Tuesday, July 21, 2009

Шорон суларсан дээр неоколоничлол-геноцидийн гэмт хэрэгтнүүдийг хоморголон барьж хорьё


1. Оюутолгойгоос болж, С.Баярын ЗГ унах нь ээ!


2006 онд ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг огцруулах үеэр парламентийн гишүүд нэг их эх захгүй хэрэлдэж, муу муухайгаа дуудалцаж, хулгайч, эрүүгийн зан чанараа гайгүй сайн харуулаад авсансан. Тэгэхэд нэгэн ТВ-ийн нээлттэй телефоноор үзэгч эмэгтэй: “Ямар аймаар, ямар жигшмээр юм бэ! Бид чинь одоо дандаа галзуу солиотой улсыг сонгочихсон юм уу!” гэж бачимдан хэлж байсан билээ. Тийм ээ, галзуу солиотой улсыг сонгочихсон байсан. Ямагт л чингэж ирлээ.
Саяхан би төрийн томцуулын сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзсэн утгатай үг өгүүлбэрүүд бичиж нийтлүүлсэн. Тэгэхэд, дэглэмд таатай нэгэн хүмүүн: “Төр засгаа ингэж доромжилж, гутааж ч болохгүй дээ” гэв. Одоо тэр хүмүүн юу бодож суугаа бол? Миний үгийг нотлох шинэ жишээ гараад ирлээ ш дээ.

Урьд 10 жилийн дотор Эрдэнэтэд
ийм бүтээн байгуулалтыг хийж байв

Тэр бол Оюутолгойн гэрээний талаарх УИХ-ын тогтоол. Гэрээний эх олонд ил болсноос хойш юутай их шүүмжлэл өрнөлөө дөө. Би гэхэд л өчнөөн л бичсэн, ерөнхий сайдад Монголын рекорд болсон урт ил захидал илгээсэн, хичнээн ч уриалж дуудав, 6.29-нд “Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлөх 43 тэзис”-ээ төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн.
Гэтэл ямар тогтоол гарав аа? Олныг хамарсан сэтгэцийн хэвийн бус байдлын ийм ноцтой жишээ ховор юм шүү. Уг тогтоолд, 1-рт Оюутолгойн 34 хүртэлх хувийг төр эзэмшиж болно, 2-рт, 50 хүртэл өсгөж бас болно, 3-рт, энэ тогтоолд гэрээг нийцүүл, 4-рт, энэ тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо анхаарна л гэжээ. Ингээд л болоо. Ээ, бурхан минь! Бурхан Монгол орныг мартав уу?
Тэр эхний 2 зүйл чинь Оюутолгойн гэрээ гээч мийний талбайд байж л байгаа шүү дээ. Эргэн тойрондоо мийнэтэй л болохоос. Мийнийг харин яах вэ? Мийнэтэй талбайгаар, ард түмнийхээ нүдийг боогоод, “эрдэнийн хишгээ очиж авцгаа!” гээд л гаргах юм байна.
Урвагч 39 гишүүн тогтоолыг дэмжжээ. Урвагч 24 гишүүн хуралд суулгүй, ард түмнийхээ эрх ашгийг үл ойшоосон байна. 13 гишүүн тогтоолыг дэмжээгүй ч, 25 хувь л болчихож. Тэр 13 гишүүнд талархмаар байна.
Гэтэл, эрх баригч намын хэвлэл 13 гишүүний зургийг шившгийн самбар маягтай буланд жигшүүлэх зорилгоор тавьж, “Монгол Улсын хөгжлөөс хойш татагчид” гэж бичжээ. МАХН-ын 9, АН-ын 4 гишүүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайран давшилж, эцэст нь “Оюутолгойн гэрээг батлахгүй бол ядуурал, өлсгөлөн, гуйланчлал ирнэ” гэж айлгажээ. 1-рт, тэр зүйлүүд нь хэдийнээ биеллээ олчихоод, ард олонд үхэх л дутуу байгаа, 2-рт, Оюутолгойн энэ гэрээ чинь чухам тэр зүйлүүдийг ихэсгэх, үхэлд хүргэх зорилготой юмсан.
Хэвлэлд, 13 гишүүнийг сая долларын авлигыг голсон, бүр их мөнгө, албан тушаал сайдын суудал, эрх мэдэл, бялуу нэхсэн гэж бичиж байна. Тийм биш л байгаасай. Эс бөгөөс ард түмэн бүх гишүүдийг галзуу солиотой гэж баттай итгэх нь байна шүү.
УИХ, ЗГ-ыг “хууль зөрчсөн” гэхэд ЗГ: “Бид хэтэрхий мэргэн жараахай биш” гэжээ. Загаснаас тэнэг юм бол зайлах хэрэгтэй шүү дээ!
Ташрамд дээрх 13-ыг “ЗГ-ыг унагаах захиалга, улс төрийн тооцоо бодолт, өс хонзонг хэрэгжүүлэх гэж байгаа” гэх юм. МАХН-ын нэгэн жигүүр Оюутолгойн гэрээг байгуулах гэж зүтгэж байгаа С.Баярыг намаас хөөхийг шаарджээ. Түүний хэлсэн, “ЗГ хэврэг байгаа шүү!” гэх үг айхавтар бодтой болж байгаа аж.

2. Манийг тэнэгийн тэтгэмжээр л гийгүүлэх гэнэ


Оюутолгойн гэрээ МУ-ын хуулиудыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр зөрчсөн баримт бичиг. Үндсэн хууль, Ашигт малтмалын /энэ маань уг нь хүчингүй/ , ААН-ийн орлогын албан татварын, Үнийн гэнэтийн өсөлтийн, МУ-ын дэд бүтцийн тухай гээд л 11 хуулийн 23 заалтыг ноцтой зөрчсөн, “ноцгүй”-гээр бол бүгдийг нь зөрчсөн. Энэ гэрээний талаар хэн ч ҮХЦ-д хандаж болохоор, улайм цайм юмнууд байгаа гээд л бод. Би ч иргэний үүргээ биелүүлж хандана.
Ордыг ашиглах ТЭЗҮ нь тогтоогдоогүй, манай улсын стандартчиллыг дагаагүй, мэргэжлийн байгууллагаар батлагдаагүй байгаа. Ийм учраас гэрээг баталж яавч болохгүй нь бүхэнд ойлгомжтой.

Айвеноу компаний мөн тийм хугацаанд хийсэн
бүтээн байгуулалт буюу түр сууцууд

Оюутолгойн ашиглалтыг ТУЗ-д Айвеноу-гаас 6 хүн, Эрдэнэс-ээс 3 хүн
орно гэж буй. Монголын тал ямагт цөөнх байх аж.
Ордын нөөцийн 10 орчим хувь нь л тогтоогдсон. Манай хууль ёсоор бол, нөөцийг бүрэн тогтоосны дараа уг гэрээ хийгдэх ёстой. 32 сая тн зэстэй л гэдэг. Гэтэл 45 сая тн зэс, 1800 тн алт илэрчихээд л байгаа юм билээ шүү дээ. Оюутолгой дэлхийд 1-рт орох том зэсийн орд атал гадны неоколоничлогчид, дотоодын геноцидчид нөөцийн бодот хэмжээг нуун дарагдуулсаар ирэв.
АММИ гэдэг Виржиний хорхой шиг жижиг компани 8-10 сая доллартай л юм гэсэн. Байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Энэ компани манай ордыг барьцаанд тавьж, банкнаас зээл авч, хөрөнгө оруулах бөгөөд, ЗГ маань ордын 34 хувийг /дайсны өмч болчихсон учир/ худалдан авахдаа, тус компаниас 1.7 млрд долларыг 10-14 хувийн хүүтэй зээлдэх юм гэнэ билээ. Уг хөрөнгө оруулалтад 1,5 млрд доллар шаардлагатай атал АММИ “5 млрд шаардагдана” гэж, хэд дахин өсгөн гэрээнд тусгуулсан.
Хорхой компани манай асар их баялагтай газар тусгаар тогтносон улсын статустайгаар лав л 60-70 жил оршин тогтнож, луу болно. Хэрэв монголчууд баялгаа харийн булаан эзлэгчдээс авъя гэвэл, ард түмний эсрэг хуулийнхаа дагуу Английн шүүхэд ялагдаж, өндөр төлбөр ялбарт унаж, маш хатуугаар шийтгэгдэхээр гэрээнд заагдсан. Өөр улс руу довтолбол, олон улсын цохилтод өртөж, дараа нь дайны төлбөр төлж,, хамаг эрхээ хасуулан, үндсэндээ насаараа хоригдох ял авдаг шиг л юм болох нь. Тэгж шүүхдүүлээд, ялагдаад ч эхэлсэн, гадаадын компаниуд Монгол улс түмнийг шүүхдэж ялах бослого гаргаж, дайн дэгдээгээд ч эхэлсэн.
Тонн зэсийн үнэ бараг 7000 доллар болохоос нааш дандаа л алдагдалтай ажиллах юм гэрээнд тусгагдсан байгаа. Алдагдлыг Монгол улс түмэн төлөлцөнө. Гэтэл зэс 2400 доллар болтлоо хямдраад байхдаа ч нэн ашигтай бизнес л байлаа шүү дээ.
Зэсийн үнийг буулгах гэлээ гэж зэс экспортлогч орнууд, компаниуд, тэдгээрийг нэгтгэсэн ОУБ-ууд манайханд дургүйцэж эхэлж буй гэсэн. Баялгаараа дэлхийг авлигадан амыг нь үдчихсэн колоничлогчид, аймаглан усгагчид маань зэсийн үнийг буулгасны зөрүүг, эсэргүүцэгч сүбъектүүдэд төлж авилгадахад ч бэлэн байгаа юм гэсэн шүү. “Гол нь Монголыг богино хугацаанд ёроолд нь тултал цөлмөх хэрэгтэй” гэсэн зорилго дайснуудад буй.
Эх орны хишиг гээч гуйлгачдад зориулсан зүйлийг 2023 оноос нааш хялайлгах боломжгүй аж. Тэр хүртэл монголчууд минь тэсэх болов уу.
Монголын мянга мянган ордод устгагдах, сөнөөгдөх аюул л нүүрлээд байна. 6000 лиценз олгогдсоноос, нөөц нь шавхагдсан учир, 1000 нь цуцлагдсан.
40 тонн алтаа бэлэглэсний төлөө, юу ч авахгүй тэнэгтэж байснаа, тэнэгийн тэтгэмж болгож хэдэн сохор доголон зоос шидүүлээд Бороогийн уурхайг байгуулсан, ажиллуулсан, монгол ажилчдаа хулхидуулаад, бас шүүхдүүлээд хоцорч байгаа дүр зураг өнөөгийн байдлаар бол, бүх ордод давтагдана.
Манайд нефтийн олон орд илэрч байгаа. Улс орондоо нефтийн үйлдвэрлэл хөгжүүлээд, шатахуун, хуванцар, химийн бодисын хэрэгцээгээ хангаад, экспортох боломж бий. “Нефть боловсруулах үйлдвэр барина” гэсэн иргэдээ манайх шоронд хорихын наахнуур болиулдаг. Дорнодын Давсантолгойн, өдгөө 50 сая баррель нь илэрсэн, 100 жил ашиглаж болох ордыг нууцлаад зогсохгүй, “Петроматад” гээч харийн компанид бараг зүгээр бэлэглэжээ.
Ингэж ашигт малтмалаа эзэмшдэг солиотой галзуу төр Монголоос өөр газар байна уу? Даанч байхгүй!

