олон нь зүгээр тэжээлгээд, гэдсээ илээд хэвтэж байдаг болохыг хэлдэг гэнэ. Бүтэн сар, амралтын өдөргүй, 12 цагаар хөдөлмөрлөөд, 100 долларын л орлого олж байгаа хүн манайд зөндөөн. Ингэж зовж зүдрэн амь зууж байхад, амтай дарга бүхэн монголчуудыг залхуу, ажил хийдэггүй гэж доромжлох нь хэрээс хэтэрлээ. Тэгж байж, нэг өдөр амаа ардаа гартлаа алгадуулах вий дээ. Дарга нар өөрсдөө голланд өвчин гээчээн туссан бөгөөд, харин бидэнд үзүүлсэн нийгмийн халамж нь гахайн томуу гэдэг өөр өвчин юм шүү.

4. Рио Тинтогийн ажилтан “өрөө төлөхийн тулд Оюутолгойн ашиглалтыг эрчимжүүлнэ” хэмээн шууд л гэрээгээ зөрчихөө амлав
Харьд бэлэглэчихсэн хэрнээ, “Оюутолгой Монголыг аварна” гэхчилэн нэртэй, солиотой солиотой юм бичицгээгээд байх юм. 34 хувийнхаа төлбөрийг төлж чадахгүй бээцэгнэсээр байтал зүйл дуусах гэрээ хийчихээд. Манайхаас өөр улсад ийм ялт хэрэг хийсэн улс ганц секүнд эрх чөлөөтэй, гэм зэмгүй явахгүй. Эсвэл төр нь, эсвэл түмэн нь гэсгээн цээрлүүлэх байсаан.
Рио-Тинтогийн нэг ажилтан, бид Оюутолгойн ашиглалтыг маш их эрчимжүүлэх болно, учир нь 30 тэрбум долларын өрөө яаралтай барагдуулах амин чухал шаардлагатай байна гэв. Ийм улстай л хамтран ажиллах гэж байна шүү дээ. Дааж давшгүй өртэй, орох оронгүй, янз бүрийн улсуудад ажилтнууд нь баривчлагдаад, ялаа эдлээд эхэлчихсэн, дэлхийн хамгийн том гуйлгачидтай. Тэгээд ч, Оюутолгойн ашиглалтыг эрчимжүүлнэ гэдэг чинь гэрээгээ шууд зөрчиж байгаа хэрэг. 70 жил ашиглана гэчихээд, 3 жилийн дотор ч цөлмөчихөж магад.
Эх орноо худалдахын амтанд орсон дарга нар, “одоо Тавантолгойн асуудалд яаравлан орноо” гэж алгаа үрчиж, дороос нь хатгасан юм аятай, тогтож ядан өндөлзөж байна.
5000 ашигт малтмалын лиценз олгогдсон аж. 5000 эрдэнэсийн толгодыг маань буг чөтгөр дарга нар маань харийн, өөрсөд шигээ хулгайч дээрэмчдэд бэлэглэж, монголчуудыг аяганы амсар зуух хувь тавилангүй болгох “төгөлдөршлийг” хэрэгжүүлэх гэж байна.
Концессийн тухай хууль гэдэг бүр ноцтой урвалтыг хүртэл тэд бодож оллоо. Одоо тэд монголын алт баялгийг жирийн нэг газар, талбайтай адилтган, харьд түрээслүүлж, колоничлолыг гүнзгийрүүлэх гэж байна шүү дээ. Өөрсдөө тэнэг юм чинь бодож олоогүй л дээ, харийн хулгайч нар л зааж өгсөн. Төдөн га талбайг жилийн 30 зоосоор түрээсэллээ гээд л, алт баялагийг нь ямар ч ашиг хуваалцах, татвар төлбөр өгөх зүйлгүйгээр цөлмүүлэх нь ээ. Концэсс гэдгийг шууд колоничлол гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс, тэр бол колоничлолын тухай хууль юм.
Манай дарга нар харийн хулгайчдын гар хөл, бөгс бөөрийг алтаар угааж өгч байна. Амьдрах аргагүй болж Швейцарьт “харласан” монгол эмэгтэй, цагаачлалын албаныхан ирэхэд цонхоор үсэрч үхэж байна.
Миний ард түмээн, Оюутолгой бидэнд хэрэггүй юу? “Хэрэггүй ээ” гэсэн хариу сонсодвол, “Өгөөд бай, өгөөд бай” л гэж хэлмээр байна. өөр юу хэлэх вэ. Дараа нь тэгээд цонхоор үсэрцгээх л үлдэх юм гэж үү?
Гэхдээ би “Хэрэгтэй” гэсэн хариултын сонсоно гэж найдсандаа үүнийг бичсэн юм. Монголын хайрт  ард түмэндээ би хэзээд итгэж найдаж ирсэн, итгэл найдвар минь хэзээ ч бүдгэрч, бөхөж, тасрахгүй ээ.   

MMIX.X.XXIII
http://moenhbayar.blogspot.com