Saturday, October 24, 2009

"Утга зохиол, урлаг" сонинд хэвлэгдэв


"Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга" маань "Утга зохиол, урлаг" сонины №20 тэргүүн нүүрэнд хэвлэгдэв. Олон зохиолч анхааралдаа авч, надад хандаж, санал бодлоо илэрхийлэв.

Та доорхи зурган дээр дарж томруулан уншина уу.



 

Монголын ПЕН-центр ТББ Дэлхийн ПЕН-клүбүүдийн холбоонд элсэв


Миний бие Монголын ПЕН-центр ТББ-ын гишүүн, уран бүтээлч нөхдийн хамт үүсгэн байгуулагчдын нэг билээ. Энэ байгууллагын маань тэргүүн Ганбат, УЗГ Мөнхжаргал маань Австрийн Линц хотноо болсон, Дэлхийн ПЕН-клүбүүдийн 76-р их хуралд амжилттай оролцлоо.


Дэлхийн ПЕН-клүбүүдийн их хуралд Монголоо төлөөлөн оролцсон 
найз, яруу найрагч Я.Мөнхжаргал маань

Тэд маань Дэлхийн ПЕН-клүбүүдийн холбоонд Монголын ПЕН-центрээ амжилттай элсүүлжээ.
Монголын зохиолчид 60-аад оноос дэлхийн уран зохиолын хамгийн нэр хүндтэй энэ байгууллагад элсэхийг чармайж иржээ. Үе үеийн зохиолчдын маань хүсэл эрмэлзэл ийнхүү биелэв. Монголын зохиолчид дэлхийн үзэг нэгтнүүдтэйгээ эрх тэгш мөр зэрэгцэн алхах боломжтой боллоо.

"Монголын мөнгөн үеийн хүүрнэл зохиолын дээжис" номд бүтээл минь оров

 
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал нарын анд найзууд маань эрхлэн гаргасан эл номд "Зөвхөн бидний үдэш" (1989-1993) үгүүллэг маань орлоо.

Та бүхэн доорхи зураг дээр дарж томруулан уншина уу.

 


"Эх орны цэрэг" наадамд оролцлоо


Энэ жил шүлгийн хоёр уралдаанд оролцож, аль алинд нь нэг давлаа.
...Офицерийн ордон руу дөхөж явтал, Батнайрамдал ах тааралдаж: "За, баяр хүргэе! Чи их сайн шүлгүүдтэй юм байна билээ" гэсэнсэн. Урам зориг бадарч, сугалаа сугалтал "№1" таарав. Бүр ч бэлгэшээв.



Цэрэг-эх орны буюу, армийн шүлэг найраг гэдэг өөрийн гэсэн онцлогтой байх учиртай. Түүнийг харгалзан, болзол сэдэвт нь тааруулан би шүлгүүдээ бичсэн.
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр олон юм яриад яахав. Гэхдээ л...

Сонины баяр боллоо


"Алаг хорвоо" нэгдсэн редакцийн маань баяр 2009.08.15-нд боллоо. Гачууртын ойролцоох үзэсгэлэнт сайхан байгальтай газар редакцийн ажилтнууд, нийтлүүлэгчид, сонин борлуулагчид хуран цуглаж, өдөржин хөгжин цэнгэсэн болно.



"Их хайрхан" хэмээх амралтын газар бид баясан суухдаа тактик-стратеги, маркетинг-менежментээ ч яриад авав. Янз бүрийн уралдаан тэмцээн зохиож, оюун, хүчийг уралдуулав. "Алаг хорвоо"-гийнхон алаг дэнжийг донсолгов.
Нэг нь бүр эндээс явахгүй гээд үлдсэн.
Сайхан зуны сайхан дурсамж юм даа.

Tuesday, October 20, 2009

Монгол оронд хувьсгал хэрэгтэй!


1990 оны хувьсгал Зөвлөлтийн дарлалаас ангижруулсан хэдий ч, нийгмийн эрүүл бус мөн чанар хөндөгдөлгүй үлдсэн төдийгүй, улам даамжрав. Зөвлөлтийн дагуул байсан бол, харийн луйварчдын колони боллоо. Соцлагерийн дэглэмийн үед колоний ажил хийж байсан, метрополидоо бэлтгэгдсэн колоний түшмэдүүдийн үр хүүхэд, залгамжлагч нар хязгааргүй хомхой сувдаг, маньяк, бирд болохынхоо улмаас яг л тийм ажил хийгээд, ард түмнээ давхар дарлаад, язартлаа баяжиж, дэлбэртлээ омогшоод л явж байна.
Ардчиллын хөдөлгөөний эхэн үед соцлагерийн үеийн гаж буруу зүйлс ямар ч үнэ цэнэгүй болж байсан. Тахин шүтэгдсэн хүнийг намаас нь хөөгөөд, шагналыг нь хураасан. Гэтэл өнөөдөр соцлагерийн хамаг зүйлийг сэргээн засварлаад, урвагч, дайсан гэгдсэн нөгөө хүндээ дэглэмийн нь үед байгаагүй олон хөшөө, кино, ном, өргөмжлөл, арга хэмжээг зориулаад л байж байна.
Яалаа гэж хөшөө босгов? Тэр, улсаа ЗХУ-д нэгтгэх гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан. Зөвлөлтийн дарлал мөлжлөг, устгах бодлогыг гардан хэрэгжүүлж асан. Өнөөдөр, ЗХУ, Цэдэнбал, МАХН гурав нийлээд хамаг сайн сайхан юмыг хийчихсэн, Монголын ард түмэн үе үеэрээ зүгээр тэжээлгэж хэвтээд, эрхийн тэнэг болчихсон гэж сурталдах болж.
За яахав, тэгж л байг. Дарга нар өөрсдөө хувьсгалыг даллаж, урьж залж, ардчилсан хувьсгалын тохироо, нөхцөл бололцоог нь бүрдүүлж, овоо босгож байна. Шувуу ирж, үлийн цагаан оготнуудыг тонших л болох нь.
Дэлхийн хамгийн баян Монгол орныг монгол хүн байтугай, Монголын мал амьтан амьдрах аргагүй там болгожээ. Ямаа, харийн луйварчид л амьдарч болох болж. Үүнийг юу засах вэ? Үндэсний чөлөөлөх болон ардчилсан хувьсгал л засна. Өөр ямар ч арга алга.
1. Монголын ард түмэн зөвлөлтийн эгэл жирийн, шударга анд нөхөдтэйгээ гар нийлэн, 70 жилийн турш бүтээсэн бүхнийг "зар, устга" хэмээн уриалж, зохион байгуулж, санасандаа хүрсэн нь “ганзагын наймааны” хүйтөрөлгүйтгэл.
2. Бүхнийг дамын наймаа, нүд хуурсан үйлчилгээ рүү хөөргөдөн түлхсээр, гарцгүй мухардуулсан нь “худалдаа-үйлчилгээний” хүйтөрөлгүйтгэл.
3. Гаалийн татвар тэглэх, бодлогоор доройтуулах зэргээр салбаруудыг бүрмөсөн сөнөөж, өдгөө хий хоосон уриа лоозонгоос өөр юмгүй болгосон нь “үйлдвэр-тариалангийн” хүйтөрөлгүйтгэл.
4. Ямаа хэт өсгөх нь үлэмж хор хөнөөлтэйг мэдсээр байж зориуд гааруулсан; арга ажиллагааны хоцрогдол, зах зээлийн хязгаарлалд оруулж, салбарыг мөн мөхөхөд хүргэсэн нь “МАА-н” хүйтөрөлгүйтгэл.
5. Харийнханд бүх эрдэс баялгийг бэлэглэж, өөрсдөө ашгийн хувь хүртэж, хэрэв баялгаа буцааж авах гэвэл дааж давшгүй өрөнд орох, гадаадын цэргийн хүчинд дарагдах болгон зохицуулсан, ард түмний жинхэнэ гэрэлт ирээдүйг булшлахыг санаархсан нь “ашигт малтмалын” хүйтөрөлгүйтгэл.
6. Мухардсан олныг барилгын салбар луу хошууруулан төөрөгдүүлж, ганц баллын газар хөдлөлтөд тэсвэргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй барилгыг олноор бариулж, хорлон сүйтгэсэн нь “барилгын” хүйтөрөлгүйтгэл.
7. Хоосорсон ард түмэн төлж хүчрэхгүй зээлийг их хэмжээгээр авч, завшиж, үрж, банк-санхүүгийн системийг заналтайгаар бусниулж, дотоод валютыг доройтуулсан нь “зээл-санхүүгийн” хүйтөрөлгүйтгэл.
8. Эдийн засгийн болон бусад чиглэлийн томоохон хямралуудыг зохион байгуулж, уг хямрал дээр дөрөөлөн өөрсдөө улам хөлжин дэвжиж, ард түмнийг өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдүүлж, элгээр нь мөлхүүлж ирсэн нь “хямралын” хүйтөрөлгүйтгэл.
9. Оюуны хоосрол, хомсдолд хүргэх үйл ажиллагаа явуулж, боловсролын системийг завхруулж, соёлыг унагаж, эрдэм мэдлэгийн ертөнцийг сөнөөж, ухааны эсрэг суртал нэвтрүүлэг хийж, золиосуудыг нь өөгшүүлэн дэмжиж, дэглэмд таатай мангуунуудыг олноор үйлдвэрлэсэн нь “оюуны” хүйтөрөлгүйтгэл.
10. Нийгэмд хууль зөрчих, хулгай хийхээс өөрөөр амьдарч болохгүй нөхцөл бүрдүүлж, үлгэрлэн үзүүлээд, оройлон манлайлж, хүн зоныг үйлдсэн их бага гэмийнхээ сүүдэрт эмээн явдаг, эсэхүл гэмийг гэм бус гэж үздэг болгож, авлигажуулж, эрүүжүүлэн эвдсэн нь “ёс суртахууны” хүйтөрөлгүйтгэл.
11. Ард түмнийг мунхруулах, төөрөлдүүлэх, тэмцэл хөдөлгөөнөөс хөндийрүүлэх зэрэг дэглэмийн зорилгод шашныг ашиглаж, итгэж бишрэх эрх чөлөөг боогдуулж, угтаа бол чөтгөр шулмын мөн чанарлуугаа цаламдан татаж, сатанизаци, шулмизацид уусгаж байдаг нь “итгэл бишрэлийн” хүйтөрөлгүйтгэл.
12. Хүн амын хагас нь амьдардаг нийслэлийг утаан хот, хөдөө нутгийг элсэн цөл, шороо манаргасан нүх, гол нуурыг хуурай сайр, бохир ус болгон хувиргаж, байгаль орчныг дээд зэргээр сүйтгэж, сүйтгүүлсэн нь “экологийн” хүйтөрөлгүйтгэл.
13. Нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдлаар ард түмний эрүүл мэндийг доройтуулж, бүх хүнийг ноцтой суурь өвчлөлүүдтэй болгож, эмнэлэг, аптекийг сөнөөж, улс орондоо эмчлүүлэх боломжийг устгасан нь “эрүүл мэндийн” хүйтөрөлгүйтгэл.
14. Хүүхдийн эндэгдэл, цаг бусын үхлийн түвшинг өндөрсгөж, абортыг өөгшүүлэн дэлгэрүүлж, эх нялхаст эмнэлэг, асрамж халамжаар үйлчлэхийг даран мөхөөж, хүн амын өсөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг, кампанит ажил явуулдаг нь “хүн ам зүйн” хүйтөрөлгүйтгэл.
15. Антимонголистууд, нацистууд Монголын түүх соёлыг мушгин гуйвуулж, муучлан харлуулж, мартуулах, устгахыг оролдож, монголчуудыг бүхий муу муухай язгууртай хэмээн сурталчилж, Монгол улс үндэстнийг үзэн ядах үзлийг түгээж, монгол хүнийг 2-р сортын болгон, шинэ апартеидээр ялгаварлан гадуурхаж, хавчиж хяхаж, монгол хүн байсных нь төлөө хоёрдахь холокостоор устгахыг завдсан нь “үндэс угсааны” хүйтөрөлгүйтгэл.
16. Нийгмийн эрүүл бусын эсрэг, харгис дэглэмийн эсрэг тэмцсэн, бичсэн, хэлсэн, бодсон бүхнийг түмэн зүйлийн аргаар хорлож, гишгэх газаргүй болгож, шоронд хорьж, амь насанд нь халдаж ирсэн нь “их хэлмэгдүүлэлтийн” хүйтөрөлгүйтгэл.
17. Харийн колоничлогчдын даалгавраар монгол улс үндэстэн оршин байх бүхий нөхцөл бололцоог үгүй хийж, хамаг баялаг, нөөц боломж, газар нутаг, сайн сайхын болгоныг гадаадын луйварчдад бэлэглэж, тэдэнд зориулан Монгол орныг хүн амаас нь, монголын гэсэн бүхнээс нь чөлөөлж өгч, өөрсдөө зүсэм хүртэн бялуурч ирсэн нь “неоколоничлолын” хүйтөрөлгүйтгэл...
1990 оноос хойш каннибалууд маань олон чиглэлийн хүйтөрөлгүйтгэл явуулж, чиглэл бүрээс их ашиг хонжоо олж, бага ард түмнийг өнөөгийн нөхцөлд устгах туршилтыг монголчууд дээр хийж, вивисекцид оруулан тамлаж, хүйтөрөлгүйтгэлийн бизнесээр хөлгүй баячууд болжээ. Хожим Монголын энэ аймшигт хүйтөрөлгүйтгэлийг харуулсан, Камбож дахь Улаан кхмерүүдийн мүзей шиг мүзей байгуулагдаж, шударга хүн төрөлхтнийг айлгаж, сэрэмжлүүлж байх болноо.
Монголын хүйтөрөлгүйтгэлийн тухай ярихаар эрх баригчид “бөөс шиг юм ярилаа”, “бөөсний асуудал ярьлаа” гэдэг. Тэд бохироор бордоо хийж амьдрахыг уриалан, монголчуудыг “ивгээдэг”. Алт эрдэнэс, аз жаргалыг нь харийнханд өгч, өөрсдөө эзэмшилцчихээд, ард түмэнд баас шээсээ санал болгон доромжилж байна. Төгсгөл гэж юу байдгийг тэд мартаж!
Хүйтөрөлгүйтгэл бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Хэзээ нэгтээ олон улсын хамтын нийгэмлэг Монголын хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэрэгтнүүдийг шүүх болно. Гэхдээ монголчууд бид өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдвэрлэж сурах ёстой. Гаднаас тусламж залж авчирна уу гэхээс, хүлээн сууж болохгүй юм. Эсбөгөөс, олон улсын шүүх сөнөсөн ард түмний тухайд явагдах болно.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэг зөв байсан уу? Зөв. 1990 оноос хүнд нөхцөл байдал бүрэлдсэн үү? Тийм. Тэгэхлээр юу хэрэгтэй вэ? Хувьсгал!
Хувьсгал гэдэг бол эсрэг тэсрэг ангиудын хайр найргүй тэмцэл гэж би хэлэхгүй. Дарга ангиас ч хувьсгал гарч болно. Ухаарч сэхээрсэн дарга зөв бодлогыг эхлүүлж, хэрэгжүүлэн хувьсгал хийж болно. Түүхэнд тийм туршлага байсан. Гэмшиж гэгээрсэн дарга хүйтөрөлгүйтгэлийн гэмт хэргийг ил тодоор илчлэн, хуулийн байгууллагатай хамтарч ажиллан хувьсгал хийж болно. Хулганы сүүл 7.1-нд шавхуурдсан. Харшлалт жилийн хатуу эвэрт өлгөгдөх гэгч бүр хэцүү байх нь ойлгомжтой. Дарга нар аа, сонсоцгоо, зэвсгээ хураалгацгаа, бууж өгцгөө!
Монголын шинэ хувьсгал ямар байх вэ? Берлиний ханыг нураасан, Тяньаньмэний, Чаушескуг унагасан, Улбар шар, 1990 оны Монголын хувьсгалын алинтай нь төстэй байвал зохих вэ? Мэдээж, сүүлийн хувилбар нь, манай хувьсгал л бидэнд зохино оо. Хүчирхийлэлгүй, хууль зөрчихгүй хувьсгал бидэнд хэрэгтэй. 1990 оных шиг, зөрчилдөгч талууд харилцсан ойлголцсон хувьсгал байвал сайн. Хувьсгалчид болон дэглэмийнхний хооронд иргэний дайн гарах, далимдуулж харийн цэрэглэсэн түрэмгийлэгчид орж ирэх, нухчин дарсны дараа бүр харгис хэрцгий дэглэм тогтох зэрэг хамгийн муу хувилбарууд бүү үзэгдэг.
Хувьсгал л Монголын хүйтөрөлгүйтгэл, Монгол дахь неоколоничлолыг зогсоож, Монгол улс үндэстнийг сөнөл сүйрлээс аварч, амьдрал жаргалтай залгуулна аа.
Тэр хувьсгалыг хийх, удирдан жолоодох баатар хэн бэ? ТА!
Ч.Мөнхбаяр
MMIX.V.XVI

Оюутолгойг харьд өгсөн шиг явдал урьд гарсан бол Халхын голынх шиг тулалдаан өрнөх байв


Оюутолгойн баялгийн 66 хувийг харьд өгсний хариуцлагыг хэн хүлээх вэ? Ашигт малтмал дээр суурилаад, улс орноо хөгжүүлээгүйн хариуцлагыг хэн хүлээж, хохирлыг нь хэн барагдуулах вэ?