3. Дарга нарын маань харь найзууд Хятадад баривчлагдсан нь Монгол дахь ялт хэрэгтэй нь холбоотой

Тэгэхлээр одоо яах вэ? Хууль бус баримт бичгүүдийг хүчингүй болгож, неоколоничлол-геноцидийн дотоод гадаадын гэмт хэрэгтнүүдийг даруй хоморголон хорьж, өмч хөрөнгийг нь хурааж, уул уурхайн хүнд нөхцөлд ажиллуулж, зохих шийтгэлийг нь хүлээлгэе! Сая Өршөөлийн хуулиар олон хүн суллагдлаа. Шоронгууд сайхан зайтай, бололцоо нөхцөл нь байна.
Рио-Тинто хэн болохоо бас дахин таниуллаа. Тэд монголд неоколоничлол-геноцид явуулаад зогсохгүй, энэ үйлдээ БНХАУ-ын иргэдийг татан оролцулж, тус улсын нууцад халдаж, тагнаж чагнах, авлигадах гэмт хэргүүдийг ноцтойгоор үйлдсэн нь илэрсэн тул Хятад дахь салбарынх нь удирдлагууд бүгд баривчлагдлаа. Гэмт үйлдээ Австралийн өргөмжит консулыг хүртэл уруу татаж, баривчлуулав. Энэ бүхэн Монгол дахь ялт хэргүүдтэй ч шууд холбоотой аж. Бид ч бас ийм алхам хийж, чингэхдээ өмнөд хөршийн хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй.

Хүн амд оногдох байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх
монголчуудын аж амьдрал ийм байх ёстой гэж үү?


Гэтэл төр засаг маань Рио-Тинтотой сүлбээцэлдэх гээд сууж байна. Ташрамд, дарга нарын маань сээтэгнээд байгаа Би-Эйч-Пи компани ч гадаадад бол хориглогдоод эхэлчихсэн болдоггүй компани юм билээ шүү. Улсын маань удирдлага хамтран ажиллах гэж, даян дэлхийд мэргэжил нэгтнүүдээ л хайж олдог юм байна.

“Австрали аа! Хулгайч нараа татаж аваач!” гэж нэгэнтээ би бичиж байж билээ. Авахгүй байгаа учир, өөр улсууд л авах (гэсгээн цээрлүүлэх) болж дээ. Одоо яая гэхэв.
Тэгээд, хулгайчдын хар үүлийг хуулийн буугаар буудаж сарниан, тэнгэрээ цэлмээчихээд, ашигт малтмалаа өөрсдөө ашиглах хэрэгтэй. Гадаадынхан яадгийг үзлээ, болоо биш үү, Баялаг, мэргэжилтэн, мөнгө олох боломж, ажиллах хүч, буян хишгийг нь хүртэх зон олон цөм Монголд байна.
Зэсээ харийнхнаас чөлөөлсөн Чилийн жишээг, хөгжил цэцэглэлийг нь үзэгтүн. Өмнөд Оюу ордыг ил уурхайгаар ашиглах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр 4.9 сая тонн зэс, 358 тонн алтыг амар хялбар аргаар, өөрсдийнхөө хүчээр олборлох боломж бэлээхэн байж байна аа гэсэн үг.
Ард түмний итгэл хүлээлгэсэн эрхэм ерөнхийлөгч яагаад Оюутолгойн хэргийн талаар дуугүй суунам бэ. Авлигын энэ асар том, олон улсын чанартай хэрэг манай хүнийг бүр байж суух аргагүй л болгомоор юм. Аль хэдийнэ Оюутолгойн авилгачдын эсрэг тэмцээд эхэлсэн баймаар. Сонгогчид нь итгэл алдарч, бухимдаж эхэлж байна шүү.
УИХ-аар Оюутолгойн гэрээг хэлэлцэх өдөр “төв талбайд очиж тэмцье” гэтэл, өдөр тутмын парадаа хийлгүүлээд хориг тавьчихсан байсан. Яагаад тувтан парад хийлгээд байна вэ. Улс үндэснээ чөлөөлөх тэмцлийнхнийг, ард түмнээ дарах бэлтгэл хийгээд байна уу, айлган сүрдүүлэх оролдлого уу? Энэ улс оронд параднаас өөр чухам асуудал үй түм л байх юм…
Бруней улс нефть, хийтэй, 1 хүнд оногдох ДНБ нь 54 мянган доллар буюу дэлхийд тэргүүлнэ, иргэд нь орон сууц, боловсрол, эмнэлгийн үйлчилгээг үнэгүй хүртэнэ, хүүгүйгээр хүссэнээрээ зээл авна, хаан нь “Төрсөн өдрийн хишгээрээ” насанд хүрэгчдэд автомашин ч тарааж байсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох хамгийн хүнд ял нь иргэнчлэлээсээ хасах.
Монгол ч гэсэн ийм диваажин болох бүрэн боломжтой. Гэвч гадаад дотоодын хулгайч алуурчид Монголыг там болгох, тэр бүү хэл үндэстнээр нь аймаглан устгах бодлогыг явуулж байна.
Алийн болгон алмайрч, өвдөг сөгдөж, мөлхөж явах вэ? Монголыг чөлөөлөх байгууллагад нэгдэн ард түмнээрээ тэмцэж, алимад жаргал цэнгэлтэйгээ золгоцгооё. Хэн тэмцээгүйг Мөнх тэнгэр, монголчууд гэсгээн цээрлүүлж, хэн тэмцсэнийг ивээн гийгүүлэх болно оо!

Ч.Мөнхбаяр
MMIX.VII.XX

“Гадаадын хөрөнгө оруулагчдыг” өшиглөж гаргах биш, даруй хорьж, уурхайн хүнд нөхцөлд засан хүмүүжүүлэх шаардлагатай


Харийн түрэмгийлэгчид, тэдний гар хөл болсон урвагчдаас эх орноо аврах Монголын чөлөөлөх байгуулагад нэгдэцгээе!


Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо бүрмөсөн алдах дээрээ тулаад байна. Хэрэв Оюутолгойн гэрээ буруу чигээрээ, эх орноосоо урвагч бодлогын дагуу, хүчингүй хуулийн дагуу батлагдах юм бол; ард түмэн бид батлагдахад нь саад хийж чадахгүй л бол тэгээд л өнгөрөө. Хэрвээ Оюутолгойн асуудал дээр бид ухаантай8 зарчимч байж чадах аваас байдал харин өөрөөр эргэнэ.
Харийн хулгайч гуйлгачидтай хамтран ажиллана гэгч юу болохыг бид хангалттай л харлаа. Тэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй; бүхнийг ухаж цөлмөж байна, тэгсэн атлаа Монгол улсад юу ч өгдөггүй. Алдагдалтай ажилласан гэж тайлангаа гаргадаг, харин Монголоос өчнөөн төлбөр ялбар нэхдэг. Түүнийг нь Монгол улс төлж хүчрэхгүй нь.
Хамаг ашигт малтмалыг нь цөлмөж цөлмөчихөөд, сүүлд нь шүүхдэж, Монголыг дааж давшгүй өр, яланд унагадаг адгийн шаарын явдалд харийн компаниуд амтшиж, одоо бүр бүгд л Монголыг буруутган заргалдаж, бослого гаргаж байна шүү дээ. Баялгийг маань зүгээр авчихаад!
Хятад жилд 3.7 сая тонн зэс хэрэглэдэг, 1.5 саяыг нь гаднаас авдаг, хэрэглээ нь жилд 0.4 сая тонн-оор өсч байна. Манай Оюутолгойд лав л 32 сая тонн /уг нь хавьгүй их л дээ/ зэс бий гэх тоо дуулддаг. Хятадын коксжих нүүрсийн зах зээлээс Монгол Австралийг шахан түрж байна гэх. Энэ бол хоёр улсын үр өгөөжтэй хамтран ажиллах бололцооны бодот жишээнүүд.
Гэтэл зуйрган урвагчид ашигт малтмалын аргаар Монголыг Хятадад нэгтгэх гэж чармайх болсон. Оруулж ирсэн компаниудынх нь ард дандаа л хятадын үл бүтэх этгээдүүд нуугдаж байдаг боллоо.
Засгийн газар, хэрэв Оюутолгойн гэрээг Айвеноутай хийлгэхгүй бол та нарыг Хятадын гарт өгнө дөө, тэгээд яахыг чинь харъя гэж ард түмнээ сүрдүүлдэг болов.
Хятадын ЗГ “манай улстай тэгш эрхийн үндсэн дээр найрамдаж нөхөрлөнө, хамтран ажиллана” гэж мэдэгдэж байхад, хог новш нар маань “манай улсыг нэгтгээд ав, тэгээд бидний халаасанд төд өдийг хийчих” гэсэн л юм хөөцөлдөж байдаг боллоо. Тэр дайснууд үгүй бол бид Хятадтай зөв зүйтэйгээр хамтран ажиллаад, баяжаад, хөгжөөд дэвжээд л явах байсан . Харин урвагчид заавал нэгтгэнэ, Монгол улс үндэстнийг сөнөөнө л гэж зүтгэж байна.
Өөрийн баялгийнхаа 34 хувийг өндөр үнээр ч болтугай авна гэж байсан дарга нар одоо бүр нэг ч хувийг авахгүй гэж гүрийх болж. Татвар л авна гэнэ. Хэний баялаг юм бэ!
“Гэрээ ёсоор бол, манай улсад ашгийн 75 хувь нь Монголд оногдоно, нөгөө талд бүр ашиггүй байх юм” гэж томоос том дарга маань солиорлоо. Шар хадны диспансер маань юугаа харж байна вэ?
Чих тавьсан чинь, гадны компаний өчнөөн дахин худал өсгөсөн бүх зардал, манай өөрийн баялгаа харийнхнаас худалдаж авах төлбөр, мөнгөний тоотой өөр юу л байна, бүгдийг нь хамж шимж ашиг хэмээн “тооцоод”, 75 хувь болгож байгаа юм гэнэ. Диспансерт хийх ажил их байна.
Монголын тал 2010 онд 29 сая, 2019 онд 3.2 тэрбум долларын ашиг олно гэх. Энэ юу вэ? Бас нөгөө харийн түрэмгийллийн зардал уу? 250 тэрбумын хэдийг, яаж бидэнд өгсөн дүр эсгэх гээд байна?
Айлд хулгай оржээ гэж бодъё. Тэгвэл хулгайчийн өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэгсэн, түүнд хамаатай байсан бүхнийг тооцож гаргаад, “танайд зөндөө ашиг оржээ” гэж болох уу? “Манайх хамаг юмаа алдсан шүү дээ” гэхэд нь, “бид орсон юмыг ярьж байгаа болохоос, гарсан юмыг ярихгүй” гэж болох уу? Монголын төр бол тэгдэг л болчихоод байна.
Хулгайч луйварчдын тооцоогоор бол Монголд ашиг ирэхгүй байх, Айвеноу алдагдалтай байх мянган шалтгаан байна гэнэ. Жишээ нь, тонн зэс 6065 $ л хүрэхгүй бол алдагдалд унах юм гэнэ шүү. 6 саяын нөөцтэй “Эрдэнэт” зэсийн үнэ яаж ч унасан, Монголыг өчнөөн жил тэжээлээ. Уул уурхайн салбарын орлогын 95 хувийг “Эрдэнэт” дангаараа төлж байна. Гэтэл дор хаяж л 32 саяын нөөцтэй Оюутолгой Монголыг алдагдалд л оруулах аж. Тийм л гэрээ.
Төрийн томчууд маань сонгуулийн үеэр бүгд л ашигт малтмалын талаар нааштай зүйл амлацгаасан. “Ашигт малтмалын” сонгуулиуд л болдог болсон шүү дээ. Даанч сонгуулийн дараа л тэр амлалтуудаа мартчихдаг. Энэ ичгүүр сонжуургүй мэхлэгчдийг яах вэ. Камерын өмнө зарим нь гэрээг шүүмжлэхчээ аядавч, цаагуураа хуйвалдаад л явдаг гэнэ билээ.
Яг нэг голыг нь олсон үг хэлээд, эзэн нь болдог гишүүн, түшээ, эрх мэдэлтэн хаа байна вэ? Байхгүй шүү дээ. “2006 оны хууль хүчингүй шүү дээ!” гэж, тэдэн дундаас хэн хэлж байна? Хэн ч хэлэхгүй л байна.
Л.Гүндалай Айвеноуг өшиглөөд гарга гэлээ. Тэднийг гаргаж болохгүй. Геноцидчид, неоколоничлогчдыг саатуулан шалгаж, хуулийн дээд хэмжээ өгч, гэм нүглийг нь хүнд хэцүү нөхцөлтэй уул уурхайн хөдөлмөрөөр цайруулгах хэрэгтэй. Бас компани, хамаг хөрөнгө мөнгийг нь хурааж авч, Монголын хохирлыг барагдуулгах шаардлагатай.
Харийн геноцидчид, неоколоничлогчид, тэдний боол урвагчдаас эх орноо чөлөөлцгөөе, монголчууд аа! Бүгдээрээ Монголыг чөлөөлөх байгууллагад нэгдэцгээе!
Асуудлыг үндэсний эрх чөлөөний тусгаар тогтнолын, чөлөөлөх хөдөлгөөнөөр шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Гэхдээ энэ нь хууль зөрч, зэвсэгт тэмцэл, террор, хүчирхийлэл хий гэсэн үг биш юм шүү. Бид боломж байгаа дээр, цаг алдалгүй, хүчирхийлэлгүй тэмцлээр, энхийн замаар Монголыг харийн болон дотоодын түрэмгийлэгч, булаан эзлэгчдээс чөлөөлөх ёстой.
Элдэв амбиц, эргэлзээ, явцуу ашиг сонирхлыг умартан, Монголын чөлөөлөх байгуулагаа хамтдаа үүсгэн тэмцэцгээе, ялцгаая!
Ч.Мөнхбаяр.
MMIX.VII.XIV

ОЮУТОЛГОЙ

Халгим элгэн жаргалын минь
өлгий болсон Оюутолгойг
Харийн чөтгөр шулмууд харахын завдалгүй залгих гэнэ.
Харин эзэн биднийг хар нүхэнд нь булшлах гэнэ.
Хадууран цөм төөрчихөөгүй бол, босоцгооё, таминь ээ!

Аугаа Монголын тэнгэр шигээ, босоо хийморь шигээ босоцгооё.
Алтан нутгийг минь хамгаалсан, дээдэс баатрууд шигээ босъё.
Асгарсан их цусыг нь, дэвэрсэн цус болтол буцлая.
Ард биднийг хядах дайснуудыг, арилтал буцлая!

Өрцөндөө мэс бүлүүлэх төлөг шиг болчихоогүй бол босъё.
Өмдөндөө хорголоо алдаж, тоолоогүй бүхэн босоцгооё.
Хотол олноороо, хойчоо аврах Шамбалын дайнд мордъё.
Хорин жил дэвсэлсэн түрэмгийлэгчдээс, эх орноо булаая!

Олон монголчууд минь бос гэж
Оюутолгой хэлж байна.
Оюунтай хүн л юм бол өндийж, Монголын дайснуудыг даръя.
Харийн яргачин, боол зарцтай нь хэлэлцэх үг бидэнд үгүй.
Хорт мэрэгчдээр мөлжүүлэхээ больж, бүгдийг нь устгая!

Аав ижийгээ ч худалдах адгийн урвагчдад маань
Алтан наран дор ердөө л ганц юм хэрэгтэйг хэлье.
Ад чөтгөрийн тэдэнд алман сүх, цаазын тавцан л хэрэгтэй!
Алимад цэнгэлд хүргэх Оюутолгой маань бидэнд хэрэгтэй!

Махчдад бид Монголын толгодоо идүүлээд л байвал,
Маргааш мөрөн дээрх толгойгоо, гарцаагүй алдна аа.
Хоржигнуур могойн шүдэнд, толгойгоо тасдуулчихаагүй л бол,
Хоёр сая долоон зуун мянган монгол толгойтой гэдгийг харуулъя!

Хамаг бидний толгой харцаараа л хулгайчдыг хайлуулна.
Хашхиралтаараа дээрэмчдийг тонилгож, сүнсийг нь зайлуулна.
Ухаан бодлоороо чөтгөр шулмыг үнсэн товрог болгон хийсгэе.
Уугуул нутгийнхаа толгой бүрийг өөрийн толгойгоор хаан зогсъё!

Бидний толгойг цавчсан хойно л Оюутолгойг авна биз.
Бишрэлт Мөнх хөх тэнгэр минь тийм үйлийг бүү үзэг.
Бие сэтгэлтэй минь ховх сорох, дайсны зүрхийг сугалж,
Бэлгэт эрдэнийн тугаа тахиж, үүрд мандуулья аа!

Ч.Мөнхбаяр
MMIX.VII.XI

Сонирхолтой нийтлэлүүд (латин үсгээр)


Та доорхи зурган дээр дарж томруулан уншина уу.


7.1-ний үйл явдлын нэг жилийн ойд


7.1-ний үйл явдлаас хойш нэг жил өнгөрлөө. Гэмгүй хэлмэгдэгсэд хоригдсоор, ард түмний уур хилэн буцалсаар байна. “7.1” өнөөдөр ч үргэлжилсээр...

Миний бие 7.2-ноос эхлээд л тэрхүү үйл явдлын талаар мөн ч их бичиж, уриалга, хууль тогтоол ч санаачилсан билээ. Гэвч төр (зөвхөн төр ч биш) аанай л дүлий дүмбэ оргисоор өдий хүрэв.
2008 оны эцсээр, 7.1-ний хэлмэгдэгчдийн ар гэр Төрийн ордны гадна, тэсгим хүйтнийг ч эс хайхран шаардаж тэмцэж байхыг үзээд очиж уулзсан. Хариад, энэхүү акци-шүлгийг бичин, “тэрхүү тэмцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлэн аваачиж өгье” гэтэл төр төмөр нүүрээ гаргаад, тэмцлийг нь таслан зогсоочихсон байсан билээ.
Ч.Мөнхбаяр


МАНГАС

Өршөөл хүссэн өнчин эхчүүд
Өлөн төмөр гинжин дээр нулимсаа хөлдөөнө.
Өршөөл хүссэн элгэн хүмүүс
Өр зүрхгүй харанхуйд итгэлээ өргөнө.

Жагар шиг дэлгэр зуны сард
Жаргах гэж төрсөн хүмүүнүүд алхаж л явсийм.
Өвөл шиг цэлгэр ам, хахир шүдэт төр
Өөрийн л баймаар үрсийг ясан савраараа ширвэсийм...

Дундад зууны баатар гавъяанаас өнөөдөр юу ч үлдсэнгүй.
Дундад зуундаа бурангуй харгислал л үлдсэнгүй.
Ардаа хамгаалдаг баатрууд, хаадын нэрс үлдсэнгүй.
Ардынхаа цус ясаар хооллодог махчид харин холдсонгүй.

Монголчуудаас тэд алт эрдэнэс, нутаг бэлчээрийг нь,
Мохоож зүрх сэтгэлийг нь, оюун ухааныг нь булааж идсэн.
Монгол орны тал хээр, уул нуруу, ан гөрөө
Морьтон заяа, сүлд хийморь, сүнс, амийг нь авч идсээн.

Манай миний гэх энэ улсад минь буй бүхэн
Мангасынх хэмээн хувирсан нь гашуун үнээн
Арван таван толгойт мангасын агуйд хоригдоод
Ард түмнээрээ зовж шаналж буй маань хөшүүн үнээн.

Эрдэнэт ээж ааваас лав мангасууд гараагүй.
Эсрүү тамаас амилан гарч, хүний биед шүглэсэн.
Эс бөгөөс Монголыг л залгих хувьтан мэт,
Эрхэм бүхнийг минь сөнөөж буйг юу гэхэв.

Долдугаар сард мангас өөрийн наадмаан хийсээн.
Долоо найман зуун гэмгүй хүмүүний мах цусыг үйсээн.
Нүгэлгүй таван хүмүүний аз жаргалант инээдийг
Нүүргүй мангас шулан мөлжиж, үхлийг нь шидсээн.

Харахаас цээж хорсом энэ мангас монгол биднээс төрөөгүй ээ.
Хариас л ирсэн, илгээгдсэн гэвэл зөрүүгүй ээ.
Улс Монголын минь юм бүхнийг жигшиж,
Уур хилэн нь бадарч, үзэн яддаг нь энэ мангас аа...

Мангасаас өршөөл эрсэн хүмүүнүүд даанчиг хөөрхий.
Мангас тэднээр шүдээ чигчлэх нь илэрхий.
“Бид Мангас биш ээ, таны төр” гэж тэд хэлдэг.
Бишрэм үнэн тэр юм бол, гэмгүй үрсийг цагаатга!

2008.12.30

Thursday, July 2, 2009

"7 зүйлт санал санаачилгаа" өргөн барив


Миний бие 2009.06.29-нд:


1. Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлөх 43 тэзис
2. Төрийн цахим сонгуулийн системийн тухай хуулийн төсөл
3. Дөрвөн улсын хамтарсан “Шинэ Алтай” эдийн засгийн чөлөөт бүсийн тухай санал
4. Яс үндсээр ялгаварлан гадуурхах явдалтай хийх тэмцлийг чангатгах тухай тогтоолын төсөл
5. “Монгол Улсын баатар”, “Монгол үндэстний баатар” цолуудыг буй болгох санал
6. Үр хөндөлтийг хориглох тухай хуулийн төсөл
7. “Уран зохиолын Олимп” төслийн тухай санал

зэргийг багтаасан "7 зүйлт багц санал санаачилга"-аа Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч нарт хүргүүллээ. Монголын зохиолчдын эвлэлд "2 зүйл"-ээ өргөн барьсан.
Үр дүн нь ямар байх бол доо. Урьдын адил таг чимээгүй, замхруулаад өнгөрөх бий дээ.