10.6 гэдэг Монголын түүхийн хамгийн хар өдрүүдийн нэг юм. Харийн түрэмгийлэгчдэд, тусгаар тогтнолын салшгүй хэсэг болсон нутаг дэвсгэрээ, чингэхдээ хамгийн их алт баялагтай нутгаа алдлаа. Урьд ийм юм болбол, монголын ард түмэн зэвсэг барин эрслэн босч, төр засаг нь тэднийг удирдан зохион байгуулаад зогсохгүй, олон улс гүрнээс тусламж хүсэн, түгшүүрийн харанга дэлдэж байх асан биз ээ.
Ингээд л харийнханд зүгээр өгчих байсан юм бол, өвөг дээдэс маань юунд Халхын гол, Байтаг Богдод “Эх орныхоо атга шороог ч булаан эзлэгчдэд өгөхгүй, алхам ч ухрахгүй” гээд амь насаа зориулан, тулалдаж байв. Харийнханд ингээд Монголоо өргөчих байсан юм бол, яах гэж Халх голын тулалдааны 80 жилийн ой гэж тэмдэглэв ээ? “Эх орноо харийнханд өгөөгүй урвагчдыг жигшин зэвүүцэх өдөр” гээд л тэмдэглэчихгүй.
Нийгмийн өнгө ийм л болж шүү дээ.
Гэрээг үзэглэсний дараа томчууд эх орноо Иудагийн 30 зоосоор худалдсаныгаа тэмдэглэж, хорвоод багтахгүй шахам архидаж цэнгэсэн юм байх. Монгол газар ямар олон Иудатай болоо вэ. “Гэрээг үзэглэнгүүтээ С.Баяр аанай Солонгос руу, Оюунгэрэл рүүгээ ниссэн” гэж хэвлэлүүд бичив.
Айвэноугийн мөнгөөр хөлслөгдсөн сэтгүүлчид ямар ч ичгүүр сонжуургүйгээр, урьд Бороо Голдыг харийнханд бэлэглэж байсан Д.Зоригтыг ардын баатар гэж шагшин магтаж байна. Өдөр тутмын зарим сонины бараг нүүр бүр дээр, бараг жижүүр нь хүртэл шахам тэгж бичсэн нь сүүлээ шарвагануулах сүрэг хавыг санагдуулж байна. Өдий насандаа Д.Зоригт шиг ийм их нүгэл үйлдэж, улс үндэстнээ сөнөөх мөхөөх хэмжээний уршиг тарьсан хилэнцтэн даанчиг ховор.
Балжинням Дашнямтай өдөр  харийн ноёдтой хуримласан харгис дэглэмчид маань, тэдэнтэйгээ нийлээд, залилангийн үгээ ярьж, үнэн зөв мэдээлэл хаалттай нийгмийг хөл толгойг нь солигдтол мунхруулсаар байна. Айвэноугийн элч: "7 уурхай, баяжуулах үйлдвэр 16, ДЦС, дэд бүтцийн 35 байгууламж баринаа" гэхэд л зарим нь хөөрцөглөөд сүйд болох юм. Зэсийн хүдрийг түүхийгээр нь урагш зөөх бэлтгэл л хийгдэж буй бөгөөд, тэгээд ч тэр уурхай бол харийн өмч л байх нь байна шүү дээ. Ингэхлээр монголчуудад ямар үр ашиг гарах юм.
С.Баяр "цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулна, нэрлэсэн үнээр бол манай тал 53 хувийн ашиг авна" гэлээ. Тийм үйлдвэр байгуулах талаар гэрээнд тодорхой юу ч байхгүй шүү дээ. "5 жилийн дараа судалж үзнэ" л гэсэн. Айвэноу Монголын баялгийг ухаж аваачаад л, Хятадад тушаах бодолтой, тэгэхлээр Монголд бүтээн байгуулалт хийхийг юу гэж сонирхоо аж дээ.
Нэрлэсэн үнэ зэрэг шинэ шинэ нэр томъёо гаргаж ирээд л ярьдаг, энэ нь угтаа бол “харийнхан юу л тулганав, түүний эрхшээлд бүрэн байна” гэсэн үг юм билээ.
“Ард түмнээ хамгаална, баялагт нь эзэн болгоно” гэж худал амлаж амлаж, бурхан шиг тахигдсаар гарч ирсэн Ц.Элбэгдорж, ард түмнээ зажилсан бохь шигээ хаячихаад, Оюутолгойн гэрээг хамгаалаад, тахиа донгодохоос өмнө гурав урваад л явж байна. Ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн нэгэн зохиогч нь юм чинь аргагүй.
Манай ашигт малтмалын хууль бол хэд дахин хүчингүй хууль. Айвэноугийн лицэнз хэд дахин хүчингүй. Оюутолгойн гэрээ хэд дахин хүчингүй. Тэгэхлээр цуцлах л хэрэгтэй. Байхгүй сургуулийн худал дипломтой, хуурамч пропусктай хүн залилан хийгээд яваад байвал түүнийг яах нь ойлгомжтой.
Одоо энэ хөөрцөглөөд байгаа улсын, хамаг юмыг нь шууд хүчингүй болгоод, аудит, авлигын шалгалт, эрүүгийн мөрдөн байцаалтаар оруулж, улайлгаж илчлээд, хуулийн хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулгах л ажил хийх хэрэгтэй. Юун тэр гэрээ, найр наадам, ардын баатар. Тэр баясаад байгаа улс эсгий гутал,хөвөнтэй дээлээ л бэлдэх шаардлагатай. Монголын тусгаар тогтнолыг алдагдуулж, нэг колоничлогч компаний халаасанд хийхэд оролцогч, гадаад дотоодын урвасан муу хулгай нар өөр юуг хүлээх юм.
Гэрээний техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ одоо хүртэл үгүй. ТЭЗҮ-г албан ёсоор хянуулж, баталгаажуулж байж гэрээг байгуулах ёстой. Гэтэл дараа ТЭЗҮ-г нь хийчихнэ гээд сууж байна.
Нөөц нь тогтоогдоогүй ордуудын маань ашиглагч биш, эзэмшигч нь болчихсон Айвэноутай хийсэн гэрээнд нийгмийн ямар ч үр ашиг, олон улсын стандартчилал харагдахгүй байгаа юм. Монголын хувь 53 хувь болно гэдэг нь ч ямар ч баталгаагүй, хуулийн үндэслэлгүй л байгаа.
Жилд Монголд 400 сая долларын ашиг өгнө гэсэн нь, 485-ыг өгдөг Эрдэнэтийнхээс бага байна. Эрдэнэтээс төсөвт мөнгө орж ирлээ гээд, дарга нар ард түмний аж амьдралыг сайжруулсан уу? Түүнээс бага мөнгөөр сайжруулах юм гэж үү?
Оюутолгой бол Эрдэнэтээс бараг 10 дахин том орд. Гэтэл харийнхан ашгийг нь 10 дахин бага "болгох", тэр ч бүү хэл, ашиггүй "болгож" мэдэхээр байна. Зардлаа хиймлээр өсгөж, “алдагдалтай” ажиллах магадлал нь тун өндөр.
Монголын олон мянган уурхайчин тэнд ажиллаж, гялайж цялайх л юм гэсэн. Гэрээнд бол, тэднийг сурч мэргэштэл нь хүлээж авахгүй, мөн нарийн мэргэшлийн местэн дээр бол ажиллуулахгүй гэж байгаа юм шүү. Хужаа ажилчдаар ухуулж цөлмүүлчихээд л, бухын доодхыг ширтэгсдийг, бүлтийтэл горьдсон чигээр нь хаяад явах юм байлээ ш дээ.
Дагалдаад олон ажлын байр буй болно гэсэн, болохгүй. Хамаг хэрэгцээт зүйлээ Хятадаас зөөчихнө, бүх ажлаа өөрсдөө хийчихнэ. Далан худал, мянган молиго гээч л энэ буюу. Дэлхийн залилангийн түүхэнд томоор бичигдэх л явдал шүү дээ.
Саяхан, манай талд огт мэдэгдэлгүйгээр, ордын сая сая тонн зэс бүхий хэсгийг хулгайлан зарсан хэргийг Айвэноу тарилаа. Ийм улстай яаж хамтран ажиллаж, жаргаж цэнгэх гээд байгаа юм бэ?
Манай компаниудад хатуу ханддаг хэрнээ, Айвэноу мэтэд маш их эрх мэдэл, нөхцөл бололцоо олголоо гэж Орос ихэд хилэгнэж буй гэнэ...
Бид Оюутолгойн 53 хувийг авах болчихлоо, ээ гялай гэж асуудлыг тавих ёсгүй юм. 100 хувь эзэмшиж байсан асар их баялгийн маань 47-66 хувийг хэн харийнханд өгөв, хэн хариуцлагыг нь хүлээх вэ гэж ярих ёстой. Монгол орон маань ашигт малтмал дээр суурилсан, олон салбарт эдийн засгийг 20 жил хөгжүүлээд, өндөр хөгжилтэй, аз жаргалтай улс орон байх асан боломжийг хэн үгүй хийв, устгав, хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэж ярих ёстой юм шүү.

Ч.Мөнхбаяр. ММIX.X.XIII

Tuesday, October 13, 2009

Хасыг хүндлэх өдөртэй болцгооё!


Гитлер монгол хүнээс хасын учрыг танин биширчээ!

Саяхан нэгэн эрдэмтэн ТВ-ээр “Японы зураач Тайка довтолгон ирэх монгол цэргүүдийг хас бамбайтай байснаар дүрсэлсэн. Перс зураач Чингис хаан дөрвөн хөвүүндээ сургааль айлдаж буйг дүрсэлсэн энэ зураг дээр хас хээтэй хивс харагдаж байна. Чингис хааны, ер нь алтан ургийнхны хасбуу тамгын бариул нь арслан барс бус, хас байсан бололтой. Хас тэмдэг Мөнх Тэнгэрийн хүчний бэлгэдэл, тэрхүү хүчийг зохих хэмжээгээр эзэмшсэн алтан ургийнхны бэлгэдэл байсан” гэж зураг дүрслэл үзүүлэн ярьж байв. Сүүлийн үед судлаачид маань хас сүлдийн талаар идэвхтэй ярьж таниулах болсон нь сайшаалтай.
Монголчуудын хамгийн анхны бэлгэдэл нь хас болой. Бусад улс түмнүүд цөм хасыг өвөг дээдсээс маань уламжлан авсан бололтой. Гүн гүнзгий утга ухаанаар бишрүүлэгч язгуурын шүтээн - Хас өнөөгийн бидний үндэсний бэлгэдэл болох учиртай. Хас нь юуны өмнө тэнгэрийн хүчээр ивгээгдсэн хөгжил хөдөлгөөний бэлгэдэл бөгөөд, эрдэнэт хөлгийн толгойн дүрсээс үүссэн.
Товчдоо бол, хас нь Мөнх Тэнгэрийн хүч гэсэн үг юм.
Чулуун зэвсгийн үеэс өвөг маань эр эм хасыг буй болгож,арга билигийн ухааныг томъёолж байв. “Хос” нугарч “хас” болсон, Арга билигийн онолыг эртний монголчууд үүсгэн боловсруулж, дэлгэрүүлсэн гэх эрдэмтэд цөөнгүй.
Монгол үндэстний хувьд тухайлан утгыг харуулсан нь хасад буй агаад, нэгэн амь сүнсэт ард түмэн маань мөнхөд ахиж мандаж байх болтугай хэмээнэ. Улам хүчжиж, эрчимжиж, тэмүүлж, тэмцэхийг цацрагийн байдал илтгэнэ.
Монголчууд хасын буянг арвижуулан эцэс төгсгөлгүй сүлжин хээлэхийгээ түмэннаст гэх бөгөөд өнө мөнхийг төлөөлүүлнэ.
Харах төдийд бишрэлийг төрүүлэн эзэмдэгч хас сүлдийг харийн улс түмэн бүр өөр өөрийнхөөр өргөн залсан нь хамгийн түгээмлийн нэг болгожээ. Эртний грекүүд нарны тэмдэг, энэтхэгчүүд хөгжил хөдөлгөөний дүрс, хятадууд оршихуйн бэлгэ, христчүүд загалмайн хувилбар, бөөг шүтэгчид онгон сүлд гэхчилэн мөргөж залбирсан байгаа юм.
Германчуудын биширсэн нь түүний нэр хүндэд сөрөгөөр нөлөөлсөн. Баруун зүг нүүдэллэн суурьшсан хүннү нараас германчуудын өвөг готууд хасыг мэдэж аван, улмаар язгуур үнэний илэрхийлэл гээд сүсэглэсэн юм билээ. XX зууны эхээр германы үндэсний үзэлтнүүд жинхэнэ бэлгэдэл маань энэ хэмээн өргөн сурталчлах болсон. Гитлер арийн давамгайллын дүр мөн гэж үзээд намынхаа сүлд болгон хувиргасан. Дашрамд, монголчуудын өвөгт хөөгдсөн юм уу, эсвэл уг өвгийн хэсэг болох арий нь их говиос нүүдэллэхдээ хасыг газар газар танилцуулсан байж болно. Юутай ч атугай, дэлхийн II дайнаас болж хасыг зөвхөн Гитлерийнх гэж ойлгох болжээ. 1923 онд, ирээдүйн фюрэр нэгэн монгол ламтнаас хасын тухай сургаалийг сонсч, энэхүү ялгуун бэлгэдлийг эргэлзээнгүй шүтэх болсон гэх мэдээ ч бий.
Түүнээс өмнө бол хасад дургүйцэх явдал огт байгаагүй. Дэлхий даяар нэг хэсэг хасыг шинэ цагийн, хөгжил дэвшлийн, ардчиллын, XX зууны, армийн, нисэх хүчний бэлгэдэл гэж янз бүрээр үзэн, ихэд шүтэж, таван хошуу шиг өргөн хэрэглэсэн юм. Одоо мартчихна гэж баймааргүй.
Дөрвөн жигүүр шиг, сэнс шиг хэлбэртэй болохоор нь нисэх хүчнийхэн ямар өргөн хэрэглэсэн гэх вэ. Улс бүрийн байлдааны онгоцон дээр хас тодорч, баатар гавъяа, эх оронч үзэл, ариун гэгээн үйлсийг бэлгэдэж байсан нь 20, 30-аад он. Ёс журмаа эрхэмлэдэг Финландад одоо ч нисэх хүчнийх нь бэлгэдэл хас (хакаристи) байгаа.
Орост 1917 оны 2-р сард ардчилсан хувьсгал ялахад, хасыг ардчиллын бэлгэ тэмдэг гээд, мөнгөн тэмдэгт дээрээ залж, хаант засгаас ялгаатайгаа харуулсан байдаг (С.Данзангийн санаачилгаар бүтээсэн Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийн гол бэлгэдэл нь мөн хас байсан). 11-р сарын большевик эргэлтийн дараа коммунистууд тэр хасыг халаагүй. Ёстой жинхэнэ пролетарийн интернационализмд таарах, ирээдүйн бүх дэлхийн зөвлөлт засагт тохирох бэлгэ бол энэ байна хэмээн ихэд сонирхож байж.




1919 онд халимаг цэргийн ангиудад үндэсний чанартай бэлгэдэл хэрэгжүүлэхдээ хасыг (юндэн) сонгожээ. Халимагуудын үндэсний чанартай бэлгэ нь хас гэж ойлгогдохоор ч байж. Хожим өөр цэргийн ангиудад бас хасыг хэрэглүүлсэн сураг дуулддаг.
Дэлхий дээр алх хадуурын дүрсийг залсан ЗХУ-ын төрийн сүлдийг уншигчид мэднэ. Гэтэл алх, хадуурыг биш хасыг залах гэж байсан гэдэг юм шүү.
Монголд бусад орноос илүү, хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг байсан. Эрч хүч, эрмэлзэл тэмүүллээ түүгээр илэрхийлдэг. Язгууртнууд маань хас тэмдэг зүүх ёстой байсан аж. Үлэмж ивгээлт гээд хааяагүй биширдэг асан. Гэрийн үүд, хашааны хаалга, хүүхдийн хувцсын мөр, малын тамганд дүрсэлж, хамаг муугаас авран хамгаалагч гэнэ. Түмэннаст хээг бүр ч түгээмэл зална.
Монгол Ардын Нам үндэсний эрх чөлөөний хувьсгалт тэмцлийн бэлгэдлээр хасыг сонгосон. Энэ нь аажмаар улсын сүлд болох гэж байсан билээ. Алх хадуур, хасыг зэрэгцүүлэн, Орос - Монголын найрамдлыг төлөөлгөхөд большевикууд сайшааж л суудаг байв. Тэдний таашаал бүр хэтрээд, Зөвлөлтийн бэлгэдэлд хасыг оруулах бодол өвөрлөн, манайхыг зөвхөн соёмбоо хэрэглэ гэж тулгасаар 1925 онд намын сүлдээс хасуулсан юм. Гэвч зөвлөлтийн шаардлагаар 1938 онд бүрмөсөн хориглох хүртэл ард олны сүлд хэвээр байсан билээ.
Зөвлөлт тогтолцоо сүйрэхэд энэ хорио тавигджээ. Нэгдэлчдийн эмблемийг л сонгоно гэсэн нэгдлийн дарга нарын шахалтаар төрөгч өнөөгийн “сүлдэнд” ганц зөв юм буй нь хас юм. Үндсэн хуулиар баталгаажсан хасыг шүтэн дээдлэх эрхээ хүн бүр айж эмээлгүй эдлэх боллоо. Хэдийнээ 100 гаруй байгууллга, компани сүлддээ хасыг залсан тооцоо буй.
Большевист колоничлол, дарангуйллын үед Төрийн далбааг зөвлөлт улсын бэлгэ улаан–хөх–улаан дэвсгэр болон хэв маягт оруулж, XVI ССР-ийнх гэж андуурмаар зохиосон. Төрийн сүлдийг большевик ухуулах хуудас болгосон. Зөвлөлтийн тэр туг сүлд өнөө ч бараг хэвээр буй нь харамсалтай. Харийн дарлалыг орой дээрээ өргөн төөрөлдөж явсан цагт төр ч өөдлөхгүй, түүнд мөргөдөг амьтан ч олдохгүй.
“Хасыг фашист, нацист гэж ад шоо үзэх нь ямар ч утгагүй, тэнэг хэрэг. Гитлерээс болж бид үндэсний бэлгэдлээ алдах уу, Гитлерт бэлэглэх үү? Хэрэв тэгэх аваас, Мөнх Хөх Тэнгэрээсээ, эх Монголоосоо, өвөг дээдсээсээ урвасан хэрэг болох биз ээ.
Эрх баригч нам МАХН-ынхан эх орончдын нам МАН-ын залгамжлагч мөн л юм бол хас бэлгэдлийг нь сэргээн залах ёстой. Тэгээд, төрийн бэлгэдэл болгохын төлөө ажиллах ёстой.
Монголоо гэсэн сэтгэлтэй бүхэн Хас сүлдийн төлөө байх ёстой гэж бодно. Үүний төлөө Хасист гэдэг хөдөлгөөн өрнүүлцгээе гэж би уриалан дуудаж байна. Хасист хөдөлгөөн нь:
1.Хасыг төрийн үндэстний бэлгэдэл болгож, хүндэтгэн дээдэлж, Мөнх Тэнгэрийн хүчийг залж явах;
2.Бүх Монгол туургатныг энхийн арга замаар нэгтгэхийн төлөө тэмцэх;
3.Үндэсний, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх;
4.Хас мэт эрүүл, зөв тэгш, мандан бадрах нийгмийг цогцлоон байгуулах гэсэн дөрвөн жигүүртэйгээр (зорилго) үйл ажиллагаа явуулбал зохистой гэж бодогдож байна” хэмээн би “Алаг хорвоо” (2009.04.10) сонинд нэгэнтээ бичиж байсан.
Тэгвэл өнөөдөр, Хасыг хүндэтгэх өдөртэй болъё хэмээн, саналыг дэвшүүлж байна. Энэ нь Мөнх Тэнгэрийн шүтлэгийн өлзий бэлгэтэй сайхан өдөр байх учиртай.
Тэр өдөр хүн бүр Хасыг хүндэтгэж, хасад мөргөж, хасын утгыг таних, санах юм. Хасыг өөр өөрийнхөөр бүтээж болно.
Өмнө нь бүтээсэн Хас-аа өргөн мандуулж, өргөн их жагсаал цуглаан, ардын баяр цэнгэл, зохих ёс үйл, тайлгыг үйлдвэл бүр чиг төгөлдөр болно.
Хасыг хүндэтгэх өдөртэй болохыг төрөөс талархан дэмжиж, албан ёсны хэм хэмжээт болгох талаар анхаарах нь зүйтэй юм. Хас бол Монгол төрийн ч хүндэтгэн дээдлэх бэлгэдэл. Төр түмний, үндэсний ийм нэгэн сайхан баяртай болмоор байна.
Хэрэв чингэвээс, Мөнх Хөх Тэнгэр талархан баясч, ивгээл хайраа улс үндэстэнд минь дэлгэр ихээр илгээж, ард олон минь ч ухаарал гэгээрэл, дэвжил дэвшлийг олж, ялалт амжилт, цэнгэлийн манлай өөд ахиж, мандсан бадарсаар байх болно оо! Мөнх Хөх Тэнгэр, Хасын хүч монголчууд биднийг тэтгэг!