2006.06.06 -нд би "Уугуулшууллын хууль"-ийн төслөө төрийн өндөрлөгүүд, зарим төрийн зүтгэлтнүүдэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн хүмүүс гэж Монгол улсын тухай юу ч мэдэхгүй, ойлгохгүй хэдэн хүн надтай уулзаж, танин мэдэхүйн чанартай яриа өрнүүлснээр л бүх зүйл хязгаарлагдаж билээ.
2007 оны намар би "Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал санаачилга"-аа хэвлэлийн хурлаар нийтэд танилцуулсны дараа мөн төрд өргөн барьсан. Гэтэл ор сураггүй болсон.
2008 оны хавар дахиж хүргүүлтэл, Ерөнхийлөгчийн хүн л, 2007 оны намар өгсөн бичиг баримтууд маань алга болсныг мэдэгдэж, "Энэ зүйлүүдийг чинь бүртгэх гэсэн чинь болохгүй байнаа. Монгол улс үндэстэн гэж юу яриад байгаа юм бэ. Тийм ойлголт байдаггүй ш дээ. Монгол улс л гэж байдаг биз дээ" хэмээн ихэд алмайран гайхсан янзтай утасдаж байсан нь цорын ганц үр дүн болсон сон...

Wednesday, July 1, 2009

7.1-ний үйл явдлын 1 жилийн ойд


341


14-р үзэгдэл

(Үймээн самууны чимээ шуугиан. 341 нэгэн ханын дагуу явна. Хүмүүс бужигнана. Олонх нь багтай байна. Хэсэг залуус хавтанг өргөж шидэн, хагалж байна)
341: Та нар яагаад хүний хүч хөдөлмөр шингэсэн юмыг сүйтгэж байгаа юм бэ?
1-р хавтан хагалагч: Чи битгий хуруу нэмэрлэхгүй байж, хушуу нэмэрлээд бай. Муу дарангуйлагчдын хавтанг хагалахад яадаг юм.
2-р хавтан хагалагч: Энэ чинь дайсан хавтан байхгүй юу (хөхрөлдөнө. Хүмүүс ирж, хагарсныг нь авч явна)
3-р хавтан хагалагч: Гаднаас яагаад чулуу орж ирэхгүй удаад байна аа! Хавтан хагалсаар байгаад бүр хамаг гоё юмнаас хоцорлоо ш дээ (341 цааш явахад бүтээлэгтэй олон авдар архины наана зогсоод архи тарааж байгаа хүн, оочирлох залуус тохиолдоно).
Архи тараагч: Архиа аваарай! Архиа аваарай! Чанартай сайн архи шүү! (архин дороо 20 мянган төгрөг тавьж өгч байна)
341: Та архи зарж байгаа юм уу?
Архи тараагч: Зараагүй, харин авсан хүнд мөнгө өгч байна (Залуус инээлдэнэ. “Би архи уудаггүй ш дээ”, “Архи авахгүй хүнд 20 мянган төгрөг өгөхгүй гээд байгаа юм чинь авахаас яахав”, “Ийм нийгэм тогтчихвол мөн сайхан аа?”, “Энэ архийг чинь яах юм, шидэх юм уу?”, “Чи ямар тэнэг амьтан бэ, уухгүй юу!” гэлцэнэ).
341: Та хаанаас явж байгаа, хэн бэ?
Архи тараагч: Би зүгээр нэг буян үйлдэх л гэсэн иргэн байна. Энэ хүйтэнд орилж хашхираад, хоолой нь өвдчих гээд байгаа залуусыг өвчнөөс сэргийлэх гэж, эмийн журмаар тарааж байгаа юм. Бас халдварт өвчнөөс сэргийлнэ.
Мөнгийг бол, ард түмний төлөө тэмцээд ажлаа таслаад, хоол унднаасаа холдоод, бас янз бүрээр хохирол амсаад явж байгаа улсын хохирлыг нөхөх гэж өгч байна, мэдвүү. Хувьсгалд оролцлоо гээд хувь хүн хохирох ёсгүй (Залуус инээлдэж, архийг амаар нь ууцгаана).
341: Залуучуудыг та гал руу түлхэж байна. Гараар нь могой бариулж байна.
Архи тараагч: Таминь ээ, энэ дарангуй намын тагнуул явж байна шүү. Хувьсгалын олон баатрууд минь ээ, бариад аваарай (341 холдон явна. “Молотовын гранатаа аваарай”, “Цагдаа нарын хоёр хажуугаас, хойноос нь орох хэрэгтэй байна. Битгий нэг газраа бөөгнөөд бай”, “Төрийн Ордон руу явцгаая!” гэх дуу сонсдоно. Хэсэг залуус таарсан бүхнээрээ бэхлэлт босгоно).
341 (нэг рүү нь ойртож): Сүхээ, чи энд юу хийж яваа юм? Шал согтуу байна шүү дээ. Харьж унт.
Сүхээ: Юуны чинь Сүхээ (гээд яаран багаа өмсөхөд залуус инээлдэнэ). Бид хувьсгал хийж байна.
341: Монголчууд бидэнд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Хууль ёсны хүрээнд тэмцэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол та нар бүгд эрүүгийн хэрэгт татагдана. Энхийн аргаар тэмцэх хэрэгтэй.
Сүхээ: Энэ чинь энх! Энхийн арга гэж ийм юм байдаг юм. Бидний энх бол энэ!
341: Бид бүгдээрээ хаа хаанаа ухаарч гэгээрч, харилцан ойлголцох ёстой.
Сүхээ: Тэгээд яагаав. Ухаарч гэгээрч, харилцан ойлголцож л байна (Залуус инээлдэнэ).
341: Дараа нь яах вэ? Дараа нь яахав гэдгээ бодсон уу? Маргааш яахав?
Сүхээ: Бид бүхнийг сөнөөнө, бид бүхнийг бүтээнэ.
341: Урьд нь биднийг хууль ёсны тэмцэл хийгээд, ганцаардаад явж байхад та нар хаана байсан юм бэ? Алга л байсан ш дээ. Яагаад гэнэт хувьсгалч болчихов. Та нарын зорилго юу юм? Та нарт бодлого, улс төр гэж байна уу?
Сүхээ: Муусайн юмнуудыг газартай нь тэгшилнэ. Тэгээд л гүйцээ. Залуус бид үзүүлж өгөх цаг болсон.
341: Би ийм юм хүсээгүй. Юу болох нь энэ вэ.
Сүхээ (341-ийн хоёр мөрнөөс барьж сэгсчин): Хүссээн! Хүссэн! Хүссэн юм чинь энэ байна! Хүссэн юм хүзүүгээр татдаг юм. Битгий энхийн цагаан тагтаа болж маяглаад бай! (гэчихээд эргэн явж, бэхлэлтийн ажилдаа орно. Трактор дээр овоорсон хэсэг залуус явж өнгөрнө. Нэг цагдаа гүйх ба залуус “наадхийгаа бариад ав!” гэсээр мухарт тулгана. Цагдаа мухарт сууж, маш их айсан байдалтай байна. “Намайг өршөө!”, “Аа, муу цагдаа!”, “Та нар хуяг дуулгагүй бидэн рүү чулуу шидээд байхдаа яадаг юм”, “Намайг зүгээр явуулчих”, “Та нар дарангуйлагчдыг хамгаалж, ард түмнийхээ эсрэг буу онилно гэнэ ээ!”, “Алаад өгье!” гэхчлэн шуугина)
341 (яаран дундуур нь орж): Больцгоо! Ийм хувьсгал гэж байдаггүй юм! Энэ хүн та нарын ах дүү, мах цусны тасархай! Та нар зүгээр л танхайчууд болж хувирч байна!
(“Муу бууны нохой”, “Урвагч!”, “Дуугаа тат!”, “Хоюуланг нь балбая!”, “Ард түмний уур хилэн гэж ийм байдаг юм!” гээд зодоцгооно. “Боль оо! Өөрийн хүнээ зодоод байна ш дээ”, “Энэ тэнэг манай хүн юм бол цагдаа өмөөрөөд байхдаа яадаг юм?”, “Наадахь чинь иргэний хөдөлгөөнийх өө!” гэлцсээр орхиж явцгаана. 341 цагдааг халхлан хэвтжээ. Тэр хоёр арайхийн өндийнө. Цагдаа “Өөрөө ямар ачтай хүн бэ? Та манай талын хүн үү?” гэхэд 341 “Манай, танай тал гэж байхгүй. Бид бүгдээрээ монголчууд, бид бүгдээрээ нэг тал” гээд цагдааг өндийлгөн, авч явна. Хажуугаар нь элдэв эд бараа барьсан залуус хөхрөлдөн гүйлдэнэ).
341: Та нар наадхийгаа орхиоч! Хулгай шүү дээ (Залуус: “Луйварчдын юмыг авахад яадаг юм!”, “Дээрэмдсэн юмыг дээрэмдэж болдгийм аа!”, “Ядуу юм чинь авахаас яах вэ?” гэлцэн явна. Шархадсан хүмүүсийг гадуур хувцсан дээр дамнан явах залуус зөрнө. Уйлаан орилоон, инээд хөөр холилдоно. Цааш явахад шортой хашаа өмнөө барьсан бөөн залуус тохиолдоно)
341 (өмнө нь хаан зогсч, гараа алдлан): Зогс! (гэхэд тэд зогсоно) Юу руу явж байгаагаа ухаараач! Та нарт ямар ч зорилго алга байна ш дээ! Энэ үймээнд чинь утга алга! (Туг барьсан залуу 341 рүү ирнэ)
Тугтай залуу: Бид эсэргүүцлээ илэрхийлж байна!
341: Өөрөөр илэрхийлж болдоггүй юм уу. Хангалттай л илэрхийллээ ш дээ. Одоо зогс! Цагаан туг өргө! Гэрээ хэлцэл хийцгээ!
Тугтай залуу: Чи муу цагдаа тэвэрсэн хувьсгалын эсэргүү замаас зайл! (гээд хоюуланг нь тугны иш хөндөлдүүлэн түлхэж, сүүлдээ тугаараа “жадлан” хөөхөд залуус уухайлна. Шортой хашаа дагасан залуус уухайлан дайрч одно. Тугтай залуу унасан 341, цагдаа хоёрыг “Дахиж зам хөндөлсөөд үзээрэй! Алчихна шүү” гээд, тугны зэвээр хэд “жадлаад”, уухай хашхиран одно. “Хонхны дууг” дуулах сонсдоно. Үймээний дуу чимээ улам ихэснэ. Буун дуу гарч эхэлнэ. 341, цагдаа хоёр өндийнө. Буу тасхийж, цагдаа шархдан ойчно)
341 (хоёр гараар даллан): Больцгоо! Зогсооч! Эвлэрээч! (гэхэд буу тасхийж өөрөө ойчно. Арайхийн өндийнө) Та нар адилхан монголчууд шүү дээ. Тэмцэлдэхийн оронд тэврэлдээч! (гэхэд буу хэдэнтээ тасхийж 341 үхэдхийн унана)

7.1-ний үйл явдлын 1 жилийн ойд


7-р сарын 1-ний хувьсгал мандтугай!
Залуусын хувьсгал мандтугай!