Ч.Мөнхбаяр. MMIX.X.II

Уриалга


50 мянгыг горьдох биш, 
сая саяын сарын цалинг нэхдэг болцгооё!

Төр засаг минь хязгааргүй баян болжээ, ард түмэн минь. 10 тэрбум долларыг дор нь босгоод ирнэ гэж байна. Таван яамны хамтарсан төсөөлөлд тэгж байгаа юм шүү дээ.
“Нэг тэрбум долларыг яасан ч босгож чадахгүй, тэгээд монголчууд хэзээ ч, яаж ч ашигт малтмалаа эзэмшиж, үр шимийг нь хүртэх боломжгүй учир, дэлхийн улс түмний сайн сайхны төлөө хамаг баялагаа харийнханд хувхайртлаан бэлэглэж, хувь тавилантайгаа эвлэрч, өөрсдийгөө бол замбуулингийн тусын тулд золионд гаргаж, дүнчүүр живаа буян үйлдэн, нирваанд харин жаргамой” л гээд дэглэмийн үзэл суртал 20 жил номлолоо. Тоглож, дамшиглаж байж үү дээ.
Үнэндээ бол төр засаг маань хязгааргүй баян болохоороон л ард түмний баялагийг даян дэлхийн үйлсэд зориулж, тэгээд бас манийгаа харангадааж алалгүй, нөгөө айхавтар арав хорин тэрбум доллараараа тэжээх гээд байж. Тийм үү дээ?
Үгүй юм аа. Дэлхий дээр 1 сая ойрд, 2 сая армян, 6 сая еврей, 10 сая украин хүнийг хядсан том том геноцидүүд байдаг. Тэр л геноцид Монголд явагдаж байна. 2,7 сая монгол хүнийг амьдрах ямар ч нөхцөл, хэрэгсэлгүй болгох ажлыг л колонийн төр засаг маань хийж, 10-р сарын 6-нд улс түмнийг цаазаар авах ялд гарын үсгээ зурах гэж байна. 10-р сарын 6-нд Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурчих л юм бол цаашид ялыг гүйцэтгэх ажил шуударна. Бүх нөхцөл байдал уулнаас өнхрөх хад, урсах уруй адил, тогтоон барихын аргагүйгээр доройтон муудах болно.
50 мянган төгрөгөөр биднээс өөрсдийг маань, үр хүүхэдтэй, ижий аавтай, амьдралтай, эх оронтой, өмч баялагтай нь худалдаад авчихна гэж санаж байна. Адгийн тэнэг урвагч бол худалдах л байх. Ард түмэн тэгдэггүй юм.
50 мянгыг биш, сар бүрийн 1000-10000 долларын цалинг нэхэн босоцгооё, монголчууд аа! Энэ бол их мөнгө биш, байдаг л цалин  гэдгийг түмэн олон маань мэдэж л байгаа. Манайх шиг дэлхийг тэжээх хэмжээний баялагтай улсын хувьд бол харин ч бага цалин. Гэхдээ яахав, багаас  нь эхэлж шаардъя.
1000 доллараас бага бол цалин гэж үзэхгүй, түүнээс  доош “цалин” авч байгаа бол ажилгүй хүнд тооцогдох нь хэвийн улсын жишиг ээ. Тийм улсад ажилгүйчүүдийн тэтгэмж 500-800 доллар байдаг шүү дээ.
Ажилгүйн тэтгэмжийг ч төр олгох үүрэгтэй. Тийм тэтгэмж олгодоггүй ардчилсан гэгдэх улс бол цор ганц Монгол!
Иргэд нь хангалттай цалин авч, хүн шиг амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж л төр байдаг юм. Тэгж чаддаггүй төр нэг эгшин ч оршин тогтнож болохгүй. Даруй огцорч, гэм буруутнууд нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг сэхээрцгээж, төр засгийг маань эзэгнэсэн гадаад дотоодын үл бүтэх этгээдүүдийн эсрэг тэмцэцгээе.
50 мянгаа авцгаая! Харин түүнийг эх орноо худалдах гэж биш, эх орныхоо төлөө тэмцэх гэж авъяа. Угаасаа л биднээс дээрэмдсэн хязгааргүй их баялагийн даанч дэндүү өчүүхэн хэсэг нь юм чинь. Гэхдээ бага гэлтгүй авч, эх орноо геноцид-неоколоничлолын аюулаас  аврах тэмцэлд зориулъя.
Тэд хүчтэй биш, бид хүчгүй биш. Эх орноо чөлөөлж, аз жаргалаа олж авч бүрэн чадна аа. Сүх далайхыг бид хүлээгээд суух учиргүй. Нийлээд ганц хашгирахад маань л сүнс нь зайлах дайснуудын эсрэг нэгдэх учиртай.
Бидний аз жаргал, далай их баялагийн маань төлөөлөл болсон Оюутолгойтой салшгүй холбоотой.
50 мянган төгрөгийг биш, сая сая төгрөгийн цалинг нэхэцгээе, Оюутолгой тэргүүтэй мянга түмэн толгодоо нэхэцгээе. Ирээдүй, эх орон, ижий аав, алаг үрсээ, амьдралаа нэхэцгээе.
Хуулийн хүрээнд бүх тэмцлийг өрнүүлцгээе! Нэгдэцгээе! Нягтарцгаая! Тэмцэцгээе! Ялцгаая!
Хэн эх орон, эрх чөлөө улс үндэстнийхээ төлөө ариун тэмцэлд эрслэн боссоныг Мөнх тэнгэр ивээн хайрлаж, хэн хулчийн ухарсныг шударгаар цээрлүүлэх болно оо!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
MMIX.X.I

Шорлог


улс төрийн үгүүллэг

1
Батболд Төв цэнгэлдэхийн аль хаалган дээр очих ёстойгоо гайхан хэсэг маанагтав ч гэх үү, манарав ч гэх үү. Дайн тулааны талбарт бүх юм ойлгомжтой байдаг атал, энх амьдралд эсрэгээрээ аж. Түм түжигнэж, бум бужигнаж, инээж хөхөрч, орилж хашгирах нь нэг л түгшүүр төрүүлж, толгой эргүүлнэ.
Тэр бүх үзэгдэцийг сэрэмжлэн харна. Нэлээд биерхүү, үс нь яагаад ч юм, 80-аад оны засалттай, цайвар ягаан футболк, урт цагаан юбк өмссөн, гоолиг ч гэж боломгүй, харин жинхэнэ болц гүйцсэн, харахад харц дүүрэн, барихад барьц дүүрэн эмэгтэй охиноо тэврээд, нэг зүйлийг зааж, тайлбарлан зогсох нь Батболдод их л уяралтай сайхан харагдахын сацуу, тэртээгээс нэг мунхаг рок залуу морин дээр байна уу, шороон дээр байна уу гэдгээ төдийлөн анзаарсан янзгүй амгалан сууж, хар хурдаар уулгалан давхих нь зэрэг зураглагдав. Аргагүй л дайн үзэж,  дарийн утаа үнэрлэсэн хүний хэвшил юм.
Шийдэл гаргаагүй мөртлөө, баяссан олныг хага яран давшилж, заримыг нь дайрч гуйвуулсаар, рок залууг амдан тосч, морины жолоо цулбуураас шүүрч авбал, өгсүүрт торсон хөлөг Батболдыг нэг их чирэлгүй тогтов. Хүмүүс ч, саяын энэ аюулыг ажиж уулга алдаад явчихад, бүсгүй эргэн харж цочсондоо таг болов. Тийм ээ, Батболд байгаагүй бол хүн хөлөг нийлсэн араатны хөлд хүүхэн, охин хоёр үрэгдэх л байв.
-Чи чинь яадаг хар дурак вэ? Морь унаж сурчихаад давхи! гэвэл рок залуу:
-Хэ хэ, энэ чинь л өөрөө яваад байсан ш дээ гээд тодорхойгүй харцаар гөлийх нь яавч эрүүлийн шинжгүй. Морины эзэн ч навсганан гүйж ирлээ. Батболдын хамраас цус урсав. Бүсгүй:
-Танд баярлалаа гэснээ, охиноо тэвэрсэндээ их л түүртэн байж, алчуур гарган, цусыг нь арчсан боловч нэмэргүй. Батболд:
-Өө, зүгээрээ гээд дээш гэдийн халаасаа ухахын өмнө, туйлын ялдамхан, гомдсон ч юм шиг, хөөрхөн зүс царайг үзсэн бөлгөө. Ер нь түүний бодлоор бол, хөөрхөн бүсгүй гомдсон мэт зүс царайтай байх ёстой. Тэгж байж л эр хүнийг татна.
Бүсгүй өөрийг нь хөтлөн, нэгэн шорлогны асарт аваачиж суулгахад маш их эвгүйцэж, золтой л гарч зугтах дөхсөн ч биеэ барилаа.
-Танилцъя. Намайг Батболд гэдэг гэж арай чүү тэнгэр харан хэлэв. Аврагдсан бүсгүй салфетк авчран, хамрыг нь бөглөнгөө:
-Намайг Ариунзаяа гэдэг, Ариука л гэдэг юм даа гэх нь, зуны сэрүү шиг дотносох янзтай.
-Өө, намайг ч Баагий л гэдгиймдөө гэж дууриан хэлэв. Бүсгүй охиноо суулгачихсан нь, ширээний тавцанд эрүү нь тулаад хичнээн өхөөрдөм. Үгүй бас, орчлон дэлхийд ийм арчаагүй, сул дорой, эжийгээсээ бүрэн хамаарсан амьтан бас байдаг аа. Ээж нь ч мөн адил. “Энэ охин тайван сууж байхад би...” хэмээн тэсэн байв л. Ариука:
-Би шорлог аваад ирье гэхэд:
-Хэрэггүй ээ! гээд Батболд бараг бархирчихав. Бүсгүй маш их гайхсан байдалтай:
-Танд охин бид хоёр талархсанаа илэрхийлэх гээд л... Тэгвэл өөр хоол захих юм уу гэтэл хүүхдүүд дарь дэлбэлж, пис пас дуугаргахад дайчин эр ч дэв давхийн, бараг ширээний ард нуугдах дөхөв. Асар эмэгтэйлиг бүсгүй түүнийг үлэмж гайхан харснаа:
-Аан, өөрөө энхийг сахиулагч юм байна ш дээ. Тэгээд л... Вьетнамын дайнаас ирсэн залуугийн тухай кино үзэж байсаан гэв. Нөхдийнхөө зөвлөснөөр, очсон улс орнуудынхаа одон медаль, энгэрийн тэмдэг, бэлгэдлийг дүрэмт хувцас, десант малгайндаа дүүртэл зүүчихсэн түүнийг энхийг сахиулагч гэхээс ч биш яахав дээ.
-Ариука, уучлаарай, би шорлог идэж чаддаггүй юм. Хэдүүлээ өөр газар очиж, өөр хоол идье тэгэх үү гэж гуйгаад, Батболд халааснаасаа багсайсан  мөнгө гарган ирж дүйгүйтэхэд, бүсгүй жаахан эвгүйрхсэнээ:
-Тэгье, тэгье гээд охиноо тэврэх гэв.
-Би охиныг чинь тэвэрчих үү. Аягүй бол надаас айх байх даа. Ариука:
-Чиний одон медаль хөлийг нь нухчих байх гээд инээмсэглэв. Шорлоггүй газар үгүй тул нэлээд аялав.
Зэрэгцэн алхаж явахдаа, Батболд Руандад сэтгэлээрээ оччихсон байлаа. Аанай, хуту, тутси гэгдсэн, угтаа бол нэг үндэстэн түмнүүд хядалцаж, нэг нь нөгөөгөө үй олноор нь шатааж түймэрдсэн байв. Ам л ангайвал дурак гэж хараадаг хошууч Балжинням ч ангайж орхисон.
Тийм ээ, шорлогны үнэр ханхалж байсан. Гэхдээ амьдаараа шатаж тарчилсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн түлэгдсэн махны үнэр. Тэдний гар хөлийг олс, сатурк, төмөр утсаар тарчилган хүлж, дараа нь дунд нь напалм-гранат гээч, Хойт Солонгост л үйлдвэрлэдэг аймшигт зэвсгийг хэрэглэн, түймэрдсэн ажээ. Амьдаар шатаавал, тарчилсан хүний эрч сүлд хэд дахин өсч, алуурчны биед шингэн, хүчирхэг болгоно гэсэн мухар сүсэг байдгийг яалтай ч билээ.
Хоёр хөл нь үнс болтлоо шатчихсан атлаа, амьд нэгэн эмэгтэйг харсан. Нүүр биед нь үсэрхийлсэн напалмын цэгүүдээс ч гал улалзаж байв. Хувцсаа тайлан бүтээхэд, гал унтарсан ч, эмэгтэй өөрийн хэлээр, их л чухал бололтой зүйлийг давтан давтан хэлж, бүлтрэх дөхсөн нүдээрээ Батболдыг цоо ширтэж байгаад нас барсан билээ. Тэр нь захиас гэрээс л байсан бололтой.
Хошууч Балжинням бүх цогцсыг даруй булаад, булснаа эргэн төнхчихгүй шиг, нуувч ухахыг тушаасан сан. Хүнд ажил байлаа. Хамгийн гол нь шорлог шиг үнэртэх нь тэсвэрлэхийн  аргагүй зэрлэг сорилт байв. Тэрний хажууд өмхий хамхай юу ч биш.
Гар утас нь хангинаж, найз Төвшинтөгс нь ясны зангаараа, хэнд ч дуулдтал хашгирч гарав:
-Хөөе, дурак минь чи хаана төөрчив өө. Бас хүүхэн эргүүлэх санаатай л эргэлдээд явна уу гэхэд, Батболдын нүүр час улайж, Руандын дурсамжаасаа түр хөндийрөв. Мань хүн эв хавгүй яриагаараа:
-Чи юу яриад байна аа? Намайг харж байна уу? Яг хаана очих билээ гэхэд,
-Сурын талбайн чанх харалдаа гэж мянга хэлээ биз дээ гэх дүрсгүй дуун сонсдоод, “дийд дийд” үргэлжлэн гонгинов. Батболд бүсгүй рүү харан инээвхийлж:
-Манай энхийг сахиулагч хэсэг нөхөд өнөөдөр уулзаж, наадамдах гэсэн юм л даа. Сурын талбай хаана байдаг билээ. Тэнд очиж, гурвуулаа хоол идье хэмээхэд бүсгүй  ч зөвшөөрөв. Арай, “аварсан биш, түвэгтэй нөхөр үү” гэж бодохгүй байгаа хэмээн Батболд сэтгэл зовж л явав. Уулгалсан олон түмэн, алиалагч, наймаачин, морь мал дундуур зүтгэх нь битүү ширэнгийг туулахаас хэцүү юм гээч. 
Тухай тухайн оронд байж, янз бүрийн ажиллагаанд оролцсон гэдгээ нотлох гэж ядан, зүсэн зүйлийн дүрэмт хувцас, гоёл чимэглэлийг алаглуулсан дайчин нөхөд нь наадамчдын үзмэр болон инээж ханиан зогсох нь сэтгэл сэргээв. Тэгье гэж бодоогүй мөртлөө л Ариунзаяагийн бэлхүүсэнд хүрч “нөхөдтэйгээ мэндчилээдхэе” гэвэл, хөлс нь цувсандаа огт түүртээгүй бүсгүй харин ч сониучирхсан янзтай “тэгье, тэгье” л гэв. Төвшинтөгс мэлхий адил дэвхрэн ирж:
-Тээр хэлээгүй юу, манай Баагий ганцаараа биш болчихжээ гээд бүгдэнг нь тэврэн авлаа.