"Өнөөдөр Монголд Пиночетийн хунт амилж, фашист дарангуйлал тогтсон шиг л дүр зураг буй болоод байна. Фашист гэж зүгээр нэг хэлээгүй. СБД-ийн цагдаагийн газрыг хувьсгалчдаас фашистууд хамгаалж байсан, одоо тэд "ардын баатар" болоод, дарангуйлагчдын үзэл суртал, тархи угаалтын хэрэгсэл болсон MAHNTV ч гэнэ үү юмаар нь чөлөөтэй донгодож байна. Хувьсгалчдыг хятадууд, Хятадын гар хөл ч гэж гүтгэж яваа сурагтай. Харин өөрсдөө хэн бол доо?
Жирийн улс оронд фашистууд нь шоронд ороод, эх орончид нь улсынхаа эзэн болж явдаг. Манайд хамаг юм эсрэгээр байсан, бүр ч эсрэгээрээ болчихлоо".
"Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдэд шинэ байгуулагдсан главлитээс "Өдөөн хатгасан зүйл бичвэл хаана, барина, хорино" гэж анхааруулж байна. Дарангуйлагчдын үзэл суртал, хуурамч жүжгээс өөр юм бичвэл харгислана гэсэн үг шүү дээ. Ингээд ихэнх хэвлэлийнхэн дуугарч ч чадахаа байж, зарим нь болгоомжлоод гарах ч үгүй байна, хэвлэх үйлдвэрт ч төдөн хувиас илүү сонин хэвлэж болохгүй гэж чиг өгсөн байна".
"ТВ-үүд (бас радио, сайтууд...) "түр" хаагдсан. Түр ч юм уу, бүр ч юм уу мэдэхгүй. Наадам болохгүй байж магад. Цэнгэлдэхэд хэргийн эздийг ороод ирэхлээр ард түмэн бариад авах вий гэж үнхэлцгээ хагартал айж байгаа аж. Цаашдаа онц байдал хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Тиймээс ТВ-үүд хэзээ нээгдэх нь ч мөн тодорхойгүй. Уг нь онц байдлын үед ТВ-үүдийг хаадаггүй юм байна. Тийм үед ард түмэнд мэдээлэл бүр л их хэрэг болдог учиртай.
Манайд л олигархууд маань ийм цуст аллагыг далд үйлдэх гэж, дарангуйлал тогтоох гэж эртнээс бэлдэж байсан болохоороо нууцаар хуулинд дээрх заалтыг оруулчихсан, тэрийг нь нийгэм сонор сэрэмж алдаад мэдээгүй л байна. Сая л мэдэцгээлээ. Хуулиас даруй хасах хэрэггэй, хууль бус заалт юм. Учир нь урьд нь гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тэгж болохгүй гэж заагдчихсан.
Ингээд бид өчүүхэн ч мэдээлэл авах боломжгүй, нийгэмд ямар ч харгислал явагдсан зогсоох аргагүй болчих янзтай. Гэвч тэр бол дарангуйлагчдын хүсэл болохоос, бодит байдал биш. Ард түмэн нүдтэй чихтэй. Хорьсоор байхад тэд энд тэнд цуглаад л мэдээлэл солилцож байна, мэдээлэл олж авъя гэж хотын төв рүү очоод, бэсрэг "майдануудад" хандаад л авч байна. Сонинууд ч бичээд эхэллээ".
"Ямар мэдээллүүд яригдаж байна вэ гэхлээр, 800 гаруй хүн баривчлагдсан гэх боловч, үнэндээ хэдэн мянгыг барьж хорьсон, нэмж баривчилсаар л байгаа гэнэ. Харин авлига, арын хаалгаар суллах "хөөрхөн бизнес" үүсчихсэн, тэрийгээ бас энэрэнгүй төрийн тухай жүжиг найруулахад зохих хэмжээгээр ашиглаж байна.
ТВ-үүдийн болон бусад бичлэгүүдийг хурааж авч, жагсагчдын нүүр царайг өрж хэвлэсэн зузаан ном шиг материалыг цагдаагийн хэсэг болгонд хүргүүлж, түүнийхээ дагуу голдуу өмссөн хувцасны өнгө, дүрсэн дээр суурилан хоморголон баривчилсаар байгаа, чоно борооноор гэгчээр шөнө хулгайгаар их баривчилж байгаа аж. Хаа хамаагүй улсыг хэлмэгдүүлэх, хилсдүүлэх нь ч их байна, сөрөг хүчнийхний удирдах ажилтнууд, идэвхтнүүдийг бол бариад дуусч байгаа, УИХ-ын гишүүн тул Жаргалсайхан л арай гэж хоригдчихолгүй аргалж үлдсэн гэж ард олон хүүрнэлдэж байна".
"Өнөөдөр, Ху намын өөдөөс сөрвөл ингэдэг юм гэж ард түмнээ маш их хашрааж, залхаан цээрлүүлж байна. Баривчлагдсан хүнээ эргэх, сураггүй алга болсныгоо хайх зорилготой иргэдийг цуглалаа барилаа гэж нохойгоор туулгаж, бороохойдож, буудна, хорино гэж сүрдүүлэн, хөөж тарааж, мэдээлэл өгөхгүй халуун нар, хүйтэн бороонд зогсоож зовоож байна. Гэхдээ энэ нь бүгчим камерт хөл гишгэх зайгүй чихэлдэн бүтэж, өлсөж цангаж үхэх гэж байгаа баривчлагдсан хүмүүсийн зовлонгийн дэргэд юу ч биш. Тэднийг ар гэрийнхний нь нүдэн дээр олон цагаар нар, бороонд явган суулгаж, шөрмөсийг нь татуулж, бүр муужруулж, галуун цуваагаар явуулж, цементэн дээр мөлхүүлж байгаад л өшиглөж дэвсэлж, мод төмрөөр цохиж, толгой түрүүгүй жанчиж, зогсоо зайгүй тамлан дэглэж байна. Ар гэрийнхний нь нүднээс далд бол, зүсэн зүйлийн хэрцгий эрүү шүүлтээр зовоож, өмгөөлөгчгүйгээр байцаан хийгээгүй хэргийг нь хүлээлгэж, Элбэгдорж, Батзандан, Магнай нарыг гүтгэсэн мэдүүлэг өгүүлж, ёолох дууг таслахгүй өдөржин шөнөжин яргалж, үхэлд ч хүргэж байна. Жирэмсэн эмэгтэй, гадаадын иргэн, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч ямар ч өршөөлгүй хандаж байна. Онц байдлаар далимдуулж ард түмнийг нухчин дарж, луйврын сонгуулиа баталгаажуулж, сөрөг хүчнийг сөнөөж, хэвлэлийн болон бүх эрх чөлөөг үгүй хийж, нэг намын цуст дэглэм тогтоох ажил хийж байна. Ингэж бас ард түмэн түгшин ярилцаж байна".
"Тэдний үгээр бол, 5 хүн нас барсан нь худал, хэдэн арав, хэдэн зуун хүн харгисуудад алагдсан байж ч магад ажээ. Учир нь сураггүй алга бологсод маш олон байна. Тэдгээрийг алж хядчихаад, сурсан аргаараа жалганд булж нуусан байх магадлалтай гэнэ. Хоёр Баяр ард түмнийхээ эсрэг маш их нүгэлт хэрэг үйлдлээ, нэг Баяр нь сонгуулийн солиорсон луйвар зохион байгуулж, байдлыг хурцатгалаа, нөгөө Баяр нь ард түмний шударга хувьсгалыг цус урсгаж, нухчин дарлаа, согтуу хөлчүү, сэтгэлийн хэвийн бус хөөрөлтэй, эрүүл мэндийн хувьд ажлын шаардлага хангахгүй үедээ шийдвэр гаргацгааж, гамшиг тарьцгаасан гэж хүмүүс хэлэлцэх юм".
"Ху намын зарим нөхөд хилийн чанад руу зугтах бэлтгэлээ идэвхийлэн хангаж буй гэнэ. Тэр нь л өөрсдөд нь өлзийтэй дээ гэж олон нийт хилэгнэн ярьж байна. Зарим нь, хувьсгалаас зугтах гэж онц байдал тогтоосон юм чинь дээ ч гэлцэнэ".
"Лхасад түвдүүдийн бослогыг дарсан хятад эв хамт багш нарынхаа явдлыг МАХН нэг ч юм үлдээлгүй давтлаа. Хэн болохоо л бүрмөсөн харуулж байна. Энд ер нь хаанахын төр байна вэ? Одоо бүр Лхасаас гадаадын сэтгүүлчдийг, иргэдийг хөөснийг давтаж байна. "Та нарын аюулгүй байдлыг хангах боломж бидэнд байхгүй байна шүү. Японы сэтгүүлч шиг л болно шүү. Явсан нь л дээр шүү" гэж байнга сануулж, хөөж тууж, дарамталж, санасандаа ч хүрч байна. Японы сэтгүүлчийн духыг хэн резин сумаар цоо буудлаа?".
"Хоёр Баяр харийн эздээсээ их хэмжээний мөнгө, буу сум хүссэн байна. Ард түмнийг зүйл дуусгачихъя л гэж тэд бодож. Гадаад ноёд нь даян дэлхийгээс эмээгээд, туслахаас татгалзсан байна. Тэд яагаад эмээв?
Дэлхийн хөгжилтэй том гүрнүүд Монголд юу болсныг гадарлаад, НҮБ-ын хүч илгээж, харгислалыг зогсоох боломжийн талаар санал солилцож эхэлсэн сурагтай. Шударга гүрнүүдээс, улсуудаас эмээсэн юмсанж гээд л өгүүлцгээж байна".
"Ард түмэн хуягт, автоматнаас айхгүй байна. Тэд цугласаар, хэлэлцсээр байна. Зэвсэгт тэмцэл юм уу, армийнхны ард түмнээ өмгөөлсөн төрийн эргэлт гарч магадгүй байгаа тухай ч түгшин ярилцаж байна. Ийм байдалд хэн хүргэв? Бүгд л мэдэж байгаа".
"Өчигдөр төв талбайд ТВ-үүд хаагдсаныг эсэргүүцсэн том жагсаал ч болж. Байлдааны зэвсэгтэй хүчнийхэн тараажээ. Тэд ард түмнийг дайснаа гэж үздэг болоо юу? Үгүй ажээ. Яагаад гэвэл, цагдаа, армийнхны дунд "төрийн" муйхарлалд дургүйцэх явдал газар авчээ. Хэнийг бид амь хайргүй хамгаалаад, хэнийг бид овоо хараандаа авч онилоод байна вэ гэсэн асуултыг олон цагдаа цэрэг өөртөө тавьж, найз нөхөд, ах дүү, ижий аав нарынхаа эсрэг ахин буу шагайхаа больё гэж шийдэх нь олон байгаа аж. Тэд тушаал биелүүлэхдээ хойрго болж байна. Цэрэг цагдаа нартай ярилцаж харилцаж үзсэн иргэд үүнийг өгүүлж буй. Дарангуйлагчид бол "Алаад бай, алаад бай, хариуцлагыг нь та нар биш, бид хүлээнэ" гэх Геббельсийн үгийг л давтаж байгаа. Тийм ээ, тэд хариуцлага хүлээнэ".
ТВ-үүдийн тухай энэ ташрамд хэдэн үг хэлмээр. Ажил үүргээ гүйцэтгэдэг телевиз болон телевизийн шударга сэтгүүлч байх нь байна, гэхдээ тэд нэн цөөнх байна. Олонх нь дэндүү ялзарч, илжирчээ. 7-р сарын 1-ний хувьсгалыг тэд хар талаас нь үзүүлж, дарга нарт бялдуучлан долигоносон өнгө аястай харуулж, тэмцэгчдийг, ард түмнээ траншейнууд, өвгөнтүүд гэхчилэн доромжилж, зэрлэг араатан болгон дүрслэхийг л оролдож байсан. Хулгайч, хутган үймүүлэгчид жагсагчдын дунд шургалан орсон байсан, гэхдээ тэдний нэг хэсэг болох ТВ-ийн үл бүтэх ажилтнууд хэний дунд салахгүй байгаад байснаараа хэн болохоо харуулсан юм шүү. Өөрсдөө гал тавьж, хагалж хэмхлээд, хөлс мөнгө өгч муу юм хийлгээд зургийг нь авч байсан гэх үг яриа ч байна.
ТВ-үүд тэмцэгчдийг аль болох харлуулахыг л бодож байснаас бус, нэг ч тэмцэгчээс нь ганц юм асуугаагүй гээд бод. Ийм ТВ байдаг юм уу. Нөгөө тэнцвэртэй мэдээлэл гээч нь зөвхөн үнэнийг худал болгоход л ашиглагддаг хэрэг үү? Нэг ТВ бүр: "Үнэнээр үзүүл, ярилцлага ав гээд жагсагчид бидний ажилд саад болж байна" хэмээн ууртай мэдэгдэж байв.
Дарга магтахаас өөр юманд хэл ам нь татчихдаг, хэлгүй дүлийчүүдийн ТВ-үүд олон байв. "Тайлбаргүй" гэсэн "тайлбар"-тайгаар л үзүүлэхчээ аядах, "Шуурхай мэдээ" нэрийн дор шөнө дунд аль өдрийн юм үзүүлэх гэхчлэн аргаа барж, хөгөө чирцгээсэн дээ. Ард түмнээ доромжилж жигшсэн тэднийг ард түмэн уужим сэтгэл, холч ухаан гаргаад л, пулемётны өөдөөс жагсаж байна. Нөгөө дарга нар нь болохоор ТВ-үүдийг шууд л хааж байгаа юм. Мал биш юм бол нэгийг бодмоор.
МАХНТВ нүгэл нь нүдээрээ гартлаа, удахгүй бүрмөсөн хаагдаж хоригдох болтлоо нүгэл үйлдэж байна. Ард түмэнтэйгээ эргээд уулзахгүй, мөнхөд хуягтын ард нуугдах юм байх даа. Горьдсоны гарз шүү дээ. Эргээд уулзана, уулзаж ч байсан. Ард түмэн цус нулимсаа урсгаж байхад хэдэн дэглэмийн хуур шүү юманд харуусаад, эсвэл цэнгэл баясалтай юм үзүүлээд л, хүүхэлдэйн кино тувт гаргаад, их дальчиганаж байна. Гаргаж байгаа бүх мэдээлэл нь жүжиг, худал, гүтгэлэг, хөлсний этгээдүүдийн элдэв ичгүүр сонжуургүй дүрс. Ким Чен Ирийн солонгосчууд шиг сайн уйлуулаад үзүүлээд бай гэсэн зарлигийн дагуу, енгэнүүлж байгаад жүжиг тавьцгааж байгаа улсыг ээ. Хэдийдээ ажилдаа ийм хайртай болчихоов. Хэн нь хэн бэ гэдгийг мэднэ шүү дээ.
Тэр хэдэн амбасын үеийн хорхойд идэгдсэн навсгар хувцас, Эрээнээс бөөндөж авчирдаг хөгжмийг нь зугтаж явсан хүчнийхэн өмсөөд, бариад, зүсээ хувилгаад арын хаалгаар аваад гарсан, тэд бас дэл сул юм ч шуучихсан, жагсагчдын замыг хаах гээд гал тавьчихсан гэх сураг дуулдаад, тэр түймэр зүймэр нь урлагийнханд завшаан болоод, уйлж унжиж байгаад мөнгийг ч ёстой хүүлж, зувчуулж өгч байгаа шүү дээ".
"MAHNTV өчигдөр, сонгууль амжилттай явагдсанд баяр хүргэсэн АНУ-ын засаг захиргааны аль дээр үеийн цахилгааныг дахин дахин уншиж, онц байдлыг дэмжиж байгаа мэт ойлгуулав. Ташрамд хэлэхэд, даян дэлхий одоогийн Монголын тухай ямар ч ойлголтгүй байгаа. Ажиглагчид нь сонгууль гоё болсон гэж дүгнэсэн. Монголын нөхцөл байдлыг мэдэхгүй, хэл усгүй, манай дарга нарт дөрлүүлчихсэн тэд юугаа мэдэх вэ дээ. Оросын нэг ТВ "Соггуу хулгайч нар Монголын нийслэлийг түйвээв" гэж солиорсон. Манай төр засгийн өгч буй мэдээлэл л дээ. Гэхдээ өндөр хөгжилтэй гүрнүүдийн удирдлагад бодитой, нарийн мэдээлэл тусгай шугамаар очиж байгаа юм билээ. Тусгай шугамынх болохоор нийтэд төдийлөн ил болгохгүй л байгаа болохоос. Учир мэдэх хүн, Монголд НҮБ-ын хүч оруулж, харгислалыг зогсоох арга хэмжээний талаар, тэдгээр гурнүүдийн удирдлагуудын хооронд яригдаж эхэлсэн тухай, барууны хэвлэлд гарсан гэж хэлж байсан".
"Ардчиллыг аврая гээд хөдөөнөөс олон ч залуус хотыг чиглээд өчнөөн автобус машинаар ирсэн юм байна. Гэтэл нийслэл хотыг цэрэг арми бүсэлчихсэн, хүчээр буцааж, буцахгүй гэснийг нь барьж хорьжээ. Ийм атал Ху намынхны жагсаал чөлөөтэй болж, тэд залуусыг өдөөн хатгаж, "Та нар манай намын байрыг шатаагаа биз", "Та нарыг цөмийг нь буудаж албал таарна" гэхчилэн орилолдож, дахин харгислал үйлдүүлэхийг оролдсон байна. Фашистууд чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа, цагдаа нартай нийлээд дураар дургиж байгаа. Ху намын сагасан тэнэг өвгөд ч хаа явсан газраа солиороод амар заяа үзүүлэхээ болив".
"Ерөнхийлөгчид ямар айхтар их эрх мэдэл төвлөрсөн байдаг юм бэ? Ардчилалд аюултай их эрх мэдэл төвлөрч. Ийм байхад ерөнхийлөгчийн засаглал тогтооно гээд байдаг улсуудын галзуутайг гайхаад баршгүй нь.
Одоо тэр их эрх мэдлийг нь даруй парламентад шилжүүлж, ерөнхийлөгчийн инститүцийг татан буулгаж, IX Богдоо залах хэрэгтэй".
"Төр байгаа..." энэ тэр гээд л шүд зуугаад, занаад байгаа тэр нөхрийн "төр" гээчийг үзлээ, харлаа, ханалаа. Дахин ийм Чаушескугийн "төр" бүү үзэгдэг".
"Байдал хурцадсанд Ху нам асар их буруутай. Тэд сонгууль будлиантуулсан. Жагсагчидтай хэлэлцэх, ярилцах, зөвшилцөх ямар ч оролдлого хийгээгүй. Шууд хуяг дуулга, цахилгаан бороохой, резинэн сумтай буу, хорт хийгээр шүдээ хүртэл зэвсэглэсэн залуухан хүүхдүүдийг найз нөхөдтэй нь байлдуулсан. Магнай, Батзандан, Жаргалсайхан "Цагдаа ард түмний хэсэг шүү. Цагдаагаа хайрла" гэж уриалж байсан, Ху намынхан бол шууд л байлдуулсан.
Байдлыг дээд зэргээр хурцатгаад, өрдөөд, шат шатаар ахиулаад, дараа нь нухчин дарж, цуст дэглэм тогтоохын тулд Ху нам чадах бүхнээ зохион байгуулсан. Залуус, хүүхдүүд хоорондоо алалдаж байхад тэд цонхоор доогтой харж, инээлдэж хөхрөлдөж, доромжилж, бүр идэж уудаг тансаг виски, шоколадаа чулуудаад байсан. Ху намын ордны бордмол залуус цагдаагийн ард орчихоод өдөөн хатгаад, байлдааныг дэмжээд, чулуу нүүлгээд байсан. Цагдаагийн ард бордмол гахай нар хатгаад байгаагүй бол яах ч байсан юм билээ".
"Ху намынхан өөрсдөө ч архи тараасан, архины дэлгүүрээ зориуд бараг хамгийн эхэнд тавьж өгч зарим болчимгүй хүмүүсийг архидуулсан.
Өдөөн хатгагчдыг жагсагчдын дунд оруулж, тэднээр муу юм үлгэрлүүлэн хийлгэсэн. Гал гэхэд л турхирагчид, жүжиг найруулж зураг авагсад, дотроосоо хулгайлж тоногсод, муу муухай баримт, бичиг сачгаа тусгай хэлтэс, тасагтай нь устгагчид, жагсагчдын замыг хаах гэж оролдогсод, Молотовын коктейльчид гээд л Ху намын холбоотой олон голомтоос гарсан байх боломжтой байна. Даанч учиртай сайхан шатаагаарай гэсэн нь түймэр болоод хувирчихсан".
"Цагдаа нар бүслэх, хязгаарлах, хуваах зэрэг үндсэн тактикаа хэрэглэх гэхэд Ху нам болиулж, манай байрыг, ялангуяа юмаа зөөж гаргаж байгаа ар талыг орхиж ер болохгүй гээд байсан гэсэн. Ингэснээр зөрчил сунжирч, өргөжин тэлсэн. Үндсэн тактикийг нь хэрэглүүлээгүй атлаа юун тухандгүй буудуулж, олны дургүйцлийг дүрэлзүүлсэн. Ард түмнийхээ өөдөөс буу шагайна, онилно гэдэг санаанд багтамгүй хэрэг байсан. Уг нь цагдаа нар усаар шүршье гэхэд, сайн айлгах хэрэгтэй гээд буудуулж, бүр 21 цагт (түүнээс ч өмнө байж магадгүй) л байлдааны зэвсэг хэрэглүүлж эхэлсэн гэдэг".
"Ху нам хотын хамаг цагдааг хамж цуглуулчихаад сайхан бай болох газар л бөөгнүүлээд байсан. Тэр цагдаа нартай хамт шахуу л хараа хяналтгүй болсон хулгайч нар нь хүрээд ирсэн шүү дээ. Ху нам цуст дарангуйлал тогтоох гэж бүх муу муухайг зохион байгуулсан ч, төлөвлөөгүй юм гарч, ард түмэн хувьсгал хийчихсэн.
Хамаг муу муухайтай нь хамт залуус харгис дэглэмийг нэгмөсөн дарж, ард түмэндээ, аав ээждээ, ах дүү, найз нөхөддөө, эх орондоо, эх түүхдээ гэрэлт сайхан ирээдүй, аз жаргалыг бэлэглэх гээд амь хайргүй тулалдсан юм. Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм".
"7-р сарын 1-нд жинхэнэ хувьсгал болсон. Нэр өгье гэвэл, залуусын хувьсгал гэвээс зохилтой. Яагаад гэвэл энэ хувьсгалыг арван хэдтэй, хорин хэдтэй залуус голлон хийсэн. Тэд харгис дэглэмийг хэрцгий хүчний аппараттай нь хамт бүрмөсөн үгүй хийж, бүрэн ялалт байгуулах яг дөхлөө шүү дээ. Цаашдаа ард түмнээ нухчин дарах хучний байгууллагуудыг татан буулгаж, үйлчилгээний байгууллага болгож шинэчлэх хэрэгтэй нь саяын мөргөлдөөний үеэр тод харагдсаныг энэ ташрамд дурдууштай".
"Залуус маань ямар эрэлхэг зоригтой, ухамсартай, эх оронч юм бэ гээд бахархаад бахархаад баршгүй. Тэр хувьсгал бол Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх бахархал маань юм шүү. Тэр хувьсгал дуусаагүй, ялагдаагүй, бүх насныхан цааш нь үндэсний, нийтийн болгон үргэлжлүүлэх болно оо гэдэг нь илэрхий байна".
"Монголын ард түмэн сөнөөгүй байж, Монголын ард түмэн баатруудтай байж. "Байж" ч гэж, одоо ч байгаа. Тэр амь үрэгдсэн, шархадсан, хоригдсон хөвүүд бол бидний бахархал, гэрэл гэгээ, найдвар. Бид ч бас тэдэн шиг тэмцэгч болох ёстой, бүгд бахархал, гэрэл гэгээ, найдвар болцгооё".
"Хувьсгал хийсэн зоригт хөвүүд бол манай үеийн баатрууд, үндэсний баатрууд. Богд хаан улс тусгаар тогтноход 108 хүнийг баатар цолоор шагнасан юм гэнэ билээ, мартагдчихсан л болохоос. Одоо тэгвэл 108 залуусыг баатар цолоор шагнасан ч багадахгүй. Ядаж амь үрэгдсэн, хүндээр шархадсан залуусын дундаас гавъяатайг нь олж, баатар цолоор шагная. Чулуу шидэж буй залуу жагсагчдын дүрийг мөнхөлсөн гэгээн хөшөө дурсгалыг ч босгоё!"
"Онц байдлыг цуцлах зориг дутсан УИХ-ын гишүүдэд дургүй хүрч байна. Ерөнхийлөгч хориг тавих байсан ч цуцлах шийдвэр гаргаж, ард түмнээ хаяхгүй байж болох байсан. Гэвч хаялаа. Яагаад тэд хаалттай хуралдав? Болохгүй бүтэхгүй улс болохоороо л тэглээ шүү дээ. Онц байдал тогтоох шаардлага ч байхгүй, хаалттай хуралдаж ч хэрэггүй, бүх юм жамаараа болохдоо л болно.
Ард түмнээсээ айж байгаа нь зөв. Айж явбал аминд нь л тустай. Тэр зугтах бэлтгэлээ хангаж байгаа дарга нар зөв юм хийж байна. Дэлхийн түүхээс жаахан ч атугай мэддэг бололтой. Тэдэнд Монголд ямар ч орон зай байхгүй болсон. Өөр илүү муу юм хийнэ гэж юу байхав. Хийлгэх ч үгүй".
"1991 онд зөвлөлтийн коммунистууд онц байдал тогтоогоод яалаа. Хуягт нь явах газаргүй, өөрсдөө гишгэх газаргүй болтлоо, боссон ард түмнээр хүрээлэгдчихсэн. Арми нь ч дороо ард түмний талд орчихсон. ЗХУКН нь хуулиар хориглогдчихсон. Харь багш нарынхаа ГКЧП-г сармагчин шиг дууриагаад байвал тийм л юм болно. Тийм юм болгоцгооё, ард түмээн.
7-р сарын 1-ний хувьсгал мандтугай! Залуусын хувьсгал мандтугай! Хоёрдахь ардчилсан хувьсгал мандтугай! Хувьсгал үргэлжилтүгэй, бадартугай, ялтугай!"
2008.07.03