2
Нөхдийгөө бөх харж байх зуур, Батболд Ариунзаяа хоёр бие биеийг дайлна хэмээн баахан мэтгэлцсэнээ, эв түнжинг олж, нам жим болцгоов. Батболд  Нараа гэх өчүүхэн жаахан охиныг ч, унжаад унах гэж байгаа усан үзэм мэт боловсорсон эмэгтэйг ч галзууран шунамгайрсан мэт харцаар харж, өлбөрч үхэх гэж байгаа янзтай, хоолыг атгалах нь холгүй залгилна. Ариука:
-Хи хи, чив чимээгүй хоол идэцгээгээд л хэмээн хөхөрснөө:
-Яг хаана ямар ажил хийдэг юм? гэж сээтгэнэх янзтай гилжийн асуув.
-Юу? Би... гэрээт цэрэг л дээ. Арван жил энхийг сахиулж явна гэвэл бүсгүй:
-Хөөх, ямар аймаар юм бэ? Тийм олон жил дайтлаа гэж үү? хэмээв. Хэдэн долларын орлоготой вэ гэж асуугаагүйд нь урамшсан Батболд нийслэл салатнаас халбагадангаа:
-Харин чи ямар ажил хийдэг вэ? гэж тоть мэт давтав.
-Би юу? Би ажилгүй...
-Тэгээд яаж аж төрж байна?
-Охин бид хоёр Увсаас ирсэн. Тува нараас зугтаж, дүрвэж ирсэн л дээ. Одоо дүрвэгчдийн байранд, дүрвэгчийн тэтгэлэг аваад л байж байгаа. Ажил олдохгүй юм.
Энэ мэт яриаг сонсохоор л, Батболдын зүрх ёг  хийнэ. Дэлхийн хамгийн  их ашигт малтмалтай, нөхцөлгүй баян орон атлаа, яахлаараа, ард түмэн нь ямар ч авралгүй гуйлгачин байдаг байна гээд, бодоод бодоод олохгүй.
Уг нь Батболд Алтан хануудын удам  юм. Тэд бүх урианхайчуудыг Засагт хан аймагт нэгтгэж өгч байсан түүхтэй. Гэтэл одоо төрсөн ахан дүү тува, монголчууд дайсагналцаж, Увсын хойд нутгууд эзгүйрч байна гээд санахлаар, үнэхээр гайхмаар. Адилхан л монголчууд шүү дээ.
-Тэнд чинь л ёстой энхийг сахиулмаар юм байна даа гэхэд Ариука:
-Яг тийм! гэж уулга алдсанаа, харц буруулан тонгойв.
Энэ өдөр эх охин хоёр энхийг сахиулагчдын хамтаар их л зугаалав. Хамаг одон тэмдгээ мулталж хармайлаад, Нараа охиныг тэвэрч, түүнтэй балчир хэлээр нь ярилцаж, зуу татчихсаных нь тул болгоомжлон, бөөр нийлүүлэн явах Ариукатай ханьсан, их л жаргалтайгаар Зайсан толгой өөд өгсөв. Гэтэл Ариунаа амьсгаадаж:
-Жаахан амаръя аа. Бүр ядраад... гэв. Ундаа авч хуваан ууцгаалаа.
-Чи тэгээд, байнга л дайн дажинд явж байдаг юм уу?
-Байнга ч арай биш л дээ. Одоо нэг л явах байх. Энхийг сахиулна гэдэг чинь арын хаалгатай, амар олддоггүй ажил. Миний норм гүйцэхийн дээдээр гүйцсэн, бүр хэтэрчихсэн.
-Дайнд явахыг хүсдэг хүн байна гэж үү? Цэргийн алба хаах дуртай хүн ч байдаггүй л биз дээ.
-Мөнгө өгвөл өөр хэрэг шүү дээ. Сард би 300 доллар авдаг. Ийм ажил өөр яаж олдох билээ хэмээн Батболд, бүсгүй орлогыг нь асуухаас урьтан, цухалдангуй ч юм шиг хэлэв. Ядаж:
-Чи гэр бүлтэй юу? гэж Ариунзаяа асуудаг нь ч юучив дээ. Яг эмзэг цэгийг нь олж хатгажээ. Афганд байхад, тэндхийн эрчүүд нэг муу шавар тагзтай болж байж гэрлэхийн тулд, дөч тавь хүртлээ, нуруугаа бөгтийж, гараа сарвайтал зүтгэдэг юм билээ. Батболдын хувьд ч тийм болчихоод байгаа хэрэг.
-Би чинь нөгөө орон гэргүй хүн гэдэг нь шүү дээ. Манай бүх залуус л тийм байгаа. Энхийг сахиулахаа л больчихвол гудамжинд гарах хүн чинь яаж гэрлэж бараалах вэ дээ хэмээн санаашрангуй хэлэв. Ариунзаяа ч ихийг бодолхийлэн буйг нь салхинд эрчтэй хийсэх үс сэвлэг нь илэрхийлэх мэт.

3
Дүрвэгчдийн байр гэж арай ийм аймшигтай зүйл байна гэж Батболд бодсонгүй. Өндөр хөгжилтэй орны асар их мөнгөөр барьсан л юм гэсэн.
Баруун Сахар улс руу явах замдаа Египтэд түр саатахад, иймэрхүү оромжууд харагддагсан. Улс нь каркас босгочихоод л, ядуучуудыгаа “энд орон гэрээ барьцгаа” гэдэг, цаадуул нь дур дураараа бөглөж таглаад л орчихдог, тэгээд нэг зүүдэнд ором эвгүй сууцууд бүрэлдчихсэн байдаг байж билээ. Тэрнээс ч долоон дор юм гээч.
Үүдний жижүүр нь, ерөнхий сайдын харшид бүрэн зэвсэг агссан “Аль-Кайда”-гийн амиа золиослогч ирсэн юм шиг л, Батболдыг байцааж, саатуулж, бүр хурандаатай нь ярьж байж л, сая нэг пропуск бичиж нэвтрүүлэв.
Өмхий хамхай, нуранги цооронги нь хэтэрсэн байрны 9-р давхарт Ариунзаяа суудаг ажээ. Ёстой жинхэнэ там. Коридорт хамаа намаагүй хаясан хогон овоонуудыг ялаа жоом бараг битүү бүрхсэн, тэгээд бас хаа сайгүй л шалбааг.
Швейцарь цэрэг тонгоргийнхоо гар чийдэнг асааж байж, 937 тоотыг оллоо. Байсан байгаагүй ямар ч нэмэргүй сарампай хаалгыг тогших гэтэл, онгорхой байв. Явж оронгуут л Ариука, Нараа хоёрын амь амь амьсгал мэдрэгдэн, хамаг муу муухайг мартаж, нэг ч сандалгүйн учир яйжгий төмөр орон дээр санаа амар лаглайтал, пүрш нь бараг шал хүртэл сунав.
Эзгүй айлыг харцны дураар шинжвэл, хамгийн хямдхан л бололтой ширээ шүүгээ, халцархай халтар хана тэргүүтнийг Энх-Амгалан хаан, заан, фэншү-гийн хэрэгсэл, алаг эрээн хуанли зэргээр гоёж чимэх гэж чадан ядан оролдсоноор л өнгө үзэмж төгсжээ. Харин ч их л цэвэрлэж цэмцийлгэдэг бололтой. Тоос шороо даанч нэг нүдэнд нь өртсөнгүй, нэг ялаа л цонх мөргөлөн жүнгэнэнэ. Ийм амгалан тайван байдал яагаад ч юм, дайны талбараас илүү түгшүүртэй санагдаад эхлэв.
Ариунзаяа Батболд хоёр наадмын тэр нэг өдрөөс хойш, утас шөрмөсөөр харилцаж, аар саар уулзсаар өдий хүрсэн. Батболд Судан руу жилийн хугацаатай гэнэт явах болсон тул, бүсгүй түүнийг гэртээ урьжээ.
Хаалга сэвхийн онгойход, Батболд золтой л байхгүй буугаа тэмтрэх дөхөв. Арван жилийн хугацаанд бараг анх удаагаа л энгийн хувцастай яваа болохоор ямар ч буу байх билээ дээ. Ариука:
-Сайн уу гэснээ:
-Чи дандаа л айж цочиж явах юм аа. Яаж дайтаж байлддаг байна аа хэмээн аальгүйтэн инээмсэглэв. Батболд:
-Үгүй, юу л даа. Чи яагаад гэрээ эзгүй орхиов гэж балмагдан хэлэв. Бүсгүй:
-Би цагаа буруу харчихаад, угаалгын өрөө лүү яваад өгсөн байлаа л даа. Тэгээд ч, манай гэрт хулгайд алдагдах юм байхгүй ээ гэснээ, нойтон үсээ учиртайхан илбэн янзлахад, цээж нь төвийн, бэлхүүс нь ялгаран тодроод тун чиг үзэсгэлэнтэй харагдав. Дайчин залуу ч өөрийн эрхгүй инээмсэглээд, цүнхнээсээ баглаа цэцэг гарган өгснөө, нэг ойртсоных гэсэн шиг хацар дээр нь үнсчихэв. Бүсгүй өрөвдөлтэйхэн инээмсэглэснээ:
-Баярлалаа хэмээсэн нь цэцэг, үнсэлт хоёрын алинд зориулж хэлсэн нь тодорхойгүй. Түүний бэлхүүсээр тэвэрсэн байсан Батболд ингээд л зогсоод баймаар байсан авч, ичингүйрэн хөндийрч,
-Нараа хаачаа вэ гэв.
-Манай нэг хамаатан дээр байгаа. Баянхошуунд. Тэнд чинь Увс аймаг бараг бүхлээрээ нүүгээд ирчихсэн ш дээ. Тэр айл үрчилж авъя л гээд байгаа юм хэмээгээд, бүсгүй хоол зоог бэлтгэж эхлэв. Батболд:
-Юу гэнээ? Нарааг үрчлүүлж болохгүй шүү. Тэр чинь бидний үр хүүхэд шүү дээ гэж шийдэмгий хэлэхэд Нараа ажлаа зогсоож,
-Бидний хүүхэд ээ? Хэзээ тийм болчихсон юм гэж маягтайхан өчих нь, тэврүүлэх энхрийлгэхийн тулд л төрсөн мэт, урьхан дотно харагдана. Тэгснээ:
-Охиноо үрчлүүлэхгүй. Тэгэх юм бол би энэ байрнаас хөөгдөнө ш дээ хэмээгээд, гуниглангуй тонгойж, ажлаа үргэлжлүүлэв. Дайчин эр:
-Уг нь би Нараа та хоёрт юм авчирсаан гээд цүнх дүүрэн бэлэг, чихэр жимсийг гарган, хаа тавихыг мэдэхгүй балмагдахдаа цонхны тавцан дээр өрөв.
-Хөөх, чи ямар их юм авчраа вэ? Биднийг дэндүү эрхлүүлж байна шүү. Нэг мөсөн бүх юмыг аваад ирсэн байна ш дээ. Юм ээлж дараатай байвал зүгээр биш үү. Ямар ахиж уулзахгүй биш хэмээн Ариунзаяаг өхөөрдөм дуугаар шулганахад нь 30 нас руу дөхөж, нүүрэнд нь үрчлээс сууж яваа эмэгтэй гэж үнэмшимгүй. Нэгэн биед эх охин хоёр цогцлов уу гэлтэй балчир өнгө мэдрэгджээ.
-Заримыг нь байрныхаа хөргөгчинд хийлгүүлье гээд тэрбээр маягтайхан алхсаар гарлаа.
Батболд өндийн, шууд л хоол зоогных нь ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэв. Хажуу айл нь янз бүрийн өргөн түгсэн дуу хөгжмийг чих дөжиртөл чанга тавих нь түвэгтэй, бас түгшүүрт бодлыг нь улам дэвэргэн хөглөнө. Ингэж хөгжим орилуулж байж л, дүрвэгчийн сэтгэл тайтгардаг юм байлгүй дээ.
Төвшинтөгс найзынхаа ятгалганд орж, армийн гэрээгээ цуцлуулсан нь, нэг л урвалт шиг бодогдож, ихэд шаналгана. Зугтсан, бууж өгсөн, олзлогдсон ч юм шиг, өнчирсөн ч юм шиг.
Бараг цэцэрлэгээс хойш үерхэн нөхөрлөж байгаа Төвшээгээ Батболд нас чацуу мэт ч, дүү шигээн хайрлаж хамгаалж явдаг билээ. Тэрбээр нүд нь гэрэлтээд, ямагт л гэмгүйхэн хэрэг зөрчил гаргачих гээд, саваагүйтэж дэггүйтээд явдаг. Чанга хатуу эр ч биш. Батболд түүнийг харж хандаж, хамгаалж ивээж байдаггүй бол ч…
Хүнд бодол, хүчирхэг хөгжимд дарагдсан дайчин эр зургаадах зөн билгээрээ Ариунзаяаг чимээгүйхэн орж ирэхийг мэдэж, эргэн ширтвэл, тэрбээр гэнэгүйхэн инээмсэглэснээ, ичингүйрэн харц буруулав. Тэд одоо хоюулхнаа байна.
Ариука дуугүй ирж, шууд л ажлаас нь хамжилцав. Хэзээ язааны нэг гэр бүлийн хоёр шиг, дотно дулаан сэтгэгдэл төрнө. Хэн хэнд нь тийн бодогдож байсан биз ээ. Бодлыг нь нөгөө чанга дуу зуучлан дамжуулах ч шиг. Ариука тэсэлгүй:
-Чи хэзээ явах вэ. Сонин дээр, манайхан сарын дараа Этиоп гэдэг улс руу явна гэж бичсэн байсан гэвэл Батболд,
-Миний очих улс Судан л даа гээд золтой санаа алдсангүй.
-Хэдүүлээ явах юм бэ. Манайхан чинь одоо мянга мянгаараа л яваад байгаа юм биш үү.
-Тийм ээ, хориод улсад бараг мянга мянган энхийг сахиулагч оччихоод байна. Америк, Британи, Оросын арми, Францын легионд ч олон байгаа. Элдэв хөлсний хүчинд зүтгэж байгаа нь ч тоогоо алдсан байх аа гэхчлэн Балжинням даргынхаа үгийг давтан, баахан булзааруулснаа:
-Бид хоюулхнаа л явна. Армийн тусгай даалгавар гэв.
-Хоёрхон хүн гэнэ ээ? Хэнтэй хамт явах юм. Хоёр хүн явж болдог юм уу?
-Төвшээ бид явна.
-Хэзээ Төвшээ тийм тусгай даалгавар биелүүлдэг мундаг цэрэг болчихсон юм.
-Харин л дээ гэх Батболдын итгэлтэй бус дууг сонсоод, Ариунзаяагийн эргэлзээ улам ихсэв.
…Найз Төвшээ нь нэг л өдөр, нүд нь орой дээрээ гарчихсан давхиж орж ирээд:
-Саудын Арабад хөлсний цэрэг элсүүлж байна. Суданд, “Жанжавид” бүлэглэлийн талд байлдах юм байна. Сард 5000 доллар төлөх гэнэ. ISSS стандартад нийцэх дайчныг нүдээ аниад л авах юм байна. Бид хоёрын махаа идэж байж, ISSS стандартын шалтгалтыг өгч, тэнцэж байсан маань одоо л аминд орох нь хэмээн бархирсан өдрийг өдгөө Батболд бараг хараан зүхэх болсон.
-Юу ярина вэ. Багийнхан Этиоп явах гэж байхад гэвэл Төвшээ:
-Тэр манай ЗГ-ын хоёр гурван зуун “бэнжамин”, өлбөрүүлэх дөхдөг хоолны норм, ганц хоёр сумтай ямбий АК-г март. Биднээр энхийг сахиулсны төлөө, гадаадаас ЗГ-т хичнээн мөнгө орж ирдэг гэж санана. Хэдэн дарга нар л хуваагаад идчихдэг биз дээ. Тэр дуракуудын боол болж, амиараа дэнчин тавиад яах юм. Судан явж, байрны мөнгө хийе. Байртай болчихсон цагт амьдарна ш дээ, эрхбиш хоолныхоо мөнгийг олоод байх биз хэмээн хашхирна.
-Үгүй, чи аяар ярь гэм. Сахилгад суух нь уу.
-Биднийг хэн ч сахилгад суулгахгүй. Явж, гэрээгээ цуцлуулъя.
-Торгууль төлнө ш дээ.
-Яадаг юм. Сард 5000 доллартай, бас хугацааны, амжилтын нэмэгдэлтэй... Тамаас мултрах өөр ямар гарц байгаа юм. Ариунзаяатайгаа сайхан амьдрахыг бодохгүй байна уу, дурак аа!
Балжинням хурандаа нь сав л хийвэл дурак гэж хараадаг амны уншлагатай агаад, хурандаагаа бүгд л дуурайж, харин ч “дурак багийнхан” гэх хочийг бусад багийнхнаас хүртсэн ч, эд огт сэтгэл зовдоггүй.
Харин өөр зүйлд, үхлийг сөрөн байж, сард 200-300 доллар оловч, тэр нь амьдралыг нь өчүүхэн төдий ч өөдлөн дэвжээдэггүйд Батболд сэтгэл зовнин ирсэн билээ. Дарга нар 10 сая доллараар казинодож, тэрбум тэрбум долларын хадгаламжаараа өрсөлдөж, бараг өдөр бүр гадаад руу нисэн цэнгэж байхад, Батболд мэтийнх нь амьжиргаа амьдрал огтхон ч дээшилж ахилгүй он цагийг элээнэ. Үнэхээр л энэ боломжийг алдвал дурак болох бус уу. ISSS стандартад багтлаа гээд, цалин нь хэдхэн доллараар л нэмэгдсэн.
Хамгийн гол нь, Төвшээ найзыгаа ганцаар нь явуулж чадахгүй, хүчээр тогтоон барьж чадахгүй нь ч үнэн юм. Байрны мөнгөтэй болж, Ариукатай жаргах нь, магадгүй бүр ч чухал.
-Манайхан ч Судан явж магадгүй гэдэг. Өөрийнхөн рүүгээ буу онилох болж байна уу гэвэл Төвшээ гараа савчин сүйд болж:
-Би бүхнийг бодож боловсруулчихсаан. Монголын зэвсэгт хүчин байлдааны ажиллагаа нь зогссон газарт л очих номнолтой шүү дээ. Тэгэхлээр асуудалгүй.
-Бид чинь өөрсдөө жинхэнэ байлдааны ажиллагаанд орж байгаагүй…
-Энхийг сахиулах нэрийн дор бишгүй л байлдаж байсан биз дээ.

4
Батболд, Ариунзаяа хоёр оройн зоог барьж, дарс ч хүртэж, зөндөө л ярилцлаа. Ариука:
-Би магнитофон олоод ирэх үү. Хөгжим сонсъё, бүжиглэе гэхэд Батболд:
-Энэ хажуу айлын дуу чимээг яах билээ хэмээв. Бүсгүй:
-Манай байранд чинь ганц л хөгжим байдаг байхгүй юу. Ерөөсөө хоёулаа энэ сонсогдоод байгаа аянд бүжиглэе л дээ гээд гараас нь татав. Ийм зүйлээс хөндий төсөө явсандаа эвгүйрхсэн ч, бас ч гэж дарсанд халаад авсан юм гэсэндээ, бүсгүйг тэврэв. Орчлонгийн бүх хүүхнийг тэвэрсэн мэт, эмэгтэйлиг бүхэн өөрийг нь дүүргэх аж. Бүсгүй хүн гэж ийм гайхамшигтай ертөнц байдаг юм уу. Ариунзаяагийн зөөлөн бие, сүрчигт мансуурах дөхөн салгалж байтал, уян ая дуусчихав.
Харин хэмнэл түргэн, эрчтэй дуу эхлэхэд, Ариука яг л тааруулан тун чиг эвлэгхэн бүжих нь харц булаана.
-Бүжиглээч дээ! гээд л бүсгүй дуу алдана.
-Би бүжиг хийж чаддаггүй юм.
-Намайг дууриагаад л хийхгүй юу.
-Өөрөө эмэгтэй хүний бүжиг хийгээд байгаа юм биш үү?
-Нээрээ тийм дээ гээд л Ариунзаяа бүжнэ. Юутай уран гоёхон үзмэр гээч вэ. Дайчин эр Японы сүүлийн үеийн хүн-роботуудын төвшинд бүжиглэхчээ аядаж байтал, тог тасарч, хүндхэн үүргээс чөлөөлөв.
Сэтгэл хөдөлсөн бүсгүй:
-Хоёулаа харанхуйд бүжиглэе гээд л тэврэн авлаа. Батболд ч биедээ аль болох нааж ойртуулж, илж таалж, эцсийн удаа учирч буй мэт яаран, хичээн үнсэв. Яг л сурагч залуусынх шиг догдлол, цоо шинэхэн мэдрэмж эзэмдэхэд, тэд ухаан мэдээгээ алдатлаа, салгалж чичиртлээ озолцов. Түр хөндийрөхөд Батболд:
-Би сүүлийн даалгавартаа явна. Жилийн дараа би байрны мөнгөтэй ирнэ. Тэгээд гурвуулаа сайхан амьдарна гэж балмагдан үгүүлэв. Ариука:
-Чи яасан сайхан сэтгэлтэй юм бэ? Нараа чиний охин биш шүү дээ. Тэгэхэд чи өөрийн хүүхэд шигээ санаж л хайрлах юм хэмээн өчих нь уйлах гэж байна уу гэлтэй. Батболд түүнийг хагацал үзэх гэж байгаа юм шиг л, улайран илж таална.
-Тэр чинь миний охион. Бид хоёр урьд сэтгэлээр учирч явсан байх. Чамайг би анх харангуут л, “ийм л бүсгүй надад хэрэгтэй” гэж бодсон.  Жигтэйхэн их дотно дулаан санагдсан.
-Магадгүй. Сэтгэлээрээ учирч явсан гэдэг чинь яасан сайхан үг вэ. Эсвэл урьд насандаа бид ханилж явсан юм болов уу. Уг нь Нараагийн эцэг… тува хүн гээд чичигнэн шуухитнах нь гарцаагүй уйлж буй аж.
-Өө, тийм үү. Тува гэдэг ч монгол л доо. Ямар хүн байдаг юм бэ?
-Мэдэхгүй. Дайрч орж ирээд л, давхиад явчихсан гэхэд, Батболд бүхнийг ойлгов. Дотроо онгойтол уйлаад авахаар сэтгэл шуударсан бүсгүйг элбэрэн илэх завсраа: “Өвөг дээдсийн минь нэгтгэж байсан нэгэн ард  түмэн, ингэж харийн хатгалгаар дайсагналцаж явах гэж. Тувагийн хүүхдийг тээлээ гэж энийг маань ад шоо үздэг байсан байх. Эвий, эвий” хэмээн бодлоо.
Тог ирж, нүд гялбаахтай зэрэгцээд, хаалга салж унах дөхтлөө савж, комендантын цэргүүд автомат буугаа атгачихсан, галлах нь холгүй үсрэн орж ирэв. Юу ч ойлгож амжаагүй байтал нэг нь Батболдын хуйхыг язартал буугаараа дэлсэж, нөгөө нь хавсран унагаж, улмаар бүгд өшигчин, зодож нүдэв. Ариунзаяа байдгаараа чарлаж, тэдний араас зуураад, харин ч алгадуулан ойчлоо.
Чингээд, цус нөжтэй нь хутгачихсан дайчинг гарыг нь мушгин суулгав.
-Чи оргодол Батболд мөн биз? хэмээн, нэг цэрэг сурвалжлах хуудастай тулган харна. Батболд:
-Мөн бишийг нь мэдэж байж балбаж байгаач. Би оргодол биш, бэлтгэл ахлах түрүүч гэхэд бүлгийн ахлагч:
-Хэнийг яахаа бид мэдчихье. Муу гэрээтийн бааснууд та нар хугацаат цэргийн биднээс юугаараа илүү юм. Хэдэн сармагчны улсад оччихоод, сагаад, бас оргоно гэнэ ээ! Наадхынхаа нүүрний цусыг арч, эсвэл толгойг нь уутаар бүтээ. Ардууд тэнэгтээд унаж магадгүй гэв. Байрны жижүүр,
-Энийг би бүр нэг олиггүй амьтан гэдгийг нь зөн совингоороо мэдээд байсиймаа. Чөлөөний хуудасгүй мөртлөө, чөлөөөгөөр яваа гээд. Бүр дээд удирдлагатай нь ярьж байж, оргодол гэдгийг нь тодрууллаа шүү гэв. Ариунзаяа:
-Та яасан муухай хүн бэ. Дандаа л хүний ул шагайж явдаг. Наад хүн чинь тусгай даалгавартай гэж жижүүрт хэлээд уйлав. Жижүүр эр:
-Чи дут! Хоёр төрд нүүртэй яваа намайг юу юу гэнээ. Хамаг паянг чинь мэднэ шүү. Хэний хүүхдийг тээж төрүүлснийг чинь дуулбал, нутгийнхан чинь өршөөхгүй байлгүй. Бас эмэгтэйчүүдийн байранд оргодол харцуулыг орогнуулах санаатай. Байрнаас хөөлгөөд, гудамжны янхан болгочихож чадах байх шүү гэхэд цэргүүд “Өө, энэ гав барихаа байчихаж. Сүүлчийнх нь чадхийв ээ, хөөрхий”, “Алив, цаад цахилгааны утсыг нь тасдаад сайн хүл. Гар чийдэнгээ тусаа” гэлцэнэ. Харанхуйд чөтгөр шиг харагдах жижүүр,
-Энэ чинь гэрээгээ цуцлуулчихаад, гэхдээ тойрох нь зурагдаж гүйцээгүй байхад ангиа орхиод оргосон юм байлээ. Хөөе, хүүхдүүд минь ах нь хаанаас шагналаа авах вэ? гэв. Цэргүүд:
-Оргодлыг торгуулийн батальонд өгнө. Шагнал чинь тэр!
-Чи муу зөнөг матаагүй бол, бид шоудаад сууж байх байсийм. Өчнөөн түвэг удчихаад үхсэний чинь шагнал!
-Наад басганаар чинь шагначихъяа, хө. Гэрлийг нь унтраагаад өглөө, болоо юм биш үү, ха ха гэсээр Батболдыг цохилж өшигчин, чирч гулдран гарцгаав. Батболд:
-Ариука, би оргодол биш  шүү. Хоёулаа сайхан амьдарна аа! гэхэд:
-Муу оргодол битгий хуцаад бай. Алчихсан ч бидний эрх шүү гээд л дэлсэх чимээ дуулдана.
Лифтгүй энэ өндөр байшингийн шатаар өнхрөх дөхөн уруудах зуур Батболд:
-Та нар чинь яачихсан дуракууд вэ. Тойроход ганц хүний л гарын үсэг дутуу, би “зуруулчихаарай” гээд туслахад нь захиад үлдээсэн шүү дээ. Бүгд л миний таньдаг хүмүүс гэвэл ахлагч:
-Харин тэр чинь зурагдаагүй байна гэсэн. Нөгөө нэг оргодол чинь хаана байна. Тэндээ очиж байгаад, муу хулгайчийг сайхан байцаана аа. Эхээс төрсөндөө харамсах вий, чи гэв.
Аймшигт үзэгдэлд цочирдсон, мэхлүүлсэн мэт санагдан хямарсан, жижүүрт элдвээр хэлүүлсэндээ эмзэглэсэн, хувь заяандаа гомдсон Ариунзаяа харанхуй өрөөндөө, орон дээрээ түрүүлгээ харан хэвтээд л, зогсолтгүй уйлна. Уг нь, тэр хоёр одоо энэ л орон дээр янагийн цэнгэл жаргалд умбан, эрхлэн наадаж, хайр дурлалын гал дөлийг биесдээ бэлэглэн байж болох л байсан.
Гэтэл амьдралынх нь түшиг тулгуур болно гэх эр нь армийн тусгай даалгавар ч гэх шиг түгшмээр юм ярьснаа, гэрээгээ цуцлуулсан, бас оргосон болж таарлаа. Тэр хуурч мэхлэв гэж үү? Үүнд итгэхийг үл хүснэ. Батболдод хайр хүрэвч, түүнийг яаж хайрлах билээ.
Маргааш анги дээр нь очих уу, яамаар хөөцөлдөж гүйх үү. Эсвэл бүр энэ хотынхон шиг өлсгөлөн зарлаж, хэвлэл мэдээллээр шуугиан дэгдээх үү. “Ямар ч гэсэн бууж өгч болохгүй, хайраа хамгаалах хэрэгтэй” гэж бүсгүй бодов.
Автоматын тачигнаа Ариунзаяаг цочирдууллаа. Бүхнийг мартан цонх руу харвал харанхуйгаас өөр юу ч үл үзэгдэнэ.
…Батболд, лужир биетэй, зэрлэг балмад ч цэргийн эрдэм муутай мунаг харгалзагчид нь, хэсэг танхайдуу залуус ойртохыг үзүүт, “хэрэг явдлыг мэдүүлэхгүй” хэмээн, томоотой дүр эсгэхийг далимдуулан, ISSS-ийн бие хамгаалах стандартуудаас толилуулан мултарч, хүлэгтэй чигээр шөнөд уусан алга болжээ. Нөгөөдүүл ч гал нээж, залуус: “Дүрвэгчдийг буудаж байна! Өнөө бууддаггүй гээд байсан хаачив? Яасан цусанд ханадаггүй засаг вэ?” гэж бархиралдаж, хавь ойрынхон ч чулуун мөндөр буулгасаар бүчин авлаа.
Энэ байшинд ойртож байхдаа л жинхэнэ дайчны харцаар бүгдийг шинжиж, хананы маш их өмхөрч муудсан, цоорхой хэсгийг ажсан билээ. Очиж хэд өшиглөвөл, дороо нурж, манай хүн ч шурган ороод, шууд тулгарсан шатаар өгсөхөд, ашгүй тээр цаана, гадагшаа сониучирхан гарах гэсэн дүрвэгчидтэй ухаангүй хэрэлдэх хэнхэг жижүүр анзаарсангүй.
Ариунзаяагийн давхрын коридор мөнхийн харанхуй байдаг нь яамай. Хана даган гэтсээр хаалгыг нь түлхэн орвол, Ариука ашгүй лаа асаачихсан байв.
-Баагий! гээд л шууд өөрийг нь тэврэн авав.
-Би чамд хайртай гэдгээ хэлэх гэж ирлээ.
-Би ч бас чамд хайртай. Тэд чамайг ямар аймаар болгочихоо вэ?
-Дуракууд. Юу ч мэдэхгүй байж хэлмэгдүүлж байхгүй юу. Би оргодол биш ээ. Тусгай даалгаврын тухай нэг их мэдээлээд байдаггүй. Тэгээд л будилж байгаа юм. Би энд удаж болохгүй, хүлгийг минь тайлаадах хэмээн, нүүрийнх нь цусыг арчин цэвэрлэж эхэлсэн Ариукадаа хэлэв. Бүсгүй:
-Би ямар тэнэг юм бэ, нээрээ хүлгийг чинь… гээд л хүлэгтэй нь бачимдан ноцолдов.
-Хаздаг бахь бий юу?
-Байхгүй.
-Тэгвэл чи тайлж чадахгүй ээ. Би явлаа. Чамд хайртай гэдгээ л хэлэх гэсэн юм. Жилийн дараа бүх юм сайхан болно. Амлаж байна, хайр минь.
-Би ямар ч уяаг тайлчихдаг юм аа.
-Чи яасан их амьсгаадаа вэ?
-Буун дуу гарахаар би шууд доошоо гүйсэн. Жижүүр гаргахгүй гэсэн, тэгснээ бас “зөвхөн намайг л гаргаж болох юм” гэж шан нэхсэн. Эргээд гүйж орж ирээд байтал чи ирлээ л дээ.
-Тэгвэл аргагүй ээ.
-Тайлчихлаа.
-Баярлалаа, миний Ариука! гээд бүсгүйгээ тэврэн авч, шуналтайяа үнсэхэд уруул нь, ер нь хаа сайгүй тэсэхийн аргагүй хөндүүрлэн өвдөж байсан ч, түүнийгээ ерөөсөө хэлсэнгүй. За, баяртай гэчихээд л гүйн гарав. Ариунзаяа ч хүлгийг тайлахад, гар нь өвдөж, зүсэгдэж байхад ёо гээгүй...