7.1-ний үйл явдлын 1 жилийн ойд


7.1-ний үйл явдлын нэг жилийн ой болж байна. Хувьсгал байсан уу, хуйвалдаан байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр. Гэхдээ нэг л зүйл эргэлзээгүй. Тэр бол ард түмний зүрхний хилэн. Дэглэм 7.1-нээс зохих сургамжийг аваагүй. Хилэнг дарчихсан гэж үзэж байгаа...
Миний бие 7.2-нд гадуур их л бухимдалтай явж, хориглосоор атал цугласан иргэдтэй ярилцаж, золтой л цагдаад баригдчихаагүй. Хариад дуг хийгээдэхсэн чинь "Амь үрэгдсэн жагсагчтай хийсэн ярилцлага"-ын минь санаа төрж, бичиж билээ.
Маргааш нь "Хувьсгал мандтугай!" гэсэн нийтлэл бичсэн. Түүнийг олонд хүргэх нь маш эрсдэлтэй хэрэг байсан авч, нийтлүүлсэн. Одоо тэр бүхэн түүх болж дээ.
НТВ-гээс зарласан уралдаанд зориулан бичсэн (2008 оны 11-р сард) "341" жүжигтээ (жаахан яаруу биччихсэн юм, 3 хоногт) 7.1-ний үйл явдалд 14-р үзэгдлээ зориулсан .
Энэ гурван зүйлийг уншигчиддаа толилуулъя аа.

Амь үрэгдсэн жагсагчтай хөөрөлдсөн минь

Ирэх дугаартаа материал нийлүүлэхийг найз маань хүслээ. Юуны тухай бичих вэ? Мэдээж, 7-р сарын 1-ний "хувьсгал" ч гэх үү, "хар Мягмар гараг" ч гэх үү, тэр үйл явдлын тухай. Нэг бол бүтэн дугаарын дайтайг биччихмээр. Нэг бол юу ч бичмээргүй.
Одоо санахад итгэхийн аргагүй. Монголд тийм юм болсон гэж үү. Шөнө нойр хулжсан тул толгой манантана. Гишүүд барилцаж авчих гээд болохгүй байгаа учир хэмээн, УИХ-ын тусгай чуулган хаалттай болох болов. Бүх юм л хаалттай. Маш эвгүй. Хэдхэн өдрийн өмнө ямар байлаа. Гэтэл одоо...
Эх орон маань мөн үү?
Жаахан дугхийе гэж бодов. Зүүдэлж эхэлсэн чинь өрөөнд харин нэг зэрмийсэн цагаан залуу ороод ирэв. Маш зовж шаналсан дүртэй царайг нь хараад л палхийв. Мөрдөгдөж мөшгигдсөн хүн аврал эрэн хүрээд ирж байгаа нь энэ үү. "Чи хэн бэ?" гэж хэлж амжаагүй байтал тэр өөрөө эхэлж дуугарлаа.
-Ах аа та яасан юм бэ? Бас буудуулсан юм уу гээд ихэд санаа зовсон янзтай ойртов.
-Үгүй, зүгээр л нойр хүрээд... Харин чи?
-Та намайг гайхаж байгаа байх. Би гэрээ хайгаад явж байна. Гэтэл төөрөөд... олдоггүй ээ. Би 7-р сарын 1-нд буудуулаад үхчихсэн...гэхэд нь чухам зэрлэг араатны айдас намайг эзэмдэн авсан ч өрөвдөн шимшрэх сэтгэл түүнийг үлдэн хөөв.
-Чи тэгэхлээр нөгөө тавын нэг байх нь ээ?
-Таван хүн алагдсан юм уу?
-Оросын нэг хэвлэл хэдэн арав гэсэн байна билээ.
-Ах аа, шударга сонгууль явагдах болсон уу?
-Үгүй ээ. 4 хоногийн онц байдал зарлагдсан.
Энэ хугацаанд сонгуулийн дүн хөдөлбөргүй болох биз ээ. Хотод 2000 цэрэг цагдаа онц байдлыг сахиулаад, байлдааны хуягт зам хэрж зогсоод, машин тээвэр хязгаарлагдаад, үзлэгт хамрагдаад, ганц ТВ-ээс бусад нь хаагдаад, намууд ч хаагдаад, сөрөг хүчний удирдагчид баривчлагдаж, мөшгигдөж, гүтгэгдээд, халуун хүйтэн зэвсэг эрж хайгаад, залуусыг мөрдөөд, ямар ч байдлаар хурж цуглавал фургонтой цагдаа нар ирж тараагаад, нэг иймэрхүү л байна даа. Наадам хийхгүй ч болох юм шиг муу ёрын үгс дуулдаж байна.
-Ах аа, бид үүнийг хүсээгүй ш дээ. Бид улсаа Румын болгох гэсэн чинь Тяньанмень, Хойд Солонгос болгочихлоо гэж үү?
-Та нар юу хүссэн юм бэ?
-Бид шударга сонгууль, эрх чөлөө, эрүүл нийгмийг л хүссэн. Гэтэл улсаа сөнөөчихөө юү?