5
Гэмтэл, шарх сорвио эдгээх гэж нэлээд хэд хоног саатахад нь Төвшинтөгсийн бухимдсан гэж. Гэхдээ энэ хугацаанд сэргэлэн тэр, оргодол хэмээн эрэн сурвалжлагдаж байгаа ч, харьд одох арга ухааныг сүвэгчилж амжжээ.
Ариунзаяагийн өрөөнд коменда-турынхан жижүүрлэж, бүсгүйг гэрийн хорионд оруулаад, эрх чөлөөг нь хязгаарласан болохыг, Батболд найзаараа тандуулан мэдэв. Эртүүд тэр хавьцаа, 80-аад оны “Хорьдугаар дэлгүүрийн зодоон” шиг юм болсон тул, өдгөө Батболд үймээн самуун дэгдээсэн, төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцсэн, оргосон зэрэг ялд унаж, цаазаар авах ял төлөвлүүлээд байгаа билээ. Анд нь ч мөн адил.
Удалгүй арабын шонхорчин хэдэн хүн мань хоёрыг авч явав. Нүүр хувиргалт хийж, араб хувцас өмслөө. Очсон улс болгоныхоо хэлийг сурчихдаг адтай Төвшээ арабаар дуржигнатал ярьж, тэдэнтэй инээлдэж ханиалдаад л.
Баян арабуудыг хараад манай хүн хаа ч гэсэн мэхэлзээд бөхөлзөөд, үйлчлээд л гүйчих аж. Мэдэхгүй гэж толгой сэгсрэхээс өөрийг мэдэхгүй явах Батболдод ч бялдуучлах нь дургүй хүргэм. Ингээд Монголынхоо хилийг даван нисч, Бээжинд, дараа нь Саудын Арабад буулаа.
Тэдний нүдийг нь боон, харанхуй фургоноор тээж, цэргийн нууц газар аваачсан. Дан зэрлэг араатнууд цугласан байх нь эгдүүцэл төрүүлсэн билээ. Газар газрын улайрсан алуурчид. Харин Төвшээ тэдэнтэй ямар л бол ямар хэлээр хэлэлцэж, барилдаж ноцолдон марзганаж явах нь гайхмаар.
WSSQ хэмээх, бодвол алах шудахаас өөрийг мэдэхгүй, мэргэжлийн зандалчдын бололтой стандартад нийцэх гэж 3 сар шаргуу хичээллэв. Ердөө л энэ сургуулилтынх нь үед амиа алдчихаж болох юм гээч. Төвшээ болохоор, жинхэнэ нинжа болж байна даа гээд л баясна.
WSSQ-гийн сертификатаа авсны дараа, хамаг баримт бичиг, эд зүйлсээ хураалгаж, янз бүрийн лалын улсуудын хуурамч паспорт авав. Манай хоёрт Афганистаных оногдов. Батболд Хусайн, Төвшээ Махмуд болон хувирав. Хувь хүнийг нь бүрмөсөн устгаж буй мэт их л эвгүй сэтгэгдэл төрөв. Аллахын сайн дурын дайчдын “Аль-Акидах” багийнхан гэх нэр зүүлээ.
Суданы бас нэг нууцлаг цэргийн обьектод очингуутаа шахуу онгоцонд сууж, цуст Дарфурын шөнөөр мянгуулаа десантаар буув аа. Дайчин эрийн сэтгэл хөөрч, бахадмаар ч санагдав. Лалын нэгэн тосгонд маршилж хүрэхэд, ард олон  нь үнэн сэтгэлээс талархан биширч угтсан  нь Батболдыг улам ч догдлуулав.
Энэ араб тосгоныхон саяхан фур хэмээх хар африк үндэстний зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртөж, бараг хүн  төрөлхтний түүхэнд байгаагүйгээр харгислуулсан юм байх. Төвшээ ардуудын үгийг орчуулж өгөхөд, галзуурсан хэрцгийллийн тухай дуулаад дотор нь муухайрсан Батболд хэрэггүй хэмээн дохиж, чихээ бөглөх дөхөв.
Дэггүй анд нь эсвэл араб хүүхдүүдээр, эсвэл араб хүүхнүүдээр хүрээлүүлчихсэн дэгдэж явах аж. Эндхийн арабууд негрүүдийн нөлөөгөөр, нэлээд чөлөөтэй, задгай, бас тэдэнтэй цус их холилдсон шинжтэй үзэгдэх аж. Тиймээс нэг бүсгүйтэй нэлээд хөгжилдөж, ээж ааваас нь бараг гэрлэх зөвшөөрлийг авчихсан Төвшээ, тун дургүйхэн ойролцоо цэргийн бэхлэлт рүү хөдөллөө. Камила гэх нэр түүний амны уншлага болжээ.
Нөгөө бэхлэлтэд очиход, “одооноос эхлээд хамгийн өндөр сахилга баттай бай, хүний эрхийг март, зөвхөн тушаасан, зөвшөөрснийг хий, үг дуугүй гүйцэтгэж сур, бүү асуу, асуулгаагүй л бол бүү ярь” гэхчлэн сануулж, Батболдод бүр ч таагүй сэтгэгдэл төрөв. Торгуулийн батальоноос зугтлаа гэсэн  чинь харин элсчихвүү дээ. Сануулах болгонд алуурчин машин шиг “эрс мэдлээ” гэж юу ч бодолгүй хашхирна.Төвшээг урвайх байх гэж бодтол, “ёстой нэг жинхэнэ эр цэргийн ертөнц гэж энэ” гэж байх юм.
Анхны “тулалдаан” нь нэгэн фур тосгоны дэргэд боллоо. Үүрээр багийнхан нь тосгоныг бүрэн бүслэхэд, тэнд буй бүхэн нойрсож байв. Баахан алан хядагчид тэнд бүгчихээд, унтаж хэвтэж буй юм байх. Хуруу гараар командыг дамжуулангуут л, газар тэнгэр давхцах шиг болж, тосгон тэр аяараа дэлбэрэлтээс боссон тоос шороо, напалм гранатын галд живлээ. Зугтах гэсэн амьтай бүхнийг, хүүхэд эмэгтэйчүүдийг ч шүршин алав. Ерөөсөө л энэ нь хүй төрлөөр устгах хядлага байв.
Салаан даргадаа энэ талаар илтгэвэл, “Цэрэг Хусайн та яагаад сахилга батыг зөрчөөд байна. Тэр тосгонд фур алан хядагчид нуугдаж байсан. Тэд хэдэн хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалж, бамбай хийсэн ч, бид цохилт өгөхөөс өөр ямар ч аргагүй. Суданы үнэн итгэлт сая сая арабуудыг хядуулахгүйн төлөө, фурын зарим энгийн иргэнийг золиослохоос өөр замгүй. Тэгээд ч тэр хүүхэд эмэгтэйчүүдийн гэдсэнд бөмбөг хийж оёчихоод гүйлгэдэг болсон. Байг устгахаас өөр сонголтгүй. Дахиж иймэрхүү юм асуувал, сахилгад хийнэ шүү. Зөвхөн байлдааны ажиллагааг сайжруулах талаар, онцгой шаардлага гарсан нөхцөлд л асууж болно” гэв.
Тийм ч юм болов уу гэж Батболд санажээ. Тосгодоос зугтаж гарах хүн цөөн тул, хичнээн тооны, ямар хүмүүс алагдаж буйг эс мэднэ. Гэхдээ л Батболд, илт үзэгдсэн энгийн хүмүүс рүү шүршүүр буугаа чиглүүлдэггүй байв.
Хэрэглэхийг нь хориод байгаа напалм гранатыг багийнхан нь бараг гол зэвсгээ болгосонд эмзэглэнэ. Урьд онгоцоор хаядаг байсан аюултай шатаагч бөмбөг одоо жирийн гранатын хэлбэрийг олжээ. Ус, хоронд ч унтрахгүй атлаа, онцгой эрчтэй, хурдтай гал дөл үүсгэдэг тамын зэвсэг юм. Напалм напалмдаа цоо шинэ хувилбарын напалм бодис ашигласныг ч хэлэх үү. Авдар авдраараа овоолоостой тууз тууз гранатаар тусгай бууг цэнэглээд л, галдаж гарна.
Аз болоход, эдний багийнхан гол довтолгооныг хийчихээд даруй зайлна. Араас цэвэрлэх багийнхан гээч ирж, гүйцээж сөнөөдөг, бүгдийн духанд хяналтын буудлага хийдэг, өөр газар зөөж булж далдалдаг гэв үү. Тэд үгүйсэн бол, хүний шарагдсан махны, шорлог мэт үнэрийг огт авч чадахаа больсон Батболд муужирч унах байсан биз ээ.
Энд цэргийн командаас өөр ямар ч мэдээлэл ирдэггүй болохоор, Монголын эрх баригчид гадаадын тусламжийг нэмэгдүүлэхийн тулд, байлдааны ажиллагаанд туслалцахаар шийдэж, Дарфур луу түмэн цэрэг илгээснийг манай хоёр хэрхэн мэдэх билээ.
Нэгэнтээ тэд өөр тосгон руу гэтэж явтал фур дайчид үзэгдэв. Ахлагч Абдуррахман:
-Цэрэг Хусайн, тэр хэсэг бургас, овгор шорооны ард очиж, шүршүүр буугаар гал нээ. Буруу номт хар чөтгөрүүдийн хамаг анхаарал чам руу чиглэхэд, бид шинэчилсэн байршлаас гэнэтийн цохилт өгнө гэв.
Өөртэй нь төдийлөн таарамжгүй байдаг Батболдыг тонилгох санааг давхар агуулж, гарцаагүй үхэл рүү илгээж буйг нь ойлгоход түвэггүй байв. Эртүүд Батболд, тосгонд зэвсэгт бүлгийнхэн байгаа эсэхийг тандсаны дараа гал нээж байя гэхэд, дээрэм, хүчин, архидалт гээд дуртай зүйлүүдээ гүйцэлдүүлэх боломжгүйд гонсойн явдаг “зэрлэг нугас” хэмээх араатан дайчид дэмжиж, сахилга бат нэлээд алдагдаж л байсан. Энэ мэтээр багийн ахлагчтай байнга л зөрчилдөнө. Төвшээ ч төдийлөн дуулгавартай бус. Тэрбээр, англиас бусад хэлээр ярихыг хорьсон атал:
-Баагий, битгий яв. Энэ дурак чамайг цааш нь харуулах гэж л ингэж байна ш дээ гэж монголоор хэлэв. Абдуррахман гар буугаа сугалан:
-Чимээгүй бай, цэрэг Махмуд. Бидний байршлыг мэдэгдэх гээ юу. Суу гэм! хэмээв. Төвшээ:
-Ахлагч та яагаад түүнийг үхэл рүү… гэхэд харгис дарга бууныхаа сойлтыг мултлан, хоёр монгол руу ээлжлэн онилж байж:
-Талийгаач Анварыг орлох  хүн ирээгүй болохоор ганц шүршүүрчнээ явуулахгүй яах юм. Өөр арга алга. Хэрэв Хусайн бидэнд цохилт хийх боломж олговол, одонд тодорхойлогдож, өндөр мөнгөн шагнал хүртэнэ гэв.
Батболд явахад бэлэн болоод:
-Хошууч та наад буугаа буулгаач. Байршил мэдэгдчихнэ гээд шүршүүр буугаа мөрлөж, хайрцаг сумаа тэврэн ширэнгэ дунд далд орлоо. “Найз Төвшээгээ ч хамгаалах юм чинь явахнээ нь ч яахав дээ. Намайг ч гэсэн Төвшээ өөрийн амь биеэ хайрлалгүй аварч л байсан юм чинь” гэж тэр боджээ. Абдуррахман:
-Жинхэнэ шахид! гэж шал худал магтаад, буугаа далдлан, дурандав.
Нэлээд олон тооны фур дайчин чухал түшиц газар луу сэм хүрэхийг зорьж буй бололтой, ямар ч чимээ гаргалгүй явцгаах нь сүрэг хар мэт.
Батболдын шүршүүр буу тачигнав. Олон ч фур цэрэг хадагдсан өвс адил унаж, бусад нь олигтой байршил эзлэхийг оролдон, задгай талбайд эмхгүй бужигнавч, туршлагатай дайчин тийм боломж огт олгохгүй байх аж. Энэ хооронд багийнхан тэднийг бараг бүслэв.
Гэтэл напалм гранат Батболдын орчимд дэлбэрч, дороо гал  түгэн, хөлд нь авалцлаа. Шорлогны хурц үнэр, аймшигтай тарчлан ухааныг нь балардуулахад, алгадаж унтраах хэмээн мунхаглаад, зүүн гараа шатаав. Хар дайчид ура хашхиран атаклахад араас нь “Аль-Акидах” багийнхан амьд өт хорхой ч үлдээхээргүй ширүүн гал нээв.
Төвшинтөгс “Ахлагч аа, би Хусайн дээр очъё” гэхэд Абдуррахман:
-Одоо хожимдсоон! гээд аанай л буугаа сугалав. Түүнийг нэгэнтээ ширүүн харснаа Төвшээ үсрэн одлоо. Ахлагч хэд буудаад л нам унагав. Дайчид ч, тушаалыг зөрчвөл юу болохыг үзэж улайран галласаар.
Бүхий бие нь дүрэлзсэн дөлд хучигдахад сая Батболд унтраах гэж дэмий тэмцэлдэхээ больж, “Ариунзаяа минь дээ…” хэмээн хэлтэл их бууны сум исгэрэх чимээ сонсдож, дэлбэрэлт чихийг нь дөжрүүлснээ, хэлтэрхий нисэн ирж, бие, тархинд нь зоогдов.
Монголын анги эртнээс “Аль-Акидах”-ыг мөшгисөн агаад, гал нээхэд нь тодорхой байршлыг нь олж, артиллерийн буудлага хийжээ. Акидахчууд ч тал бүр тийшээ бутран зугтав. Ахлагч Абдуррахман аль болох олныг цаазлахаар буугаа сугалсан чинь, нэг цэрэг нь өрсөн буудчихаад, хар гүйхээрээ алга болов.
Напалмын түймэр Төвшин-төгсийн цогцсыг бүрэн шатаасан атал, Батболдын баруун алгыг үлдээсэн нь гайхалтай ч, аймшигтай ч үзэгдэнэ.
Удсан ч үгүй, уухай хашгирсаар монголын мянгат тулааны задгай талбайд орж ирэв. Мянгатын дарга хурандаа Гомбодорж, ажлын местэн дээрээ жанжин штабын орлогчоо жадалсан гэмээ цайруулах, генерал болж, өөрөө тус штабын орлогч болох санаархлаа биелүүлэхээр ирсэн байнам бөгөөд, үлэмж бие нь чихэлдэн байж, “69”-өөс арай ядан гарч ирэв. Тэрбээр:
-Гайхамшигт ялалт! Монголын армийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо. Алив, хошууч чи тэмдэглэ! гэв. Түүний орлогч Цэнгэл:
-Байршлаа яаралтай сольж, ширэнгэ рүү орох хэрэгтэй юм биш үү. Задгай талбайгаас бушуу холдъё. Ойр хавьд “Жанжавид”, “Аль-Акидах”-ын өөр багууд байгаа мэдээ бий шүү дээ. Зугтсан акидахчуудыг мөшгиж, самнаж, олзлох ч хэрэгтэй байна гэв.
-Байлдааны тэмдэглэл бушуу бич гэм! Тэр зугтсан улсыг мөшгиж байгаад урхинд орчихвол яах юм. Кино мино үздэггүй юм уу. Харин энэ үхсэн улсуудаас мэдээлэл цуглуулж, зэр зэвсгийг нь олзлох хэрэгтэй. Сум хангамж дуусч байгаа.
-Цэргүүд маань аль хэдийнээ мэдээлэл байтугайг цуглуулж, үхэгсдийг чармай шалдалж байна даа.
-Яадаг юм! Дайны 100 грамм, дайны олз, дайны хүүхэн гурав бол цэргийн байлдааны чадварыг нэмэгдүүлэх тулгын гурван чулуу гэж, намайг Оросын академид сурч байхад зааж байсан. Чеченийг тэгж л ялсан юм билээ. Алив, тэр тосгоноос сайн дурын тусламж, хоол хүнс цуглуул. Цэргүүд маань өлбөрч үхлээ.
-Хурандаа, та чинь дайсны тосгон гээд арабуудыг дээрэмдүүлээд байсан. Одоо “өөрийн талынхнаа” дээрэмдүүлэх нь үү. Хүчингийн хэрэг ч гараад л байгаа шүү.
-Битгий олон юм яриад бай. Байлдааны олз, сайн дурын тусламжид л бүгдийг нь хамруулж бич. Хүүхнүүдийг бол, өөрсдөө сайн дураараа стресс тайлах үйлчилгээ үзүүлсэн гэж тайлбарла. Энэ цэргүүдийн чинь юу хүссэнийг зөвшөөрч байхгүй бол яаж үгэнд орох юм. Тэр засгийн 300 долларыг хангалттай гэж бодож байнуу. Холоо хэвтэнэ. Цэргүүддээ хатуурхаад байвал дагзандаа сум зоолгоно гэж мэд. Харин ч цэргүүдтэйгээ ойлголцоод байгаа болохоор манай мянгат удаа дараалан ялж байгаа биш үү.
-Ялсан нь үнэн. Гэхдээ олз ашиг цуглуулсаар хөсөг маань хүчиршгүй их боллоо. Энэ цэргүүд ч эвдэрч гүйцлээ.
-Дуугаа тат! Бид чинь байлдааны анги, би байлдааны хурандаа. Гүржийн дайнд биеэр оролцож, дадлага хийсэн надтай чи муу энхийг сахиулагч нусгай юу ярих гээд байна. Муу хар хүүхний бөгс хагсыг өмөөрөөд, сүйд майд болно гэнэ ээ. Тэгэхийн оронд, гондоомын хангамжийг таслахгүй байхаа хичээ. Цор цор гээд байвал хээрийн шүүхэд… гэхэд нэгэн дэслэгч:
-Хурандаа, танд олзны дээжийг өргөн барья! гээд мөнгөн царан дээр тавьсан алт мөнгө, доллар, чимэгтэй чамин буу зэргийг, мэхийн байж гардуулав. Гомбодорж хурандаа:
-Хэ хэ, яахнав дээ. Миний машин руу хийчих. Орлогчдоо ийм юм бэлдсэн үү гэв.
-Цуглуулж байна аа.
-Түргэлээрэй, явж болно гэснээ хурандаа хошууч руу эргэж, сайхан зантайгаар:
-Олдох боломжоор нь л авч, идэж ууж байхгүй бол, монголчууд бид яаж амьдрах юм бэ. Олзонд дургүй эр хүн байдаг юм уу. Чи ч цаанаа дуртай л байгаа л даа. Аягүй бол хүүхэнд ч санаатай байх. Ээ мөн, дэггүй монш гээд нударгаараа шанааг нь зөөлөн түлхсэнээ, бүр нэг жаргалтай хүний шинжтэй дэлгэр цэлгэр хөхрөв. Нэг цэрэг гүйн ирж, хам хум ёслоод:
-Сайн ч мэдээ байна, муу ч мэдээ байна. Сайн нь гэвэл, “Аль-Акидах”-ын багийн ахлагч хошуучийн цогцос, цүнхтэй хамаг бичиг баримт нь олдлоо. Муу нь гэвэл, нэг монгол хүний цогцос бас байна. “Энхийг сахиулагч байсан Батболд” гэж нэг цэрэг гарынх нь сорвиор танилаа. Цогцсуудыг нааш нь авчирч яваа хэмээн илтгэв.
-Тэр муухай, балиар хүүрнүүдийг над дээр авчирч яахнав, хэрэггүй. Хоёулаа л сайхан мэдээ байна ш дээ. Батболд гэдэг чинь ардын дайсан. Бүр монголчуудтайгаа байлдаж байж шүү дээ. Ийм муухай дайсныг устгасан нь том гавъяа болж. Дайсны цүнхтэй бичгээс хамаг нууцыг нь мэднэ дээ. За, ямар байна даа, хошуучаа. Ялалтаас өөр юм сэтгэгдэж байна уу гэхэд цэрэг:
-Хурандаа, монгол хүн юм байна, Батболдын цогцсыг нь аваад явах уу гэв.
-Муу бузар урвагчийг юу гэж авч явж байх юм. Харин патиардаж, баримтжуулж, үхлийг нь баталгаажуул. Тэгээд хэн ч бүү гар хүр! Цөөвөр чонын хоол болно биз хэмээв.

6
Мунхаг хурандаагийн баг удалгүй арабын бүлэглэлд цохигдон ухарчээ. Сунжирсан, хориглох байлдаан хийж байхад нь нэмэлт хүч ирж, ахин тосгоныг эзэлсэн аж. Энэ явцад, дарга ангийнхны ашиг хонжооны золиос болсон арван нэгэн монгол дайчин амь насаа алдсан бөгөөд, тэдгээрийн цогцсыг Улаанбаатар хотод хүлээн авах ёслол болов. Ерөнхийлөгч сүрт парад, торгон цэргүүдийн шоу, тусгай ангийнхны үзүүлбэр, армийн дуу бүжгийн чуулгын тоглолт зэргийг толилуулсны дараа, Монгол орны ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшил, гарамгай удирдагчийн талаар хэдэн цагийн турш хашгичих нь заримдаа Гитлерийг санагдуулна.
Дараа нь л, садан төрлүүдийг нь халуун наранд шатах дөхсөн авснуудад ойртууллаа. Батболдын ар гэр, мөн Ариунзаяа охинтойгоо ирсэн байв. Нэгэн офицер тэднийг таньж,
-Та нар чинь нөгөө хөөцөлдөөд яваад байдаг улс шив дээ. Оргодол Батболд алагдсан нь тодорхой болсон ч, цогцсыг нь авчраагүй. Учир нь тэр бол эх орноосоо урвагч төдийгүй, Монголынхоо ахан дүүсийг шүршүүр буугаар хядаж явж. Бүр удирдлагагүй болгох гэж хурандаа Гомбодорж руу галлаж, шархдуулсан ч, ардын арми урвагчийг аюулгүй болгосон. Түүний үхлийг баталгаажуулсан баримтыг харин үзэж болно гээд, өөр офицерийг дуудан, зураг авчруулав.
Түлэгдсэн аймшигт цогцсыг хараад эх нь ухаан алдан унав. Ариунзаяад гарных нь зураг оногдсон агаад, нулимсаа арчин байж ажвал, сорви нь аргагүй л мөн, гэхдээ нарийхан гэгч, хуримын мөнгөн бөгж зүүсэн байхыг нь үзээд, гайхан хөшив. Тэр өөр бүсгүйтэй ханилан суусан юм гэж үү.
-Дүүгийн минь толгойг залгисан муу гичий! Чамаас л болж, миний дүү амьдаараа шатаж, тарчлан зовж үхлээ. Чи муу шулам таараагүй бол, миний дүү байрны мөнгө олно гэж, тэгж дайн байлдаан руу явахгүй байсан юм. Наад нүүрийг чинь ураад, нүдийг чинь сохлоод өгье хэмээн, цэргүүд хаасны хүчинд л тогтох Батболдын эгч улаан галзуу орилох нь хурсан олон түмний анхаарлыг татав.
Ариунзаяа ч охиноо элгэндээ чанга тэвэрсээр, салахгүй адгах олон дурангийн онин дор зугтан гүйхэд, нулимс нь бүрэлзээд хавь ойр хөвөх живэх мэт.
Сарын дараа, шонхорчин арабууд бүсгүйн умгар өрөөнд орж ирэв. Тэд нэг том хайрцагтай зүйл өгөөд:
-Таны гэгээн нөхөр Батболд аль Хусайн Аллахын төлөө баатарлагаар тулалдаж, хувилгаан болсон. Нөхдийнхөө амийг аврахын тулд, өөр дээрээ буруу номтон дайснуудын анхаарлыг татахаар явж, ганцаараа тэр тулалдсан, напалм бөмбөгөнд шатаж эрсэдсэн. Хусайны найз Төвшинтөгс аль Махмуд нөхрөө аврахаар, ганцаараа довтолгоонд орж бас шахид болсон гэв.
-Юу, тэр бас нас бараа юу? Амьд, Монголын армийн эсрэг байлдсаар байгаа гэсэн шүү дээ.
-Цогцсыг нь хайртай бүсгүй Камила нь таньсан. Тосгоныхон амь үрэгдсэн “Аль-Акидахын” дайчдыг хүндэтгэлтэйгээр оршуулж, шүтээний газар болгосон. Гэгээн шахид Хусайн, Махмуд хоёрын хөшөөг хамгийн төвд, хамгийн томоор босгосон байгаа.
Хусайн “Дарфурын шахид”, “Жанжавидийн баатар” одонгуудаар нэхэн шагнагдсан, тэнд тулалдаад удаагүй ч, ар гэрт нь жилийн цалинг нь олгохоор болсон. Батболд таныг “өөрийн гэргий” гэж мэдүүлж, мэшээт сүмд эчнээгээр ахин гэрлэх ёс үйлдүүлж, зөв номын хуримлалт болгон бататгасан.
Тэгэхлээр “Аль-Акидах”-ын шариат удирдлага, Батболдын гэргий, эцэг эхэд бие цогцос, шагнал, мөнгийг хоёр хуваан олгохоор шийдсэн. Зөв номын танд гарыг нь, “Дарфурын шахид” одон, 35 мянган доллар авчирлаа. Ар гэрт нь чандартай бумба, “Жанжавидийн баатар”, 25 мянган доллар өгнө. Таныг зөв номоор гэрлэсэн тул илүү хүндэтгэж үзсэн. Бас фото зургууд авчирсан. Аллах акбар! гээд урилгагүй зочид, цорхирон уйлах бүсгүйг орхин одов...
Батболдыг өөр хүүхэнтэй болсон юм болов уу гээд хардаж байсан чинь, харин Ариука, Нара хоёртоо тусыг гэрээслэж үлдээх гэж л, тэнд гэрлэх ёс үйлдэж, хуримын бөгж зүүсэн юм байна шүү дээ. Даруйхан, даруйхан гарыг нь үнсэж, тэр бөгжийг ядам хуруундаа зүүе гээд, хайрцгийг онгойлговол, гоёмсог жаазтай араб бичиг, алтадсан савтай одон гарч ирэв. Нэн бишрэлтэйгээр ширээн дээрээ заллаа. Цөөн тооны фото зургуудыг нь мөн жаазалжээ. Аймшигт араатнууд арзайлдан инээцгээж, тэврэлдэн хэлхэлдсэн дунд Батболд, Төвшинтөгс хоёр л хүн төрхтэй, бас гүн гунигтай ч юм шиг үзэгдэнэ. Зэрэгцсэн хоёр цагаан хөшөө харагдлаа. Энд урвагч гэж байхад, тэнд баатар гэж байх. Атиралдаж эрэмдэгшсэн, аймшигтай шатсан цогцосны зураг үзэгдэхэд орь дуу тавин шидсэнээ, тонгойн авч, бүтэн үлдсэн ганц зүйл болох царвуун дээр нь үнсэв.
Зүрхээ чангалан байж, хамгийн дор буй хүнд хайрцагт хүрвэл тэр нь бяцхан хөлдөөгч аж. Нэлээд хатаж хорчийн, харласан гарыг үзээд алдах дөхсөн ч, ухаарал сэхээрэл тархинд нь ирж, уруулдаа аажим ойртуулан үнстэл, шорлогны үнэр мэдрэгдсэн нь мууруулан унагах дөхөв. Хүн-шорлог гээд бодохоор л…
Гэвч хатсан хуруунд нь суларсан бөгж сэтгэлийг нь арай л сэргээв. Авч үзвэл, дотор талд нь “Ариунзаяа” гэж бичсэн байх нь хурц хараанд нь өртлөө. Ядам хуруундаа зүүгээд, “Би чамтай гэрлэхийг зөвшөөрч байна, хайрт минь!” гэж хэлэн ахин гарыг нь үнссэнээ, энэ бүхэн тун чиг аймшигтай санагдан, гараад л гүйчихлээ.
Гүйж гүйж, дараа нь ядраад алхаж явахад хаа сайгүй л шорлог. Монгол даяар шорлогны үнэр ханхийнэ…

7
Батболдын ар гэрийнхэн “Ариунзаяа цогцос, шагнал, мөнгийг авах учиргүй” хэмээн шүүхээр заргалдсанаас үүдэн, харин ч бүгдээр алан хядагч бүлэгтэй холбоотой гэгдэн, Төвшинтөгсийн садан төрлүүдтэй хамт саатуулагдав. Дарга нар тэднийг гадаад улсуудад өндөр үнээр худалдахыг оролдсон ч бүтсэнгүй тул, одоо ч хоригдсон хэвээр. Хууль бус орлого гэж хураан авсан мөнгө л дарга нарын хорхойслыг жаахан намжаав.
Харин Батболд гурван газар оршуулагдсан агаад, амьддаа, ийм юм болно гэдгийг яавч төсөөлж чадахгүй байхсан буйзаа.

Ч.Баяр

Улаанбаатарын улс төрийн сөрөг үзэлтнүүдийг, Сайншандад цөлж, аж үйлдвэрийн цогцолбор бариулах уу?


40 мянган хүнийг 300 мянган орон тоон дээр ажиллуулах тооцоог, 5 яам нийлж байж гаргажээ!

“Сайншандын аж үйлдвэрийн аварга комплекс барина гээд л хэсэг улс гэгээн цагаан өдөр гэнэтхэн инээгээд л босоод ирлээ. Төр засаг маань эрүүлжиж байгаа нь энэ үү, галзуурч байгаа нь энэ үү” хэмээн ард иргэд маань алмайран явах боллоо.
Т.Б гэдэг гишүүний өчихийг үзвэл, 5 яам нийлж, хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах анхны төсөөллөө гаргасан гэнэ. Төрд маань “төсөөлөх” гэдэг шинэ ажил үүрэг гарч ирж дээ. Энэ нь юу гэсэн үг юм бол. Сэрүүн зүүдлэх, хоосон мөрөөдөх, хий юм үзэх, тааварлах зэргийн аль нь вэ?
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд олон газрын үйлдвэрлэлийг гардан сөнөөчихөөд, харин өчнөөн ажилгүйчүүд үйлдвэрлэчихээд; дэд бүтэц, хүний нөөц, боловсон хүчин байхгүй газар шинээр үүсгэнэ гээд муйхарлаад, мунхаглаад байхын учир юусан билээ. Байсан газар нь сэргээхийн оронд.
Эсвэл тэнд улс төрийн сөрөг үзэлтнүүдийг цөлж ажиллуулах гээд байна уу? Одоо арав дахин бага оршин суугчтай газар, яаж 150 мянган хүнтэй томоохон хот босгох нь вэ.
Сайншандын аж үйлдвэрийн комплекс (САК) гэдэг нь “их дээрээс бидэн рүүгээ шидсэн чулуу” ч гэж нэг хүн ярив. Өөр хүн өгөөш гэж нэрлэв. Ямар ч л гэсэн ард түмнийг хохироох тийм нэг хорлонтой зүйл бололтой. «САК-тай болно доо» гээд нүдээ аниад, алгаа хавсраад, мээмээ хавтгаж суух хооронд нь хамаг өмч баялгийг нь хулгайлаад, өөрсдийг нь эд бад хийчихнэ гэв үү.
Оюутолгойтой ойр учир (ойр ч биш л дээ) Сайншандыг сонгосон юмуу гэтэл үгүй аж. САК байгуулагдахгүй байх бүх л нөхцөл бололцоо Оюутолгойн гэрээнд тусгагдсан. Сайншанд руу төмөр зам ч тавихгүй, хамаг хүдрийг Хятад руу зөөнө, Монгол улсыг их өрөнд оруулна. Өөр ордуудын болон бусад нөхцөл байдал ч САК-ийн эсрэг байгаа. Яагаад чухам Сайншанд гэчихэв. Юу төсөөлчихөв өө?
Нам засаг маань, тэргүүн нь тувтан САК-ийн эсрэг ажиллаж байж, мөн зөрүүлээд САК гэдэг чулууг ард түмэн рүүгээ нүүлгээд, өнхрүүлээд, нураагаад байх юм даа.
«Газар доорх баялгаа барьцаалж, 10 тэрбум доллар босгож, САК барина» гэв. Юун 10 тэрбум бэ, таминь ээ. «1,5 тэрбумыг монголчууд хэзээ ч, яавч олж чадахгүй» гээд л хамаг баялагаа харийнханд зүгээр л цагаан солиорч өгчихөөд, тэрнийхээ төлөө их өрөнд улс түмнээ унагаачихаад, ямар баялагийг барьцаалуулах гээв?
САК-д зэс, төмөр, газрын тос, коксжих нүүрстэй холбоотой эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах юм гэнэ лээ. Тэр цаад юмнууд нь байхгүй шүү дээ. Бүгд харийн өмч болчихсон, бүгд түүхийгээрээ л гадагш урссаар байгаа, тэгж урсах нь ч хуульчлагдчихсан.
Урьдаар, яаж түүхий эдтэй болох вэ гэдгээ бодож байж, САК барих хэрэгтэй л дээ. Арай нөгөө, Күвэйтээс газрын тос авчирч боловсруулна гэдэг шигээ, Чилээс зэс, Австралиас төмөр, Өмнөд Африкаас нүүрс авчирна гэж, сэтгэцийн гажигтахгүй байгаа даа.
Хэрвээ, Шар хадны больницийн 6-р тасагт хэвтэх болчихоогүй бол, эхлээд; хүчингүй хуулинд дулдуйдаж, Монголын хамаг хуулийг зөрчин дэвэрсэн ашигт малтмалын неоколоничлолоо таслан зогсоочихоод, тэгээд харин сая тэрбум доллар босгож, түүхий эдээ ч олборлож, САК-аа ч барьдаг байхгүй юу.
Ер нь дарга ангийнхан заавал харийн эрх ашигт бялангачилсан глобал том уурхай, атомын цахилгаан станц, цөмийн хог хаях газар байгуулна гээд байх юм. Сүүлийн хоёр нь бол хэрэггүй. Уурхайн хувьд бол заавал том байх албагүй шүү дээ. 100 сая доллар байсан ч, Оюутолгойг эзэмшихэд хангалттай. Тэр бол манайд байж л байдаг мөнгө. Улс түмний их буянг тэрбум, тэрбумаар нь, зуу зуун саяаар ($) нь номенклатур хулгайлчихаад байдаг болохоос.


Монгол улс ашигт малтмалгүй болсон тул Сайншандад Күвэйтээс нефть, Чилээс зэс, Австралиас төмөр, Африкаас нүүрс гуйланчлан авчирч боловсруулна

Кино минон дээр гардаггүй юу. Дайсан толгой, баатар эрд баригдчихаад л, «намайг өршөө, гэмээ наминчилъя, өөрт чинь амь хайргүй зүтгэе» гэж байж амь хэлтэрчихээд, араас нь хутгалаад л, хамаг юмыг нь аваад зугатаачихдаг… Тэр л санаанд ороод байх юм.
12 үйлдвэртэй хот барина, шууд 100 мянган ажлын байр буй болно, шууд бусаар 200 мянган ажлын байр үүснэ, ингээд 150 мянган хүнтэй аугаа хот сүмбэрлэнэ л гэх юм. 12 үйлдвэрт 100 мянган хүн ажиллана гэхээр, ээ мөн дэлхийд багтахгүй том хайрханууд хөндөлсөх нь ээ.
Оюутолгойн глобал цогцолборт их сайндаа л 3000 хүн ажиллах юм гэхчивлээ. Оюутолгойгүй, олон толгойгүй, түүхий эдгүй болохоор яаж 12-хон үйлдвэрт 100 мянган хүн ажиллах юм бол доо. Дан одой хүмүүс ажиллах юм болбуу. Улс төрийн цөллөгийнхөн ч одой биш дээ.
«300 мянган ажлын байран дээр 150 мянган хүн ам яаж ажиллах вэ» гэж асуумаар байна. Хүүхдийг хасвал 70 мянга үлдэнэ, хөгшидийг хасвал 60, ажилчин болохгүй эмэгтэйчүүдийг хасъя, 40. 40 мянган хүн яаж 300 мянган ажлын байран дээр ажиллахав, яаж тэд 300 мянган ажлын байр үүсгэж хүчрэхэв. Ямар янзын, ялааны зулзага шиг САК болох гээд байна аа?
Тэгсэн чинь, нөгөө гишүүн бас, «10 тэрбумыг төр босгохгүй» гэв. Төр маань ард түмнийхээ өмч хөрөнгийг цөлмөн хулгайлж, өөрсдөө үмхэлдэг, харийнханд өргөн барьдаг мангас-машин болчихсон юм чинь, юугаан барьцаалж, хуйхаан маажиж мөнгө босгох вэ дээ.
Цааш нь юу гэж байнав гэхлээр, «бид биш хувийн хэвшлийнхэн мөнгө босгоно» гэв. Төр нь төсөөлөөд, төсөөллөө хувийн хэвшлийнхэнд тулгадаг болох нь уу. САК босгох дуртай гэсэн хувийн хэвшил Монголд л лав байхгүй (манай хувийн хэвшил сөнөж ч байгаа). Хятадад байж бол магад. Тэгэхлээр ер нь хятад хот босох маягийн юм болоод явчихав уу даа. 300 мянган ажлын байр гээд л том том дуугараад байсан. Хятадууд бол тэгж хөдлөнө шүү. Монголын хувийн хэвшилийнхэнд газар дорх, барьцаалах баялаг гэж байхгүй, хятадуудад харин манай баялаг хангалттайн дээд хангалттай л байж байгаа.
САК-ийг хэзээ барьж эхлэхийг дарганцарууд төсөөлөхөөн мартсан. Төрийн ажлыг төсөөлөх төдий өлзийхүүнүүд юм чинь аргагүй ш дээ. Ямар баланцгаа төсөөлөхөв дээ.
Улс түмний өмнө; монголчуудын алдагдсан баялагийг хэн төлж, хэн хохиролыг нь барагдуулж, хэн ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн хариуцлагыг хүлээх вэ гэдэг асуудал л өнөөдөр эн тэргүүнд тавигдаж, тулгамдаж байна. Yүнийг шийдэж, саак саак үлгэр домгийг нь камерт нь яриулчихаад, дараа нь барьж байгуулцгаая аа, таминь ээ. Хууль бусаар хуулиар сагасан бүхний сагааг гаргаж, хууль ёсны өмч хөрөнгөө дайснуудаас салгаж авцгаая!
Б.Жаргалсайхан гадаадын хөрөнгө «оруулагчдыг» азтай гуйлгачид гэсэн нь үнэн юм. Тэр гуйлгачид чинь өр ширэндээ баригдаад, шоронгийн хадаас болохдоо тулаад, оргож босож Монголд ирчихээд, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн турш манай баялагаар барьцаалж, хөрөнгө бүрдүүлнэ гэхчивлээ.
Бид ямар устгах туршлагын туулай, мэлхий, харх, жоом байгаа биш. Энэ бүхнийг эцэс болгоё оо, ард түмээн! «САК-аас өмнө, Оюутолгойн бүтээн байгуулалтыг өөрсдөө гардан хийцгээе!» гэсэн уриан дор хөдөлцгөөе! Өмч баялгаасаа барьцаалаад хөрөнгөө босгочихъё, ажилгүйчүүдийн эгнээнд буй мэргэжлийн инженер ажилчидаа хүсээд байгаагийнх нь дагуу ажиллуулъя! Бид бүхнийг чадна, гагцхүү дарангуйлагчид л бидний гарыг хүлж, нүд чих, ам хамрыг таглаад байна! Оюун ухаан, монгол хийморийнхоо илд мэсийг далайж, хамаг дайснуудыг сөнөөн дарахын тулд, хуулийн хүрээнд байж болох тэмцлийн хамаг арга хэлбэрийг хэрэглэн босоцгооё! Неоколоничлол-геноцидийг таслан зогсооё, хэрэгжүүлэгчдийг нь түлхэн унагая! Монгол улс түмнийхээ аврал, тусгаар тогтнол, гэрэлт ирээдүй, аз жаргалын төлөө хэн эрслэн тэмцсэнийг Мөнх Хөх Тэнгэр ивээн тэтгэж, хэн хулчийн урвасныг гэсгээн цээрүүлэх болно оо!
Ч.Мөнхбаяр
MMIX.IX.IX

“Даяар Монгол”-ыг үүсгэн байгуулагч Ш.Пүрэвсүрэн гэнэтхэн нас барав


Анд, үндэсний үзэлтэн, цогт эх оронч Ш.Пүрэвсүрэн ах маань хорвоогоос хальжээ.
2000 онд Монголын либерал намаас манай тойрогт нэр дэвшихэд нь анх түүнийг мэдэж авсансан. 2001 онд үндэсний үзэлтэн, “панмонголист хамба” гэгддэг Л.Бат-Очир ахын байнга зохион байгуулдаг, санаа бодол нэгтнүүдийн цугларалт дээр очиход, тэрбээр таарч, танилцаж билээ л...
47-хон насандаа орчлонгоос хальсан энэ гэрэлт хүмүүн армид 13 жил зүтгэж, 89 оноос ардчилсан хувьсгалын үйлсэд оролцож, зэвсэгт хүчинд МоАХ-ын анхны салбарыг үүсгэж, “Даяар Монгол” хөдөлгөөнийг байгуулалцаж, ард түмнийхээ тэмцэл эсэргүүцэлд идэвхитэй оролцож ирсэн, гавьяа зүтгэлтэй нэгээн.
2006 оны, ашигт малтмалын төлөө тэмцэлд би бага сага оролцсон. Тэгэхэд Д.Рэнцэнтавхай найзтай минь хамт явж байсан тэр “Чиний тэр репатриацийн хууль их чухал шүү, сайн сурталчлах хэрэгтэй байна. Ерөөсөө чи манай “Даяар Монгол”-д ор” гэхэд, “Би сайн дурын “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн байгуулах гэж байгаа. Олон сувгаар зэрэг зэрэг үндсэний үзэл яригдвал сайн байхгүй юу” хэмээн татгалзаж байсандаа харамснам. Өдий хүртэл ойр дөт хамтран ажиллаж ирсэн бол…
Ташрамд, би түүний насыг мэддэггүй, сонирхдоггүй, багцаагаар л “ойролцоо насных болов уу” гэж санан чацуурхаж явсан агаад, ноднин л надаас 7 ах болохыг нь мэдсэн сэн. Эрч хүч дүүрэн, өөдрөг зантай тэрбээр наснаасаа залуу харагддаг байж дээ.