-Дүү минь чи өөрийгөө буруутгах хэрэггүй. Буруутай гэвэл бид бүгд буруутай. Гэхдээ одоо буруутныг тодруулахаас өмнө, улс орноо иргэний дайнаас яаж аврах вэ гэдэг чухал болоод байна. Үндэсний их эвлэрэл хэрэгтэй байна.
-Эвлэрэл ээ? Хэнтэй эвлэрэх гэж?
-Бүх монголчуудтай.
-Ах аа, "тэдэнтэй" эвлэрч болохгүй ш дээ. Бид юуны төлөө амиа алдсан юм бэ?
-Наад үгтэй чинь санал нэг байгаа улс олон байна. Маргааш нь би хэрэг явдал болсон газрын ойр орчмоор явахад таван ч газар хүмүүс цуглачихаад, тар гэсэн цагдаагийн шаардлагыг төдийлөн биелүүлэхгүй бөөгнөрцгөөгөөд байсан. Үдээс хойш 300 хүн Сүхбаатарын талбайд хурж, ТВ-ийн бусад сувгийг нээхийг шаардсан байна. Цэрэг цагдаа тараахаар ирэхэд нэг залуу "Та нар намайг бууд. Өчигдөр та нар найзыг маань алсан. Одоо намайг алчих" гээд уйлж байж. Энэ нь олон түмнийг донсолгож, ноцтой явдал болох дөхсен л байна.
Ард түмэн хагаран бутарч байна. Янз бүрийн байр суурь, тайлбарт хуваагдаж, бухимдаж байна. Тийм учраас л би одоо юу юуны өмнө Үндэсний их эвлэрэл хэрэгтэй гээд байгаа юм шүү дээ.
-Та дэглэмийн төлөөлөгч байна. Ху намтай эвлэрч болно гэж үү?
-Миний бодлоор "7-р сарын 1-ний үйл явдлын өршөөлийн хууль" гаргаж, эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх хүнд өршөөл үзүүлэх хэрэгтэй.
Тэр үйл явдалд тэр нь буруутай, энэ нь буруутай гэх асуудлыг жилээр ч юм уу, хойшлуулъя. Юуны өмнө эвлэрээд авах хэрэгтэй. Тэгээд бүхнийг хууль ёсоор, соёлтой хийж эхэлцгээе, хийж сурцгаая.
Онц байдлын дараа гашуудал зарлаж, ард нийтээрээ эмгэнэж эвлэе. Ухаарч, гэгээрч энэрэнгүй, нигүүлсэнгүй болж, сургамж авч эвлэе. Бид чинь нэг гэр бүл шүү дээ. Энэ нь муу муухай, тэр нь гээд айхавтар ихээр үзэн ядаж болдоггүй юм байна. Үзэн ядалтаас өмнө ойлголцол, зөвшилцөл, харилцан буулт хийх хэрэгтэй байдаг юм байна.
-Буулт хийх гэнэ ээ. Бууж өгөх хэрэг үү? Та бол жинхэнэ Ху намын улаан фэн байна...
-Дүү минь яриаг минь битгий таслаач. Харилцан буулт хийнэ гэдэг чинь бууж өгнө гэсэн үг огт биш, тэгш харилцаа, ойлголцол байхгүй юу.
-Тэгээд яаж харилцан буулт хийх гэж?
-Юун дээр зөрчил маргаан үүсэв? Дахин сонгууль явуулах асуудал дээр шүү дээ. Энэ нь тэгэхдээ бүхнийг давтна аа гэсэн үг биш. Тэр сонгуулийн хороо мороондоо бүх намын төлөөлөл ажиглагчдыг хангалттай оруулаад, чөлөөтэй ажиллах боломжоор нь хангаад өгчихвөл бүх юм л болоод явчихна шүү дээ. Үнэнээр явуулбал тэр сонгууль шиг амархан юм байхгүй. Бүгдээрээ нам эвсэл гэлгүй гар нийлээд л, инээлдэж ханиалдаад л тоолчиход тэгээд л болоо шүү дээ.
Дахин сонгууль явуулж эвлэцгээе!
-Бидний хийсэн хувьсгалын дараа ингэж ярьж байна гэж үү? Бууж өгч байгаа юм биз дээ. Залуусаас бусад нь ийм л байгаа юм. Та нар биднийг алалцуулчихаад дараа нь бас хор найруулах юмаа л...
-Дүү минь ядаж суугаач...
-Үгүй би зогсмоор байна.
-Ийм омголон, эвлэршгүй байх цаг биш ээ. Харийн түрэмгийлэгч халдвал тийм байж болно. Бид чинь монголчууд. "Эвдрэхдээ бид Чин гүрний боол Монгол болдог/ Эвлэхдээ бид Чингис хааны Монгол болдог" гэж үнэн үг. Бүхнийг хууль ёсоор...
-Хууль ёсоор байна гээд ямар ч үр дүнд хүрэхгүй болчихоод байгааг чинь та ойлгож байна уу. Хууль ёс өчүүхэн ч боломжгүй болчихоод байна шүү дээ.
-Хууль ёсоор үйл ажиллагаа хийгээд үр дүнд хүрэхгүй байлаа ч, хуулийн дагуу л явахыг оролдож, чармайж, хичээх хэрэгтэй. Сонгууль будлиантай болбол намын байрыг шатаана гэж хуулинд заагаагүй нь л лавтай.
-Ах аа, та юу ч ойлгохгүй байна. Хуулийн дагуу зөв зүйтэй үр дүнд хүрэх гээд 18 жил оролдоод бүтээгүй биз дээ. Хуулийг зөрчихөес өөр аргагүй цаг үе гэж байдаг юм. Бид дайсны юмыг шатаасан. Ойлгож байна уу.
Хувьсгалыг бид хийсэн. Харин тань шиг хүмүүс сөнөөж байна. Та ч ойлгохгүй биз дээ.
-Бид Бапу шиг байх хэрэгтэй. Тэр хүн их эвлэрэл, хүчирхийлэлгүй эсэргүүцэл, үл хамтран ажиллах зэрэг зарчмуудаар тэмцдэг байсан. Колоничлогчдын эсрэг
хүчирхийлэлгүй тэмцэж, тэдэнтэй үл хамтран ажиллаж, харин энэтхэгчүүдийг бол гагцхүү эвлэрүүлж байсан хүн. Бапу шиг байцгаая.

Монголчууд аа, Бапу шиг байцгаая!

-Энэтхэг, энэтхэгчүүд гэдэг чинь Монгол, монголчууд биш. Тэрбум хүнийг хэн ч, яаж ч чадахгүй. Бид энэтхэгчүүд шиг номхон хүлцэнгүй байвал дороо устана.
-За, дүү минь маргахаа больё.
-Тантай маргах ч сонирхол алга. Та бол манай талын хүн биш байна.
-Ингэж яриад яахав дээ. Алдаан дээрээ бид суралцах хэрэгтэй. Нөхцөл байдлыг намжаах боломж аль аль талд нь хэдэн арав байсан...
-Та дэглэмтэй тулалдаж байсан галын шугаман дээр байгаагүй болоод л ингэж ярьж байна. Үнэндээ тэр нөхцөл байдал гээч чинь намжаах ямар ч боломжгүй байсан. Бид тулалдахаа боливол цагдаа нар дайрч алчих гээд, тэд болилоо гэхэд бид дайрч ялчих гээд байсан юм...
-Монголчууд бид бүгд буруутай. Ийм нийгэм, ийм нөхцөл байдал үүссэнд бүгдээрээ буруутай. Нэг ч хүн буруугаас мултрахгүй. Би гэхэд л боевик үзэж байгаа юм аятай ТВ-ээр хараад сууж байхын оронд, дундуур нь ороод больцгоо гээд уриалах минь яав.
-Та тэгсэн бол дороо л үгүй болох байсан. Дайн болж байгаа шүү дээ. Яаж ч намжаах аргагүй байсан.
-Гэхдээ бүгдээрээ буруутай гээд, бүгдээрээ шоронд суултай биш. Өршөөл, эвлэрэл, нигүүлсэл хэрэгтэй.
-Хэрэггүй юм чинь л тэр! Ингэхэд хувьсгалч залуусыг яасан бэ?
-718 хүн баривчлагдсан.
-Монголын хамаг шилдэг хөвүүд шоронд орж, та наранд үлдэж...
-Тэр улсын чинь дотор хулгайч, галдан шатаагч, танхайрагч, согтуурагч байгаа л байх.
-Ялгаж салгах нүд танд алга. Тэмцэгчдийн олонхи нь цэвэр ариун сэтгэл, ёс суртахуунтай, эх орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй, хатан зоригт хөвүүд охид байсан юм. Тэр муу улс чинь цөөнх байсан, бидэнтэй хольж хутгах хэрэггүй. Бид бол дэглэмтэй тулалдаж байсан. Та мэт нь биеэ оторлож гэртээ суугаад, дэмжээд өгөөгүйгээс болж л бид дарагдсан.
-Та нар цэвэр ариун юм бол яагаад Ху намын байрыг шатаахыг эсэргүүцээгүй юм? Яагаад гал командын машиныг оруулаагүй юм? Яагаад энгийн иргэдийн машиныг галдав? Хувьсгал гэдгийг чинь саналын хуудсан дээр ч хийчихэж болно.
-Дайсны байрыг шатаасан ч яадаг юм. Харин тэр машинуудыг бол цагдаагийн замд саад хийх гэж галдсан. Тэд дэлбэрэхээс айгаад, давшихаа больж байсан л даа. Хулгайч, тэнэмэл хүмүүс муу юм хийсэн л байх. Гэхдээ дэглэмтэй тулалдаж байсан бидэнд тэдэнтэй зууралдаж байх ямар ч зав байсангүй. Ялгаж салгах л хэрэгтэй. Хувьсгал ч байсан, хулгайч ч байсан. Гол нь ялгаж салга.
-Дүү минь ингэхэд чи диваажинд очив уу, тамд унав уу.
-Мэдэхгүй. Бид "хүлээлгийн өрөөнд" нь байсан байх. Маш аймаар байсан. Дандаа зовж шаналж үхсэн хүмүүс. Би ар гэрийнхнийгээ эцсийн удаа ч болов хармаар санагдаад оргочихсон. Та харин тамд очно гэдэгтээ итгэлтэй байж болно. Дэглэмийн төлөөлөгч учир...
-Намайг битгий дэглэмийн төлөөлөгч гэж нэрлэ. Би шударга бус явдлын эсрэг, тэр дэглэм гэж байгаагийн чинь эсрэг өөрийнхөөрөө тэмцэж ирсэн. Гэхдээ тэмцэхэд бас учир байна...
-Та нараас олигтой юм хүлээлтгүй. Цэл залуу, эвдрээгүй залуус бид хувьсгал хийсэн. Энэ дашрамд хэлэхэд, биднийг ямар ч нам, эвсэл зохион байгуулаагүй юм шүү. Биднийг сэтгэл зүрх маань зохион байгуулсан.
Залуусын энэ хувьсгалыг бүх нийтийн болгочих ухаан, зориг, сэтгэл бусдад нь байсангүй!
-Дүү минь чиний юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Дуугаа өндөрсгөсний хэрэггүй.
Чамтай адилхан бодож байгаа хүмүүс олон байна. Өөр бодолтой улс ч олон. Тэр тусмаа эвлэрэл хэрэгтэй.
Харийн дайсан ирвэл тэгж байлдах хэрэгтэй! Монголчууд хоорондоо байлдахыг бол би яавч зөв зүйтэй гэж хэлж чадахгүй.
-Харийн дайсантай чинь л бид байлдсан шүү дээ. За, за, танд юу ч хэлээд нэмэр алга.
Ингэхэд амь үрэгдсэн биднийг хүмүүс юу гэж байна?
-Зарим нь ардын баатар гэж байна, зарим нь архичин согтуу гэж байна. Бас л нэг хуваагдал.
-Ардын баатар аа? /инээвхийлэв/. Гэхдээ би ингэж ардын баатар болохыг уг нь хүсээгүй. Бүх амьдрал өмнө минь байсан. Би конкурс өгөх гэж байсан. Тэр ажлаараа явлаа гээд л ээждээ хэлээд гарсан. Одоо хөөрхий муу ээж минь .../уйлав/
2008.07.02