2006 оныхоо зун, буриадын панмонголист Далай Цэрэндашиев, Пүүжий, Тавхай бид дөрөв бор дарс хүртэн суусан билээ. Пүүжий маань олон хөгжилтэй зүйл ярьж, бүр нэг аз жаргалтай хүн л ийм байх болов уу гэмээр хөхөрч, бас Дудаев, Басаев нарын найз болохоо хуучилж, гайхшируулж байсаан.
Намар нь би “Байлдан дагуулагч” сонинг үүсгэн гаргахдаа, үндэсний үзлийг сайн тусгах юм шүү гэж бодож, түүндээ нэрт үндэсний үзэлтнүүдтэй хийсэн цуврал ярилцлагыг нийтлэхээр төлөвлөв. Ингээд Пүүжийтэй ярилцсан (Пүүжий ах гэж хэлж дасаагүй л өдий хүрэв). Тэрбээр миний хүсэлтээр, Монголын гарамгай эх орончдын цуврал хөрөг бичсэнээ хувилж авчран, надад дурсгаж, “Цувралаа дуусгахаараа ном болгон хэвлүүлнээ!” гэж тун чиг баясгалантай хэлж байсан сан. Амжсангүй дээ.
Тэр үед Ш.Пүрэвсүрэн Онц Их Хуралдай (ОИХ) хэмээх тэмцэл хөдөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Энэ хөдөлгөөний талаар ихэд чухалчлан, сэтгэл хөдлөн ярьж суусан. Биднийг уулзаад салсны дараа, Хонхэрээд Б.Энхбат тохиолдоход, би мөн ярилцлага авсан. Гэтэл тэр ОИХ- ын эсрэг байр сууртай байлаа. Анд нөхөд явсан атлаа, улс төрөөс болж ийнхүү голын наана цаана гарсан байдалд нь харуусаж л суув. Бүгдээр хамтдаа, хүчээ нэгтгээд улс үндэстнийхээ төлөө тэмцэж явсан бол ч…
Ноднин тэрбээр Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшин ялсаан. Нэр дэвшигчийн ажилд нь бага сага тусалж, ярилцлага авч нийтлүүлсэн. «Хөгшөөн, үндэсний үзэлтэн бид төрд гарахгүй бол болохгүй. Гарч ч байна. Цаг нь болсон. Чи ч гэсэн юм бодох хэрэгтэй» гээд л урам зоригтой үгүүлж, надад АН-ын жижиг туг өгөх гээд баахныг атган бужигнуулж “Хамгийн гоёыг нь өгөх гээд байна л даа” гэж хошигнон хөхөрч байсан нь өчигдөр мэт нүдэнд илхэн…
Саяхан миний бие Оюутолгойн байдалд ихэд бухимдаж, зарим нөхөд рүүгээ “Та нар яагаад дуугүй байна. Оюутолгойгоо ингээд өгчихөж байгаа юм уу” гэхчилэн үг хаяхдаа, Пүүжий рүү ч утасдаад авсан. Нэр хүндтэй зүтгэлтэн, албан тушаалтан атлаа, огтхон ч ихэмсэглэх, бие тоох зангүй тэр, найрсгаар: “Өө, сайн уу, өвгөөн. Хүчээгийн захидлыг “Алаг хорвоо” сониноос чинь уншлаа. Их аятайхан захидал болжээ. Чамайг манай “Даяар Монгол” - д нэгд гэж захисан байдаг шүү. Юу бодож байна…” гэхчилэн хэлэхэд би үгийг нь тасалж, Оюутолгойн сэдвээр бухимдлаа баахан илэрхийлээд авсан. Миний ярианы өнгө аясанд эвгүйцэв бололтой, тэгсхийгээд хөөрөлдөөн маань дууссаан.
Хэдэн өдрийн дараа залган: “ Эртүүд би эвгүй харьцчихав уу даа” гэвэл, “Зүгээр л байсан шүү дээ, санаа зоволтгүй” гэж байв, ердөө л саяхан болсон явдал юм. “Даяар Монгол”-д элсэж, хамтран ажиллах хүсэлтэйгээ хэлэхэд тун ч урамтай хүлээж авсан. «Чи бүр эхнээс нь л «Даяар Монгол»-д орж явах ёстой байсан. Yндэсний үзэлтнүүд бид талаар нэг тарчихсан байж болохгүй. Ойрын үед уулзаж, тухтай хэлэлцье. Ярих юм их байна. «Даяар Монгол»-ын удирдлагын асуудал ч тавигдах гэж байгаа, өөрчлөлт гарах гэж байгаа. Оюутолгойн хувьд чиний хэлдэг зөв өө. Би  дэмжиж байгаа шүү» гэж билээ.
Ингээд л, удахгүй түүнтэй уулзана, ажил хэргийг өрнүүлнэ гэсэн бодолтой явж байтал, өнөөдрийн сонинд зуурдаар нас барсан тухай нь мэдээлжээ. Юутай харуусалтай, юутай эмгэнэлтэй.
Ид хийж бүтээх насандаа, ухаан бодол, байр суурь, боломж нөхцөл нь бүрдчихсэн үедээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн андын минь дотно дулаан дүр түүнийг хүндэтгэдэг хэн бүхний зүрх сэтгэлд мөнхөд гэрэлтэнэ.

Ч.Мөнхбаяр
ММIX.IX.XV

Тувачууд “оросууд зайл!” хэмээн үймж байна


АНУ-ын хэсэг сенатор Тувагийн тусгаар тогтнолыг 
зөвшөөрөх санал дэвшүүлжээ

Тува бол эртний, язгуурын монгол аймгуудын нэг билээ. “Нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг. Нэгэн үе түрэг хэлэнд ууссан тал бий. Дараа нь эргээд монгол хэлэндээ орж байсан, сонгодог монгол бичгийн хэлийг чөлөөтэй ашигладаг, ойлгодог, 30-аад он хүртэл хэрэглэж байсан, монгол үгийн үндэс язгуур дээр -пырлар, -парлар гэсэн дагавар залгаад л хоорондоо хэлэлцчихдэг асан, тийм л нэг монгол түмэн, Монголын аймаг.
Гэтэл оросууд 1921 онд тусгаар улс болгоно гэж Монголоос тасалж баахан хууль бус юм хийгээд, 1944 оны эцсээр, АИХ-аар нь шийдэгдэх ёстой асуудлыг УБХ-аар шийдүүлсэн болж, бас баахан хууль бус юм хийж байж, дээрэмдэж авсан, Зөвлөлтдөө нэгтгэсэн билээ.
Зөвлөлтөд нэгдлээ гээд тувачуудад сайн зүйл огт тохиолдсонгүй. Өвөлдөө Монголд орж ирээд хонио хариулчихдаг байсан нь бүтэхээн байж, МАА нь дампуурлаа. Үндэсний соёл уламжлалаа оросчлох бодлогоор дарууллаа. Тувагийн баялгийг цөлмөх уурхайнуудад, оросуудын боол болж, баахан нухчигдлаа. Армид нь “Зөвлөлтийн бүрэлдэхүүнд хамгийн сүүлд орсон” гэж ад шоо үзэгдэн дэглүүллээ. Архи, тамхи, анашаанд орлоо. Сайхан монгол аймаг байсан чинь Оросын хамгийн бөглүү тайга, тундр, “чукч бүс нутаг” л болчихов.
1974 онд Зөвлөлтөд нэгдсэний 30 жилийн ой болоход, 30 оросыг алж тэмдэглэнэ гэх аймшигт үг яриа тувачуудын дунд гарч байж.
1990.5.12. Хову-Аксы гэдэг суурин байх. Шинэ, хуучин гэж хоёр хуваагдана. Хуучин гэх тааруухан хэсэгт нь тувачууд амьдарна. Шинэ гэх орчин үеийн сайхан хороололд нь оросууд амьдарна. Тэд аль аятай таатай ажлыг хийж, өндөр цалин авна, тувачууд боол нь болж бага цалин авна. Олон жилийн турш зөрчил, хорсол, үзэн ядалт хуримтлагджээ.
Нэгэн дисконы дараа тува залуус аанай тарах дургүй байв. Цагдаа нар ирэхэд зодолдож дийлэв. Улмаар “бидний хамаг зовлон бэрхшээл оросуудын дарлалаас л болсон” хэмээн түрхэрч, Шинэ Хову-Аксы руу уулгалан дайрчээ. Тува, оросуудын талцсан мөргөлдөөнд улам олон хүн оролцож, халуун хүйтэн зэвсэг ч хэрэглэлээ.
Олон хоног мөргөлдөөн үргэлжилж, оросууд дүрвэн зайлж эхэллээ. Тувагийн бусад нутгуудад үндэстэн хоорондын мөргөлдөөн хүрээгээ тэлэв. Тусгаар тогтнолын уриа лоозон ч дуулдаж эхлэв.
Нийслэл Кызылд байдал харьцангуй намжмал байсан ч, орон нутгаас босож үймсэн тувачууд “Оросууд зайл” гэсээр орж ирж, асуудлыг хурцатгав. Кызылд оросууд болон, оросжсон тува нар эсэргүүцлийн том жагсаал хийсний маргааш, тува нар бүр ч том жагсаал зохион байгуулж, уг жагсаал шууд уулгалсан довтолгоон болон хувирсан. “Бүх Оросууд 7 хоногийн дотор Тувагаас зайлцгаа” гэсэн шаардлагыг тавьж байв. Завсарлагатайгаар бараг 7-р сар хүртэл үймээн үргэлжиллээ.


Тагна Урианхайн удирдагч Буянбадрах гүн Монголын цогт эх оронч байсан боловч, оросууд элдэв арга бас хэрэглэн, түүнийг төөрөгдүүлж, Тува, Монголыг хагаралдуулан салгасан юм

Босогчдыг Тува дахь Зөвлөлтийн цагдаа, арми дийлээгүй тул Хакас, Красноярскаас хүч татаж байж арайхийн дарсан юм. Үндэстэн хоорондын мөргөлдөөнд 70 гаруй орос болон, тува биш үндэстний хүмүүс амь үрэгдсэн гэдэг. Оросуудтай онцгой сайн харилцдаг гэгдэх тувачуудыгаа ч балбаж нүдэж, дээрэмдэж, шившиг болгожээ.
1990 оны, 2 сар үргэлжилсэн, харийн түрэмгийлэгчдийн эсрэг ардын энэ бослогоос гадна, оюун-улс төрийн тэмцэл их өрнөж байлаа. “Хостуг Тува”, “Танды Тува”, Тусгаар Тувагийн Ардын Нам зэрэг үндэсний-ардчилсан хөдөлгөөнүүд Тувагийн Ардын Фронтдоо нэгдээд шаггүй тэмцлийг өрнүүлж байв л. Даанч Ельцин тувачуудын цалин дээр “туйлын нэмэгдэл” нэмж олгох гэхчлэн авлига хэрэглэн, үндэсний хөдөлгөөнийг дарж орхисон талтай.
Нөгөөтэйгүүр, Туваг нийгэм-эдийн засгийн хувьд унагах, ингэснээр тувачуудыг Москвагийн гарыг л харж аялдан дагалдсан арчаагүй гуйлгачингууд болгохыг зорив. Архидалт, олс тарилт, гэмт хэргийг хавтгайруулав. Өлөн тувачууд амиа алдахаас ч эмээлгүйгээр Монголын хилийг даван хулгай дээрэм хийх боллоо. Социализмийн үед бүтээн байгуулсан бүхнээ хог хаягдал гээд Хятад руу гаргачихсан. Бөөгийн шашинд хэт мунхрах ч болов.
Тувачуудыг элгээр нь мөлхүүлэх гээд Кремлийнхэн харин ч оросуудыгаа тэнд амьдрах аргагүй болгосон юм. Хүн амын 33 хувь нь оросууд байсан бол, гарч явсаар 18 хувь болжээ. Аль олигтой нь гарч явсан тул оросуудын байр суурь нэн суларсан. Оросчлох бодлого явуулах нөхцөл ч муудсан.
Тувачуудын 70% нь эх хэлээ чөлөөтэй эзэмшсэн нь Оросын уугуул цөөнх ард түмнүүдийн хувьд хамгийн өндөр процент юм. Түүнээс гадна, төрийн ажил нь орос хэл дээр явагддаггүй цорын ганц сүбъект бол Тува. Тувагийн парламентийн хуралдаан дээр орос үг ганц ч сонсогдохгүй. Учир нь, Тувагийн АИХ-д орос хүн сонгогдоно гэж хэзээ ч байхгүй, эх хэлээ мэддэггүй тува хүн орно ч гэж саналтгүй. Энэ айхавтар туважсан байдал төвөөс хяналт тавихад бэрхшээл учруулж, Кремлийнхнийг маш их цухалдауулдаг.
Тува харин монголжиж байгаа. Ардын ёс уламжлалаа сэргээнэ гээд л монголоо сэргээгээд байдаг буюу. Эрийн гурван наадам, дуу хуур, ёс уламжлал, гар урлал, шарын шашин, худам бичиг гээд л сэргээгээд байх тусам л монголоо сэргээгээд байдаг.
Тувачууд манай үндэсний бөхийг сонирхоно, мэднэ гэж жигтэйхэн. Орчин үеийн дуу хууранд маань ч дуртай. Монголчууд бол тувачууд юм гээд байдаг.


1990 онд тувачууд “Бүх оросууд 7 хоногийн дотор Тувагаас зайл!” гэж 2 сарын турш үймэхэд, 77 орос иргэн алагдаж байжээ

Сүүлийн үед Тувад үндэсний ухамсар их сэргэж байна.
Ахиад л “Оросууд зайл!”,”Орос хэрэггүй!”, “Оросууд бидний дайсан”, “Оросуудад үхэл!” гэдэг, энд тэнд бичдэг болсон аж. Хаана ч гэсэн, тува орос хүмүүс байсхийгээд л маргах нь тохиолдоно. Сав л хийвэл тува хүн: “Хэний нутаг дээр чи сагаад байгаа юм бэ!” л гэдэг, өөр тувачууд гүйлдэж ирээд л, наад зах нь том хэрүүл, олонтаа зодоон болно. Харуй бүрий болоход орос хүн гэрээс гарахгүй. Гудамжинд зөвхөн тувачууд үзэгдэнэ. Цагдаа нар нь ч шөнө нуугдчихдаг гээд бод.
Тувагийн удирдлага, улс төрчид бас Кремлийн өөдөөс эвгүй үг яриа гаргадаг болжээ. “Тусгаарлачихна шүү!” л гэнэ. Тувачууддаа хандан тусгаар тогтнолын үзэл санааг цухалзуулна. “Хэрвээ тусгаарлавал бид Дубай болно шүү” л гэдэг.
Монгол нутаг л юм болохоор Тува маш их ашигт малтмалын баялагтай. Дэлхийд 3-рт орох коксжих нүүрсний орд бий. Зэс, кобальт, никель, уран гээд л байхгүй юм байхгүй.
Тувачуудаас өөр, давхар иргэншилтэй уугуул суурин үндэсний цөөнх Орост байхгүй юм. Тэд дотооддоо хэрэглэдэг “тусгаар тогтносон Тувагийн” гэх паспорттой. Тувагаасаа гадагшаа бол Оросын паспортыг хэрэглэнэ. Өөрийн гэсэн шуудангийн маркийг гаргадаг, хэрэглэдэг гээд л сонин зүйлс цөөнгүй.
Гадаадынхан Туваг маш их сонирхож буй. АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн 2-р НБД Сьюзан Бодуэн 2 удаа очиж, удирдлагуудтай нь уулзан, хор найруулжээ. Орос Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг зөвшөөрсний дараа, нэр дэвшигч Жон Маккейны зөвлөх Рэнди Шойнеманн нарын бүлэг улс төрч Татарстан, Башкортостан, Чечень, Ингуш,Тува зэрэг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэж буй улсуудын тусгаар тогтнолыг зөвшөөрөх төсөл боловсруулж, төрдөө өргөн барьсан. Сорос зэрэг нэрт зүтгэлтэн ч энэ төслийг дэмжсэн.
Их Түрэгийг байгуулахыг мөрөөддөг Түрк энд маш идэвхтэй. Тувагийн баялгийг сонирхсон хятадууд элдэв бодлого явуулж буй. Хэсэг хятад бизнесмен Кызыл-Эрдэнэтийн төмөр замыг барих саналыг Тувагийн удирдлагад тавьжээ. Үүнийг тувачууд их л нааштай хүлээж авсан ч, Кремль дургүйцэж байгаа ажээ.
Тувад төмөр зам огт байхгүй, авто зам нь ч муу. Оросын зүгээс харьцахад газарзүйн хувьд асар хүндрэлтэй, өндөр уул нуруу, нэвтрэшгүй тайга, намаг балчгийг туулах болдог, Монголтой бол тэгш нутгаар нийлдэг. Тувад анхны автомашин Монголоос очиж байсан юм.
Энэ жижиг улсын төсвийн 96% нь Кремлийн өгөх дотациас бүрдэнэ. Эдийн засаг гээд байх юмгүй. Оросын мансууруулах бодисын зах зээлийн 1/3-ийг хангадаг нь л хамгийн том эдийн засгийн салбар нь. Гэмт хэргийн төвшин нь Оросын төвшингөөс 2 дахин өндөр. Лениний гэх төв талбайгаа Ардын болгож өөрчлөн нэрлэсэн. Төв талбайн хажуугаас нь л ядуусын хашаа хороо эхэлнэ...
Хүн ам нь 308 мянга. Ам км нутагт 1,8 хүн оногдоно.
Тува хаашаа явна вэ?

Ч.Мөнхбаяр
Оросын хэвлэлүүдийн материал дээр суурилан тоймлов.